Д.Уламбаяр: Солонгосын хойгийн “Status quo” нь хүйтэн дайн дараа ч шийдвэрлэгдэж чадаагүй цорын ганц цэг

9 цаг 51 мин
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Өмнөд Солонгост болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар Шинжлэх ухааны  доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

 

-БНСУ-д манай улсын  олон мянган иргэн ажиллаж амьдарч байна.  Манай хоёр улсын харилцаа ч нэлээд идэвхтэй, гуравдагч хөрш хэмээгдэж ирсэн.  Тус улсад цаг үеийн нөхцөл байдал нэлээд эрчтэй байна.  Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Би энэ талаар өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Үнэхээр Солонгосын хойгт  цоо шинэ нөхцөл байдал буй болоод байна. БНСУ-д Монголын бараг 58 мянга гаруй иргэд ажиллаж, сурч амьдарч байна. Гэтэл Говьсүмбэр аймгийн  хүн ам гэхэд л 18.042 мянга байна шүү дээ.  Энэ утгаараа Өмнөд Солонгос нь бараг Монгол Улсын 22 дахь аймаг болсон гэж хэлж болно.

Нөгөө нэг чухал хүчин зүйл нь Дэлхийн банкны Шилжилт хөдөлгөөний газраас гаргасан 2022 оны эцсийн тайлан мэдээгээр БНСУ-аас Монгол руу жилд дундажаар 250-300 сая ам. долларын гуйвуулга хийгдэж байгаа нь эргэж төлөгдөхгүй шууд хөрөнгө оруулалт юм. Энэ нь Монголын эдийн засаг, айл гэрийн амьдралд таатай нөлөө үзүүлж байгаа нь  тодорхой болсон зүйл.  Монголчууд ч солонгосын жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, ажиллах хүчний хомсдолд ч эерэг нөлөө үзүүлж байгааг мөн тэмдэглэх хэрэгтэй болов уу.

Үүнийг харилцан нөхсөн хамтын ажиллагааны нэг хэсэг гэж хэлж болно. Тиймээс Солонгосын хойгийн аюулгүй байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон гэж шууд утгаар нь хэлж болохоор байна. БНСУ бол Монгол Улсын хамгийн ойрын “гуравдагч хөрш”, цар тахлын хүнд үед 2021 оны есдүгээр сард хоёр улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Мүн Жэ-Инь нар вертуал саммит хийж, хоёр улсын харилцааны түвшинг стратегийн түншлэлд хүргэхээр тохиролцсон. Энэ нь дипломатын түүхэнд шинэлэг зүйл ч болсон байдаг. Энэ оны гуравдугаар сард хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо. Өмнөд Солонгос дахь одоогийн тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалж, хөрөнгийн бирж дээр голлох компаниудын үнэт цаас, хувьцааны ханш мэдэгдэхүйц унаж, воны ам.доллартай харьцах ханш бага зэрэг бууралттай байгаа нь монгол иргэдийн нутаг руугаа гуйвуулах мөнгө төдий хэмжээгээр багасч байна гэсэн үг л дээ.

-Ер нь улс төр геополитикийн нөхцөл байдлын хувьд БНСУ нэлээд онцлогтой шүү дээ.  Энэ талаас нь та тайлбарлахгүй юу?

-Солонгосын хойгийн status quo хүйтэн дайн дууссанаас хойш шийдвэрлэгдэж чадалгүй тунаж үлдсэн цорын ганц цэг.  Цөмийн дайн, зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал өндөр халуун цэг юм. Солонгосын хойгт 2018-2019 онд нааштай эерэг хувьсал өөрчлөлтүүд, ахиц дэвшил гарсан боловч, үндсэн асуудал хэвээрээ үлдсэн. Үүнд, цөмийн хөтөлбөр хэвээр, нэг ч цөмийн бөмбөг устгагдаагүй.  Цөмийн заналхийлэл үргэлжилсэн хэвээр байна. Баллистик пуужингийн хөтөлбөр өөрчлөгдөөгүй хэвээрээ үргэлжилж байгаа.  1953 оны гал зогсоох хэлэлцээр энхийн гэрээ болж өөрчлөгдөөгүй, түүнчлэн АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт ч үргэлжилсэн хэвээр байна. Солонгосын нэгдэл шинэ мянган, XXI зууны томоохон үйл явдалд тооцогдох болох боловч Германы нэгдэлтэй харьцуулшгүй юм.  Тиймээс ч нэгдэх үйл явцын яриа хэлцэл XXI зууны туршид үргэлжлэх магадлалтай.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон-Ун  2021 оны нэгдүгээр сард хуралдсан Солонгосын хөдөлмөрийн намын VIII их хуралд хэлсэн үгэндээ, Тус улс цөмийн хүчнээ байгуулж дууслаа” хэмээн мэдэгдэж, 2023 оны есдүгээр сард дээрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. 2023 оны есдүгээр сарын эхээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Алс Дорнодод уулзаж, энэ үеэр Оросын эрх баригчид Украины дайнд ашиглах зэр зэвсгийг Умард Солонгосоос авах тохиролцоонд хүрсэн байж болзошгүй гэж Өрнөдийн холбоотнууд сэжиглэж эхэлсэн.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юнь Сук Ёль НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ “Дэлхий дахинд энх тайвныг сахиулагч хэмээн итгэмжлэгдсэн байгууллага болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс тусгаар тогтносон өөр улс руу эзлэн түрэмгийлэх дайн өдөөж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж буй дэглэмээс зэр зэвсэг авах нь хачирхалтай үзэгдэл юм. Хэрэв Оросыг дэмжсэнийхээ хариуд Умард Солонгос бөөнөөр устгах зэвсэглэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдээлэл, технологийг олж авбал үүнийг зөвхөн Украины төдийгүй БНСУ-ын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн шууд өдөөн хатгалаг болно. БНСУ нь холбоотнууд болон түншүүдийн хамт үүнийг зүгээр өнгөрөөхгүй” гэж  мэдэгдсэн байдаг. Хойд Солонгос Сибирээс үндэстний цөөнхийн дүрд хувиргасан 12 мянга гаруй цэргээ Орос, Украины фронтод байлдахаар илгээснийг илчилсэн нь Хятадад таалагдахгүй байна. Москва, Пёньян цэргийн салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх нь Солонгосын хойгыг тогтворгүй болгож, бүс нутагт АНУ тэргүүтэй эвслийг идэвхжүүлж болзошгүй хэмээн Хятадын шинжээчид болгоомжилж байна. 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Хойд Солонгосын цэрэг орчин үеийн дайнд оролцоогүй нь тэдэнд чухал туршлага болж байгаа тухай шинжээчид тэмдэглэж байна. Орос  Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хүчин чадлын хөгжүүлэлтэд тусалж болзошгүй байгаа нь бүс нутагт зэвсгийн уралдааныг түргэсгэхэд хүргэнэ хэмээн Хятад улс санаа зовж байна гэж Бээжингийн Цинхуа их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Чен Ци мэдэгдэж байсан. 

В.Путин ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа удалгүй  зургаадугаар сард Хойд Солонгост 24 жилийн дараа хоёр дахь удаа айлчилж, энэ үеэр хоёр орны хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн Гэрээ”-нд гарын үсэг зурсан. ОХУ-ын Казань хотноо зохиогдсон БРИКС-2024 дээд  түвшний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн сэтгүүлчийн асуултад хариулсан В.Путины мэдэгдлээс харахад ОХУ, БНАСАУ-ын харилцаа цэргийн холбоотны түвшинд хүрснийг харуулсан. Орос Хятадын цэргийн тусламжид найдахаас илүү Хойд Солонгосын тусламжид найдаж буй тухай мэдээллүүд ч гарч эхэлсэн. Энэ бол анхаарах ёстой асуудал болов уу.  2025 оны нэгдүгээр сарын 5-нд БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, шадар сайд Чой Сан-Мок, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Сөүл хотноо уулзаж, хоёр талын холбоотны харилцаа, Хойд Солонгосын талаар хэлэлцжээ. Уулзалтын үеэр Чой Сан Мок “Өмнөд Солонгосын ардчиллыг дэмжиж, итгэл үзүүлж буй” АНУ-д талархал илэрхийлж, хоёр улсын батлан хамгаалах чадавхад тулгуурлан  Хойд Солонгосын аливаа  өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа дахин нотолсон байна. Хэдийгээр улс төр тогтворгүй байгаа ч Өмнөд Солонгосын батлан хам­гаалах тогтолцоо, тагнуулын байгуул­лагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж,  БНСУ, АНУ-ын хамтын ажиллагаа  улам илүү соргог байгаа ажээ.

-БНСУ-д онц байдал зарласан нь их гэнэтийн байлаа.  Энэ нь улс төр хөшигний ард нэлээд асуудал байгааг харуулж байна уу.  Ардчиллын зарчим уу?

-2022 оны гуравдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Ард түмний хүч намаас нэр дэвшигч Юнь Сук Ёль, АН-аас нэр дэвшигч Ий Жэ Мён нар өрсөлдсөн. Сонгуульд бүртгэгдсэн 44.1 сая иргэд саналаа өгснөөс Юнь Сук Ёлийн төлөө 16.3 сая иргэд буюу 48.56 хувь, Ий Жэ-Мёны төлөө 16.1 сая иргэд бую 47.83 хувь нь саналаа өгч, саналын зөрүү 247.077 хүн буюу бага саналын зөрүүгээр Юнь Сук Ёль ялсан байдаг. Сонгуулийн ирц 77 хувийн өндөр үзүүлэлтийг харуулсан. Харин өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд явагдсан Үндэсний Ассамблейн сонгуулиар нийт 300 суудлын 173-ыг Ардчилсан эвсэл, 108 суудлыг Ард түмний хүч нам авч, үлдсэн 17 суудлыг бусад жижиг нам, бие даагчид авсан. Ийнхүү Ард түмний хүч нам парламентад эрх мэдлээ алдсан явдалд хамгийн гол учир шалтгаан оршиж байгаа юм. 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сөрөг хүч Ардчилсан нам Юнь Сук Ёль ерөнхийлөгчийн эсрэг компанит ажлаа бүх түвшинд идэвхжүүлж, 2024 оны Үндэсний Ассамблейн сонгуулийн дараа парламентад олонхи болсноор түүний бодлого, үйл ажиллагааг бүхэлд нь бойкот хийж ирсэн гэж хэлж болохоор байна. Магадгүй хөшигний ард хувийн тооцоо ч явж байсныг үгүйсгэж чадахгүй болов уу. Хэдий тийм боловч энэ нь улс оронд онц байдал зарлах шалтгааныг цагаатгах ноцтой учир зүй болж чадахгүй юм. Ард түмний хүч намын дарга Хан Дон-Хүнь огцрох үедээ Юнь Сук Ёль ерөнхийлөгчийн онц байдал зарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй ч Ардчилсан намын удирдагч Ий Жэ Мён ч хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн нь үнэний хувьтай болов уу. Хамгийн гол сургамж нь улстөрчид олонх, цөөнх болж хуваагдсан ч улс орны язгуур эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй байх явдал хэчнээн чухал болохыг энэ хэрэг явдал харуулсан. Ер нь БНСУ бол өндөр хөгжилтэй, ардчилсан улс, гэхдээ цэрэг болон авторитар дэглэмийн угшилтай байсан гэдгээ харуулж байх шиг л санагдаж байлаа.

-Төрийн тэргүүнээ огцруулах асуудлыг хэлэлцсэн ч хойшилсоор байна.   Ерөнхийлөгчийг огцруулахыг шаардсан жагсаал  цуглааны цар хүрээ нэмэгдсээр байгаа.  Нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх бол?

-Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгч Юнь Сук Ёольд дайны байдал зарласантай холбогдуулан түүнийг огцруулах Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурван орон тоог нөхөх шаардлага гарсан.   Цэцийн  хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хурдан байгуулахын чухлыг  уриалж байсан. Зургаан шүүгч Юнь Сук-Ёлийн импичментийн шүүх хурлыг нэн тэргүүний зорилт болгох байр сууриа хадгалсаар байгааг тэрбээр тэмдэглэж байсан.  Арванхоёрдугаар сарын 26-нд тус улсын парламент гурван шүүгчийг томилохоор санал хурааж, хоёрыг нь гол сөрөг хүчин Ардчилсан намаас, нэгийг нь эрх баригч Ард түмний хүч намаас нэр дэвшүүлсэн юм. Сөрөг хүчний хяналтад байдаг Үндэсний ассамблейгаар батлагдсан гурван шүүгчийн томилгоог дэгийн дагуу ерөнхийлөгч батлах шаардлагатай. Гэвч Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх болсон Ерөнхий сайд Хан Дак-Сү шүүгчдийн томилгоог батлахаас албан ёсоор татгалзсаны дараа Ханыг Үндэсний Ассемблэй аанай л импичментээр огцруулсны дараа Эдийн засгийн асуудал эрхэлсэн Шадар сайдын албыг давхар хашдаг Эдийн засаг, сангийн сайд Чой Санг-Мок Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож асуудлыг шийдсэн.

Ерөнхийлөгч Юнь Сук-Ёль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд онц байдал зарласан нь бүтэлгүйтсэнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэц түүнийг огцруулах эсэх шүүх хуралд оролцож, мэдүүлэг өгөхөөр төлөвлөж байгааг түүний өмгөөлөгч нь хоёр хоногийн өмнө мэдэгдсэн байна лээ. Тэрээр хэлэхдээ “Үндсэн хуулийн цэц хоёрдугаар сар хүртэл таван удаагийн шүүх хурал төлөвлөж байгаа юм байна. Хамгийн эхний шүүх хурал нэгдүгээр сарын 14-нд, хоёр дахь нь нэгдүгээр сарын 16, 21, 23-ны өдөр болж, эцсийн шүүх хурал хоёрдугаар сарын 4-нд болохоор төлөвлөгджээ. Гэхдээ Үндсэн хуулийн шүүх хурал болохоос өмнө Юнь Сук-Ёль ерөнхийлөгчийг баривчлах гэж хэт яараад байх шиг. Үүнээс болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсч болзошгүй тухай болгоомжлолыг ч тэмдэглэж байна. Гэхдээ түүнийг хоёр дахь удаагаа баривчлах шийдвэр гарсан байна.

Миний бие 1990-ээд онд Сөүлд  Тангүк их сургуулийн магистрантур, Сөүлийн Үндэсний их сургуулийн  докторантурт суралцаж, 6-7 жил амьдарсан хүний хувьд Солонгосын хойгийн аюулгүй байдал байнга анхаарлын төвд байдаг.  Тиймээс бүх зүйл хуулийн дагуу тайван явагдаж асуудал нэг талдаа гаргаасай гэж л хөндлөнгөөс ажиглаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 5 (7501)

 

Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

5 цаг 26 мин
Дональд Трамп Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох саналыг дахин дэвшүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Канад улсыг АНУ-тай нэгдэх саналаа да

9 цаг 21 мин
Д.Уламбаяр: Солонгосын хойгийн “Status quo” нь хүйтэн дайн дараа ч шийдвэрлэгдэж чадаагүй цорын ганц цэг

Өмнөд Солонгост болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар Шинжлэх ухааны  доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

9 цаг 51 мин
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, хуралдааны эхэнд

9 цаг 51 мин
Швейцарийн шинэ ерөнхийлөгч энхийн үйл явцад туслах талаар В.Зеленскийд санал болгов

Швейцарийн шинэ Ерөнхийлөгч Карин Келлер-Саттер Киевийн дэгл

23 цаг 31 мин
Ерөнхий сайд аа, Та сувгаа соль

Хоёр төрийн нүүр үзсэн ахмад хүний хувьд, Монгол Улсын шударга иргэний

Өчигдөр 14 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Өчигдөр 10 цаг 55 мин
ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

Өчигдөр 10 цаг 39 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Өчигдөр 10 цаг 27 мин
Н.Учрал: Алдагдалтай ажиллаж байгаа ТӨК-уудыг татан буулгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин