Ц.МЯГМАРБАЯР
Улстөр мэдээллийн www.polit.mn сайтын өнөөдрийн онцлох зочноор Монголын Хятадын уламжлалт анагаах ухааны их эмч, ангаах ухааны доктор Х.Хонгорзулыг урьж ярилцсан юм.
- Хятад болон Монголын уламжлалт анагаах ухаанаас суралцаж байгаа гэсэн. Өнөөдөр Хятадын уламжлалт анагаах ухааны хөгжил хаана явна. Монголынх мөн ямар түвшинд байна гэж та бодож байна вэ?
-Улс бүхэнд уламжлалт анагаах ухаан үүсэн хөгжсөн байдаг. Бүгд өөр өөрийн үндэсний өвөрмөц онцлогийг тусгасан байдаг боловч нэгдмэл зүй тогтолтой байдаг. Үүнийг судлахын тулд харьцуулсан судалгаа хэрэгтэй.Тиймээс би монгол, хятадын уламжлалт анагаах ухааныг харьцуулан судлахыг хичээж байна.Энэ зорилгынхлоо үүднээс 2000 оны эхээр БНХАУ-ын Нанжин хотын Уламжлалт анагаах ухааны сургуульд долоон жил суралцаж Хятадын уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр суралцан төгссөн. Монголдоо АШУҮИС буюу тухай үед ЭМШУИС-ийг Монголын уламжлалт анагаах ухааны их эмч, мөн Сэргээн засал эмчилгээний эмчээр тус тус суралцан төгссөн. Одоо БНХАУ-ын Нанжин хотын Хятадын уламжлалт анагаах ухааны докторант суралцаж байна. Дэлхий дахинаа сүүлийн үед ялангуяа зүү төөнө заслыг сонирхогчид, судлаачид харьцангуй нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Европын улс орнуудад ч Монголын уламжлалт анагаах ухаан үнэлэгдэж байгаа. Үүнийг миний хувьд өнөөгийн хөгжил гэж харж байна. Монгол болон Хятадын уламжлалт анагаах ухааны хөгжил бол маш урт удаан жилийн түүхтэй хэдэн мянган жилээр яригдана. Монгол, хятадын анагаах ухаан хоёулаа эртнээс уламжлагдан ирсэн онол практикийн хувьд үндсэндээ төгөлдөржсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл олон мянган жил туршигдан судлагдсан шинжлэх ухаан юм.Аливаа зүйлс үүсэн бий болон хөгжих, мандан бадрах уруудан доройтох улмаар дахин сэргэх зэрэг он цагийн хугацааг туулж түүхийг бүтээж байдаг. Энэ он цагийн давалгаа хоёр орны анагаах ухааныг дайраад өнгөрсөн гэж хэлж болно. Хятадын уламжлалт анагаах ухааны түүхэнд хавчигдан гадуурхагдаж байсан үе байдаг.1822 оноос буюу Манж Чин Улсын сүүлээс 100 гаруй жил уламжлалт анагаах ухаан, зүү төөнө заслыг бүдүүлэг хэмээн хэрэглэхийг хорьж хязгаарлаж байгаад1949 он буюу БНХАУ байгуулагдсаны дараагаас эргэн сэргэж хөгжлийн бас нэг үе шат эхэлсэн.Шинэ хөгжлийн явцад Хятадын уламжлалт анагаах ухаан нь Европын анагаах ухаантай хамтран судалгаа шинжилгээг хийж улмаар уламжлалт анагаах ухааныг Европ анагаах ухааны лабораториор батлах, нотлох зэрэг орчин цагийн анагаах ухаантай хамтарснаар бусад оронд хүлээн зөвшөөрөгдөх үндэс тавигдсан. Үүнээс гадна өөрсдийн давуу болон сул талыг мэдэх түүнийгээ сайжруулах бусдад сурталчилах зэрэг судалгааны эргэлтэнд орсон гэж хэлж болно. Үүний үр дүнд одоо уламжлалт эм танг улам боловсронгуй болгон орчин цагийн хэлбэрт оруулан хэрэглэж байна.Мөн гадаадын олон орны хүмүүс сонирхон судлан суралцаж байна. Монголын уламжлалт анагаах ухааны хувьд түүхийн цаг хугацаанд олон зүйлсийг туулсаар 1990 оноос эргэн сэргэсэн. Сэргэлтийн үеийн анхны Уламжлалт анагаах ухааны эмч нар 1993 онд төгссөн. Үүнээс хойш багш, эмч нар маань уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөж байна. Олон сайхан судалгаа шинжилгээний бүтээлүүд ар араасаа ундран гарч байна. Хөгжиж байна. Гагцхүү Монголынхоо уламжлалт анагаах ухааны анагаах чадварыг цаг алдалгүй ашиглах хэрэгтэй.
-Хятадын уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг Монголчууд их үнэлдэг.Тиймдээ ч маш ихээр үйлчлүүлдэг. Ази хүмүүс гэдгээрээ бие организм нь төстэй учраас зохимжтой байна уу?
-Бид их сониуч хүмүүс л дээ.Айлын хоол амттай гэж үг байдаг. Монголынхоо үндсэн язгуур зүйлсээ шүтэж, үнэлвэл бидэнд илүү ойр, үр дүн илүү гэж хэлмээр санагддаг. Шүтэх гэхээр муйхар шүтлэг биш юм шүү, шүтэх гэдэг нь судлан таньж мэдснээр хүндлэх дээдлэх тухай хэлж байгаа юм. Улс бүхэн үндэс угсаанаас үл хамааран хүний бие махбодын бүтэц ижилхэн байдаг. Өөрөөр хэлбэл анатомийн бүтэцийн хувьд ижил, мэдээж эрэгтэй хүн эмэгтэй хүний анатоми болон бодисийн солилцооны ялгаатай зүйлс байна. Харин газар орон, уур амьсгал, үндэстний онцлог буюу зан заншил,идэж дадсан идээ ундаа зэргээс шалтгаалан хоорондоо харилцан адилгүй байна. Эдгээр нь хүний бие махбодын онцлогт гол нөлөө үзүүлдэг гэж үзвэл өөрсдийн үндсэн язгуур зүйлсийн хэрэглээний асуудал урган гарна. Олон зуун жилээр идэж дадсан идээ ундааг хэрэглэхэд тухайн хүний биед түүнийг боловсруулах фермент байдаг байх нь. Идэж дадаагүй идээ ундааг идэхэд түүнийг боловсруулахад асуудал үүсч цаашилбал өвчин үүсэх боломжтой.
Нөгөө талаас удамшлын өвчинтэй хамааралтай. гэхдээ удамшлын өвчин нийт өвчлөлийн маш бага хувийг эзэлдэг. Гэтэл бид манай удам ходоодны хавдар, элэгний хавдараар нас бардаг юм гэнэ лээ манай удмын өвчин гэж яриад хэвшсэн. Би үүнийг дадлын өвчин буюу амьдралын хэвшлийн өвчин гэж боддог. Тухайн айл ямар хоол хүнс хэрэглэдэг түүнийг хэрхэн боловсруулан иддэг, амьдралын хэвшил ямар байна түүгээр хүүхдүүд нь багаасаа өсч хүмүүжиж өвөлж явдаг байх нь. Тиймээс амьдралын хэв маяг буюу дадлыг засах, өөрчлөх хэрэгтэй.
Хятад улс уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухаантай хавсран хэрэглэдэг болохоор эмчилгээний үр дүн сайн хурдан байдаг. Бид ч ингэх боломжтой. Нэг жишээ хэлье. Нэг танил маань хятад явж үзүүлээд баахан эм авчираад “Хятад бичигтэй болохоор сайн мэдэхгүй байна чамд үзүүлээд асууя” гээд эмээ бариад ирсэн. Гэтэл тэр эм монгол тан эм байсан. 2000 орчим юаниар авсан гээд. Надад жаахан харамсалтай санагдсан. Монголд уламжлалт эм маань ямар үнэтэй байгаа билээ. Харьцуулбал их хямдхан шүү дээ. Түүнчд ийм үнээр би чамд жилийн чинь эмийг өгч чадна шүү дээ л гэж хэлсэн. Онош зөрсөн үү гэхэд зөрөөгүй ээ яг адилхан л онош тавьсан гэсэн. Нэгэнт ийм үнэтэй эм авсан болохоор сайн ууж дуусгаарай гэж хэлээд гаргасан. Магадгүй энд хэлний асуудал нөлөөлсөн байх. Хэрвээ тэр хүн монгол тан, эм авах гэж байгаагаа мэдсэн бол тэндээс бус эндээс авч болох шүү дээ. Мэдээж тэнд эмчилгээ үнэхээр сайн байдаг, үүнийг үгүйсгэхгүй. Манайхан ч бас тэдний зөвлөгөөг дагадаг болохоор эмчилгээний үр дүн сайн байдаг. Бид хүлээн зөвшөөрөх зүйлсээ хүлээн зөвшөөрч зарим талаараа өөрсдийгөө илүү сайжруулах хэрэгтэй. Монголд сайн мундаг эмч нар зөндөө. Улам л олон сайн эмчтэй болохын тулд төр, түмний дэмжлэг маш их хэрэгтэй.
-Хятадын Ухань хотод гарсан ковидын вирусыг хятадын өөрийнх нь хийсэн Синофарм үйлдвэрийн вакцин тархалтыг намжааж нэг эмээр дарсан гэдэг. Энэ үнэн үү?
-БНХАУ дотооддоо вакцин үйлдвэрлэсэн. Вакцин өвчин дардаг эм биш, хүний биед орсноор тухайн өвчний эсрэг дотоодын цэрэг арми үүсгэдэг. Ингэснээр тухайн өвчнөөр бага хүндрэл өгөх цаашлаад нас баралтанд хүргэхгүй гэсэн мэдээлэл хийсэн. Тэрнээс биш вакцинаар эмчилсэн гэдэг ташаа ойлголт байх аа. Хятадын тухайд бол үе шаттай өндөржүүлсэн арга хэмжээ авсан. Уламжлалт эмийг европ эмтэй хавсран хэрэглэснээр эмчилгээний үр дүн сайн мөн хурдан байсан.
-Синофарм болон бусад улсын нэр бүхий гурван вакцины ялгаа, давуу тал болон сул талын онцлогын талаар тодруулаач. Хүний биед үүсгэх эсрэг биет харилцан адилгүй гэх юм?
-Одоогоор судалгаа хийж байна. Судалгааны үр дүнгээс шалтгаалан мэдээлэл өөрчлөгдөж байна. Манай мэргэшсэн олон эрдэмтэн судлаач багш нар вакцины тухай хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэгэнтээ ярьсан. Яг одоо манайд өргөн хийгдэж байгаа Хятад улсын вакцины тухай хамгийн сүүлд шинэчлэгдэж гарсан мэдээллийн талаар энэ оны гуравпугаар сарын 31 өдөр шинэчлэгдэж дөрөвдүгээр сарын 1-ний өдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудсанд нийтэд цацагдсан. Шинэ төрлийн ковид-19 вакцин тарих асуулт хариулт зааврын долдугаар заалт нь тун хоорондын тухай нэгдүгээрт, вирусыг идэвхигүйжүүлсэн вакцин хоёр тунт тарилгын эхний болон хоёр дахь тун хоорондын зай нь гурван долоо хоног ба түүнээс дээш хугацаатай байна. Эхний тунгаас хойш найман долоо хоногийн дотор хоёр дахь тунг аль болох богино хугацаанд хийж дуусгах хэрэгтэй гэж журамд заасан. Өөрөөр хэлбэо, 3-8 долоо хоногийн дотор хийх. Хоёрдугаарт,. Аденовирусын векторын вакцин нэг тун тарих.
Гуравдугаарт, Рекомбинант дэд нэгдлийн вакцин гурван тунт тарилгыг эхний хоёр тун хоорондын зай, хоёр болон гурав дахь тун хоорондын зай дөрвөн долоон хоног ба түүнээс дээш хугацаатай байхыг зөвлөж байна. Хоёр дахь тунг эхний тунгаас хойш найман долоо хоногийн дотор хийх, гурав дахь тунг эхний тунгаас хойш зургаан сарын дотор хийж дуусгах хэрэгтэй. Тэгэхээр тухай хүний биеийн онцлогоос шалтгаалан эсрэг биет харилцан адилгүй үүсэж болно. Эсрэг биет үүсгэхийн тухайд вакцин хийж байна шүү дээ. Иймд хүн бүр II тунгаа авсны дараа 17-20 хоноод ч юм уу эсрэг биет үүссэн эсэх, хэдэн хувь үүссэн зэргийг үзүүлэх хэрэгтэй. Ганц вакцин ч биш эм тариа бүгд л харилцан адилгүй үйлчлэл үзүүлдэг учраас эмч хүн тухайн хүний бие махбод, өндөр, жин, өвчний явц зэргээс хамаарч эм өгөхдөө жороор өгдөг. /эх сурвалж, албан бус орчуулга/ http://www.nhc.gov.cn/.../8e62004e41d648d5a084b3fb7bf098e...
-Та Хятадын уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалах гэж байгаа гэсэн. Яг ямар сэдвээр хамгаалахаар зорьж байна?
-БНХАУ-ын Нанжин хотын уламжлалт анагаах ухааны их сургуульд Зүү төөнө засал чиглэлээр докторантад сурч байна. Уушигний сүрье, элэгний В, С вирус, дизентерия зэрэг халдварт өвчинг зүү заслаар эмчилсэн эмчилгээний тухай судлагаа хийж байна.
-Синофарм үйлдвэрийн вакцин мутацид орсон вирусыг таних, устгах чавдар бусад вакцинаас давуу гээд байна?
-Судалгааны гарсан үр дүнг одоогоор эцэслэгдээгүй байгаа тул хариулах боломжгүй.Ер нь хүний эрүүл мэндийн асуудалд шинжлэх ухааны үүднээс хандахын тулд яаран дүгнэлт хийх нь зохистой бус.
-Дархлаагаа сайн хамгаалая гэвэл мана-4, норов-7 тан уу гэж зөвлөж байсан. Эдгээр тангийн үйлчлэлийн талаар тайлбарлаж өгөөч?
-Дархлааг хамгаалах хамгийн сайн эм бол амьдралын тогтсон зөв хэмнэл, хэв маяг гэдгийг дахин давтан хэлмээр байна. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс ковидын халдвар авсан хүмүүст тан, эм өгч эмчилсэн эмчилгээний дүнг доктор, проффесор Ч.Чимэдрагчаа багш АШУҮИС-ийн дөрөвдүгээр сард болсон Эрдмийн чуулган 63 дээр танилцуулсан. Энэ судалгааны дүнг танилцуулхад тан уусан хүмүүсийн 92 хувь нь шинж тэмдэг арилсан, хүндрэл өгөөгүй гэсэн сайн үр дүн гарсан. Өвчтөнүүдэд зөвхөн Ман-4, Норов-7 тан эм өгөхөөс гадна өвчний явц шинж тэмдгээс шалтгаалан бусад ханиадны эмүүдийг өгч байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.Мана-4 тан эмийн үйлдэл нь эс боловсорсон, нуугдсан халууныг боловсруулах, дагшуур ханиад, хоосорсон халуун, цусан хатгалга өвчинг арилгадаг. Өөрөөр хэлбэл өвчин эхлэх гэж байвал хурдан боловсруулаад дардаг гэсэн үг юм. Хүний биед нян, вирусын халдвар орсон цагаас зүгээр болох хүртэл эсүүдийн идэвхижлийг сайжруулж, үрэвслийг аль ч шатанд нь дарах, хордлого хоруу чанарыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээ үзүүлдэг. Норов-7 тан эмийн үйлдэл бол эс боловсорсон халуун, сарнисан халууныг боловсруулах, шинэ хуучин хижиг, дагшуур анагаах үйлдэлтэй.Мөн цусыг цэвэрлэнэ, нян вирусыг цусанд оруулах, хордлого, үрэвсэл аль ч шатанд нь дарах нөлөө үзүүлдэг. Энэ хоёр эм хүний биеийн дархлааг эсийн түвшинд дэмждэг нь нотлогдсон.
-Манай улс 18 аас доош насныханд болон жирэмсэн хүн, хөхүүл ээжид, В,С вирустэй хүнд Синофарм вакцин хийхгүй гээд байна. Энэ ямар учиртай юм бол. Гений өөрчлөлт үзүүлнэ гэж ярих юм?
- Хятадын Эрүүл мэндийн яамны цахим хуудаст мэдээлснээр шинэ төрлийн Ковид-19 вакцин тарих, асуулт хариулт зааврын зургаад ямар хүмүүст тарих талаар заасан байдаг. 18 аас дээш насны хүмүүст гэсэн байна. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Тэнд юу гэснийг тодорхой үзэж болно. Тухайлбал, 9 дэх заалт нь “вакцин хийлгэхийг хориглох тухай” гэсэн хэсэгт “Вакцины найрлагаас үүдэлтэй харшил, өмнө нь ижил төрлийн вакцинд харшил өгч байсан, харшиламтгай буюу хэт мэдрэг, харшил хөдөлсөн үе, цус болон мэдрэлийн шинжтэй хаван, амьсгалахад хүндрэлтэй, эпилепсия буюу унаж татах өвчин болон бусад мэдрэлийн тогтолцооны хүнд архаг өвчин, нугасны үрэвсэл, Гуйллиан Барре хам шинж буюу өгсөх булчингийн сулрал өвчтэй, халуурч байгаа үед, хурц өвдөж байгаа, архаг өвчин хөдөлсөн байгаа, жирэмсэн эмэгтэйчүүд хамаарна. Мөн вакцин хийлгэхийн өмнө заавал эмчид үзүүлж биеийн байдлаа мэдэгдэнэ.” зэргийг дурдсан байна. Генийн өөрчлөлт үзүүлэх тухай мөн л одоогоор судалгааны дүн гараагүй байна.Энэ вакцин шинээр үйлдвэрлэж гаргасан бүх судалгаа бүрэн хийгдэж амжаагүй одоо судалгааны явцад байна.
-Ковидын халдвар авсан болон аваагүй хүмүүст нэн тэргүүнд ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?
-Ковидын халдвар аваагүй хүмүүст хандаж хэлэхэд ЭМЯ-наас өгч байгаа заавар зөвлөмжийг сайтар дагах хэрэгтэй. Зайгаа барь, гар нүүрээ тогтмол угаа, үсээ бас угаа, олон хүнтэй газраар бүү яв. Найз нөхөд хамаатан саднаараа аль болох уулзахгүй байх хэрэгтэй. Учир нь халдвар ихэвчлэн ойр тойрны хүмүүсээр дамжигдаж байна. Хамт амьдардаг хүмүүсээс өөр хүмүүстэй уулзаж байгаа үед дотор ч бай гадаа ч бай заавал амны хаалт зүүх, зай барих хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэмээ л сайтар барих хэрэгтэй. ЭМЯ-аас өгсөн витамины зөвлөгөөн дээр нэмээд хэлэхэд Ман-4 буцалгаад уугаарай. Вакциндаа хамрагдаарай. Вакцин тариулсан хүмүүс мөн л халдвар хамгаалалын дэглэмийг үргэлжлүүлэн сахих хэрэгтэй. Вакцин тариулснаар та халдвар авахгүй гэсэн үг биш халдвар авч болно. Тэгвэл яагаад вакцин хийсэн бэ гэж хүмүүс асуух байх л даа.Вакцин тариулснаар та бага эрсдэлп орох буюу үхэлд хүрэхгүй гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Иймээс маскаа цаг сайхан болтол нэг хэсэгтээ зүүсээр байхыг зөвлөх байна.Халдвар авч өвдсөн хүмүүст хандаж хэлэхэд юуны өмнө тайван байх хэрэгтэй. Цочирдож айж сандрах хэрэггүй. Эмч нар энэ өвчинг эмчилж байгаа гэдгийг сайтар ухамсарлаад эмч нарынхаа үгэнд сайн орох хэрэгтэй. Хөнгөн туссан хүмүүс гэртээ байгаа. Гэртээ ганцаараа туссан бол аль болох өөрийгөө бусад гэр бүлийн гишүүдээс тусгаарлах, тусдаа өрөөнд байдаг ч юм уу. Өрөөнөөсөө гарахдаа маск бээлий зүүж ариун цэврийн өрөөнд орох, тусгаарлагдсан өрөөндөө хоол цайгаа уух, гэрийнхнээсээ аяга таваг, нүүр гарны алчуур, 00 сойз зэрэг бүх зүйлсийг тусгаарлах, тэр бүү хэл аяга угаагч порлон оо ч тусд нь болгох хэрэгтэй. Гэрийн ариутгал ариун цэврийг тогтмол хийнэ. Битүү шөл хийж ууж хөлсөө битүү сайтар гаргах хэрэгтэй. Сэвж хатааж болохгүй аль болох хаттал нь битүү байлгаж хөлсөө гаргавал хурдан эдгэнэ. Олуулаа байдаг тусдаа байх боломжгүй хүмүүс маск зүүж зай барих нөгөө л халдвар хамгаалалын дэглэм сахих хэрэгтэй болно. Европ эм ууж байгаа ч түүний хажуугаар уламжлалтын эмчийн заавраар тан эм уувал эдгэрэх явц хурдан байх болно.
Эх сурвалж: www.polit.mn