“Facebook”, “Google” компани “Их-7”-гийн татварын нэмэгдлийг дэмжлээ

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн “Их-7” бүлгийн орнуудын Лондон хотноо  зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол асуудал нь COVID-19 цар тахлыг дэлхий нийтээрээ хэрхэн даван туулж, хэвийн амьдралдаа шилжих вэ гэсэн асуулт байв. Энэ хүрээнд дээрх орны удирдагчид ярилцаж, вакцинаа худалдан авах боломжгүй ядуу, буурай орнуудын вакцины төлбөрийг тус бүлгийн орнууд төлөх шийдэлд хүрсэн юм. Үүний дараагаар “Их-7” бүлгийн орны Сангийн сайдууд цугларч үндэстэн дамнасан технологийн томоохон компаниуд хамгийн багадаа 15 хувийн татвар төлөх ёстой гэсэн саналд нэгдсэн нь уулзалтын онцлох шийдвэр байв. Учир нь технологийн компаниудаас хэрхэн татвар авах нь АНУ болон Европын орнуудын дунд олон жилийн турш маргаантай сэдэв байсан юм. Энэ удаагийн саналыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа гаргаж, Герман, Франц улс АНУ-ын саналыг талархан хүлээж авчээ. Тиймээс энэ шийдвэрийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

“ЦАХИМ ЭРИН ҮЕД НИЙЦСЭН ДЭЛХИЙ ДАХИНЫ ТАТВАРЫН СИСТЕМ БИЙ БОЛЛОО”

 

Лондон хотод хоёр өдөр үргэлжилсэн хурлыг даргалсан Их Британийн Сангийн сайд Риши Сунак “Олон жилийн турш хэлэлцсэний эцэст “Их-7” бүлгийн орнуудын Сангийн сайд нар цахим эрин үед нийцсэн дэлхий дахины татварын систем бий болгох түүхэн тохиролцоонд хүрлээ. Зөв цаг үедээ, зөв компаниудаас зөв татвар авах нь шударга зүйл. Энэ тохиролцоо XXI зуунд нийцэх шударга татварын тогтолцоог бий болгоно” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр “Facebook”, “Google”, “Amazon”, “Apple” гэсэн технологийн аварга компаниуд интернэтээр үйлчилгээ үзүүлж буй улс орон бүртээ хамгийн багадаа 15 хувийн татвар төлөх нөхцөл бүрдэж байгаа юм. Ирэх сард Венец хотод болох “Их 20”-ын  бүлгийн гишүүн орнуудын чуулганаар энэ саналаа хэлэлцүүлж, дэмжүүлэхээр болсон байна. “Их 20”-ын бүлэгт “Их-7”-гоос гадна эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Хятад, Орос, Энэтхэг, Бразил гэсэн дэлхийн бусад 13 улс багтдаг юм.

АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Жанет Иеллен “Энэ тохиролцоо нь дэлхийн хамгийн баян эдийн засагтай орнуудын технологийн толгой компаниуд гадаадад ашгаа шилжүүлэн татвараа төлөхөөс зайлсхийхээс урьдчилан сэргийлсэн урьд өмнө байгаагүй чухал үүрэг амлалт юм. “Их-7” бүлгийн Сангийн сайдууд технологийн аварга компаниудыг хамгийн багадаа 15 хувийн татвар төлөх нөхцөлөөр хангасан нь мөн урьд өмнө байгаагүй онцгой үйл явдал юм. Ингэснээр дэлхийн эргэн тойрон болон АНУ-д ажиллаж байгаа дунд ангийнхан болон ажиллах хүчин ижил тэгш татвар төлөх боломж бүрдлээ. Татварыг нэмснээр бизнесийн салбарынхны урам зориг сэргэж, өрсөлдөөн нэмэгдэж, ажиллах хүчнээ чадваржуулах болон дадлагажуулахад анхаарч, дэд бүтцийн хөгжил болон судалгаанд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ” гэв. Технологийн толгой компаниудын татварыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн дэлхийн олон орны Засгийн газар гомдоллож байв. Тэр дундаа “Facebook”, “Google”, “Amazon” гэсэн тэргүүлэх компанид орлогоос нь хамааран татвар ногдуулсан билээ. Харин Францын Сангийн сайд Бруно Ле Мэйр 15 хувийг “дөнгөж эхлэл” гэж үзээд илүү өндөр татвар авдаг болохын төлөө тэмцэхээ мэдэгдсэн юм. Германы Сангийн сайд Олаф Шолц “Энэ бол дэлхийн татварын ертөнцөд муу мэдээ. Компаниуд цаашдаа бага татвартай улс орнуудад орлогоо тайлагнаж, өндөр татвараас зайлсхийх боломжгүй болно” гэж мэдэгджээ.

 

“15 ХУВИЙН ТАТВАР НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХЭД ХЭТЭРХИЙ БАГА БАЙНА”

 

Энэ шийдвэртэй холбогдуулан технологийн тэргүүлэх компанийн удирдлагууд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, “Facebook” компанийн Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Клегг “Их-7 бүлгийн удаан хугацааны туршид ярьсан татварын шинэчлэлийг бид чухал үйл явдал хэмээн хүлээн авна. Олон улсын татварын системийн шинэчлэл амжилттай болбол манай “Facebook” компани илүү өндөр татварыг өөр өөр улсад төлөхөд бэлэн” гэж ярьжээ. Мөн “Google” компани дээрх саналыг дэмжиж, шинэчилсэн олон улсын татварын дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлжээ. Энэ талаар тус компанийн хэвлэлийн ажилтан Хосе Кастанеда “Улс орнууд хамтран ажиллаж тун удахгүй бат бөх, тэнцвэртэй гэрээ байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байна. Харин “Amazon” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Татварыг нэмснээр олон талт шийдлийг бий болгож тогтвортой олон улсын татварын тогтолцоог бүрдүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ зорилгодоо хүрэх эхний алхмыг “Их-7”-гийн орнууд амжилттай хийлээ. Цааш “Их-20”-ийн орнууд болон бусад байгууллага дэмжинэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Хамгийн багадаа 15 хувийн татвар хэмээн доод хэмжээг тогтоосон нь компаниуд бага татвар авдаг улс руу ашгаа шилжүүлэхээс сэргийлж байгаагийн илрэл юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаар (OECD) удирдуулсан 140 гаруй орон татвар нэмэх тохиролцоог хурдасгахад тусална. Учир нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корманн “Олон улсын татварын системийг шинэчлэхэд шаардлагатай зөвшилд дэлхий нийтээрээ хүрэхэд чухал алхам боллоо. Манай байгууллагын удахгүй хэлэлцэх татварын шинэчлэлд энэ тохиролцоо маш чухал хүч нэмж байна” гэсэн юм.

Гэхдээ “Oxfam” буяны байгууллага 15 хувийн татвар нь өөрчлөлт хийхэд хэтэрхий бага байна хэмээн шүүмжлэв. Энэ талаар “Oxfam” буяны байгууллагын гүйцэтгэх захирал Габриела Бучер “Их-7”-гийн Сангийн сайдууд Ирланд, Швейцар, Сингапур гэсэн бага татвар авдаг оронтой ижил хэмжээнд татварын доод хэмжээг тогтоочихоод дэлхийн татварын тогтолцоог шинэчилнэ гэж ярих нь утгагүй юм. Доод хязгаарыг маш бага тогтоосон учир технологийн компаниуд төвөггүйхэн даваад гарна” гэв. Мөн “Татварын шударга ёсны сүлжээ” компанийн захирал Алекс Кобхам “Татварын доод хэмжээг тогтоосон нь өнөөдрийн хувьд эхний алхам мөн. Гэхдээ одоо бид дэлхийн эргэн тойронд үүний орлого, үр ашгийг шударгаар хуваарилж байгааг баталгаажуулах ёстой” гэлээ.

Өнөөдрийн байдлаар технологийн тэргүүлэх компаниуд татварын хэмжээ бага орнуудад салбараа байгуулан үйл ажиллагаагаа явуулж, ашиг орлогоо мэдүүлж байна. Энэ нь өөр салбараас ашиг олсон ч тухайн улсад байрлах салбараасаа олсон ашгаасаа татвар төлнө гэсэн үг юм. Гэхдээ энэ нь хууль зөрчөөгүй боловч тохиролцоогоор үүнийг хоёр янзаар зогсоохоор зорьж байна. Нэгдүгээрт, тухайн компани олсон ашиг орлогоо мэдүүлэхээс илүүтэйгээр бүтээгдэхүүнээ худалдаж байгаа орнууддаа илүү их татвар төлдөг болгохоор “Их-7” зорьж байна. Хоёрдугаарт, тэдний тогтоосон татварын доод хэмжээнээс бага татвар авахаа зогсоохыг зарим орноос хүсч байгаа юм. Тиймээс бага татвар авдаг Ирланд зэрэг жижиг улс хохирч магадгүй юм. Технологийн аварга компаниудаас Европтоо хамгийн бага буюу 12.5 хувийн татвар татдаг Ирланд улсын Сангийн сайд Паскал Донахю “Татварын ямар ч тохиролцоо том, жижиг бүх улс орны хэрэгцээ шаардлагад нийцэж байх ёстой” гэж твиттер хуудасдаа мэдэгдсэн байна. Татварын таатай нөхцөлтэй тул АНУ-ын технологийн топ 10 компанийн ес нь Европ тивийг хариуцсан оффисоо Ирланд улсад байгуулсан байдаг. Мөн татвараас гадна технологийн компаниудыг үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байгааг нэгдсэн стандартаар тайлагнадаг болгох тал дээр “Их-7”-гийн Сангийн сайд нар санал нэгджээ.

Үүнээс өмнө Индонез улсын татварын алба тус улсын хэрэглэгчдэд дижитал бүтээгдэхүүн зардаг “Facebook”, “Дисней”, “ТикТок” компанид 10 хувийн нэмүү өртгийн албан татвар оноож байгаагаа өнгөрсөн жил зарлаж байв. Тус улсад мөрдөж байгаа шинэ хуулиар Индонезийн нутаг дэвсгэрт цахим бараа бүтээгдэхүүн борлуулдаг гадаадын компаниуд 10 хувийн НӨАТ төлөх ёстой. Ингэхдээ тухайн компани нь жилд доод тал нь 600 сая рупиагийн орлого олдог эсвэл доод тал нь жилд 12 мянган хэрэглэгч ханддаг байх босго тавьж байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.10 ПҮРЭВ № 116 (6593)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 46 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 46 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 46 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 46 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 46 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 46 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 46 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 46 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 46 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 46 мин