Ц.МЯГМАРБАЯР
Хятадын эдийн засаг энэ онд 8.5 хувьд хүрч огцом өснө хэмээн Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан нь оны эхнээс өсөж буй өсөлтийг баталж байна. Гэхдээ агшсан сууриас эхэлж өсөж байгаа учраас эдийн засгийн сэргэлтийн хурд удаан байна. Харин дэлхийн бусад улстай харьцуулахад COVID-ийн өмнөх эдийн засгийн өсөлтийн трэнд рүү Хятад гүйцэх хүлээлттэй гэв.
Харин урд хөршийн эдийн засгийн өсөлт манай эдийн засагт огцом нөлөөлөл үзүүлэхгүй гэлээ. Учир нь тус улс дотоодын аж үйлдвэрлэлийн салбарын экспортод түлхүү анхаарч нүүрс болон гангийн үйлдвэрлэлийн импортыг багасгах зорилттой нь холбоотой. Нөгөөтэйгүүр, манайхаас авах коксжих нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого барьж буй ч манайх эрэлтийг нь гүйцээх тээвэрлэлтийн дэд бүтэц сул байгаа нь өсөлтөд нөлөөлөхөөргүй байгаа юм.
Харин тус улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт бусад улсынхаас хурдан сэргэж байгаа нь дэлхийн эдийн засгийн экспортыг хурдтай сэргэхэд нөлөөлнө. Байгаль экологид эерэг үйлдвэрлэл, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт нь цар тахлын дараах сэргэлтэд чухал нөлөөтэй болж байгааг онцолж буй. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар ногоон технолги, дижитал эдийн засаг бизнесийн шинэ загвар нь сэргэлтэд нөлөөлж буйг харуулж байгааг онцолсон.
Харин манай улсын хувьд эдийн засаг энэ онд аажмаар сэргэж 2022 онд 5.7 хувьд хүрч COVID-ийн өмнөх рүү дөхнө гэж Азийн хөгжлийн банк таамаглаж байгаа ч энэ өсөлтөд хүрэхэд дотоод микро эдийн засгийг тэтгэх бизнесийн шинэ загварыг бий болгох бодлого чухлыг сануулсаар . Өөрөөр хэлбэл, эдийн засаг 5.3 хувиар агшиж ажлын байр 5.4 хувиар буурч ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ дөрвөн улирал дараалан агшсан. Түүнчлэн ГШХО 29 хувиар буурч чанаргүй зээлийн хэмжээ огцом өссөн ийм хүнд үед эдийн засгийн дархлаа болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буюу микро эдийн засгийн орчныг сэргээж, хувийн хэвшил дэх хөрөнгө оруулалтыг ногоон санхүүжилт рүү чиглүүлбэл үр дүнтэйг зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, микро орчин дахь жижиг дунд бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч, хөдөө ахуйн салбарын бүх оролцогчдийг дэмжих бизнесийн шинэ загварыг кластер хэлбэрээр хөгжүүлбэл эдийн засаг хурдан сэргэх боломж байгааг хэлсэн. Түүнчлэн вакцины бүрэн дархлаажуулалт эдийн засгийн сэргэлтэд голлон нөлөөлнө гэсэн юм.
Тиймээс иргэд, малчид, тариаланч, ЖДҮ эрхлэгч нэгдэж бизнесээ өргөжүүлэн тэлж ажлын байр нэмэгүүлэх нь улсын эдийн засаг хурдан сэргэхэд нөлөөлнө гэдгийг олон улсын байгууллагаас ийнхүү Азийн орнуудад анхаарууллаа.
Өнгөрсөн долоо хоногт 1998 оноос хойш шинэчлэгдээгүй Хоршооны тухай чухал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь онцлог байв. Тус хууль батлагдсанаар хоршооны гишүүдийн бэлтгэсэн түүхий эдийг зуучлан борлуулсан тохиолдолд нэмүү өртөг шингээгүй гэж үзэн түүхий эдийн өртгийг НӨАТ чөлөөлөхөөр зохицуулалт орж байгаа нь нэг хэсгийн эрхийг хангах чухал заалт гэдгийг онцлоё. Түүнчлэн МХАҮТ-аас татвар болон нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжид нэг удаа өршөөл үзүүлэх хуулийн саналыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж цар тахалтай хүнд хэцүү үед татварын өртэй аж ахуйн нэгжид , муу зээлийн санд байгаа иргэн, аж ахуйн нэгжийг нэг удаа өршөөж, хөл хорионы дараа бүдгийг нь шинэ гараанаас хөдлөх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардсан зэргээр санаачилга гаргасан нь үр дүнтэй хэрэгжээсэй гэсэн хүлээлттэй шинэ долоо хоногтой золгож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.3 ДАВАА № 88 (6565)