Энтони Хопкинс: Манай эхнэр надад “Хэрвээ ажлаасаа татгалзвал чи үхнэ” гэж хэлсэн

2021-05-21
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Сэр Энтони Хопкинс өөрийг нь Лос-Анжелест “Эцэг” киногоор “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртэснийг зарлаж байхад Уэльсд гэртээ тавтай унтаж байжээ. Энэ шөнө Хопкинс рекорд тогтоож,  түүнээс өмнө хэн ч түүн шиг 83 насандаа ийм шагнал авч байсангүй. Өглөө босоод тэрээр видеогоор шагналд оролцсон бүх хүмүүст, Оскар зохион байгуулагчдад талархаад “Би 83 насандаа ийм том шагнал авна гэж бодсонгүй, үнэхээр бодсонгүй” хэмээн хэлжээ. “Эцэг” киноны дүр түүний хамгийн шилдэг дүр гэж олон хүн үзэж байна. Тэрээр анх 1992 онд “Хурга майлахаа болино” киногоор Оскар авч байжээ.

Оскар болохоос хэдэн долоо хоногийн өмнө тэрбээр төрөлх хот руугаа явжээ. Лос-Анжелест бүтэн жил хөл хорионд байсан юм. Тэр Америкийн иргэншилтэй бөгөөд Калифорнид амьдардаг байна. Англи явахаасаа өмнө мэдээж вакцинаа хийлгэсэн. Эх орондоо очсон хойноо ч Оскарын адил, Британийн телевиз, киноакадемийн шагналыг (BAFTA) бас “унтаад” өнгөрөөжээ. Өөрийн хоббины нэг уран зураг зурж байгаад зурагтаа асаахаа мартжээ. Сурвалжлагч нар түүнд баяр хүргэн утасдахад “Гайхалтай. Даанч хажуугийн өрөөнд хүмүүс шуугиад байсан юмаа. Манай эхнэр хөл бөмбөгийн тэмцээн үзэж байна л гэж бодсон” гэжээ.

Энтони 1937 онд Уэльсд нарийн боовчны гэр бүлд айлын ганц хүү болон мэндэлжээ. Тэрээр 15 насандаа Английн жүжигчин Ричард Бертоны гарын үсгийг аваад, 17 насандаа сургуулиа орхин, театрын коллежид оржээ. Олон жил тэрээр кинонд тоглож байгаа ч өөрийн хобби уран зураг, хөгжмийг хэзээ ч орхидоггүй. Тэрээр өөрөө төгөлдөр хуур, хийл дардаг. Түүний зохиосон олон аялгууг мэргэжлийн найрал хөгжимчид тоглодог. Түүний зураг амжилттай зарагддаг. Инстаграм нь 3 сая дагагчтай. Тэр муурандаа зориулж Шопеныг тоглодог, тэр бичлэгээ интернетэд оруулдаг. Сайхан сэтгэлтэй, туршлагатай, өөрийн айдас сул талаа давж чадсан, олон жил дарсан вино шиг гайхалтай жүжигчин. Гэхдээ үргэлж ийм байгаагүй.

1973 онд архинаас болж театрт түүний “Макбет” жүжгийг улирал дуусахаас өмнө хасч байсан. 1975 онд тэрээр үхэхээ дөхсөн ба түүнээс хойш бүр мөсөн архинаас татгалзсан. Колумб гаралтай гурав дахь эхнэр Стелла Арройяветай Лос-Анжелест хуучны эдлэлийн дэлгүүрт танилжцээ. Эхнэр нь тэнд худалдагч хийдэг байж. Тэд 2003 онд хуримаа хийсэн юм. Найзууд нь Стеллаг яг түүнд тохирох хүн мөн гэж үздэг бөгөөд тэднийг хэрэгтэй цаг үеэ олж танилцсан хэмээдэг. “Энтони хэзээ ч бизнес, мөнгө сонирхож байгаагүй. Бүгдийг нь гартаа оруулж зохицуулах эхнэр түүнд хэрэгтэй байсан. Эхнэр нь түүнийг уран зураг, хөгжимдөө эргэж орохыг санал болгосон. Энтони үргэлж дуртай зүйлээ хийж байдаг. Стелла түүнийг сайн халамжилдаг. Ингэхээр ямар эр хүнд таалагдахгүй байх билээ дээ” гэж нэг найз нь ярьжээ. Энтони эхнэрийхээ талаар “Стелла гайхалтай эмэгтэй, мөнгө үрэх дуртай. Гэхдээ тэрээр намайг удаашруулж, тайван амьдруулахад тусалдаг. Бид анх танилцахад би тийм ч сайхан ааштай байгаагүй. Хэнд ч итгэдэггүй байсан. Ялангуяа хүүхнүүдэд. Гэвч Стелла өдөр бүр аз жаргалтай сэрдэг. Тэр их өөдрөг. Би түүнээс амьдарлыг байгаагаар нь хүлээж авч сурсан” гэж ярьжээ.

-Энтони та өөрийгөө эргэн тойрон дахь зүйлээ их чухалчилж авч үздэггүй гэж байсан. Яагаад?

-Би дандаа л тийм байсан. Би өөрийгөө их ухаантай, сэхээтэн хүн гэж бодохгүй байна. Би өөрийхөө хэмжээнд л ухаантай гэх үү дээ. Энэ зангаасаа болоод Британийн театрын ертөнцөд орж чадаагүй. Уг нь тайзнаа Шекспирийн баатруудыг амжилттай тоглож байсан. Миний алдарт хүрэх хүсэл, архины хүсэл яг адилхан, юунд ч дарагддаггүй байсан. 1975 онд бүгдтэй нь хэрэлдэн, тайзаа орхиод Америк явсан. Нью-Йоркт очоод бүр галзуурсан. Хөлний цусны бүлэгнэл гээд эмнэлэгт хэвтлээ. “Чи цаашдаа энэ эрчээрээ амьдарвал 40 хүрэхгүй. Чи их ууж, их тамхи татаж байна. Чи удаан наслахгүй” гэж эмч хэлсэн. Би түүнд маш их уурласан. Энэ бол 46 жилийн өмнө болсон явдал. Юуг ч үл харгалзан амьд л байна. Хэн нэгнээс зээлж авсан цаг хугацаагаар.....

-Гэхдээ та муугүй л амьдарч байна. Кинонд тоглоод, зураг зураад, хөгжим бичээд, сайн эхнэртэй...

-Муугүй ээ, үнэн. Бас мууртай. Би түүнд Шопен тоглож өгдөг. Хөгжим миний анхны хайр. Цар тахал эхэлснээс хойш ингэж л амьдарч байна. Хөгжим тоглоод л, зураг зураад л, сайн ном уншаад л. Видео холбоогоор хүртэл кино бүтээлцлээ. Сонин мэдрэмж. Их зүйл цээжилдэг, энэ нь саруул ухаантай байхад их нэмэр болдог. Намайг 5 настай байхад ээж хөгжмийн хичээлд аваачсан юм. Би муугүй тоглож сурсан. Рахманинов, Шопен, Скрябин гэх мэтийн хүндхэн бүтээлийг тоглож чадна. Мэдээж би мэргэжлийн карьер хөөж, Карнеги Холлд тоглоно гэж бодож байгаагүй. Голдуу өөртөө зориулж тоглодог. Хөгжим гартаа барилгүй удсан үе бий. Гэвч миний эхнэр жинхэнэ “мотор”, энергийн эх үүсвэр намайг бараг хүчээр төгөлдөр хуурын ард суулган дахин хөгжим бичихэд хүргэсэн. Миний аль дээр үеийн зохиосон хөгжмийн хэсгийг олж сонсож. Үр дүнд нь би найрал хөгжим зохион нэгэн нэр хүндтэй удирдаач руу илгээсэн. Одоо найрал хөгжимчид тоглолтдоо миний бүтээлийг оруулсан байгаа. Би дахиад хөгжим зохиож эхэлсэн. Голдуу хэнд ч саад болохгүйгээр зоорийн өрөө рүүгээ ордог. Эхнэрийхээ ачаар бас зурж эхэлсэн. Хэдэн жилийн өмнө гараажаас миний хуучны зургуудыг олж үзээд дахиж зурах хэрэгтэй гэж ятгасан. Би түүнд талархдаг. Миний зураг зах зээл дээр муугүй үнэлэгдэн зарагддаг болж таарсан. Залуудаа би шог зураач болно гэж боддог байлаа. Хэсэг хугацаанд энэ санаагаа тээж амьдарсан. Гэтэл сонинд шог зураг зурдаг зураачтай тааралдаад. Тэр надад үүнийг хийхэд онцгой чадвар шаардлагатай гэж хэлсэн. Харин хэн надад “Өөрт таалагдсан зүйлээ хий, өөр юманд битгий санаа зов” гэж хэлсэн гэж бодно? “Юрийн галавын цэцэрлэг” киноны бүх мангасыг зурсан хүн манайд зочиллоо. Миний студид орж ирээд “Хэн энэ бүгдийг зурсан юм бэ?” гэхэд би уйдахаараа жаахан зурдаг ухаантай гэж хэллээ. Гэхдээ би мэргэжлийн бус гэдгээ ч сануулаад авав. Харин тэр “Мэргэжлийн байх шаардлагагүй. Хүсэж байвал зурах л хэрэгтэй. Өөр зүйлд битгий санаа зов” гэж хэлсэн. Муугүй л амьдралын ухаан шүү.

-“Инстаграм”-д та муурандаа хөгжим тоглодог. Дрейкийн хөгжим дор бүжиглэдэг. Сталлоне, Шварцнеггер нарыг дуурайдаг. Өөрийн, Хавайн цэцэгтэй цамцнуудаар онгирдог. Тод өнгө, гэрэл, баяр баясал....Ийм олон дагагчтай байхаас аргагүй. Та яаж цахим ертөнцөд нэгдсэн бэ? Эхнэр үү?

-Марк Уолберг. Би түүнтэй хамт “Трансформер: Сүүчийн хүлэг баатар” кинонд тоглож байлаа. Тэгсэн тэр надад “Би чамайг жиргэж эхлээсэй гэж хүсэж байна” гэж байна. Би ойлгохгүй байтал тэр надад бүгдийг тайлбарлаж өгсөн. Дараа нь хөл хорионы хар бараан үед манай эхнэр намайг үнэхээр ятгасан. Хэдэн сая хүн гэрээсээ гарч чадахгүй байгаа энэ үед би сэтгэл санааг нь сэргээе гэж бодсон. Би өөдрөг үзэлтэй хүн. Ямар ч хүнд хэцүү үед гарах гарц заавал байдаг. Би үүнд итгэлтэй байна. Инээмсэглэ, инээ. Энийг хүн бүр чадна.

-“Эцэг” кинонд та зөнөж яваа хөгшний дүрд тоглосон. Энийг таны хамгийн шилдэг дүр гэх юм?

-Тийм ээ, миний тоглосон шилдэг киноны нэг. Сүүлийн таван жил гайхалтай байна. Өөрөө өөртөө атаархаж байна. (Түрүү жил тэрээр “Хоёр пап лам” киногоор Оскарт нэр дэвшсэн). Энэ дүрд яаж бэлдсэн бэ гэж асуух гэж байгаа бол манай удамд ийм өвчтэй хүн байгаагүй. Ээж минь зүгээр л хөгшрөөд өөд болсон. Аав зүрхний өвчнөөр. Манай найзын худыг ийм өвчтэй байхыг би нэг л удаа харж байсан. Гэр бүлээрээ асар их тэвчээр гарган, түүнд тусалж байсан. Түүний бүх асуултад нь тэвчээртэй хариулан, маргаж байгаагүй. ”За, ааваа” л гэдэг. Би өөрийн нүдээр энэ бүхнийг харсан. Тэгээд тэр хүн гэр бүл дундаа сэтгэл амар өнгөрсөн. “Эцэг” кино зохиол гайхалтай, миний хамтрагч Оливия Коулман бахархмаар. Би өөрөө нас өндөр хүн тул ийм зүйлтэй нүүр тулгарч болзошгүй. Ийм юм болохгүй байх гэж их л найдаж байна. Би зураг зурж, хөгжмөөр хичээллэн, шүлэг цээжилдэг. Ер нь эрх чөлөөтэй л байна.

-Таны хувьд эрх чөлөө гэж юу вэ?

-Чи үйл явдалд нөлөөлж, бүх зүйлийг хяналтдаа байлгаж чадахгүй үед. Бид зарим нэг зүйлийг болиулж чадахгүй, урьдчилж тааж мэдэхгүй....Үүнд л жинхэнэ эрх чөлөөний мэдрэмж оршдог. Бид бүгд төгс биш. Анх аавыгаа өөд болоход энийг ойлгож байсан. Зул сарын үеэр аав зүрхний шигдээс болсон. Би “Хүн-заан” кинонд тоглож байсан юм. Дараа нь аав жил амьдарсан. Бие нь их муудсан үед эмнэлэгт эргэж очсон юм.....Их ууртай, тэвчээргүй болсон байсан. Би ганц хүү нь. Би түүнд өчнөөн амлалт өгсөн. Эдгэхээр чинь Америкаар авч яваад аялна гээд л. Түүнийг машинаар Нью-Йоркоос Лос-Анжелес хүртэл авч явна гэж амласан. Газрын зураг авчраад хаана, хаана зогсохоо тэмдэглэж байлаа....Намайг ирэх бүрт тэр картыг гартаа бариад хүлээж байдаг байлаа.....Гэвч эмнэлгээс над руу утасдаад гунигт мэдээг дуулгах өдөр ирсэн юм. Аавыхаа юмнуудыг авах гээд ирэхэд орон дээр нь аль эрт өөр хүн хэвтэж байсан. Амьдрал үргэлжилж байна. Би түүний нүдний шил, бал, газрын зураг, номыг аваад машинд суугаад “Бурхан минь, хэзээ нэгэн цагт надад ч ийм зүйл тохиолдоно” гэж бодож байсан. Энэ бол амьдрал. Мэдээж “Эцэг” кинонд тоглосоноор хөгшрөлт, үхлийн талаар олон зүйлийг гүн мэдэрсэн.

-Яагаад таны дүрийг таньтай адилхан Энтони гэж нэрлэсэн юм бэ? Арай хэтрүүлэг биш үү?

-Найруулагч Флориан Зеллер надад зориулж энэ дүрийг бичсэн гэж хэлсэн. Тиймээс миний нэрээр нэрлэсэн. Тэр ч бүү хэл эмч надаас миний төрсөн он сарыг асуудаг хэсэгт “Баасан гараг, 1937 оны 12 дугаар сарын 31” гэж миний төрсөн өдрийг хэлдэг. Баасан гараг гэдгийг нь би өөрөөсөө нэмсэн юм. Эмчид ухаан санаа саруул байгаагаа харуулах гэж. Миний дүр бүх зүйлийг хяналтдаа байлгаад сурсан хүн. Ажил, охидоо...Түүний хувьд энэ чадвараа алдана гэдэг аймшигтай сүйрэл. Тэрээр жаахан дарангуйлагч, хүнд хэцүү зантай, зарим нэг зүйлтэй санаа нийлдэггүй хөгшин. Миний аав шиг. Би өөрөө ч зарим талаараа тийм хүн. Аав их ажилладаг байсан. Эмч түүний зүрхийг байнгын стрессээс болж их хүчтэй өөрчлөлтөд орсон байна гэж хэлж байсан. Манай аав их ганцаардмал, сэтгэл хөдлөлгүй хүн байсан. Сүүлийн жилүүдэд өвдөж байхдаа энэ нь бүр илт байсан. Гэвч тэр хүчирхийлэгч тал руугаа хүн байсан. Их архи уудаг. Уэльст бүгд уудаг. Өөрийх нь аав ч бас тийм зөрүүд хүн байсан. Бас л 14 настайгаасаа нарийн боовчин болсон... Манай аав их авъяастай хүн байж билээ. Түүний бялуу, нарийн боовууд олон удаа шагнал авч, мөнгөн цомоор шагнуулж байсан. Одоо миний шагналтай хамт нэг эгнээнд өрөөстэй байгаа.

-Та түүнтэй адил нарийн боовч болоогүй нь яамай даа. Тэгээгүй бол ийм гайхалтай жүжигчин төрөхгүй байхгүй юу....

-Би чадахгүй байсан байх. Сургуульд хэзээ ч сайн сурч байгаагүй. Өсвөр насандаа ч сурлагаасаа болж их уурладаг байлаа. Юу хийхээ мэдэхгүй. Надад ямар ч найдвар байгаагүй. Гэхдээ аавдаа “Миний үгийг санаж яваарай. Би чамайг гайхашруулна аа” гэж хэлж байснаа санаж байна. Энэ бол 1955 онд улаан өндөгний баяраар. Тэр жилийхээ сүүлээр би Уэльсийн хатан хааны нэрэмжит хөгжим, драмын ангид суралцах эрх авч байсан. Коллежийн дараа цэргийн алба хашсан. 1967 онд Үндэсний театрт ажилтнаар орсон. Дараагийн 10 эилд надад гайхалтай зүйлс тохиолдсон. Одоог болтол яагаад гэдэгийг ойлгодоггүй. Аавтайгаа ярьж байсан тэр цаг үеэс л бүх ид шид эхэлсэн байх гэж боддог.

-Гэхдээ “Эцэг” кино таны хувьд төвөггүй байсан гэхэд итгэхгүй юм?

-Би олон жил жүжиглэж байна. Нас ахих тусам амархан болдог юм байна. Залуу байхад л бүхнээс илүү, онцгой байх гэж хичээдэг байж. Би залуучуудад интернэтээр зөвлөгөө өгөхдөө “Энгийн бай” гэж хэлдэг. Хэрвээ та Станиславскийн системыг ашигламаар байвал болно. Би өөрөө ч тэрүүгээр сурсан. Гэхдээ нас ахиад энэ систем дээр энгийн байдал, тайвшрал, үгээ сайн цээжлэх чанарыг нэмсэн. Үгээ цээжилчихвэл, бусад нь техник. Машин барих дадалтай адил. Хэн надад энгийн бай гэж зөвлөсөн гээч? Сэр Лоуренс Оливье. Миний тоглосон хоёр жүжгийг дэглэсэн юм.

-Лоуренс Оливье гэснээс. Та театрт түүний орлон тоглогчоор нэг бус удаа тоглож байсан...

-Тийм ээ. Намайг Үндэсний театрт Оливье ажилд авсан. Ажилд ороод гурван долоо хоногийн дараа би жүжигчин шалгаруулагч дээр очин “Энд дүр авахын тулд, хэнтэй унтах уу?” гэж асууж байлаа. Тэгэхэд залуу байж. Тэрээр өөдөөс хараад “Тони чи саяхан ажилд ороо биз дээ” гэсэн. Тэрээр энэ тухай Оливьед хэлсэн байх. Тун удалгүй өөрийн дэглэсэн жүжигтээ надад дүр өгсөн. Дараа нь “Эгч дүү гурав”-ын Андрейн дүр өгсөн. Тэгээд түүний орлон тоглогч болсон. Түүний бүх бэлтгэл дээр даган сууж, дүрийг нь хамт цээжилсэн. Нэгэн удаа тэр эмнэлэгт хэвтээд, тэр оройдоо би оронд нь тайзан дээр гарч байсан юм. Чадах шиг л болсон. Би хүний үйл, хөдлөлийг сайн дууриадаг....Бүгд босож зогсоод алга ташсан. Дөрвөн орой дараалаад. Миний хувьд гэнэтийн юм болсон.

-Нас жүжигчин хүнд ямар нэгэн хязгаар тогтоодог уу?

-Гүйж бол чадахгүй, өвдөг өвдөнө. “Хурга майлахаа болино”-д тоглож байхад бие сайтай байж. Одоо ч муу юм алга. Тамхи татахгүй, архи уухгүй. “Өвлийн арслан” кинонд тоглож байхад Кетрин Хепберн үргэлж “Эрүүл мэндээ бод. Эрүүл биш бол чи хэн ч биш” гэж дахин дахин сануулж байсан санагдаж байна. Энийг ойлгоход их цаг хугацаа орж дээ....Гэхдээ би өөртөө итгэлтэй байна. Өөрийгөө ховсдож байгаа арга юм уу даа. Жүжигчин хүн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Их зантай, биеэ тоох гэсэн үг биш. Жүжиглэлт бол өрсөлдөөн биш. Хамт ажиллаж байгаа хүмүүстээ зөөлөн, сайхан хандах хэрэгтэй. Өөрийгөө бусдаас дээгүүр тавин, онцгой гэж бодсон хүмүүс газар дээрхи тамын замыг сонголоо гэсэн үг....Кетрин Хепберн бас нэг зүйл хэлснийг саналаа. Хоёулаа тагтан дээр зогсоод, хуучны цамхаг харан, хоёрдугаар сарын наранд нүүрээ ээгээд зогсож байтал тэрээр “Чи энэ цаг үеийг мэдэрч чадаж байгаа биз дээ? Бид Францын өмнө зүгт, өчнөөн мөнгө олон, өвлийн наранд ээгээд зогсож байна” гэж асуухад би “Тийм ээ” л гэлээ. Байнга ууртай амьдарч болохгүй. Уур хилэн хүнийг устгадаг. Би үнэхээр амьд байгаа нь азтай. Би 2 өөр амьдралаар амьдарсан санагдсан. Өнгөрсөнөө санахаас ичдэг. Мэдээж хийж байсан зүйлээсээ татгалзахгүй. Гэхдээ олон хүнийг зовоож байсан. Архичин хүнтэй хамт байх үхэлтэй адил. Би амьд гарсан азтай хүн. Тэр үед хамт ууж байсан хүмүүсээс амьд үлдсэн нь алга. Архичин хүн бүрт байдаг нийтлэг зуршил бол юунд ч дийлдэшгүй зөрүүд зан. Хэзээ ч хаяж чадна гэж боддог. Гэвч тийм биш. Энэ бол амиа хорлолт. Би үхэлд тун ойрхон байсан...Энэ аймшигаас гарч чадсандаа туйлын баяртай байна.

-Та тэтгэвэрт гарах болоогүй гэж ойлгож болох уу?

-Саяхан манай эхнэр надад: “Хэрвээ ажлаасаа татгалзвал чи үхнэ гэж хэлсэн”. Тиймээс би үргэлжлүүлэх бодолтой байна. Бүх үс, шүдээ унатал би тоглосоор байх болно.

Эх сурвалж: www.7dn.ru

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин