Б.СОЛОНГО
“Зууны мэдээ” сонин “Start-Up” булангийн энэ удаагийн дугаарт дотоодын аялал жуулчлалын салбарт шинэ өнгө төрхөөр мэндлээд удаагүй байгаа “DC travel” компанийг үүсгэн байгуулагч Б.Билгүүнийг урьж ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Яагаад энэ салбарт хүч сорихоор шийдэв?
- Би өөрөө аялах хоббитой, экстрем болон уулын аялал их сонирхдог. Энэ сонирхлоо дагаад залуучуудад зориулсан энтертайнмент чиглэлийн аяллууд зохион байгуулахаар шийдээд жил гарны өмнө компаниа байгуулсан юм. Байдаг л нэг майхантай аяллаас хэтрэхгүй байгаа дотоодын аялал жуулчлалын салбартаа шинэ өнгө төрх оруулъя гэж зориглосон.
-Танай компанийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Анхны аяллуудаа ихэвчлэн залууст зориулж ойрхон амралтын өдрүүдийн аяллыг хийж эхэлсэн юм. Тэндээ очихоороо гэрэл чийдэнг нь зоогоод, дуу хөгжмийг нь тавиад энтертайнмент чиглэлийн аяллуудыг хийж байсан. Харин өнгөрсөн есдүгээр сараас Монголдоо анхдагч гэж хэлж болох байх, нисдэг тэрэгтэй аяллыг хийж эхэлсэн. Монголчуудын хувьд хеликоптерийн аяллыг зөвхөн мөнгөтэй хүмүүсийн хийдэг аялал гэж боддог байсан. Тэгвэл залуучуудад цалингийн хэмжээнд нь тохирсон боломжит үнээр энэ төрлийн аяллыг санал болгох боломж байгааг олж харсан л даа. Оны өмнө тав, зургаан нисдэг тэрэгтэй аялал хийсэн. Энэ зун шинэ маршрутууд төлөвлөсөн. Эхний аялал нь энэ хагас сайн өдөр Хагийн хар нуур руу аялах гэж байна.
-Яагаад нисдэг тэрэгтэй аялал гэж. Төсөв зардлаас эхлээд өндөр тусахгүй юу?
-Яагаад энэ аяллыг сонирхож хийж байна гэхээр машинтай очиход хэцүү эсвэл очих боломжгүй, зөвхөн мориор эсвэл явганаар очдог газрууд руу зорьдог. Хеликоптер нь шигүү ойтой л биш бол хаана ч газардах боломжтойгоороо онцлог. Хагийн хар нуур гэхэд битүү модоор хүрээлэгдсэн маш үзэсгэлэнтэй газрын дунд оршдог. Машинаар очиход эвдрэл гэмтэл их гардаг. Мөн бүтэн өдөржин явна. Цаг хугацаа их шаардана. Тэгэхээр нисдэг тэрэгний аялал бол маш хурдан илүү тухтайгаар очиход хэцүү газруудыг зорих боломжийг өгч байгаа юм.
-Нэг аялалд хэдэн хүн явах боломжтой вэ. Аялагчдынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?
-Мэдээж бүх даатгалын үйлчилгээг хамруулж байна. Цаг уураас хамаараад зохицуулалт төлөвлөлтөө нарийн хийж явна. 14-16 аялагч нэг дор аваад явах боломжтой нисдэг тэргээр үйлчилдэг. Аяллын төлбөртөө бүх зардлаа багтаадаг, аялагчдаа тав тухтай байлгах талаас нь маш сайн анхаарахыг хичээдэг. Бидний очиж байгаа онгон зэлүүд газарт ямар ч жуулчны бааз байхгүй шүү дээ. Тиймээс зориулалтын кэмп, мэргэжлийн тогооч гээд шаардлагатай бүх зүйлээ сайн бэлдэж явна. Аялагч нар маань мишок, дулаан хувцсаа аваад явахад л болдог.
-Аялахын тулд ажил амралтаа зохицуулах, бэлтгэл хангах гээд нүсэр төлөвлөгөө хэрэггүй юм байна?
-Монголд аяллын төрлүүд дөнгөж хөгжиж байна л даа. Гадны орнуудад аяллын олон төрөл байдаг. Манайхан дотоодын аялал жуулчлалаа ерөнхийд нь хаячихсан байсан. Харин ковидын ачаар ч гэх үү дотоодын аялал жуулчлал хөгжиж байна. Илүү гоё болох байх, болгохын төлөө бид хичээх болно.
- Жил гарны өмнө байгуулагдсан гэхээр залуу компани байна. Хүнд хэцүү үеэр л байгуулагдсан байна. Асуудал их байв уу?
-Удаан ч гэсэн хүрэх ёстой зорилгынхоо төлөө тууштай явъя л гэж бодсон. Зарим аялал дээр ашиггүй ажиллах ч үе байгаа. Зарласан аяллаа нэг, хоёр хүнтэй хамаагүй явуулж байя гэж бодоод байгаа юм. Тууштай зүтгэл байхад болох байх гэж бодож байна. Асуудал яривал мэдээж олон байгаа.
- Энэ зун ямар аяллууд төлөвлөж байгаа вэ?
-Долдугаар сард Алтай Таванбогдын чиглэлд онгоцтой аялал хийнэ. Наймдугаар сард энэ зуны трэнд аяллуудыг төлөвлөж байна. Тухайлбал, энэ жил зүүн зүгийн аяллууд трэнд болох хандлагатай байгаа. Буйр нуурын аялал моданд орохоор байна. Есдүгээр сард тайгын аялал гоё байдаг, аравдугаар сард говийн аяллууд таатай байдаг. Аяллын төлөвлөгөөгөө бүгдийг нь гаргаад пэйж хуудсандаа нийтэлчихсэн байгаа. Мөн энэ жил Монголын бүх гайхамшигт газар DJ парти хийхээр төлөвлөж байна. Түүгээрээ контент бэлдэж гадагшаа цацах, эх орноо сурталчлах том төлөвлөгөө байгаа.
- Дотоодын жуулчид мэргэжлийн тур компаниудын үйлчилгээг авах нь нэмэгдсэн байна. Хувиараа явах, аяллын компаниар явахын ялгааг тайлбарлаач?
-Найз нөхдөөрөө, гэр бүлээрээ нийлээд хувиараа явж байгаа хүмүүст анзаарагддаг хэдэн зүйл байдаг, миний бодлоор. Нэгдүгээрт, төлөвлөгөөгөө дутуу гаргаснаас болоод төөрөх, машин тэрэг нь эвдрэх эрсдэл байдаг. Хоёрдугаарт, тэгж явж байгаа хүмүүс хог хаях хандлага нь илүү байдаг. Мөн цаг агаараа дутуу судалснаас эрсдэл гарах магадлалтай байдаг. Наад захын гурван жишээ гэх үү дээ. Аяллын компаниудаар үйлчлүүлэхийн онцлог нь гэвэл хөтчүүдийн боловсрол мэдлэг нь аялагчдаа сургаж байдаг. Туршлагатай жолоочтой явдаг, цаг агаараас эхлээд учирч болох эрсдэлээ зохицуулаад төлөвлөөд явж чаддаг.
-Сүүлийн жилүүдэд аяллын төрлүүдэд ач холбогдол өгдөг болсон. Монголд ямар орон зай дутагдалтай байна вэ?
- Таван жилээс өмнө бол майхантай аялал цөөхөн байсан санагдаад байдаг юм. Ихэвчлэн бэлэн кэмпүүд рүү зугаалдаг байж. Сүүлийн жилүүдэд Тэрэлж, Гачуурт явдаг хүмүүсийн тоо багасаад илүү байгальд ойртохыг, майхныхаа хаалгаар нуурын мандал харж сэрэх кайфыг мэдрэхийг хүсэх нь олон болж ирсэн. Түүний дараанаас байгальд аялмаар мөртлөө багахан тав тухтай байхыг хүсдэг болжээ. Энэ хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ бий болсон. Залуучуудын хувьд зөвхөн байгалийн сайхан гэхээс илүү очоод хөгжилддөг, дуулж хуурддаг бүжиглэдэг илүү энтертайнмент зүйл хүсдэг болсон байна. Нуурын эрэгт гэрэлтүүлэгтэй орчин бүрдүүлээд кино үзэх, бүжиглэх боломжтой үйлчилгээ ч гарч байна.
-Аялагчдын боловсролын талаар юу хэлэх вэ?
-Дотоодын аялал жуулчлал 2017 оноос илүү эрчимжсэн юм болов уу гэж боддог. Гоё газруудыг трэнд болгодог зүйл бол гэрэл зураг. Сошиал орчинд тэр газрыг мода болгочихдог. 2017 онд жишээ нь, Улаагчны хар нуур, Хяргас нуур орчим хог хаягдлын хэмжээ ихэссэн байсан. Харин энэ жил байдал их өөр байсан шүү. Аялагчдын боловсрол жилээс жилд өндөр болж, залуучууд маань эх орондоо хайртай, байгаль дэлхийгээ хүндэтгэдэг болж байгаа нь анзаарагдаж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.15 МЯГМАР № 119 (6596)