Н.МӨНХЖИН
Бээжингийн Тяньанминий талбайд эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэхэд нэр хүнд бүхий Бейдагийн их сургуулийн Биологийн факультетийн гуравдугаар курсын оюутан Шэн Тон 20 настай байжээ. Тэрээр оюутны хөдөлгөөний толгойлогчдын нэг байсан бөгөөд Засгийн газартай яриа хэлэлцээ хийх хорооны гишүүн байсан юм. Шэн нийслэлийн төв талбай дахь аллагын гэрч болсноос хойш зургаа хоногийн дараа буюу зургадугаар сарын 10-нд Бээжингээс зугтан гарч чаджээ. Шэн Тон Америкт ирээд Хятад дахь ардчилсан үйл явцыг дэмжих Democracy for China Fund санг байгуулсан юм. 1990 онд Тяньанминий эсэргүүцлийн хөдөлгөөний талаар анхны номоо гаргажээ.
Тухайн үед гадаад руу гараад байсан оюутнууд эх орондоо тавтай эргэн ирж болно хэмээн Хятадын удирдагч Дэн Сяопин мэдэгдсэн нь Шэний сэтгэлийг хөдөлгөж тэрээр 1992 онд нутагтаа буцаж ирсэн ч шоронд орсон байна. Гэвч Хятадын эрх баригчид 54 хоногийн дараа Билл Клинтоны засаг захиргааны болон бусад дарамт шахалтын улмаас түүнийг суллажээ. Шэн Тон 1990-ээд оны сүүлчээр програм хангамж, хэвлэл мэдээллийн салбарын бизнесмэн болон гялалзсан ч босогч, тэрслүү зангаа орхисонгүй. Нью-Йоркт очиж “Уолл Стритийг эзэл” жагсаалд оролцож байсан удаатай.
Түүнтэй EL PAIS сонин улсаар холбогдон ярилцжээ.
-Та яагаад 1989 оны ардчиллын төлөөх хөдөлгөөнд нэгдсэн юм бэ?
-Их сургуульд ороод л оюутны хөдөлгөөнд аль хэдийнэ нэгдчихсэн байсан. 1989 онд ахмад идэвхтэн цөөхөн оюутны нэг нь би байлаа. 1980-аад оны эцсээр оюутнууд улс төр сонирхохоосоо илүү гадаадад сурч, наймаа хийхийг боддог байсан. Ху Яобан нас барах хүртэл Бейда их сургууль дээр байдаг бидний жижиг бүлэг бараг дэмжлэг авдаггүй байсан даа. Ху Яобан үнэн хэрэгтээ хамгийн шинэчлэгч үзэлтэй коммунист лидер байсан тул 1986-87 онд оюутны хөдөлгөөнд оролцож байсан залууст түүний үхэл онцгой туссан юм. 1987 онд оюутны хөдөлгөөнийг хүчээр дарсны дараа Ху Яобан шахалтад орж огцорсон.
-Тэр хөдөлгөөнөөс хамгийн сайнаар дурсагддаг зүйл юу вэ?
-Дөрөвдүгээр сарын 26 гэхэд гудамжны эсэргүүцэл, хичээл хаях зэрэг их сургууль дээрх үйл ажиллагаа эхлээд найм, ес хоносон байсан. Коммунист намын албан ёсны сонин дээр манай хөдөлгөөнийг “Хувьсгалын эсэргүү, “хүмүүжүүлэгчид”-ийн хийж буй ажил” хэмээн нэрлэсэн редакцийн өгүүлэл гарсан байлаа. Эсэргүүцлийн хөдөлгөөний гол цөмийг бүрдүүлж байсан Бээжингийн их сургуулийн оюутнууд “Ху Яобаныг дурсаж, аядуу шинэчлэл хийхийг хүсч, гуйж байхад яагаад ингэж бичиж байгаа юм” хэмээн их уурласан. Бид 27-нд төлөвлөөд байсан жагсаалаа хийсэн бол цагдаа нарын хатуу нүүртэй тулах байсан. Би Бейдагийн мэдээллийн төвийн ажилтан байсан. Үүнээс гурав хоногийн өмнө эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулах хорооны таван гишүүний нэгээр сонгогдчихсон байсан юм. Тэр шөнө бид “Зөвхөн оюутны хотхон дотроо жагсаал зохион байгуулъя, тэгвэл дээрээс ирэх дарамт шахалт хавьгүй бага байна” хэмээн олонхийн саналаар шийдсэн. Гэвч дараагийн өдөр нь оюутнууд жагсаалд нэгдэхээр шийдэж, хорооны таван гишүүний манлайллын үүрэг дууссан юм. Хотын төв рүү явж байхад хажуугаар зогссон бараг сая орчим хүн бидэнтэй мэндчилж, дэмжсэн. Тэр мөч их дурсгалтай байдаг. Бид Засгийн газарт анхааруулга өгч чадсан.
-Тэгвэл хамгийн муу дурсамж нь...?
-Аллагын шөнө. Зургадугаар сарын 3-ны шөнө би Сидан дүүрэгт (Тяньанминий талбайгаас баруун тийш хоёр км) байсан юм. Олон жагсагчийн үхлийг би харсан. Хоёр залуу хуягт тээвэрлэгч болон цэргүүдийг ачиж явсан машин руу алхаж “Хүмүүс рүү буудаж болохгүй” гэж хашгирч явсан. Тэд цэргүүдийг ятгаж, зогсоож чадах юм шиг сэтгэгдэл төрж байсан даа. Би тэр үед богино үстэй, хөөрхөн залуу байсан. Тэдний араас гүйж ачааны машинд хүрээд тэр олон буун дуу, үхлийг хараад дийлдэшгүй сэтгэхүйд автсан. Тэгээд цэргүүдтэй ярьж эхэлж “Та нар Бээжинд байгаагаа мэдэж байна уу” гэж асуухад тэд толгой сэгсрэн няцааж байсан юм. Тэр үед гар бууны дуу гарсан. Тэр ачааны машинд байсан офицер над руу буугаа чиглүүлэх шиг болсон. Миний ард хэдэн хүнтэй жижиг бүлэг явж байсан, тэдний урд байсан ганц хүн нь би байсан. Сум миний хажуугаар өнгөрч ард явж байсан эмэгтэйн нүүрэнд нь туссан. Хэн нэг нь намайг татаж авто зам, явган замыг тусгаарлаж байсан хашлаганы араар оруулсан юм. Тэр эмэгтэйн нүүрэнд туссан сумны нүх одоо ч нүдэнд харагддаг. Тэр үед таарсан манай нэг хамаатан намайг дугуйндаа суулган зайлуулсан. Мөн хэсэг хүмүүс нэг цэргийг элдэн хөөж тоосго ховхлон шидсээр гэмтээхийг харсан. Дараагийн 15 жилийн турш би хар дарж зүүдэлдэг байлаа. Тэр үйл явдлыг тайван тунгааж харж чадах хүртлээ олон жил болсон.
-Эсэргүүцлийн хөдөлгөөн яагаад бүтэлгүйтсэн юм бэ?
-Яагаад бүтэлгүйтсэнийг их хожуу л мэдсэн. Эсэргүүцлийн хөдөлгөөн өргөжиж, нийгмийн янз бүрийн давхаргыг хамраад байсан. Хятад даяар 400 гаруй хотод 100-150 сая хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жагсаал ийм амжилтад хүрсэн хийгээд дараа нь цус урсган дарсан нь Хятадын Коммунист намын гол цөм доторх хагаралтай холбоотой. Тэр бол Хятадын орчин үеийн түүхийн тун чухал үе байсан. Дэлхийн түүхэнд ч чухал үйл явдалд тооцогдоно. Гэхдээ одоо ч хэтэрхий шинэ түүх хэвээрээ байна шүү дээ. Тэр үед яг юу болсон, Тяньанминий талбай дээрх зургадугаар сарын 4-ний үйл явдлын зарим учир, зангилаа одоо ч тайлагдсаар байна.
-25 жил өнгөрсний дараа бид ямар сургамж авах ёстой вэ?
-Хоёр чухал сургамж байна. Бид улс төр, эдийн засгийг либералчлах, шударга ёсыг хөхиүлэх шаардлага тавьж байсан. Авлигын эсрэг дуу хоолой ч хүчтэй байсан. Хэдийгээр улс төр, хүний эрх, иргэний эрх чөлөөний талбарт ноцтой ухрал, доголдол гарч байсан ч Хятадын эдийн засгийн гайхамшиг гэж нэрлэсэн нэг зүйл байсныг бид мэднэ. Засгийн газар энэ санааг гаргасан хүнийг хөнөөсөн байж болох ч тэр санааг хүлээн авч Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тун хурдан хэмнэлтэйгээр нээсэн.
Нөгөө нэг нь санаа их зовоосон, гунигтай сургамж. Хятад улс зөвхөн цэргийн хүч, эдийн засгийн баялгаа хөгжүүлснээр баян, хүчирхэг улс болж чадах уу? Зөвхөн эд материал дээр төвлөрч хөгжин цэцэглэж хүмүүсийг аз жаргалтай болгож чадах уу? Үүнийг ялгаж салгаж, давж гарах нь эдийн засгийн хөгжлөөс ч илүү сургамж, гэрээслэл юм. Тяньанминий талбай дээр дахиж жагсаал хийлгэхгүй, улс орны аюулгүй хангах ёстой гэсэн нэрийн дор бүх ард түмнийг дуугүй болгож, номхон хүлцэнгүй байлгах ажлыг гарамгүй хийсэн. Нөхцөл байдал одоо ч тэр үеийн аймшигт аллагын дараахь нөхцөл байдал, сэтгэхүйтэй адил байна. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа ямар байдалтай, ямар айдастай байдагтай адил айдас, хүйдсийн сэтгэхүй одоо ч байсаар байна. Хүмүүс одоо тэр үйл явдлын талаар ярихгүй байна.
-Та 1989 оны зургадугаар сарын 10-нд нисэх онгоцоор Бээжинг орхин гарч чадсан. Нисэх буудлын цагдаагийн хяналт шалгалтыг хэрхэн давж гарсан бэ?
-Тэрийгээ одоо ч сайн мэддэггүй. Бараг л гайхамшиг тохиосон. Учир нь олон хүн баривчлагдаж, олон хүн Хятадаас гарч чадах хүртлээ олон сар, жилээр нуугдсан байсан. Биднийг олон хүн дэмждэг байсан нь зугтаж гарч чадах нэг шалтгаан болсон болов уу гэж боддог. Сайд нар, генералуудын талаас илүү нь бидний талд байсан. Хүмүүс туслах гэж оролдож байсан нь Засгийн газрын хүмүүст нөлөөлсөн. Бид нар эх орончид байсан. Бид Коммунист намыг унагах гэж оролдоогүй. Аллага болоход миний гэр бүлд мэдээ дуулгах хүмүүс байсан болохоор намайг нуугдуулж чадсан юм. Нуугдаж байсан сүүлчийн газраасаа нисэх буудал хүрэхдээ цагдаагийн машинаар явж байлаа шүү дээ. Намайг Хятадаас зугтахад Засгийн газрын нэг хэсэг нь тусалж байгааг Засгийн газрын нөгөө хэсэг нь мэдэхгүй байсан.
-Хэзээ нэгэн цагт ардчилсан Хятад орныг харна гэдэгтээ итгэдэг үү?
-Хэзээ гэдгийг мэдэхгүй ч надад найдвар байгаа. Одоогоор би гутранги үзэлтэй байна. 1989 оныг одоотой харьцуулбал Хятадын нийгмийн хүчнүүд болон Коммунист намын янз бүрийн бүлэг, фракцийн хооронд хамтран ажиллах жинхэнэ боломж гарч ирээд байна. Эдийн засгийн хувьд, хотын иргэдэд амьдралын илүү сайн нөхцөлийг бий болгосон. Энэ ололтыг үгүйсгэх шалтаг байхгүй. Гэвч байгаль орчин бохирдож, иргэдийн ихэнх нь аймшигтай нөхцөлд ажиллаж, ийм өндөр үнэ төлөх хэрэг байсан юм уу. Эрх баригчид нэг удаа хожигдохыг ч хүлээн зөвшөөрдөггүй юм шиг байгаа юм. Бид бол зуун удаа хожигдсон ч чадна. Учир нь Хятадад идэвхтнүүдийн нэгээс илүү үе байна. Нэг систем ийм удаа үргэлжилж чадахгүй гэж түүх надад хэлдэг. Дарангуйллыг өргөжүүлж, хүний эрхийг гажуудуулж байгаа нь надад гунигтай санагдаж, намайг гутранги болгож байна. Гэвч Хятад дахь идэвхтнүүд надад итгэл найдвар хайрлаж байна.