Өрийн дэвтэр зузаарсаар...

2021-05-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Иргэд хүнсний дэлгүүрээс өдрийн хүнсээ зээл авч залгуулсаар байсан ч дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарч, дахин зээл өгөх боломжгүй болсон дүр зураг хаа сайгүй байна. Энэ бол цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал иргэдийн хэтэвчийг хоосолж байгаа бодит жишээ.

Сонгинохайрхан дүүргийн III хороонд хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгч М.Баярхүү “Манайх энэ хороондоо хүнсний дэлгүүр ажиллуулаад арваад жил болж байна. Жижиг дэлгүүр учраас бид энэ хороондоо амьдардаг, байнгын үйлчлүүлэгч нартаа зээл өгдөг. Гол төлөв ахмадууд зээл авна. Сүүлийн үед зээлээр хүнс авах хүсэлтэй хүмүүс эрс нэмэгдсэн. Улсаас 300 мянган төгрөг өгсний дараа хүмүүс өрөө төлөх нь арай дээр болсон. Гэсэн хэдий ч одоо эргээд зээл авч эхэлж байна. Энэ хорооныхоо хүмүүсийн амьдралыг мэддэг, ойлгодог учраас зээлээр хүнс өгдөг ч байнга их хэмжээгээр өгөөд байх хэцүү. Эргээд бид бараагаа татахад хүндрэл учирч, эргэлтийн мөнгө түгжигдэхэд хүрээд байна. Сүүлийн саруудад манай хүнсний дэлгүүрийн орлого 30-40 хувиар буурсан” гэв. Эднийх нийтдээ нэг сая гаруй төгрөгийн хүнсийг зээлээр олгожээ. Тус дэлгүүрт хамгийн багадаа 4000, ихдээ 200 мянган төгрөгийн өртэй хүмүүс байна. Сонгинохайрхан дүүрэг бол Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг. Гэсэн хэдий ч хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.1 хувь, ажилгүйдлийн түвшин 9.9 хувь буюу Улаанбаатар хотын дундаж түвшингээс харьцангуй доогуур байдаг байна.

 

“Нэг килограмм мах ч авч чадахгүй байна”

 

Сүүлийн саруудад өрхийн орлого буурсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сар бүр тогтмол нэмэгдсээр буйг бид өмнө нь мэдээлж байсан.  Энэ талаар хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгчид “Дэлгүүрийн бараандаа 5-10 хувь нэмж борлуулдаг. Үйлдвэрээсээ нэмэгдэж байгаа ч иргэд үүнийг ойлгохгүй, хүнсний дэлгүүрүүд үнийг огцом нэмж буй мэт буруу ойлгож байна” гэж байлаа. Хүнсний дэлгүүр эрхлэгчид олон хүнд их хэмжээний зээл олгож чадахгүй учраас зөвхөн өдөр тутмын хүнс болох мах, гурил будаа, тос зэргийг л зээлээр өгдөг гэдгээ онцолж байлаа. Энэ талаар Чингэлтэй дүүргийн VII хороо буюу Баянхошууны шинэ буудалд хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгч Б.Эрдэнэтуяа “Манайх 2004 оноос энэ хороондоо хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Одоо зээлээр хүнс авах иргэд нэмэгдсэн учраас хүнсний дэлгүүрийн орлого буурсаар байна. Улсаас олгодог халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө орохоор иргэд зээлсэн мөнгөө өгдөг. Ихэвчлэн хоол хүнсний бүтээгдэхүүн зээлээр авдаг. Жишээлбэл, гурил, будаа бусад хоолны бүтээгдэхүүнээ авахаар өдрийн хоолны мөнгө нь хүрдэггүй. Тийм учраас  манай дэлгүүр махаа килограмм нь биш бага багаар 300, 400 граммаар жижиглэж хувааж зардаг” гэв.

 

“Зээлээр авдаггүй байсан хүмүүс ч өр тавих болсон”

 

Өнгөрсөн жилд эдийн засаг зургаан хувиар агшиж, өмнөх оны гуравдугаар улиралд гэхэд л 70000 гаруй ажлын байр хумигдсан гэсэн судалгаа гарсан. Энэ хэрээр ажилгүй иргэдийн тоо өсч хүнсний дэлгүүрээс хүнсээ зээл авах иргэд нэмэгдсэн байна. Картандаа мөнгөө хадгалдаг, бэлэн мөнгөөрөө хүнсээ авдаг хүмүүс хадгаламжинд байсан мөнгөө үрээд дууссан, ажил хийдэг, зээл авдаггүй байсан хүмүүс хүртэл зээлээр бараа бүтээгдэхүүн авдаг байсан тухай худалдагчид ярьж байна. Б.Эрдэнэтуяагийн дэлгүүрээс зээлээр бараа авсан иргэдийн өрийн жагсаалт 64 хуудастай дэвтрийг дуусгаж байгаа бол М.Баярхүүгийн өрийн дэвтэр аль хэдийнэ хуудас нь дуусаж шинэ дэвтэр нээж байгааг хэлсэн юм. Цар тахлын улмаас үүссэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг олон талаас нь судалсан судалгаанууд хийгдэж байгаа. Гэвч иргэдийн өнөөгийн амьдрал, өрхийн эдийн засгийн бодит байдлыг хамгийн ойроос, хамгийн бодитоор нь хүнсний дэлгүүрийн өрийн дэвтрээс харж болохоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.10 ДАВАА № 93, 94 (6570, 6571)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 0 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 31 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 33 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 45 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 51 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 53 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 11 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 11 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин