Б.ДОЛЖИНЖАВ
Өмнөд Африк улстай танилцахыг хүсвэл хамгийн эхэнд Йоханнесбург хотод ирэх нь зүйтэй. Учир нь Йоханнесбург бол Өмнөд Африкийн хамгийн том болоод хамгийн “баян” хот нь юм.
Энэ талаар Өмнөд Африкийн Йоханнесбург хотод амьдарч байгаа Т.Золжаргал “Йоханнесбург хотод дэлхийн алдартай бүх брэнд үйл ажиллагаагаа явуулдаг. Ялангуяа тансаг зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүний үнэ бусад орнуудаас хямд байдаг тул эндээс бараа захих тохиолдол ч байдаг. Мөн алмаз болон бусад үнэт эдлэлийн сонголт хамгийн ихтэй. Хүний эрхийн гол тэмцэгч Нелсон Манделагийн гэр музейг үзэхээс гадна хүний эрх, эрх чөлөөний төлөөх тэмцлийн түүхийг өгүүлэх бусад олон музей, түүхэн газруудад очиж болох юм. Олон улс үндэстний өөр өөр шашин, соёл хоорондоо ямар ч асуудалгүйгээр хэрхэн зохицон, нийцтэй оршин тогтнож байгааг харахын зэрэгцээ эдгээр улс үндэстнүүдийн хоолны соёлтой ч танилцаж боломжтой. Энэ хотод та амьдралын аль ч өнгийг олж харна.Цааш байгалийн үзэсгэлэн бүрдсэн Капе Таун хот, Африк тивийн ховор, сүрлэг араатан амьтдыг зэрлэг онгон байгаль дээр харахаар үндэсний хүрээлэнгүүд, эсвэл Атлантын далай, Энэтхэгийн далайн эрэгт наранд биеэ ээхээр бусад үзэсгэлэнт хот, суурин газрууд руу аяллаа үргэлжлүүлээрэй. Сонирхуулахад энд интернетийн хэрэглээ нээлттэй. Бүх вэб сайт, платформ ажилладаг. Интернетийн хурд сайн, 5G сүлжээ нэвтэрсэн” гэж “Зууны мэдээ” сонинд ярьжээ.
Эх сурвалж:www.polit.mn