Г.ГАНЧИМЭГ
“Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Улаан эрэг”, “Огцом эргэлт” зэрэг олон ангит киноны зохиолоор үзэгч, уншигчдад хэдийнэ танил болсон шог зураач, зохиолч, сэтгүүлч А.Амарсайхантай ярилцлаа.
-Шог зургийн амин сүнс нь хурц, уран санаа байдаг. Та энэ санаа гэгч зүйлийг хаанаас яаж олдог юм бэ?
-Байнга л эрэл хайгуул хийдэг. Заримдаа зүүдэнд хүртэл сонин санаа орж ирэх нь бий. Иймээс нэлээд бэлтгэл хангагдаж байж шог зураг төрдөг юм. Шог зургийг цаасан дээрх уран зохиол гэж ярьдаг. Энэ нь маш хүчтэй санаанаас шог зураг төрдөг гэсэн үг. Түүнээс биш зүгээр л нэг байдаг энгийн зураг зурахыг тавдугаар ангийн хүүхэд ч чадна шүү дээ.
Зарим нэг шог зургийг ойлгодоггүй хүмүүст бол их амар, хялбархан бүтээчихсэн юм шиг харагддаг. Гэтэл сонин буух үед зураг хэрэгтэй болчихно. Тиймээс маш хурдан гүйцэтгэл шаардлагатай. Ингээд аль болох хялбар зураасуудаар, уран гоёор зурах, дээрээс нь хүчтэй санаагаа илэрхийлж байж л шог зураг бүтнэ.
-Та хүчтэй санаа байх хэрэгтэй гэлээ. Тэгвэл тэр нь илэрхийлэх боломжгүй хийсвэр ухагдахуун байвал яаж зурах юм бэ?
-Хэцүү л дээ. Тухайлбал, инфляцийг зуруулмаар байна гэдэг. Энэ хийсвэр ойлголт учраас яаж зурах вэ гээд боссон ч, суусан ч эрэлхийлнэ. Хэд хэдэн хувилбараар зурж үзээд нэг л болохгүй. Өрөөлийн болон өөрийн санаад хүрч өгөхгүй их л зовооно. Ингээд орсон ч, гарсан ч бодоод л явна. Гудамжинд чемодан барьсан хүнтэй таараад гэв гэнэтхэн нөгөө хайгаад байсан санаа маань сэрхийтэл ороод ирэх жишээтэй. Яасан бэ гэвэл хоёр нөхөр тааралдаж байгаа юм л даа. Нэг нь мөрөн дээрээ чемодан үүрчихсэн явж байна. Нөгөөдөх нь “Чемодан үүрээд хаачих нь вэ” гэж асуухад “Чемодан биш ээ түрийвч. Талхандаа явж байна” гэж хариулахад л инфляцийг илэрхийлчихэж байгаа юм. Гэтэл энэ санаа чинь нэлээн зовоож байж шог зураг болж амилна шүү дээ.
-Ер нь шог зургаар үзэгчээ 100 хувь бүгдийг нь инээлгэнэ гэж байхгүй болов уу. Шог зургийг харангуутаа инээдэг хүмүүс байхад зарим нь загатнасан газар нь маажсан юм шиг учир зүггүй уурлах нь ч бий. Өөрөөр хэлбэл, шог зураг хэтрүүлэгтэй байж хүнд хүрэх нь ойлгомжтой. Гэхдээ бас давж болохгүй хил хязгаар ч юм уу тодорхой шаардлага тавигдана биз?
-Хүн инээлгэх тийм ч хялбар ажил биш шүү дээ. Тухайн хүн шог зургийг яаж хүлээн авч байгаагаас л болно. Жишээлбэл, УИХ-ын нэг гишүүнийг жаахан шоглоод зурчихлаа гэж бодъё. Ингэхэд ард түмэн их таашаал авч инээнэ. Харин УИХ-ын гишүүд уурлана шүү дээ. “Биднийг ингэж доромжлоод байхдаа яахав дээ. Арай ч хэтрүүлчихэж. Бид нойр хоолоо умартан байж ард түмнийхээ төлөө зүтгэж байна шүү дээ” гээд л эхэлнэ. Гэхдээ зарим үед аливаа зүйлийг хэтэрхий дайрч давшилж болохгүй. Тухайлбал, эмэгтэй хүнийг шоглож зурахдаа ёс зүй талаасаа бодох зүйлүүд бий. Харин болохгүй байгаа зүйлийг нь эвтэйхнээр илэрхийлнэ гэдэг нь их бодох, хөдөлмөрлөхийг шаарддаг. Нэлээн ур чадвараар л ийм бүтээл төрнө.
-Та сонин буух мөчид маш хурдан гүйцэтгэлтэй шог зураг хэрэгтэй болдог гэлээ. Манай улсын хувьд сонин, сэтгүүлүүд энэ төрөл зүйлийг хэр ашиглаж байна вэ?
-Манай сонинуудын ихэнх нь шог зургийн төрөл зүйлийг орхигдуулчихаад байгаа юм. Хямд зардлаар сониноо хийх гээд зүтгэчихдэг. Гэтэл барууны сонинууд тэргүүн нүүрэндээ шог зураггүй гарна гэж байхгүй шүү дээ. Долоо хоногт сонины долоон дугаар гарлаа гэхэд дөрөв нь шог зурагтай байна. Тэгээд найман нүүртэй сонины арын болон дотор нүүрний нийтлэлүүдэд 5-6 шог зураг орчихсон байх жишээтэй. Тэдгээр зургийг мэргэжлийн зураачид боломжийн хөлс төлж зуруулдаг. Тэрхүү ажлынхаа хөлсөөр зураачид нь амьдралаа аваад явчихна. Сонины нийтлэлүүд нь шог зургаар баяжигдан илүү хүчтэй болж, олон нийтийн анхаарлыг татаж байдаг. Сайн болсон зургаас үүдэлтэйгээр бүр бослого хүртэл гарах дөхсөн шүү дээ. Данийн нэг шог зураач Исламын зөнч Мухаммедийг шоглож зурсны төлөө лалын шашинтай орнуудад эсэргүүцлийн жагсаал хүртэл хийлээ. Мөн Данид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг авахгүй байх зэргээр эсэргүүцэл үзүүлсэн.
-Харин Монголд манай шог зураачдын ямар бүтээл шуугиан тарьж байв?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды гуайн зургаас болоод Увс аймагт бараг бослого гарахаа дөхсөн. Тэр нь зүгээр л нэг хүнд таашаал өгөх зорилгоор зурагдсан аж байдлын хошин зураг байсан шүү дээ. Нэг динозавр нөгөө рүүгээ “Бага ястан минь” гэж хэлж байгаа зураг байсан. Зүгээр л хүний инээд хүргэх гэж зурсан зургийг л ард талд нь улстөржүүлээд “Өө, эд нар бага ястнуудаа “Зайл” гэж байна. Үүгээрээ Увсын ард түмнийг доромжиллоо” гээд эхэлсэн. Эцэстээ шог зураач хамгаалалт авахад хүрсэн шүү дээ. Ингээд бодохоор олон нийтэд яаж хүрдэг нь ойлгомжтой байгаа биз.
-Барууны орнуудын зах зээл нь хөл дээрээ зогсчихсон учраас шог зураачиддаа өндөр хөлс төлөхөд бэрхшээлгүй байдаг болов уу. Монголын хувьд сонинууд эдийн засгийн чадавхтай болж хараахан чадаагүй байна. Гэтэл шог зураачид өндөр үнэ хэлээд сонин аль болох хямд хөлс төлөх гээд үл ойлголцоод байна уу гэж харагддаг?
-Хямд үнэ санал болгох нь яах вэ. Энд тэнд гарчихсан шал өөр агуулгатай зургийг шууд өөрийнхөө юм шиг аваад л амнаас нь унасан үгийг баллуурдаж байгаад л оронд нь ондоо үг тавьчихна. Иймэрхүү байдал өнөөдөр хаа сайгүй л гарч байна. Эхлээд утас цохиод хэл ам болдог л байлаа. Одоо үнэндээ ийм зав ч алга. Гэтэл тэр шог зургийг гаргахын төлөө хүн ямар их хөдөлмөрлөдөг билээ. Санаа олж, зурах чадвартай болтлоо хүн амьдралынхаа нэлээд олон жилийг зарцуулна. Түүнийг нь үнэлэх ёстой биз дээ. Гэтэл эксковаторчин хүн сарын 400 мянган төгрөгийн цалин авдаг. Харин амьдралынхаа 10-20 жилийг шог зурагт үрчихсэн зураачийн бүтээл таваг шөлний үнэ хүрэхтэй, үгүйтэй болох гээд байна. Энэ чинь оюуны бүтээлийн үнэлэмж унасныг л харуулж байгаа биз. Тэгээд оюуны бүтээлээ алдсан хүн зарга үүсгээд явлаа гэхэд өмгөөлөгч авч таарна. Өмгөөлөгч ажлынхаа хөлсөнд нэг сая төгрөг нэхэмжиллээ гэхэд нөгөө шог зургийн үнэ юун өмгөөллийн хөлсөө төлөх манатай хэмжээний үнэлэмжтэй байж болох уу. Иймэрхүү байдлыг бид өнөөдөр хаана хаанаа бодолцох л хэрэгтэй.
-Та хамгийн сүүлд “Арван дөрөвтэй том хүн” гээд сонирхолтой ном гаргасан байна билээ. Шог зураач яагаад гэв гэнэтхэн сэтгүүл зүйд бас л орхигдохоо шахсан хөрөг бичлэг рүү орчихов оо?
-Манай түүхчид ард түмнийхээ тухай юу ч бичиж үлдээгээгүй байдаг. Би үүнийг олон ангит киноны судалгаа хийж явахдаа илүү их мэдэрсэн. Тиймээс надад яагаад энгийн хүний тухай бичиж болдоггүй юм бэ гэдэг санаа төрсөн юм. Тэгээд энэхүү “Хүмүүн цадиг” цувралынхаа анхны номыг өнгөрсөн тавдугаар сард уншигчдын хүртээл болголоо. Энэ цувралынхаа хүрээнд ард түмнийхээ дунд байгаа сонин содон амьдралтай хүмүүсийг хайж эхэлсэн юм. Ингээд Гутлын үйлдвэрт насаараа ажилласан Г.Доржсүрэн хэмээх 87 настай буянтай буурайтай таарсан даа. Энэ хүн үлгэр шиг амьдралыг туулсан юм билээ. Долоон настайдаа Архангай аймгийн Авзагахайрхан сум одоогийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас үхэр тэргээр Улаанбаатарт нүүж ирсэн. Тэгээд 14 настай ажилчин болсон байгаа юм. Тэр үед эх орны дайн эхэлсэн. Ингээд тулаанд гарч, илүү цагаар ажилладаг болж, сүүлдээ үйлдвэрээсээ гэртээ очилгүй хэд хоногоор ажиллаад шууд “том хүн” болчихсон байгаа юм. Нийслэлийн 1930-аад оны дүр төрх гээд л амьдралын их сонин зүйлүүд энэ хүний тухай мэргэжлийн төвшинд цадиглан бичсэн “Арван дөрөвтэй том хүн” номоос харагдах болов уу.