Г.Цоггэрэл: Хэн их хөдөлмөрлөнө түүнд амжилт ойрхон бий

2021-06-08
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

А.ДОРЖХАНД

 

Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэлтэй ярилцлаа. Тэрээр заал танхимын барилдаанд түргэн шуурхай дайчин барилдаанаараа үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй залуу хүчтэн юм.

 

-Увсын цэнхэр хязгаар хүчит бөхчүүдээрээ алдартай. Таны төрж өссөн Түргэн сумын талаар ярилцлагаа эхэлье?

-Тэгэлгүй яахав. Манай нутаг аргагүй сайхан нутаг. Увс аймгаасаа 30 гаран км-т оршдог сум. Дэглий цагаан уул хэмээх мөнх цаст хайрхантай. Манай сум Д.Энхбаяр, А.Эрхэмбаяр гэж улсын начин цолтон хоёртой. Улсын начин Д.Энхбаяр ээжийн талын хамаатан. Харин аавын талд чөлөөтийн улсын аварга, ОУХМ Б.Нямдорж, чөлөөтийн спортын мастер Б.Нямсамбуу гэсэн бөхчүүд бий. Мөн аймгийнхаа наадамд барилдан гурван түрүү, гурван үзүүр хүртэж байсан, аймгийн арслан цолтон зургаа, долоон хүн бий. Харин би Сувгийн шил, Дашхай гэдэг хөдөө нутагт төрсөн. Энэ сайхан нутагт төрж өссөндаа бэлэгшээж явдаг даа.

-Хөдөө нутагт өссөн хүүг бөх болоход хэн хамгийн их нөлөөлөв?

-Би дээрээ ганц ахтай. Надаас хоёр насаар ах. Дэрсхэн хөвгүүд учир ёстой л дээлээ ханзартал барилдаж өссөн. Би ахтайгаа барилдаад уначихаараа шарандаа уйлаад дайрдаг, тэгж байж ахдаа цохиулаад салдаг тийм шартай хүүхэд байлаа. Хүмүүс намайг бөх болно гэхээсээ илүү ахыг минь бөх болно гэдэг байлаа. Учир нь би жаахан биетэй туранхай хүүхэд байсан.

Мөн Ө.Даваабаатар харцага, Ө.Бат-Орших гарьд, Б.Соронзонболд заан, Бямбажав харцага гэсэн залуу бөхчүүдийн уран барилдааныг их үзнэ. Мөн бөхийн холбогдолтой сонин сэтгүүл шимтэн уншина.

Үүнээс гадна миний бөх болоход нөлөөлсөн хүн бол манай авга ах аймгийн харцага Б.Ням-Очир. Арван жилдээ ах бид хоёр, одоогийн аймгийн харцага Нямсамбуу гээд үеийн хэдэн эрэгтэй хүүхэд авга ахынд суудаг байлаа.

Б.Ням-Очир ах бид нартай их барилдана, өргөж аваад л хаашаа хамаагүй шидчихнэ, шалбааг, үнс рүү ч хамаагүй. Орой болохоор эхнэр нь устай гарч ирээд бид хэдийг угааж өгдөг байлаа. Нэг удаа намайг тэмцээнд оролцоод ирсэн чинь барьж авч барилдаад үнс рүү аваад шидчихсэн. Би шарандаа уйлаад ах руугаа дайрч билээ. Энэ бүхэн л намайг ирлэж хурцалж бөх болох хүсэл мөрөөдөлтэй болгосон байх гэж боддог. Эргээд бодоход маш сайхан дурсамж.

-Анх ямар тэмцээн уралдаанд оролцож байв?

-2008 онд сумынхаа наадамд 12 настайдаа хүүхдийн барилдаанд үзүүрлэж байсан. Тэр барилдааны талаар дурсамж ярихад, намайг хөдөө гэртээ байхад авга ах чөлөөтийн Нямдорж ирээд надад мухар тонгороо зааж өгсөн юм. Түүнийг нь би маш сайн сурч авсан л даа. Тэгээд сумынхаа наадамд барилдахдаа тэр мэхээ хийж үзүүрлэсэн. Тэгж анхныхаа медалыг авчихаад их урам орж байлаа. Сургуульд байхдаа бүх төрлөөр хичээллэдэг, тэр дундаа чөлөөт бөхийн төрөлдөө илүү дуртай байсан. Бие жижигтэй учраас чөлөөтөөр барилдах илүү дуртай байсан, тэгж байгаад үндэсний бөх рүү орсон. Өсвөрийн залуучуудын тэмцээнүүдэд оролцдог, эхний тавдугаар байранд орчихдог байлаа. Үүнээс гадна 2014 онд Улаангом сумын нэрэмжит тойргийн барилдаанд анх удаагаа 82 сумын заан барилдсан юм. Тэр барилдаанд манай аймгийн манлай сумын заан Төрболд ах түрүүлж, би хоёрдугаар байранд орж тойргийн сумын заан болж байлаа. Дараа нь тойргийн аймгийн начин болсон.

-Таныг аймагтаа бэлтгэл сургуулилтаа хийдэг гэж сонссон. Ямар багш дээр бэлтгэлээ хийдэг байв?

-Тиймээ, тамирчин хүнд сайн багш байж л амжилт үзүүлэх боломжтой шүү дээ. Би олон сайхан багштай байсан. Тухайлбал, анхны медалиа 2008 онд авчихаад түүний дараа жилээс 2009-2010 оны хооронд нутгийнхаа багш дээр бэлтгэл хийсэн. Харин 2010-2014 он хүртэл Бат-Очир багш дээр бэлтгэл хийж, хажуугаар нь  чөлөөтийн Оюунпүрэв багш дээр бэлтгэл хийсэн. Түүнээс хойш нутагтаа Т.Хайдав заантай бэлтгэлээ хийж байна. Хөдөө аймагтаа бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан бол аймгийн начин болоод хотод ирж өргөөнд барилддаг болсон доо. Энэ дашрамд намайг дэмжиж тусалж байдаг А.Бямбажав харцагадаа болон нутгийн зөвлөлийн Анхбаяр, Цасчихэр болон намайг дэмжиж байдаг бүх хүмүүст баярлаж явдагаа илэрхийлэе.

-Аймгийн начин цолыг хэдэн онд авлаа?

-Аймгийн начин цолыг 2018 онд хүртэж байлаа. Тэр жилийн наадам санаанаас гарахгүй сайхан байдаг юм. Учир нь би тэр жил сумынхаа наадамд түрүүлсэн. Нутгийн хүмүүс аймгийн цол аваарай гээд л уухайлж байсан. Түүний маргааш аймгийн наадам болж, барилдсан. Наадмын гурвын даваанд манай аймгийн Улаангом дэвжээний тэргүүлэгч, аймгийн заан Г.Батбаяр ах надад юу ч хэлэлгүй амласан. Ам авсан байдлыг нь сонсоод би дотроо түгшсэн. Гэтэл Г.Батбаяр ах барилдалгүй элэг бүсээ тайлаад өгсөн юм. Би тэр эрчээрээ аймгийн начин цолыг авсан даа. Монгол эр хүний уужуу ухаан гэж боддог.

Дөрвийн даваанд Т.Баасанхүү харцагын ах аймгийн арслан Т.Мягмаржав ахыг давсан. Харин тавын даваанд үеийн залуу Цэнд-Аюуштай тунаж барилдаж давсан. Учраа бөх маань өсвөр залуучуудын улсын аварга, мөн аймгийнхаа наадамд тавын даваанд гурван удаа давсан сайн залуу. Би Цэнд-Аюушийн баруун хөлийг аваад давж байлаа. Нутгийнхаа тэр олон хүмүүсийн итгэлийг дааж аймгийн цол хүртсэндээ баяртай байдаг. Аймгийн цол хүртсэн маань Т.Хайдав багш дээрээ бэлтгэл хийсний үр дүн.

-Бөхийн өргөөнд хэзээнээс барилдаж эхлэв?

-Бөхийн өргөөнд 2018 оны арваннэгдүгээр сард анх зааланд аманд гарч байлаа. Их л сүрдэм санагдаж билээ. Бөхчүүд бүгд л их том биетэй харагдаад. Тухайн барилдаанд нэгийн даваанд аймгийн харцагатай таарсан. Тэгтэл дэвжээний бөхчүүд надад “Чи их гоё таарсан байна, учраа бөх чинь гайгүй бөх таарч” гэж хэлээд гаргалаа. Түүнийг бодоод л би үзсээр байгаад давчихав. Гэтэл манай дэвжээний бөхчүүд “Наад харцага чинь манлай харцага шүү дээ” гэж билээ. Анх барилдаж байгаа надад сэтгэл зүйн урам өгсөн юм билээ. Харин хоёрын даваанд одоогийн улсын начин Б.Отгонбаяртай таарч барилдаад унасан. Дараагийн бүх цэргийн наадамд нэгийн даваанд Говь-Алтайн Д.Буянт арслангаар нэг даваад хоёр дээр одоогийн улсын начин Б.Эрдэнэхүүгээр хоёр давсан. Гурав дээр Баян-Өлгийн Береке арслантай барилдаад унаж байлаа. Аймаг цэрэгт хэд хэд барилдсан, аймгийн начнуудын барилдаанд дөрвийн даваанд Өмнөговийн Т.Төгсдөлгөөнд унаж байлаа. Миний хувьд улсын цолтой бөхтэй барилдахаар илүү тайван задгай барилдчихна гэсэн бодол байдаг. Унасан ч харамсахгүй. Харин үеийн залуучуудтайгаа барилдахаар жаахан биеэ бариад давах ёстой шүү гэсэн бодол байдаг юм.

-Улсын арслан Р.Пүрэвдагвыг хоёр ч удаа давж байсныг санаж байна. Тэр барилдааныхаа талаар дурсвал?

-Тиймээ, би арсланг хоёр удаа давсан. Арслангийн барилдаануудыг багаасаа үзэж өссөн. Тамирчин хүний дэвжээн дээр байх ёстой дайчин чанар арсланд байдаг. Арсланг давсан эхнийх нь барилдаан арслан цолтнуудын хүндэтгэл үзүүлэх барилдаан байсан. Баруун өшиглөж давсан бол дараагийн барилдаан дээр ч энэ мэхээрээ давсан. Анх удаа улсын цолтой бөх давчихаад маш их баярлаж байлаа.

-Барилдааны тань онцлог юу вэ?

-Миний барилдааны онцлог гэвэл би дайчин, өөрийнхөөрөө зоригтой барилддаг. Мэх гэх юм бол хонгоддог, харин унаган мэх буюу сурцаараа хийдэг мэх гэх юм бол өшиглөдөг. Бөх хүн мэхийг давтаж байж сурна. Хүн хүний биед нь таарсан мэх гэж байдаг.Тэр мэхийг давтаж хийхээс илүү мэдрэмжээрээ хийдэг унаган мэх юм даа. Тухайлбал, бие жижигтэй над шиг хүн давуулж гуядах зэрэг мэхийг сурна гэж байхгүй л дээ. Ямарваа амжилт хэн их хөдөлмөрлөж чадна, түүнд амжилт ойрхон гэж боддог. Улсын цолтой олон бөхчүүдээс үлгэр дууриалал авдаг. Тэр тусмаа нутгийнхаа аварга арслангуудаас ганцхан барилдаан биш биеэ зөв, сайхан авч яваа зэргээс нь залуу бөхийн хувьд үргэлж суралцаж байдаг.

-Залуу бөхийн хувьд өнөөгийн бөхийн хөгжилийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн үед гарч буй шийдвэрүүд дээр санал нийлж байгаа. Тухайлбал, барьц сонгоог хална гэдгийг хувьдаа дэмжиж байна. Учир нь барьц сонгоогүй болвол бөхчүүд жигд жингээ хасаад ирэх байх, илүү уран хурц гоё барилдаанууд гарах байх. Дээр үеийн бөхчүүдэд их жинтэй бөх байдаггүй. Ахиад нэг дэмжиж байгаа зүйл нь ямар ч аймгийн наадам дээр залуу бөхчүүд очоод барилдахад нээлттэй болгосон нь их зөв санагдсан. Учир нь залуу бөхчүүдэд цолоо нэмэх боломж гарах юм. Энэ жил түүхт 100 жилдээ зодоглоно доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.8 МЯГМАР № 115 (6592)

 

Dvvd amjilt xvsie ulsin tsolond xvrex boltuugai
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин