С.Дашзэвэг: Монгол цэрэг үүрэг гүйцэтгэлээрээ өөрсдийгөө дархалж чадсан

2021-05-10
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жил, “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгийг урьж ярилцлаа. Тэрбээр 2015, 2020 онуудад буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойгоор Монгол цэрэг ОХУ-ын Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд алхах эрхэм үүргийг удирдан зохион байгуулсан  юм.

 

УЛААН ТАЛБАЙД МОНГОЛ ЦЭРГҮҮД ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДЭЛХИЙ ДАХИНАА ЦУУРАЙТУУЛЛАА

 

-Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалыг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар  сард гаргасан.

Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг оролцуулах хүсэлтийг Батлан хамгаалахын сайдад ирүүлсэн. Ингээд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч ОХУ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу, коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу, эх орондоо 14 хоногийн тусгаарлалт, Москва хотод дахин шинжилгээ өгч тусгаарлагдаад зургадугаар сарын 15-ны өдөр үндсэн байрлалдаа очсон. Энэ хугацаанд цэргийн ёслолын жагсаалд оролцож буй орнуудын цэргийн алба хаагчид өдөр бүр байрлалынхаа ойролцоо тусгай талбайд 2-3 цагийн бэлтгэл хийж байсан бөгөөд нэгдсэн бэлтгэлийг зургадугаар сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбайд зохион байгуулсан.

Бэлтгэлийн явцад манай цэргүүдийг бусад орны цэргүүдээс илүү сайн зохион байгуулалттай, бэлтгэлтэй байсныг хариуцан ажиллаж байсан ОХУ-ын БХЯ-ны хүмүүс албан ёсоор мэдэгдэж байсныг энд хэлэхэд таатай байна. ОХУ-д байрлан бэлтгэл хийж байх үед халдвар хамгааллыг дээд зэргээр сахиж байсан. Ингээд 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр Улаан талбайд Монгол цэргүүд үндэсний соёл, цэргийн уламжлалаа хадгалсан шинэ загварын хувцастай эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж чадсан. Уг цэргийн ёслолын жагсаалыг үзсэн Элчин сайд, цэргийн атташе болон бусад албаны хүмүүс өндөр сэтгэгдэлтэй бидэнтэй уулзсан. Мөн зургадугаар сарын 25-ны өдөр Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн. Үүргээ амжилттай гүйцэтгээд зургадугаар сарын 26-ны өдөр эх орондоо ирсэн.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Улаан-Үд хотод энэ сарын 6-9-ний өдрүүдэд болсон Аугаа их Эх орны дайны ялалын 76 жилийн ойд зориулсан  цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагч амжилттай оролцлоо. Монгол цэргийн сүр хүч, цог золбоог дахин сурталчлан харуулж чадлаа. Тэднийгээ хараад бахархаж л суулаа.

 

ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ УЛС ТӨР, ДИПЛОМАТЫН АРГААР ХАНГАХ ТӨРИЙН БОДЛОГЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

 

-Монгол Улс даян дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Бүр тодруулбал, 19 жилийнхээ ойг угтаж байна. Түүх сөхвөл, 1990-ээд оны дунд үеэс төр засаг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагуудын дунд Зэвсэгт хүчнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах тухай яриа эхэлснээр энэ зоригтой алхмыг ажил хэрэг болгох шанг татсан татсан байдаг.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурснаар зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны шав тавьсан гэж үзэж болно. Ингээд 2000 онд Бүгд Найрамдах Казахстан улсад зохион байгуулагдсан энхийг сахиулах ажиллагааны "Центразбат-2000" сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас хойш монгол цэрэг анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьсан тохиолдол байсан юм. Үүний дараагаас зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээх бэлтгэлийг эрчимтэй хангаж, ялангуяа хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, НҮБ-тай хамтран ажиллах талаар БХЯ, ЗХЖШ-ын зүгээс богино хугацаанд ихээхэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Онцолж хэлбэл, 2002 онд  “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг батлуулж, тайван цагт Зэвсэгт хүчний гүйцэтгэх чухал үүрэг болох энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрх зүйн үндсийг тавьж, мөн ондоо анхны хоёр энхийг сахиулагчийг ардчилсан Конго улсад илгээснээр Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны түүхэн замнал эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд хоёр цэргийн ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд  давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт юм. Энхийг сахиулагчдын тоог хүн амдаа харьцуулахад дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн нийт долоон ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна, энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй  харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Мөн улс орны гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл болох улс төрийн гадаад харилцааны бодлогын нэг хэсэг нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо юм. Иймд Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах, төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, дэлхий дахинд болон бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зэрэг маш чухал төрийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж байна. Мөн Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зэвсэглэл техникийг сайжруулахад чухал ач холбогдолтойгоос гадна цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд том хувь нэмэр болж байна.

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн монгол дайчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний байгуулсан гавьяа бүрийг энд дурдана гэвэл нэлээдгүй цаг хугацаа шаардана. Цагийн байдал, байгаль цаг уурын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч монгол цэрэг энгийн иргэдийн амь насыг аварлаа, халдлагыг таслан зогсоолоо, спортоор тэргүүллээ, хүмүүнлэгийн тусламж, ард иргэдэд тусаллаа гэх зэрэг сайхан мэдээ, халуун дотно талархалын үгийг өдөр бүр сонсох нь цэрэг эрсээрээ бахархах сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байдаг юм. Нэгэн түүхийг сөхөхөд, 2004 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Иракийн Аль Хилла хотын ойролцоо орших Чарли баазын эсрэг алан хядагч этгээдүүд халдлагыг таслан зогсоож, олон үндэстний 1000 гаруй цэргийн алба хаагчдын амь насыг аварсан. Мөн саяхан Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний батальоны цэргийн алба хаагчид НҮБ-ын энгийн алба хаагч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж байсныг таслан зогсоож олон эрдэнэт хүний амь насыг аварсан. Энэ мэтээр Монгол цэрэг үүрэг гүйцэтгэлээрээ өөрсдийгөө дархалж чадсан гавьяатай.

 

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ТӨРӨЛ МЭРГЭЖЛИЙН АНГИ, САЛБАРУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

 

-Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж байгаа гэдэгтэй санал нийлж байна. Нэг зүйлийг дурдахад, БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулан ажиллагааны цахим  хуудаснаа Монгол Улсын цэргийн алба хаагчдыг сайшаасан нийтлэл дээр  “... Монголын энхийг сахиулагчид аюул нүүрлэхэд хэнээс ч илүү эр зориг гаргадгаараа алдартай. Бентью хот дахь НҮБ-ын энгийн иргэдийг хамгаалах баазад байрлаж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалаад зогсохгүй, тэдэнд түлээний мод бэлтгэж өгөхийн тулд аадар бороо, үер, намаг дундуур ажралгүй явж байна. Цар тахлын үед ч мандатаар хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлсээр байна....” гэж онцолсон байна. Энэ бол Монгол Улсын энхийг сахиулагчид цагийн байдлын хүнд нөхцөлд оновчтой шийдвэр гаргадаг, өндөр сахилга бат, ур чадвар, тэсвэр хатуужил, ур чадвартай байгааг дэлхийн олон улс орнууд төдийгүй НҮБ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм. Түүнчлэн цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, цэргийн хэрэг, гадаад хэлний мэдлэг дээшилж, аливаа бэрхшээлийг даван туулах бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшилж, зориг, тэвчээр хатуужил сууж байгаа юм.

Орчин үеийн энхийг сахиулах ажиллагааны төрөл, далайц өөрчлөгдөж, энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, цэргийн алба хаагчдын аюулгүй байдал, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг оновчтой шийдвэрлэх, Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо өргөжсөнтэй холбоотойгоор УИХ-аас 2010 онд “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хуулийг шинэчлэн баталсан. Ингэснээр НҮБ-ын гишүүн орны хувьд үүргээ биелүүлж дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрх зүйн орчин улам боловсронгуй болсон юм. Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцооны өсөн нэмэгдэлт, НҮБ-аас тавигдаж буй шаардлага зэргээс үүдэн цэргийн алба хаагчдыг сонгох, сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үеийн удирдлага, зохицуулалтыг тодорхой болгох практик, хэрэгцээ шаардлага үүссэн учраас Батлан хамгаалахын сайдын 2021 оны тушаалаар зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан зарим журмыг шинэчилж байсан. Мөн улс орны хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан нь зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны хэтийн төлөв харагдаж байна гэж үзэж болно.  Одоогоор зэвсэгт хүчний цэргийн багуудыг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхи, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор түргэн байрлах хүчний рот, инженерийн рот, цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг дахин оролцуулах бэлтгэлийг хангаж, холбогдох санал, тооцоог салбарын яаманд хүргүүлэхээр ажиллаж байна. Цаашид Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд мотобуудлагын нэгжээс гадна төрөл мэргэжлийн анги, салбаруудын оролцоо, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штаб, удирдах албан тушаалтныг нэмэгдүүлэн оролцоогоо чанаржуулах бодлого барьж ажиллана.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд цэргээ илгээгээд чамгүй хугацаа өнгөрлөө. Цэргийн багийг бэлтгэх, жигдрүүлэх гээд сургалт бэлтгэл нь шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн боловсруулагдсан  сургалтын арга, ажиллагааг шингээсэн цогц ойлголт юм.

Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчийг баруун сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1325 дугаар бүхий “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын энхийн ажиллагааны газраас “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тухай” албан даалгаврыг цэрэг илгээгч нийт улс орнуудад ирүүлсэн. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж буй цөөн хэдэн улсын нэг нь манай улс. Учир нь яг өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэрэг илгээсэн 112 улсаас 17 дугаарт бичигдэж байна. Ингээд эмэгтэй цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой гэдэг ойлголтыг баталж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснээс хойш өнөөдрийг хүртэл энхийг дэмжих ажиллагаанд 880 гаруй эмэгтэйчүүд оролцсон нь нийт бүрэлдэхүүний дөрвөн хувийг, мотобуудлагын батальоны долоон хувь , олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын таван хувь нь эмэгтэйчүүд цаашлаад цэргийн ажиглагч болон штабын офицероор 50 гаруй эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэсэн байна. НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээ буй эмэгтэй цэргийн алба хаагчдын эзлэх хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Тиймээс энэ тоо цаашид ч өснө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.10 ДАВАА № 93, 94 (6570, 6571)

 

Ган
НҮБын төв штабт шалгуур үзүүлэлт, сонгон шалгаруулалтад нь тэнцээд 1 офицер чинь маш өндөр нэр хүндтэй ажиллаж байна. Энэ яам, Зэвсэгт хүчин нь тэр хүнээ мартчихдаг юм у?
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

2 цаг 4 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 29 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

4 цаг 1 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

4 цаг 24 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

5 цаг 38 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

8 цаг 8 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

12 цаг 54 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

12 цаг 54 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

12 цаг 54 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин