Монгол Улс төвийг үл сахих нь

2021-06-03
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Д.УЛАМБАЯР

 

Доктор, профессор

Монголын сонгогч түмэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу төрийн тэргүүнээ анх удаа зургаан жилээр сонгох хариуцлагатай мөч удахгүй тохиох гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгааг олон нийт анхааралтай ажиглан харсаар байгаа билээ.

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол гадаад харилцаанд төвийг сахих бодлого баримтлана хэмээж буй нь дэмжиж үл болох ноцтой байр суурь болно. Тиймээс энэ тухай дахин өгүүлэхийг зорив.

Зургаан жилийн өмнө Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хувиар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ: “Монгол Улс нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Чухамдаа энэхүү бодлого, байр суурь нь Монгол Улсыг байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Манай дотоодын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүд угтаа төвийг сахих бодлоготой нийцэж байгаа юм. Иймд Та бүхнээс манай улсын энх тайванч, нээлттэй, төвийг сахисан, идэвхтэй гадаад бодлогын хүчин чармайлтыг ойлгож, дэмжихийг хүсч байна. Монгол Улсын байнга төвийг сахих статус нь бүс нутагт төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн дэврүүн дүгнэлт хийсэн юм.

УИХ-аар хэлэлцэгдэж, эцсийн шийдвэр гараагүй байхад түүний онцгой  бүрэн эрхэд халдаж, Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалтай шууд хамаатай асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр төрийн тэргүүн нь байр сууриа илэрхийлсэн нь энэ байв. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д заахдаа: УИХ төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох бөгөөд энэ нь түүний онцгой бүрэн эрх хэмээн заасан билээ.

Дээр  хэлсэн үг нь өөрөө логикийн томоохон алдаатай байв. Байнга төвийг сахин суугаад хэрхэн, яаж олон тулгуурт гадаад бодлого явуулах вэ дээ. Улс орнуудыг хүчээр заналхийлж, түрэмгийлэл үйлдэж байхад түүний эсрэг дуу хоолойгоо боймилж, амаа хамхин хойшоо сууж, сүүлээ хавчин зайлсхийх нь  энхийг эрхэмлэсэн бодлоготой үл нийцнэ.

Байнга төвийг сахих  тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулж, түүнийгээ хөрш хоёр гүрэн болон олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон нь гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг алдагдуулахаар үйлдэл байв.  Гадаад бодлогыг хуулиар зохицуулахгүй.

Байнга төвийг сахих гадаад бодлого нь зөвхөн дайн, энхийн асуудал, их гүрнүүдийн аюулгүй байдлын бодлого, дарамт шахалт, нөлөөллийн бодлоготой холбогдолтойгоор шууд үүдэн гарч ирсэн байдгийг бид байнга анхаарах ёстой.

Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь нэгд, Монгол Улсад хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах гадаад таатай нөхцлийг хангах,  хоёрт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бүс нутаг болон олон улсын хэмжээнд баталгаажуулах, гуравт, Үндэсний хөгжил дэвшлийг урагшлуулахад гадаад харилцааны асар их нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, үндэсний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, дөрөвт, Монгол Улсын олон улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, тавд, Дэлхий нийтийн өмнө нийтлэг тулгамдаж буй аюул сорилтыг шийдвэрлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, зургаад, Гадаад дахь монгол иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны  ашиг сонирхолыг хамгаалах эдгээр болно.

Монгол Улсын гадаад бодлогын зарчим нь үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, эвсэлд үл нэгдсэн, бие даасан, ардчилсан үнэт зүйлийг дээдлэсэн, прагматик байх явдал болно. Тэргүүлэх чиглэл нь хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харьцах, “гуравдагч хөрш”-ийн бодлого, гурвалсан хөршийн хамтын ажиллагаа, цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын эрхзүйгээр баталгаажуулах, II сувгийн дипломаси энхийг сахиулах ажиллагаа эдгээр болно. Дээрх зорилго, зарчим, тэргүүлэх чиглэл нь өөр хоорондоо шүтэн барилдлагатай цогц үйл юм.

Олон хэмжээст дипломаси бол олон улсын эрхзүйн үүднээс императив буюу хатуу бус өөрөөр хэлбэл хуульчлагдсан бус, аль нэг үзэл суртал, онолд ягштал баригдахгүй, мөн байнга төвийг сахин сууж зожигрохгүй, олон улсын харилцаа, геополитикийн орчны орон зай, цаг хугацааны өөрчлөлтөд  хариу барих, дасан зохицох, хөрвөх чадвартай, цохилт даах, хүнд нөхцөл байдлаас нэр төртэй гарах, геополитикийн цаг хугацаа-орон зай, таталцлын орчинд харьцангуй онол лугаа агшиж, сунах чадвартай байх явдал юм. Үүнийг л өөрөөр хэлбэл олон хэмжээст дипломаси гэх агаад  бид илүү уян хатан, идэвхтэй, maneuver хийх чадвар сайтай, сюрприз багатай, тогтвортой, нэгдмэл, залгамж шинжтэй, олон улсын тавцан дээр идэвхтэй тоглогч байх ёстой.

Байнга  төвийг сахих нь ганцаараа оршин тогтнохгүй. Эсрэг тэсрэг байр суурьтай хоёр ба түүнээс дээш сөргөлдөгч гүрнүүд, дайтагч талууд байж, тэдний хооронд дайн, зэвсэгт мөргөлдөөн гарах аюул, магадлал байнга байсан тул гуравдагч улс дайны үед ч, тайван үед ч байнга төвийг сахих шаардлага гарч иржээ.  Тиймээс аливаа дайн биш, харин өөрийн оршин буй геополитик, газарзүйн орчинд болзошгүй дайнд байнга төвийг сахиж ирсэн байна.

Швейцарийн өвөрмөц байдал давтагдашгүй бөгөөд “Швейцарь лугаа төвийг сахиж хөгжсөн” улс байхгүй юм. Швейцарийн Холбооны Улс НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн гишүүнд 2023-2024 онд сонгогдох сунгаагаа албан ёсоор эхлүүлж, тийнхүү Швейцарийн төвийг сахисан статус удахгүй төгсгөл болохоор байна.

Туршлага судалж байнга төвийг сахихгүй: Ямар гадаад бодлого шийтгэн явуулах нь тухайн улсын онцгой бүрэн эрхийн асуудал мөн боловч олон улсын харилцааны хөгжлийн шинэ чиг хандлага, их гүрнүүдийн геополитик, байр суурийг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ олон улсын харилцаа, дипломатын түүхэнд ямар ч улс гүрэн гадаад бодлогоо шийтгэн явуулахдаа бусад улсын гадаад бодлогын туршлагыг судалж гадаад бодлогоо эрхлэн явуулж байгаагүй юм. Тэгэх тусмаа байнга төвийг сахих статус бүхий  Швейцарь улсын туршлагыг бусад улсын ГХЯ нь мэргэжилтнээ илгээж, биечлэн судалж байгаагүй ажээ. Байнга төвийг сахих статусаа Үндсэн хуулиндаа тунхагласан, нэг хүнийг тахин шүтэх явдал газар авсан,  авторитар дэглэм бүхий Туркменистан улс дэлхий нийтийн хөгжлөөс тусгаарлагдаж, эдийн засаг, нийгмийн хөгжил нь ноцтой доголдож, иргэд нь гадаадад дүрвэж, батлан хамгаалах хүч чадал нь үлэмж суларсаар  буй. Тийм байхад тус улсын туршлагыг хүртэл судалсан билээ.

Ц.Элбэгдорж “Төвийг сахих статусыг хэрэгжүүлэгч улс оронд нь тухайн бодлогоо засварлах, шинэчлэх, зогсоох онцгой бүрэн эрх хадгалагддаг” гэж мэдэгдсэн нь Монгол Улсын дотоод, гадаад бодлого, эрхзүйн орчин тогтворгүй байдгийг л нотлон харуулахаар байсан юм. Гадаад бодлогоор туршилт явуулж болохгүй.

Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцах асуудал гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг онцолж, иж бүрэн стратегийн түншлэлийн эрхзүйн үндсийг баттай тавьж, улс төрийн хувьд бүхэлдээ тэнцвэртэй харилцаж байна. Монгол Улс гурван хөршийн саммитыг санаачлан хэрэгжүүлж, энэ нь цаашдаа байнгын механизм болон төлөвшиж байна. Өөрөөр хэлбэл гурван улсын харилцаа шинэ агуулга, хэлбэрээр баяжин урагшилж байгаа билээ. Нөгөө талд  Орос-Хятадын харилцаа иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийн түвшинд хүрсэн нь манай гадаад хамгийн ойр орчин таатай байна гэж үзэх үндэслэлтэй. БНХАУ Хятад-Оросын харилцаа хэзээ ч холбоотны харилцаанд эргэж очихгүй гэж мэдэгдсэн билээ. Иймд өнөө болон ойрх ирээдүйн Монгол Улсын геополитикийн хамгийн ойр орчинд дайн гарах магадлал тун бага байх төлөвтэй. 

Байнга төвийг сахина гэдэг нь  хөрш гүрнүүддээ итгэхгүй байна гэсэн үг бөгөөд энэ нь алсдаа уршигтай байж болох байв.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хөндөөгүй хөрш болон “гуравдагч хөрш” гүрнүүдийн хоорондын геополитикийн сөргөлдөөнд оролцох  шаардлага бидэнд байхгүй.      Төвч байр суурь (centrism) бол төвийг сахих байр суурьтай адилгүй.  Энэ бол баруун, зүүн тийш хальтирч хэлбийхгүй төвч байж, эвлэрүүлэн зуучлах байр суурь юм.  Тэнцвэртэй харьцах, эрх ашгийн тэнцвэр барина гэдэг маш чухал бөгөөд энэ нь  төвийг сахих байр суурын эсрэг юм.  

Түүнчлэн энхийг эрхэмлэсэн байр суурь нь төвийг сахих байр суурьтай огт нийцэхгүй.        Түрэмгийлэгч болон дайнд нэрвэгдсэн улсын аль алинтай нь тэнцвэртэй харьцах ноцтой санаа Байнга төвийг сахих хуулийн төслийн 6.2-т тусгагдсан байсан юм. Тухайлбал, “Монгол Улс бусдын зэвсэгт түрэмгийлэлд өртсөнөөс бусад тохиолдолд аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй бөгөөд тэдгээртэй адил тэнцүү харилцана” гэж  байсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1-д Гадаад бодлогын чиг шугамыг заахдаа: “Монгол Улс олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрхзүйн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” гэж заасан. Энэ бол төвийг сахих статусын зарчим биш юм. Энэ бол НҮБ-ын Дүрэм, 1970 онд Ерөнхий Ассамблейн баталсан «Улс гүрний хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай холбогдох Олон улсын эрхзүйн зарчмын тухай Тунхаглал»-ын үзэл санаа юм.

Орчин үеийн олон улсын эрхзүй түрэмгий дайныг хориглосон учир өөрийгөө хамгаалахаас бусад зорилгоор дайн өдөөх нь олон улсын эрхзүйг зөрчсөн гэмт үйлдэл гэж үздэг. Тиймээс орчин үед аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцох, оролцохгүйн тухай асуудал ерөнхийдөө утга чанараа алдсан. Цөмийн дайнд төвийг сахина гэж бүр ч байхгүй. Монгол Улс терроризмын бүх хэлбэрийн эсрэг тэмцэлд нэгдсэн. Энэ бол нийт хүн төрөлхтний эсрэг, хүний эрх, үндсэн эрх чөлөө, ардчилалын эсрэг хийж буй гэмт үйлдэл мөн. Дайн түрэмгийллийн нөхцөлд Монгол Улс байнга төвийг сахин сууж амиа хоохойлж, хувиа хичээх нь нийт хүн төрөлхтний хамтын үнэт зүйлсээс татгалзсан хэрэг, хамгийн наад зах нь ёсзүйгүй үйлдэл юм. Бид хамтын үнэт зүйлс, энхтайван, шударга ёсыг эрхэмлэгч дэвшилт хүчинтэй эв санааны нэгдэлтэй байх ёстой болов уу.

Төвийг сахих нь НҮБ-ын Дүрмийн 2, 5 дугаар зүйл, 43,103 дугаар заалттай зөрчилддөг бөгөөд байнга төвийг сахих статустай боловч НҮБ-ын гишүүн л бол шаардлагатай нөхцөлд тухайлбал дайн, мөргөлдөөний үед НҮБ-ын Дүрэмд захирагдах эрхзүйн зохицуулалттай   байдгийг сануулах хэрэгтэй болов уу.

Монгол Улс байнга төвийг сахих бодлого явуулснаар “гуравдагч хөрш”-ийн бодлогод ямар эрсдэл, сорилт  тулгарах тухайд судалгаа, дүн шинжилгээ, үнэлгээ тухайн үед байгаагүй.  Байнга төвийг сахих санаачилга Монгол Улсын “стратегийн түншлэл”, “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг ч хөндөж байсан.

2015 оны намар УИХ-ын төлөөлөгчид ОХУ-ын парламентад зочилоход ОХУ-ын парламентын дээд танхим Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко бээр хэлэхдээ: “Ерөнхийлөгч Элбэгдоржийн ярьж буй “байнга төвийг сахих” бодлогыг та бүхэн ярилцаад санал нэгдэн зарлаж байгаа юу? Энэ юу болохыг ойлгож байгаа гэж найдаж байна. Төвийг сахина гэдэг бол ямар ч стратегийн түншлэл байхгүй гэсэн үг” гэж шуудхан хэлж байсан нь чухамдаа зөв зүйтэй байр суурь байсан юм.

2015 оны арваннэгдүгээр сарын 11-нд Бээжинд гарын үсэг зурсан Монгол Улс, БНХАУ-ын Хамтарсан Мэдэгдэлд “Монгол Улсын байнга төвийг сахих” санаачилгаа дэмжүүлэх гээд чадаагүй. 2015 оны арваннэгдүгээр сард Парист гарын үсэг зурсан Монгол, Францын  ерөнхийлөгч нарын Хамтарсан Мэдэгдэлд Монгол Улсын төвийг сахих тухай санаачилгыг Францын тал дэмжээгүй, харин“анхааралдаа авсан” (Elle a pris note avec intеrеt).

     2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтаар Монгол Улс байнга төвийг сахих санаачилгаа мөн л дэмжүүлж чадаагүй.

Тус уулзалтад ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын-хэ, Энэтхэгийн дэд ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари, ЕХ-ны Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск, Еврокомиссын тэргүүн  Жан Клоуд Юнкер, ЕХ-ны Аюулгүй байдал, гадаад бодлогын Дээд төлөөлөгч Федерика Могерини зэрэг нөлөө бүхий зүтгэлтнүүд оролцсоныг дурдах хэрэгтэй.

Өөр нэг зүйлийг тэмдэглэхэд, Монгол Улсын байнга төвийг сахих санаачилгыг АНУ-ын заавраар хийгдэж буй үйлдэл байж магад хэмээн болгоомжилсон дүгнэлт бодол, санал 2016 оны наймдугаар сард зохиогдсон ОУМЭ-ийн XI их хурлын үеэр өмнөд хөршийн төлөөлөгчдийн тавьсан илтгэлд  ажиглагдаж байсан нь анхаарах асуудал байв. Гэтэл АНУ-ын байр суурь тэс өмнөө байв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2016 оны зургадугаар сард Монголд айлчлал хийх үеэр Шангри-Ла зочид буудалд монголын залуу манлайлагч нарын төлөөлөлтэй уулзаж харилцан ярилцахдаа төвийг сахихын эсрэг байр суурьтай байгаа­гаа маш тодорхой илэрхийлсэн юм.

Монгол Улс 1990 онд   нийт хүн төрөлхтний хамтын үнэт зүйлс болох хүний эрх, эрх чөлөө, ардчилалыг дээдлэх, зах зээлийн эдийн засгийг тууштай баримтлах  сонголтоо хийсэн. Монгол Улс идэвхтэй гадаад бодлого явуулснаар бүс нутгийн төдийгүй дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлнэ. Идэвхтэй гадаад бодлого өөрөө батлан хамгаалах чухал арга хэрэгсэл болдог.

Монгол Улс төвийг сахисан нутаг дэвсгэр биш.   Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2018 оны гуравдугаар сарын 9-нд өөрийн twitter хуудсандаа Монгол Улс “төвийг сахисан нутаг дэвсгэр” учраас Д.Трамп-Ким Жон-ун нарын анхны уулзалтыг зохион байгуулах боломжтой гэсэн санал тавьсан нь олон улсын эрхзүйн ямар ч үндэслэлгүй байв.

Олон улсын эрхзүйд олон улсын гэрээгээр дайны талбар болгон ашиглахыг хориглосон дэглэм бүхий газар нутгийг “төвийг сахисан нутаг дэвсгэр” гэдэг. Тиймээс төвийг сахисан нутаг дэвсгэр гэдэг нь бүрэн эрхт тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэр биш юм. Тэнд аль нэг улс дээд, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй. Төвийг сахисан нутаг  дэвсгэрт тусгаар бүрэн эрхт улсын нутаг дэвсэг, аль нэг улсын нутаг дэвсгэрийн хэсэг, колонийн нутаг дэвсгэр, protectorate, suzerainty, vassal, мөн концессын нутаг дэвсгэр ч ордоггүй. 1888 оны Константинополийн конвенциар Суэцийн суваг, 1920 оны Парисын гэрээгээр Норвегийн Шпицбергений арлыг “төвийг сахисан нутаг дэвсгэр”  болгон зарласан байдаг. 1959 оны Вашингтоны гэрээгээр  Антарктик тивд цэрэг зэвсэггүй, төвийг сахисан олон улсын эрхзүйн онцгой дэглэм тогтоосон. Гэрээ ёсоор энд зөвхөн шинжлэх ухааны судалгаа хийхэд бүх улсад нээлттэй болсон билээ. Антарктик нь ямар нэг улсын бүрэн эрхээс ангид оршино. Мөн Сар, сансрын уудам, далайн ёроол, түүний хэвлийг олон улсын гэрээгээр цэрэг зэвсэггүй болон төвийг сахисан нутаг дэвсгэр болгосон юм.

Олон улсын эрхзүйд neutral zone буюу “төвийг сахисан бүс” гэсэн ойлголт мөн байдаг. XIX зуунд Нидерландын Нэгдсэн вант улс болон Пруссын дунд оршиж байсан “төвийг сахисан бүс” 1830 онд Бельгийн вант улс болсон түүхтэй.

Монгол Улсын гадаад бодлого төвийг сахих биш харин ч прагматик байх ёстой билээ. Даяаршил, дижитал үйл явц эргэлт буцалтгүй болсон эрин үед гадаад бодлого, аюулгүй байдлын асуудалд XIX зууны үеэ өнгөрөөсөн дангаарших, зожигрох сэтгэлгээгээр хандах нь явуургүй юм.  ХХI зуунд  төвийг сахих тухай ярьж хэлж байгаа Монголоос өөр нэгээхэн бээр ч улс гүрэн байхгүй болой.

Бид хоёр том хөршийн дунд sandwich бус, харин жороолж буй шандас хүлэг улс буюу galloper лугаа хөгжих учиртай.

Монгол Улсын гадаад орчинд бид оролцох дайн гарах магадлал бага, энхийн цагт гишүүнээр элсэх цэргийн эвсэл холбоо байхгүй.

ХХI зуунд жижиг улсын гадаад бодлого илүү прагматик, олон улсын эрхзүйн үүднээс уян хатан, идэвхтэй, нээлттэй, байнга төвийг сахих биш, тууштай, олон тулгууртайгаас гадна олон хэмжээст, сюрприз багатай, тогтвортой, олон улсын тавцан дээр идэвхтэй тоглогч байх ёстой болов уу.

Харилцан хамаарал гүнзгийрч, даяаршил, дижитал үйл явц биднээс шалтгаалахгүй эрчимтэй гүнзгийрч буй өнөөд үед найрсаг харилцаа, түншлэлийн харилцаагүй, гадны тусламж дэмжлэггүй, бие даан хөгжих, үндэсний аюулгүй байдлаа хангах боломжгүй.

Монгол Улсын Үндсэн хууль, Гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Цөмийн зэвсэггүй бүсийн статус, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалах багц хуулиуд, Монгол Улс, ОХУ, БНХАУ-тай байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, стратегийн түншлэлийн тунхаглалууд болон олон улстай байгуулсан бусад гэрээ, хэлэлцээрүүдэд Монгол Улс төвийг сахисан нутаг дэвсгэр, байнга төвийг сахисан, мөн de facto төвийг сахисан улс гэсэн нэр томьёонууд огт байхгүй. Хуулийн заалт, олон улсын гэрээний заалтыг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн эрхзүйн алтан зарчим байдаг.

“Монгол Улс байнга төвийг сахих хууль”-ийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан хэлэлцээд хуулийн төслийг санаачилагчид нь буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан бүрэн дэмжсэн нь үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцсэн нэн чухал үйл болсон.

Цаашлаад 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа   шинээр зохион байгуулагдсан Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын газар “Монгол Улс байнга төвийг сахих санаачилгыг дэмжсэн ҮАБЗ-ийн 2015 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 39/21 дүгээр  зөвлөмж”-ийг 2018 оны хоёрдугаар сарын 2-нд, ҮАБЗ-ийн есдүгээр сарын 8-ны өдрийн 39/21 дүгээр  зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 14-нд баталсан 375-р тогтоолыг У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020 оны тавдугаар сарын 6-нд  тус хүчингүй болгож,  Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг дахин сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болгосон нь  Монгол Улсын үндэсний язгуур эрх ашигт нийцсэн туйлын зөв зүйтэй шийдвэр байв. Бид цаашид үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болохуйц байсан Монгол Улс байнга төвийг сахих санаачилга дэвшүүлэх болсон субьектив учир шалтгааныг судлан гаргах шаардлага буй.

Бид олон улсын харилцааны олон туйлт  шинэ дэг тогтолцоонд дасан зохицож, урагш алхахаас бус түүнээс зугтааж байнга төвийг сахин сууж, хойш алхаж үл болмой. Тиймээс Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрх бүгд найрамдах улс мөний учир зүгээр нэг төвийг сахисан нутаг дэвсгэр хэмээн хэлж хэрхэвч үл болно. Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай, сүүлийн 30 жил ардчилалын замаар урагшилж байгаа билээ. Дарангуйлалын дэглэмтэй Монгол биш. Мэдээж сайн засаглалыг цогцлоох, ардчилалын ололтыг гүнгийрүүлэх, хүний эрхийг баталгаажуулах, хууль дээдлэх гээд засч сайжруулах зүйл буй. 

Эцэст нь, Хэрэв зэ Монгол Улс төвийг сахисан гадаад бодлого баримталдаг байсан бол олон улсын эрхзүйг ноцтой зөрчин Минскийн нисэх онгоцны буудалд Ирландын иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг албан буулгаж саатуулсан Беларусийн эрх баригчдын үйлдлийг эсэргүүцсэн мэдэгдлийг Ардчилсан намаас гаргах боломжгүй байх байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.3 ПҮРЭВ № 111 (6588)

 

Монгол улсын иргэн
Байнга төвийг сахина гэдэг нь хөрш гүрнүүддээ итгэхгүй байна гэсэн үг бөгөөд энэ нь алсдаа уршигтай байж болох байв. ---- -юу гээд хуцаад байгаа юм бэ. Хэлэх ч үг алга . Арай ч дээ
Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсад айлчилна

12 мин
Сансар судлал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллана

Сансар судлал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллана

18 мин
Х.Hямбаатар: Хууль эрх зүй, эдийн засгийн хувьд хотын хөгжлийн саад, түгжээ арилсан

Х.Hямбаатар: Хууль эрх зүй, эдийн засгийн хувьд хотын хөгжлийн саад, түгжээ арилсан

26 мин
Скарлетт Йоханссон: Би талханд ёстой үнэн “нугасгүй”, жүжигчин болоогүй бол талхны үйлдвэрт ажиллах байсан

АНУ-ын Нью Йорк хотын зүрх Манхэттенд 1984 оны арваннэгдүгээр сарын 22

6 цаг 7 мин
Б.Эрдэнэзаяа: Шивээсний чиг хандлага жил бүр өөрчлөгддөг

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа “Bpro тoтoo studio”-ийн артист Б.Эрдэнэзаяаг онцолж байна.

6 цаг 7 мин
Судалгаа: Сүүлийн 20 жилд 4-5 удаагийн зуд болжээ

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хамгийн том а

6 цаг 7 мин
Шинэ ногооны үнэ хятад ногооны үнэ адилхан байна

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах, нөөшлөх болом

6 цаг 7 мин
Төрийн албанаас чөлөөлөгдөх, түр чөлөөлөгдөх хүсэлт гаргах нь ялгаатай ойлголт

Нэхэмжлэгч Н нь Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргад  холбогдуулан “Архангай

6 цаг 7 мин
“УБТЗ” ХНН Хөдөлмөрийн баатар хамт олон боллоо

“УБТЗ” ХНН-ийн 75 жилийн ой энэ онд тохиож байна.  Өчигдөр тус хамт олны баярын үйл ажиллагаа болж

6 цаг 7 мин
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд гэж хэн бэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч

6 цаг 7 мин