С.УЯНГА
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын өмнө тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй зүтгэдэг нэгэн байх учиртай. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийг урилаа.
-Өмгөөллийн салбарт тэр дундаа удирдлагын багт ажиллаж байсан хүний хувьд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны зургаа дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хагас жил гаруй боллоо. Та ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сүүлийн үед явуулж буй үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлүүлье?
- Би 17 жил хуульч, өмгөөлөгчөөр ажилласан. 2016-2020 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Өмгөөллийн тухай хуулийг боловсруулах Дэд ажлын хэсэгт орж, орон нутгаар явж үзэл баримтлалыг танилцуулж, өмгөөлөгчдийн санаа бодлыг сонсох зэргээр идэвхтэй ажиллаж ирсэн. 2020 онд ерөнхийлөгчөөр сонгогдож Өмгөөллийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд надад бэрхшээлтэй зүйл байгаагүй. 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр УИХ-аас Өмгөөллийн тухай хууль батлагдсанаар тухайн хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэх нэн хариуцлагатай бөгөөд цаг хугацаа шаардагдсан ажлыг Өмгөөлөгчдийн Холбооны шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй хийж эхлүүлээд хагас жил өнгөрч байна. 93 жилийн түүхтэй өмгөөлөгчдийн байгууллага түүхэндээ дөрвөн удаа хууль батлуулсан байдаг бөгөөд хамгийн сүүлийнх нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хууль юм. Ийнхүү анх удаа төрийн мэдэлд байсан чиг үүргүүдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд шилжүүлснээр төрөөс болон улстөрчдөөс хараат бусаар ажиллах өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг сайжруулж өгсөн. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуулийн 13.1.10-т “хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардлагатай баримт сэлтийг бэхжүүлэх, хуулбарлан авах зорилгоор зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглах”, 14.1.4-т “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх” зэрэг өмгөөлөгчийн эрх үүргийг хуульд тодорхой болгож өгсөн. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч буй иргэн, хуулийн этгээдийн нууцлалыг хугацаагүй тогтоосон нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн баталгааг хангасан зохицуулалт болсон. Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн дараах гурван тохиолдолд үйлчлүүлэгчийн нууцыг задалж болохыг заасан. Нэгдүгээрт, тухайн үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэх гэж буй тохиолдолд, хоёрдугаарт мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй холбоотой, гуравдугаарт шүүх дээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний маргаан гарсан тохиолдолд нууцыг задалж болох бөгөөд үүнээс бусад тохиолдолд хугацаагүй үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хамгаалах учиртай. Урьд нь Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг ХЗДХЯ-аас 2013 оныг хүртэл олгодог байсан бол Өмгөөллийн шинэ хуулиар төрөөс хараат бус аливаа нэг улс төрийн намын оролцоогүй Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ олгох эрх нээгдсэн.
-Xуульгүй замбараагүй явж ирсэн энэ хугацаанд үүссэн зөрчлүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас 2021 онд олгож буй өмгөөлөгчийн үнэмлэхийг хугацаатай олгож байгаа бөгөөд яваандаа энэ асуудлыг нэгмөр цэгцэлнэ.
-Ер нь өмгөөлөгчдийн холбоо хэр эрх мэдэлтэй байгууллага вэ. Өнөөгийн нөхцөл байдлыг харвал хуулийн хүрээнд хохирогчоо бүрэн өмгөөлөх эрхзүйн боломж нөхцөл хэр байна вэ?
-Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч нь Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ олгохоос гадна түдгэлзүүлж, хүчингүй болгох, сэргээх хуулийн зохицуулалттай болсон нь томоохон дэвшил юм. Ярилцлага өгч байгааг далимдуулаад нийт гишүүн өмгөөлөгчдөд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд зургаан жилийн хугацаанд түдгэлзүүлэхээр болсон. Хэрэв зургаан жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүчингүй болохыг эрхээ түдгэлзүүлсэн өмгөөлөгчид анхаарах хэрэгтэй. Өмнө нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хугацаагүйгээр олгодог байснаас үүдэж, эрхээ түдгэлзүүлсэн зарим өмгөөлөгч 10-15 жилийн дараа өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг ирүүлж байсан тохиолдол бишгүй гарсан. Гэтэл бодит амьдралд энэ олон жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлээгүй өмгөөлөгчийн хувьд эрхээ сэргээгээд шууд ажилдаа орно гэдэг учир дутагдалтай. Мэргэжлийн өмгөөлөгчид жилд нэг удаа зайлшгүй дөрвөн кредит багц цагийн хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдах ёстой байдаг бол дээрх эрхээ түдгэлзүүлсэн өмгөөлөгчдийн хувьд мэргэжлийн үйл ажиллагаагаа цааш явуулахад хүндрэлтэй зүйлүүд гарч байсан. Өмгөөллийн тухай хуулийн Дэд ажлын хэсэгт орж ажиллаж байсны хувьд шинэ хуулиар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх хугацааг зургаан жил болгосон нь их зөв алхам гэж харж байна. Тиймээс эрхээ түдгэлзүүлсэн өмгөөлөгчид зургаан жилийн хугацааг хатуу бариарай.
Дараагийн бидний хийхээр төлөвлөж байгаа ажил бол Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчид шүүх хуралдаанд өмсгөлтэй оролцоно гэж заасны дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Өмгөөлөгчийн өмсгөлийн загвар шалгаруулах уралдааныг ОНМХ-ээр зарлаж, удирдамжийг өдөр тутмын сонинд тус тус нийтлүүлсэн. Ер нь Өмгөөлөгчийн өмсгөл бол мэргэжлийн онцлогийг харуулсан, өнгө үзэмж сайтай, авч явахад үрчийхгүй тохиромжтой материалаар хийгдсэн, хэн ч харсан “- Энэ хүн өмгөөлөгч байна” гэж харагдахуйц байдлаар өмсгөлийг хийхийг зорьж байна. Хуульд өмсгөлтэй байна гэж заасан учраас өмгөөлөгч шүүх хуралдаанд өмсгөлтэй оролцох нь зайлшгүй. Түүнээс биш хэдэн жилийн өмнө сошиалаар яваад байсан буруу ташаа мэдээлэлд итгэж, төөрөгдөхгүй байхыг нийт өмгөөлөгчдөөс хүсэж байна. Нийгмийг түүчээлэгч хүч болдог хуульч, өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд өмсөх өмсгөлийн загварыг Мэргэжлийн загварын товчоо, хувь хүнээс ирүүлсэн хамгийн шилдэг, шинэлэг загварыг Ажлын хэсгийнхэн шалгаруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид хэдий хугацаанаас эхлэн өмгөөлөгчид шүүх хуралдаанд тус өмсгөлийг өмсөж эхлэх вэ гэдгийг тухайн цаг бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
-Өмгөөллийн тухай хууль батлагдсанаас хойш гарч буй хүндрэл бэрхшээл юу байна. Ойрын хугацаанд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Өмгөөллийн шинэ хуулиар төрөөс хараат бус аливаа нэг улс төрийн намын оролцоогүй Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ олгох эрх нээгдсэн.
- 2020 оны аравдугаар сарын 3-ны өдөр хуралдсан Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлаар Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөл 21, Хяналтын зөвлөл долоо, Мэргэжлийн хариуцлагын хорооны долоон гишүүнийг сонгосон бөгөөд урьд нь байгаагүй хуулийн шинэ зохицуулалтаар Өмгөөлөгчдийн Холбоо үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд Удирдах зөвлөлөөс дэд ерөнхийлөгчийг томилж, ажлын аппаратыг бүрдүүлж, 2021 оны төсөв, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө болон хэд хэдэн дүрэм журмуудыг баталлаа. Энэ үеэр дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахалтай холбогдуулан Өмгөөлөгчдийн Холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хүндрэл бэрхшээлүүд гарч байгааг хэлэх хэрэгтэй. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын 178 дугаар тогтоол гарч, улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэмд орсонтой холбогдуулан аливаа хурал цуглаан, сургалт болон бусад үйл ажиллагааг хориглосон. Өмгөөлөгчдийн Холбоо Улсын онцгой комисст хандан албан тоот хүргүүлж, үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 18 байгууллагын жагсаалтад өмгөөллийн үйл ажиллагааг багтааснаар өмгөөлөгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, Удирдах зөвлөлөөс баталсан чиг үүргийн дагуу Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийг цахимаар хийж дуусгалаа. Өмгөөлөгчдийн Холбооноос энэ оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, өмгөөлөгчийн үнэмлэхийг олгосноос хойш нийт 936 өмгөөлөгч хамрагдсан.
-Өмгөөлөгчдийн нэр хүнд, ур чадвар, ёсзүйн асуудал хөндөгддөг. Мөн татвар хураамж төсөв мөнгө ил тод байдал шүүмжлэл дагуулж ирсэн. Та ямар зарчмаар ажиллах вэ?
-Монгол Улсын хэмжээнд шүүхэд төлөөлөх эрхтэй 3251 өмгөөлөгчийн бүртгэлийг Дээд шүүхээс бид албан ёсоор хүлээж авсан боловч Улсын дээд шүүх, Хуульчдын холбооноос ирүүлсэн өмгөөлөгчдийн бүртгэлийн тоо зөрүүтэй байсныг цэгцэлж, өнөөдрийн байдлаар нас барсан, хуульчийн эрх нь хүчингүй болсон зэрэг шалтгааны улмаас 186 өмгөөлөгч дээрх бүртгэлээс хасагдах жишээтэй. Мөн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлтэй өмгөөлөгчдийн мэдээллийг ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас аваад байна. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон найман өмгөөлөгчийн хуульчийн эрхийг хүчингүй болгуулахаар Хуульчдын холбоо руу албан тоот явуулсан. Бидний дараагийн хийх ажил бол иргэд, үйлчлүүлэгчээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу зарим нэг хуульч, өмгөөлөгчдийн дипломын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон хуулийн чиглэлийн их, дээд сургуулийн удирдлагуудтай хамтарч, шалгах ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн хуульгүй байсан хугацаанд өрнөсөн зарим алдаатай зүйлүүдийг эмхэлж цэгцлэх ажлыг эхлүүлээд байна. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Өмгөөллийн тухай хууль батлагдахаас өмнө 21 аймагт салбар зөвлөлтэй байсан. Хууль батлагдсаны дараа ч энэ хэвээрээ үйл ажиллагаа явуулж байна. Сум дундын шүүхтэй зарим аймгийн тодорхой сумдад салбар зөвлөлүүд байдаг. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлтэй нийлээд 24 салбар зөвлөл байна. Үндсэн хуулиар олгосон хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа тасралтгүй Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа иргэдэд хүрч үйлчлэх ёстой. Орон нутагт ажиллаж байгаа салбар зөвлөл бол Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шууд харьяа байгууллага юм. Үүгээр дамжуулж Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаа хөдөө орон нутагт хүрч хэрэгжиж байна. 2014 оноос орон нутагт ажиллах өмгөөлөгчдийн тоо эрс өссөн нь орон нутагт хууль зүйн туслалцааг хүртээмжтэй явуулах боломжтой болсон. Орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарыг тун удахгүй Удирдах зөлөлийн хурлаар томилохоор төлөвлөж байна. Салбар зөвлөлүүдээс саналыг нь авч, ажилласан жилийг нь харгалзан үзэж, удирдан зохион байгуулах чадвартай өмгөөлөгчийг Зөвлөлийн даргаар томилж таарна. Бид орон нутгийн салбар зөвлөлийн ажиллах журмыг Удирдах зөвлөлөөр баталсан. Хамгийн том салбар бол мэдээж Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл байдаг. Өмгөөллийн тухай хуулиар Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарыг санал болгосны дагуу Удирдах зөвлөл баталгаажуулж томилох учиртай. Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд өмгөөллийн шалгалт гэж байхгүй болсон. Үүнтэй холбогдуулан хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульч бүр Хуульчдын холбооноос батламж, Улсын Дээд шүүхээс Шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ, үнэмлэх авч өмгөөлөгч болж байсан. Хуульч болсны бонус нь “өмгөөлөгч” болж байсан гэхэд хилсдэхгүй. Өмгөөлөгчийн шалгалт авахаа больсноос хойш өмгөөлөгчдийн тоо эрс өсөж, тэр хэрээр өмгөөллийн салбарын нэр хүнд унаж, өмгөөлөгчийн ёс зүйн асуудал хөндөгддөг болсон. Үүнд өмгөөлөгчөөс болж хохирсон иргэдийн гомдол бишгүй их байсан. Бид үүнийг засаж сайжруулахын төлөө ажиллаж байна. Өмгөөлөгчийн гишүүнчлэлийн сарын хураамжийг 30 мянган төгрөг болгосонтой холбоотойгоор зарим өмгөөлөгчид гишүүнчлэлийн хураамжийг шууд 3251 өмгөөлөгчдөд автоматаар үржүүлж, сард 90-ээд сая төгрөгийн орлого олдог гэсэн буруу ташаа мэдээлэл тараадаг. Гэтэл яг идэвхтэй өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгчдийг тооцвол 2000 орчим бий. Шинэ хуулиар Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгэлтэй өмгөөлөгчид гишүүнчлэлийн хураамжийг заавал төлөх үүрэг хуулиар хүлээсэн. Үүнийгээ өмгөөлөгчид ялгаж салгах хэрэгтэй. Өмнөх ТББ-ын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан сайн дурын гишүүнчлэлтэй Өмгөөлөгчдийн Холбоотой харьцуулж болохгүй. Үнэн хэрэгтээ Өмгөөлөгчдийн Холбоо гишүүнчлэлийн хураамжаас өөр төсөвгүй байгууллага. Тиймээс Удирдах зөвлөлөөс гишүүнчлэлийн хураамжийг эхний улиралд багтааж төлөх журмыг гаргасан нь гишүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Гэвч Өмгөөлөгчдийн Холбоо хэвийн үйл ажиллагаагаа явуулахад өмгөөлөгчид гишүүнчлэлийн хураамжийг цаг тухай бүр төлж байх нь гишүүний үүргээ биелүүлээд зогсохгүй, Холбооны цаашдын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх арга зам гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Зарим нэг хуульч, өмгөөлөгчдийн дипломын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон хуулийн чиглэлийн их, дээд сургуулийн удирдлагуудтай хамтарч, шалгах ажлыг хийхээр төлөвлөж байна.
2018 оноос хойш Өмгөөллийн тухай хууль яригдаж эхлэхэд өмгөөлөгчийн шалгалттай болохоос өмнө гээд шүүх, прокуророос халагдсан, тэтгэвэрт гарсан ихэнх хүмүүс Улсын дээд шүүхээс Шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авч “хадгалчихсан” гэдэг нь үнэн шүү дээ. Өчигдөрхөн хэрэг маргаанд байцаалт аваад сууж байсан мөрдөгч, прокурорууд маргааш нь нөгөө талд өмгөөлөгч болчихсон явж байх жишээтэй. Энэ бүх гажуудлыг цэгцлэхийн төлөө Өмгөөлөгчдийн Холбоо үйл ажиллагаа явуулж байна. Өмгөөллийн салбар бол шүүх, прокурор, цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахдаа очдог сүүлчийн хорогдох газар биш. Хуульчдын сор нь өмгөөлөгч гэдэг үг бий. Гадны улс орнуудад хамгийн өндөр мэдлэг боловсролтой, нэр хүндтэй, хүний эрх, шударга ёсны төлөө тэмцдэг хуульчид бол өмгөөлөгч байдаг. Гэтэл хуульгүй байсан энэ олон жилийн хугацаанд манай өмгөөллийн салбар “бүл ч сайн нэмлээ”. Тэр хэрээр нэр хүнд, ёс зүйн асуудал ч нийгэмд ихээр хөндөгдөж ирлээ. Одоо Өмгөөллийн тухай хуулиар эхлээд хуульч болсны дараа өмгөөлөгчийн шалгалт өгч байж мэргэжлийн өмгөөлөгч болдог хуулийн зохицуулалттай болсон. Мэргэжлийн хариуцлагын хороо өмнө нь ХЗДХЯ-ны харьяа байсан бол одоо Өмгөөлөгчдийн Холбооны дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Мэргэжлийн хариуцлагын хорооны долоон гишүүний дөрөв нь өмгөөлөгч, үндэсний статистикийн хорооноос санал болгосон нэг иргэн, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, ХЗДХЯ-аас нэг нэг төлөөлөл орж ажиллана. Ирэх тавдугаар сарын эхээр Мэргэжлийн хариуцлагын хороо албан ёсоор хурлаа хийхээр төлөвлөсөн. Намайг ажлаа авснаас хойш 103 өмгөөлөгчид холбогдох 93 гомдол ирсэн. Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хуульчдын холбооноос 200 гаруй гомдол ирнэ. Тэр бүгдийг нэгтгээд Мэргэжлийн хариуцлагын хороо асуудлуудыг цаг тухай бүрд нь шийдвэрлээд явна. Мөн залуу хуульч, өмгөөлөгчдөөс ирж байгаа саналын дагуу Мэргэшлийн хороо тун удахгүй байгуулагдаж, өмгөөлөгчийн шалгалт авах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулж байна.
-Эргээд өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах тал дээр ямар ажил хийх вэ?
-Гишүүнчлэлийн хураамжийг шууд 3251 өмгөөлөгчдөд автоматаар үржүүлж, сард ерээд сая төгрөгийн орлого олдог гэсэн буруу ташаа мэдээлэл тараадаг. Гэтэл яг идэвхтэй өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгчдийг тооцвол 2000 орчим бий.
-Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар Өмгөөллийн тухай хуульд тодорхой заачихсан. Өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, хариуцлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахад дэмжлэг үзүүлнэ. Өмгөөлөгчид дөрвөн кредит цагийн сургалтад хамрагддаг байсныг Хуульчдын холбооноос цар тахалтай холбогдуулан гурав кредит цаг болгосон бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өмгөөлөгчид ямар сэдвээр сургалтад хамрагдах талаар цахимаар судалгаа авч байна. Өмгөөлөгчдөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг хугацаагүй олгохоор хуульд заасны дагуу хэвлүүлсэн. Харин өмгөөлөгчийн үнэмлэхийг нэг жилийн хугацаатай гаргасан нь сошиалд багагүй шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Гэвч аливаа зүйл хоёр талтай. Өмнө нь Улсын дээд шүүхээс олгосон өмгөөлөгчийн үнэмлэхийг хугацаагүй олгож байсантай холбоотой багагүй зөрчлүүд байсан. Учир нь хуульчийн эрх нь хүчингүй болсон цөөн тооны этгээдүүд Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийг бусдад үзүүлж иргэдийг хохироож байгаа зөрчлүүд гарч байна. Гэтэл сөрөг тал нь эрх нь хүчингүй болсон хүн үнэмлэхээ авчирч өгдөггүй. Хууль хяналтын байгууллагууд ч хүчинтэй эсэхийг нягталдаггүй учраас хуульчийн эрхгүй хүн өмгөөлөл үзүүлж байгаа тохиолдол одоо ч гарсаар байна. Тиймээс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхээр үйлчлэхгүй гэсэн албан бичгийг хуулийн байгууллагуудад явуулж байна. Үүнтэй холбоотой хуульгүй замбараагүй явж ирсэн энэ хугацаанд үүссэн зөрчлүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас 2021 онд олгож буй өмгөөлөгчийн үнэмлэхийг хугацаатай олгож байгаа бөгөөд яваандаа энэ асуудлыг нэгмөр цэгцэлнэ. Тиймд өмгөөлөгчид бухимдах шаардлагагүй. Шинэ хуулиар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах бол ажлын байр, банкны харилцах данстай байхыг хуульчилсан. Цаашдын чиг хандлагыг харвал өмгөөлөгчид ганцаараа өмгөөлөл хийх нь хумигдаж, багаар ажиллах нь илүү үр дүнтэй гэж үздэг болсон. Багаар ажиллах нь тухайн хэргийг харах өнцөг, гаргалгаа хайх, үйлчлүүлэгчдээ давуу байдал үүсгэх зэрэг онцлог тал ихтэй. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг 160 граммын үнэт цаасан дээр нууцлалын өндөр зэрэглэлтэй, бар кодтой хэвлэсэн учраас үнэт цаас, эрхийн гэрчилгээний дугаарууд дахин давтагдахгүй учраас хуурамчаар үйлдэх боломжгүй. Өмгөөлөгчийн үнэмлэхийг бар кодтой болгоно. Бар кодыг уншуулангуут Холбооны сайтаас тухайн өмгөөлөгчтэй холбоотой бүх мэдээллийг харуулдаг болох юм. Мөн шүүх хуралд орох, аль нэг газар байцаалттай байхад шууд харагдах боломжтой. Ингэвэл өмгөөлөгч шүүх хурлыг хойшлууллаа гэдэг асуудал ч цэгцэрнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.21 ЛХАГВА № 80 (6557)