Г. МИЧИДМАА
Экспортыг дэмжих төслийн хүрээнд “Ноолуурын кластерын экспортын өрсөлдөх чадвар” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо болон салбарын судлаач, мэргэжилтнүүд оролцож өнөөгийн нөхцөл байдал, асуудлын талаар хэлэлцэв. Манай улс 2018 онд ХХААХҮЯ-наас “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж ноолуурыг стратегийн чухал бүтээгдэхүүн болохыг төрийн бодлогод тодорхойлсон. Тэгвэл манай улсын уул уурхайн бус экспорт жилдээ 420-600 сая ам.долларын хооронд хэлбэлздэг.
Ноолуурын салбар нь манай улсын уул уурхайн бус экспортын 60 орчим хувийг бүрдүүлдэг ч нэмүү өртөг шингээгүй ноолуур зонхилж байгаа юм. Тиймээс салбараас бий болох эдийн засгийн үр өгөөжийг өсгөж гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Экспортыг дэмжих төслийн бизнес хөгжлийн ахлах зөвлөх М.Баттулга “Ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй холбоод, хувийн хэвшлүүд хамтран өөрийн онцлогт тохирсон шинэ стратеги боловсруулах хэрэгтэй байна. Экспортод хамгийн дутагдаж байгаа зүйл нь борлуулагч буюу мэргэшсэн агентлаг. Мөн бидний гол анхаарлаа хандуулж буй салбаруудын нэг нь ноолуур юм. Учир нь үйлдвэрлэл нь их цаг зарцуулдаг учраас үйлдвэрлэгчдийг дэмжихээр түншлэлийн хөтөлбөр зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв.
Манай улсад 130 ноолуур, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани албан ёсоор бүртгэлтэй байдгаас 10 компани нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын зүгээс тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүний нөөц хамгийн тулгамдсан асуудал гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Энэ талаар “Кашмирконсепт”-ийн захирал Б.Батжаргал “Манай салбарт хүний нөөц хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Хуучин үйлдвэрүүдэд ажиллаж байсан цөөн хүн л тогтвортой ажиллаж байна. Мөн үйлдвэрт ажиллах залуу боловсон хүчин хомс байгаагаас энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хүн байдаггүй. Тйимээс мэргэжилтэн бэлтгэх тал дээр сургалт, судалгааны байгууллагууд анхаарах шаардлагатай байна” гэв.
Мөн ноолуурын салбарт тулгамдаж буй гол асуудал нь түүхий эд бэлтгэл байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Учир нь түүхий эд бэлтгэх нарийвчилсан стандарт, түүнийг хянах байгууллага байдаггүй аж. Тиймээс Стандарт хэмжилзүйн газартай хамтарч ажиллах саналтай байгаагаа мөн илэрхийллээ. ШУТИС-ийн үйлдвэр технологи, дизайны сургуулийн багш, докторант Р.Бадмаанямбуу “Ноолуурын үйлдвэрүүдийн дотоодын өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Мөн үйлдвэрүүд хоорондоо нээлттэй мэдээллээ солилцож дэлхийн зах зээлд хамтарч гарах тал дээр анхаарч ажиллах нь чухал. ШУТИС-д энэ салбарт элсэн орж байгаа оюутнуудын тоо хангалтгүй байгаа. Үүнд онцгойлон анхаарах шаардлага бий” гэв.
Цаашид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, ноолуурын кластерын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн платформ үүсгэх саналыг ч тавьж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.12 ПҮРЭВ № 157 (6634)