Б.СОЛОНГО
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Дэлхийн Байгаль орчны боловсролын сангийн гишүүн Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэгийг урьж Тогтвортой хөгжлийн боловсролын талаар ярилцлаа.
Байгаль бол бидний цорын ганц гэр орон
БЛИЦ
Эрдэнэбаярын Шинэцэцэг
Боловсрол:
-2003 онд: Биологийн шинжлэх ухааны бакалавр (BS), Монгол Улсын их сургууль
-2020 онд: Төрийн захиргааны менежментийн магистр, Удирдлагын Академи
-2020 оноос: Төрийн удирдлагын докторант, Удирдлагын Академи
Эрхэлж буй ажил:
-2003 оноос өнөөг хүртэл Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ийн гүйцэтгэх захирал
-2019 оноос Тогтвортой хөгжлийн боловсрол-2 төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч, зохицуулагч
-Тогтвортой хөгжлийн боловсрол бол бид нэг дэлхий дээр хэрхэн хамтдаа эрх тэгш, сайн сайхан амьдрах вэ гэдгийг зааж сургадаг. Гэхдээ бид хаана, хэрхэн амьдарч байгаагаас үл хамааран нэг л дэлхийн боломжит хил хязгаарын хүрээнд амьдарч буйгаа ухаарах хэрэгтэй.
Бидний гишгэсэн газар, амьсгалах агаар, хоол хүнс улмаар нийгэмд бүтээгдсэн бүх баялаг, түүнээс хүртэх ашиг бүгд байгалиас эхтэй ба цаашид бидний оршин тогтнож, хөгжин дэвжих эсэх ч байгалийн нөөцөөс хамаарна. Иймд үндэсний баялгийн хамгийн том үйлдвэрлэгч нь байгаль өөрөө юм. Гэвч энэхүү хамгийн том үйлдвэрлэгч нь хүн төрөлхтөний хэрэглээний хурдыг гүйцэхээ больж үйл ажиллагааны тогтвортой байдал алдагдаж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар 7.6 тэрбум хүний жилийн хэрэглээг хангахад 1.6 эх дэлхийн нөөц баялаг шаардагдаж байгааг “Global Footprint Network” олон улсын судалгааны байгууллага зарласан.Үүнтэй холбоотойгоор манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, манай гаригийн эрүүл мэндийг илтгэдэг үзүүлэлт болох “Амьд ертөнцийн индекс”-ээс харахад 1970-2014 оны хооронд бүх сээр нуруутан амьтдын популяцын хэмжээ 60 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, 50 хүрэхгүй жилийн дотор нийт популяцын талаас илүү нь устсан байна. Байгалийн сэргээгдэх нөөц баялаг өмнөх шигээ нэг жилд биш, жил хагасын дараа нөхөн сэргээгддэг болсон. Энэхүү судалгаа шинжилгээ эрчимтэй хөгжиж ирсэн 1970 оноос “Дэлхий нөөцөө дууссан буюу экологийн өрийн өдөр” болох тухайн жилийн био чадавх шавхагддаг өдрийг тогтоон зарладаг болсон.
Энэ өдөр 1970 онд арванхоёрдугаар сарын 29 гэж тэмдэглэгдэж байсан бол 40 жилийн дотор бараг л таван сараар наашилж, 2010 онд наймдугаар сарын 7-нд тохиож, 2019 онд долдугаар сарын 29 болж наашилсаар байна. Энгийнээр тайлбарлавал, оны эхнээс чи бид хоёрыг нэг өрөөнд түгжлээ гэж бодьё. 365 хоногийн хоол өгчихсөн. Эхний найман сардаа хоёулаа найрлачихлаа. Ингээд үлдсэн дөрвөн сардаа хоолгүй болчихлоо. Өлсөж үхэхгүйн тулд хаалгаа нүдээд дараа жилийн хоолноосоо зээлж авахыг хүснэ. Одоо ариг гамтай хэрэглэнэ ээ гэж ам өгнө. Гэвч барилаа тавихгүй тансагласаар. Дараа, дараагийн жилүүдийнхээ хоолыг зээлж хэрэглэсээр. Яг үүн шиг хүн төрөлхтөн ирээдүйгээсээ зээлж хэрэглэсээр байна. Энэ хэвээр үргэлжилбэл ямар ч нөөц дуусах нь тодорхой.
1970 онтой харьцуулахад дэлхийн хүн ам хоёр дахин өссөн. Харин эдийн засгийн өсөлт дөрөв, тав дахин нэмэгдсэн. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Гэхдээ хүн нь хоёр дахин нэмэгдэхэд эдийн засаг хоёр дахин л нэмэгдэх ёстой шүү дээ. Гэтэл дахиад хоёр дахин нэмэгдэнэ гэдэг нь шунал гэдэг зүйл бий болсныг харуулж байгаа юм. Солих хоёр гурван цамцтай байхад хангалттай байсан бол одоо өмссөн өмсөөгүй зургаа долоон цамц авдаг болсон гэсэн үг. Нэг ширхэг цамцны ард хэрэглэгдэх эрчим хүч, ус, нүүрстөрөгчийн ялгарал гээд ул мөр нь заавал үлддэг. Хүний хэрэглээ 50-60 хувиар нэмэгдэнгүүт амьд байгалийн индекс эсрэгээрээ 50-60 хувиар буурчихаж байгаа юм. Үүнийг л хүн төрөлхтөнд ойлгуулах нь тогтвортой хөгжлийн боловсролын нэг том зорилго.
Энэтхэгийн нэрт зүтгэлтэн Махатми Ганди үүнийг аль эрт тодорхойлчихсон шүү дээ. “Манай дэлхий хүн бүрийн хэрэгцээг хангаж чадна. Харин хүн бүрийн шуналыг хэзээ ч хангаж чадахгүй. Тиймээс та дэлхийгээс хүсэх зүйлээ л өөрчлөх ёстой” гэж хэлсэн байдаг. Цаад мөн чанар нь ийм л зүйл байгаа юм.
2030 онд хүн бүр Тогтвортой хөгжлийн боловсролтой болохын төлөө
-Дэлхийн хөгжлийн загварт аж үйлдвэрийн гурван хувьсгалын ачаар асар их хөгжил цэцэглэлт бий болж, урд хожид байгаагүйгээр бүтээн байгуулалт явагдахын хэрээр урд хожид байгаагүйгээр нөөц ашигласнаас тогтвортой хөгжлийн талаар ярихаас аргагүй болсон. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан уялдаатай хөгжлийг тогтвортой хөгжил гэж ерөнхийд нь нэрлэж байгаа. Дэлхийн улс орнууд хөгжлийн бодлогын баримт бичигтээ тогтвортой хөгжих асуудлыг оруулж 1970 оноос хойш идэвхтэй арга хэмжээг авснаар Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. 1992 онд Рио де Жанейрогийн Дэлхийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд тогтвортой хөгжлийн асуудлыг баримт бичиг, хууль дүрмэнд тусгахаас гадна хүн бүр мэддэг байх хэрэгтэй юм байна, олон нийтэд мэдээлэл өгөх нь чухал юм байна гэдэгт санал нэгдсэн. Дэлхий нийтээр Тогтвортой хөгжлийн боловсролыг олгох асуудлыг хоёр чиглэлээр харж байгаа. Нэгдүгээрт, тогтвортой хөгжлийн асуудлуудыг боловсролын бүхий л түвшинд уялдуулах хэрэгтэй байна. Жишээ нь математикийн багш бодлогодоо, монгол хэлний багш зохион бичлэгтээ тогтвортой хөгжих тухай агуулгыг оруулж өгдөг байя. Нөгөө талаас хөгжлийн салбарууд боловсролын салбартай нягт уялдаатай ажилласнаар тодорхой үе шат арга зүйгээр иргэдэд тогтвортой хөгжлийн боловсрол олгоё гэж байгаа.
Дэлхий нийтээр 2030 он гэхэд хүн бүр тогтвортой хөгжлийн боловсролтой больё гэж зорьсон байгаа. Соёлын ялгаатай байдлыг хүндэтгэж харьцах, жендерийн эрх тэгш байдлын мэдрэмжтэй байх, хүний эрхийг хүндэтгэх, дэлхийн иргэний мэдлэг боловсролтой байх, нэг дэлхийн иргэн гэдгээ мэддэг, байгаль орчин, нийгэм эдийн засагт ээлтэйгээр шийдвэр гаргаж үйлдэл хийж чаддаг байя гэж зорьж байгаа.
Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн боловсрол бол одоогийн байгаа нэг дэлхий дээрээ яаж бид урт удаан, сайн сайхан амьдрах вэ гэдгийг л заах гээд байгаа юм. Амьдралын цөм нь болчихоод байна гэсэн үг. Мэдээж тодорхой баримт бичиг болж байж хэрэгжиж таарна. Энэ хүрээнд 2000 оны эхэн үеэс монголчууд дэлхийтэй хөл нийлүүлж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн цөм хөтөлбөрийн үзэл баримтлалд мөн чанараар нь суулгачихсан гэж үздэг. Одоо "Тогтвортой хөгжлийн боловсрол-2" төсөл хэрэгжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран энэ чиглэлээр тасралтгүй 10 гаруй жил дэмжин ажиллаж байгаа. Бодлого хөтөлбөртөө суулгасан, тасралтгүй хэрэгжүүлж байгаа байдлаараа манай улс дэлхийд харьцангуй дээгүүрт ордог.
Тус тусдаа биш нийлээд хийе
-Манай улс 2018 онд Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөрийг таван жилийн хугацаатай баталсан. 2022 онд хэрэгжиж дуусна. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлууд, үр дүнгүүд бий. Харин одоо бид 2022-2030 онд юун дээр анхаарч, яаж хэрэгжүүлэх вэ, ямар үр дүн гаргах вэ гэдэг дээр төлөвлөж, ерөнхий загварчлалаа гаргаж байна. Ингэхдээ аль нэгэн байгууллагын манлайллаар биш хамтын түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн ерөнхий малгайн дор боловсруулж байгаа. Бүрэн зураглалаа гаргая, энэ зураглалынхаа дагуу дараагийн бодлогын баримт бичиг дээр үүрэг, оролцоо нь тодорхой болоод ирнэ.
Түншлэлийн зарчим гэдэг нь харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимтай байя гэсэн ерөнхий чиглэлээ тохироод байна гэсэн үг. Бүх байгууллага хамтран оролцох ёстой юм байна, ингэхдээ өөрийн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд, хэрхэн хамтран ажиллах вэ гэх мэт. Салбар дотроо институциуд ямар үүрэгтэй оролцох юм. Жишээ нь Багш бэлтгэх мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт, сурагчдын үнэлгээний агуулгад тогтвортой хөгжлийн агуулгаа оруулж өгөх гэх мэт.
Үүнд орон нутаг мөн адил маш чухал үүрэг, оролцоотой. Салбар бүр өөрийн онцлог хэрэгцээтэй хөтөлбөр, төслүүдийг орон нутгийн сургуулиудад хэрэгжүүлдэг ч сурагчид харин хэрхэн хэзээ яаж хэрэглэхээ мэдэхгүй, юунд хэрэгтэйг нь ч ойлгохгүй өнгөрдөг асуудал байна. Харин орон нутгийн байгууллагууд хамтран ажилласнаар эдгээр төсөл, хөтөлбөрүүд нь орон нутгийн ирээдүйн хөгжилд хичнээн чухал ач холбогдолтойг нь сурагчид болон эцэг эхчүүдэд ойлгуулж сурсан мэдсэнийг нь хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөнөөр үр дүнд хүрнэ. Манай байгууллагын хийдэг гол ажил бол олон улсын “Эко-сургууль” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлдэг үндэсний оператор байгууллага. Ингэхдээ сургалтын эрүүл, аюулгүй ногоон орчинд илүү анхаардаг. Гэтэл бас нэг өөр төсөл сургуулийн засаглалд илүү чиглэж ажиллана. Бас нөгөө төсөл нь сургалтын хөтөлбөрт санаа тавих жишээтэй. Ингээд тал талын хийж хэрэгжүүлж байгаа туршлага үйл ажиллагааг нэг сургууль, нэг орон нутгийн хөгжлийн төлөө бүхэлд нь тогтвортойгоор хөгжүүлэх загварыг бий болгохын төлөө төслийн бүх оролцогч талууд хамтран төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.
"Тогтвортой хөгжлийн боловсрол-2" төслийн хүрээнд эхний ээлжинд 30 сургууль дээр ажиллаж байгаа. Таван гол зүйлд анхаарч байна. Сургуулийн засаглал, хүний нөөцийн чадавхийн хөгжил, сургалтын хөтөлбөр, багшлахуй, суралцахуй, сургуулийн орчин, түншлэл гэсэн таван гол зүйл. Засаглал гэхэд дотроо бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл гээд задарна. Энэ бүгдийг нэг хавтгайд бүхэлд нь авч үзэх, хамгийн чухал нь аль нэг нь илүү хөгжсөнөөр бус бүгд жигд хөгжихөд анхаарал хандуулдаг байх. Өөрөөр хэлбэл машин мотор сайтай хэдий ч кроп нь доголдсон бол эсвэл хаалга, цонх нь эвдрэлтэй бол түүнээс ч илүүтэйгээр хичнээн сайн машин байсан ч жолооч нь чадвар муутай бол хол замыг туулахгүйтэй зүйрлэнэ.
Ингэхдээ чиглэл бүрт жендерийн тэгш эрхийн боловсрол, хүний эрхийн боловсрол, тогтвортой хөгжлийн зорилгын боловсрол, дэлхийн иргэншлийн боловсрол байна уу гэсэн дөрвөн шалгуурыг үзэж байна. Энэ дөрөв нь нийлээд Тогтвортой хөгжлийн боловсролыг илэрхийлэх юм л даа. Жишээлбэл, сургуулийн төсөвлөлт энэ дөрвөн шалгуурыг хангаж байна уу. Хамгийн наад захын жишээ бол цэвэрлэгээний бодис авахдаа юуг бодолцдог вэ л гэж асууж байгаа хэлбэр шүү дээ. Тэр цэвэрлэгээний бодис нь өөрөө хамгийн бага хэмжээгээр химийн бодис агуулсан уу, байгаль орчинд хөрсийг хэр бохирдуулах вэ, үйлчлэгчийн эрүүл мэндэд нөлөөлөх үү, угааж арчсаны дараа хүүхдүүдийн ам хамар луу орох уу. Энэ бүгд шууд утгаараа төсөвлөлттэй хамаатай асуудал шүү дээ. Нягтлангийн сонгосон бүтээгдэхүүний цаана хүний эрх хангагдаж байна уу, байгаль орчны асуудал хөндөгдөж байна уу гэдгийг бодолцох ёстой болж байна.
Энэ бүгдийг бичиг баримтын хүрээнд суулгачихаж болно, асуудалгүй. Харин зөв хэрэгжүүлж чадаж байгаа юу, өөрөөр хэлбэл засаглалыг бэхжүүлэхэд сайн засаглалын зарчмууд болох оролцоо, үр дүн, үр өгөөж, ил тод байдал, хариуцлага, тэгш байдал, хууль тогтоомжид нийцэх байдал зэрэг асуудлыг хамтад нь авч үздэг байхыг сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагын загвар хэмээн нэрлэж байна.
Үндэсний хэмжээнд түншилж байгаа бүхий л байгууллага хамтдаа энэ загварыг хийж үзэж байна.
Орон нутаг иргэдээ бэлдэх хэрэгтэй
-“Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага” загварчлалыг улс орнууд янз бүрээр хийж байна. Манай улс сургуулийн загварчлал руу илүү хандаж байгаа бол Швейцарь улс Засгийн газрын загварчлал болгочихсон байх жишээтэй. Ерөнхийдөө дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн боловсролыг түгээхэд 2030 он хүртэл таван чиглэлийг чухалчилж байгаа. Нэгдүгээрт, бүх шатны бодлогод уялдуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, суралцахуйн орчныг хувирган өөрчлөх. Байгууллага бүхлээрээ ажилладаг үзэл баримтлал орж ирж байгаа. Гуравдугаарт, дэлхий нийтээрээ чадавхийг бэхжүүлэх асуудал орж ирж байна. Энэ тухай сонсоогүй багш удирдлагууд зөндөө байгаа. Боловсрол олгогч хэн болгонд хүргэх, ойлгуулах ажил гэсэн үг. Нээрээ л чухал юм байна гэдгийг ойлгуулах зорилготой. Дөрөвдүгээрт, хүүхэд залуучуудад эрх мэдэл, боломжийг олгох. Ирээдүйн дэлхий бол одоогийн хүүхэд, залуучуудынх. Тиймээс тэд бидэнд зориулж биш бид тэдэнд зориулж өөрчлөгдөх ёстой учраас тэдэнд эрх мэдэл боломжийг олгоё. Уралдаан тэмцээнүүдээс харахад ч хүүхдүүд юмыг маш өөр, олон өнцгөөс хардаг болсон. Тавдугаарт, орон нутгийг бэхжүүлэхэд чиглэж байна. Төвлөрлөөс аль болох зайлсхийж байна. Улсаас нэг үндэсний хөтөлбөр батлаад орон нутаг түүнд нь зориулсан тайлангийн төлөө ажилладаг баймааргүй байна. Тэр сумын хүүхэд бол танай сумын ирээдүйн хөгжлийг тодорхойлно гэж хэлсэн шүү дээ. Тиймээс боломжит бүх ашгийг чадах хэмжээгээрээ орон нутагтаа шингээ, бусдын гарыг бүү хар, санаачлагуудыг өөрийн болго, өөрийн иргэдээ бэлд гэдэг зүйлийг идэвхтэй ярьж байна.
Төгсгөлд нь дахиад хэлэхэд бид холыг туулахын тулд тогтвортой, жигд, найдвартай унаанд суух ёстой. Зарчим бол ердөө тэр. Сургуулийг тогтвортой хөгжүүлэх тухай яриад байгаа юм шиг боловч хүүхдүүдээр дамжуулж орон нутгийг хөгжүүлэх, цаашлаад улс орныг тогтвортой хөгжүүлэх тухай асуудал яригдаж байна. Тогтвортой хөгжил гэдэг систем жижгээс эхэлдэг юм байна, хувь хүнээс эхэлдэг юм байна. Түншлэл, хамтын ажиллагаа гээд том зүйл яриад байгаа юм ердөө ч биш. Өнөөдөр чи өдөрт нэг литр ус хэмнэхэд дэлхий нийтээрээ долоон тэрбум литр ус хэмнэх нь байна. Ганцхан кв цагаар эрчим хүчээ бууруулахад дэлхий дээр долоон тэрбум кв цаг эрчим хүч хэмнэгдэнэ. Нүдэнд үл үзэгдэх хуримтлал үүний ард асар их зүйлийг бүтээж байдаг. Тогтвортой хөгжил бол цаасан дээр л шийдвэрлэгдэх асуудал огтхон ч биш юм. Үүнийг л хүмүүст бага багаар ойлгуулах гээд хичээгээд байгаа нь Тогтвортой хөгжлийн боловсрол юм даа.
Өнгөрснийг нэхэж бус ирээдүйг бүтээхийг төлөө бид хамтдаа өөрчилж чадна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.17 ДАВАА № 99, 100 (6576, 6577