С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин “Элчин сайд ярьж байна” буландаа Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг урьж ярилцлаа.
-Таны хувьд Монголын түүх соёл, уламжлалыг сайн мэддэг цөөн Элчин сайдын нэг. Тэр дундаа босоо монгол бичгээр уншдаг нь их онцгой санагдлаа. Анх Монгол Улстай хэрхэн холбогдож байв?
-Миний хувьд бага наснаасаа Монголын тухай ном уншиж, судалж өссөн. Ингэж шимтэн суралцахдаа манай өвөг дээдэс хүннүчүүдийн төв Ази гаралтай гэдгийг олж мэдсэн. Мөн Монгол маш сонин, гоё газар байдаг гэж Монголд ажиллаж, амьдарч байсан унгар хүмүүсээс олон удаа сонсоод очиж үзэхийг их хүсч байлаа. Тухайн үед есөн настай байсан санагдаж байна. Ингээд 1993 онд анх удаа Монголд ирснээс хойш байнга ирдэг болж Монголтой холбогдсон.
Харин уйгаржин монгол бичгийн тухайд 1990-ээд оны эхэн үед Унгарын Элтэ их сургуулийн Монгол хэлний тэнхимд суралцаж байхдаа та бүхний сайн мэдэх Хар Дорж /Б.Ринчен гуайн хүргэн/ багшид шавь орж анх заалгаж байсан. Түүний дараа 1995 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд суралцаж байхдаа илүү хичээж, эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан “Алтан товч”, “Эрдэнийн товч” гэсэн алдартай бүтээлүүдийг уйгаржин бичгээр уншсан. Нэг сонирхолтой гэмээр үйл явдал болсон нь нэг удаа Өвөрмонголд судалгааны ажлаар явж байгаад төөрчихлөө. Хөдөө явах автобусны билет авах учраа олохгүй байж байснаа цаасан дээр явах газрынхаа нэрийг хятадаар, хажууд нь уйгаржин бичгээр бичээд зогсов. Тэгтэл нэг өвөрмонгол залуу уншаад надад тусалсан. Тухайн үед би их баярлаж, “Эрдмийг хураавал далай” гэдэг монгол ардын зүйр цэцэн үг санаанд орж билээ.
-Хүннү судлаач, Монголын нууц товчоог орчуулсан гэдгийг монголчууд тэр бүр мэдэхгүй. Монголын түүхийг шимтэн судалдаг хүний хувьд манай улсын талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ. Тэр дундаа онцгой сэтгэгдэл үлдээсэн түүхэн баримтаас хуваалцвал манай уншигчдад их сонирхолтой санагдана байх?
-Сонирхолтой түүхийн баримт олон бий. Монгол, Унгар хэлэнд төстэй үгнүүд бий. Тухайлбал, “Алтан товч”-ийг уншиж орчуулж байхад бэтэги-бэтэг гэсэн адилхан үг нэлээн хэд байсан. Мөн газар усны адилхан нэр тааралдаж байсан нь Улаанбаатараас ойрхон эртний дурсгал бүхий газар байдаг бол манай Унгарт бас Бэл гэдэг эртний тахилгын газар байдаг. Манай хоёр ард түмний эрт дээр үеийн угсаатны зүйн зан үйл мөн төстэй гэж хэлж болно. Жишээлбэл, нарны тахилга, анд бололцох ёсны зан үйл “Монголын нууц товчоо”-нд нэлээд дурдагддаг бол манай “Gesta Hungarorum” түүхэн баримт бичигт ч иймэрхүү ижил төстэй зан үйлийн талаар бичиж үлдээсэн нь бий. Үүнийг үндэслэж хоёр ард түмний төстэй зан үйлийн судалгаа хийхээр төлөвлөж байгаа.
Тамганууд бас их сонин санагддаг. Рашаан хадны тамгануудыг Унгарын дундад зууны үеийн тамгатай харьцуулсан судалгаа хийхэд хоорондоо нэлээн төстэй үр дүн гарсан. Би өнгөрсөн аравдугаар сард Говь-Алтай аймгийн Цээл сумын Цагаан гол гэдэг газар дахь хадны зургуудыг очиж үзсэн. Тэнд тэмдэглэгдсэн тамгануудын дотор Хүннү тамга байсан нь Кавказ, Унгар тамга мөн гэж үзэж байна. Мөн миний ажигласнаар манай хоёр ард түмний эртний түүх, ёс заншил, бөөгийн зан үйлд төстэй зүйл нэлээн байгаа учир нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй. Үүнээс гадна Унгар улс монголчуудтай хамаатан, нэг угсаатан гэж хэлж болно. Цаашдаа Монгол, Унгар хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд судлаачдыг урьж, илүү нарийн судалгаа хийлгэхээр Унгарын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ярилцаж байна.
-Монголын түүх судлалын ажлаа үргэлжлүүлэх үү. Цаашид Монголын талаар аль чиглэлд илүүтэй судалж мэдэхийг хүсч байна вэ?
-Миний хувьд Монголын талаар, Монголын түүхийн талаарх судалгаагаа одоо ч гэсэн хийсээр байгаа. Гэхдээ одоо зав жаахан хомс байгаа болохоор ажлынхаа зав чөлөөгөөр хийж байгаа. Ер нь Монгол, Унгарын талаар хоёр чиглэлээр судалгаа хийхээр төлөвлөсөн. Нэг дэх нь угсаатны зүй. Жишээлбэл, манай унгаруудын эртний шүтлэгийн зан үйл нь бөөгийн шүтлэг байсан. Үүнийг Монголын тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн зан үйлтэй харьцуулан судлахаар монгол судлаач найзтайгаа хамт судалгааг эхлүүлсэн байгаа. Үүнээс гадна Говь-Алтайд байдаг Хүннүгийн дурсгал, зам харилцаа нь Торгоны замтай хэрхэн холбогдож байгаа нь сонирхол татаж байгаа. Манай эриний өмнөх I зууны үед Хятад, Хүннүгийн харилцаанд Говь-Алтай аймаг ямар үүрэг гүйцэтгэсэн талаар судлах санаа байна. Бас Унгарын эртний сурвалж бичигт байгаа хүннүгийн дурсгал, домгуудыг Монголтой харьцуулж судлах гээд судалгааны ажлын сэдвүүд ар араасаа жагсаж байна.
-Монгол Улс, Унгар улстай дипломат харилцаа тогтоогоод 70 гаруй жил боллоо. Хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ. Цар тахлын онцгой нөхцөл байдалд хоёр улсын харилцаа хэрхэн өргөжиж байна вэ?
-Өнгөрсөн жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон. Одоо манай хоёр орны харилцаа өндөр түвшинд сайн явж байгаа. Хамтын ажиллагааны тэргүүлэх салбар бол боловсрол, эрдэм шинжилгээ, хөдөө аж ахуй, зам тээвэр байна. Эдгээр чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байгаа. Ялангуяа, хөдөө аж ахуйн салбарт онцгойлон анхаарлаа хандуулж, Сонгино дахь Биокомбинат УТҮГ-ын шинэчлэлийн төслийн явцыг түргэтгэхээр ажиллаж байна. Ийм том төслийн хувьд санхүүжилтийн асуудлыг маш нарийн ярилцаж, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргах ёстой. Мөн соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд киноны салбарт хэд хэдэн ажлыг хийж эхлүүлсэн байгаа. Цар тахлын энэ цаг үед бид хамтран ажиллах чиглэл, зорилгоо тодорхойлоод харилцан ярилцаж, гэрээ хэлэлцээрээ хийгээд бэлтгэлээ хангачихвал цаг тайван болмогц төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэж бодож байгаа.
Манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа тогтвортой, үр дүнтэй явж байгаа. Тухайлбал, Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр 200 монгол оюутан Унгарт суралцаж байна. Үүнээс гадна их сургуулиудын багш, оюутан солилцох зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа. Түүнчлэн хоёр орны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран археологи, ДНК-ийн судалгааг хийнэ. Энэ жилийн хувьд хоёр улсын археологийн хамтарсан судалгааны экспедицийн 60 жилийн ой тохиож байгаа. 1961 онд Унгарын археологчид Улаанбаатараас ойрхон хүннүгийн булшинд малтлага хийсэн байдаг. Энэ жил Унгараас бас хоёр археологич ирж, Монголын археологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран дахин малтлага хийж хамтын ажиллагаагаа сэргээхээр ярилцсан. Мөн технологийн чиглэлээр ч хамтран ажиллах бүрэн боломжтой.
-Унгар улс өнгөрсөн жилийн хугацаанд цар тахалтай хэрхэн тэмцэв. Мөн цар тахлын үеэр иргэдийнхээ амьжиргаа, эдийн засгийг сэргээх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Цар тахлын үеэр Унгарын Засгийн газраас эдийн засгийн хэрхэн хамгаалах вэ гэдэг зорилго тавин ажиллаж байна. Эдгээрээс хамгийн чухал нэг зүйл бол экспортын гүйцэтгэлийг хадгалах, шинэ гадаад зах зээлийг олж авах явдал юм. Бид зөвхөн амьд үлдэхийг бус, харин тахлын өмнөх үеэс илүү хүчтэй байхыг хүсэж байгаа. Унгарын бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, борлуулалтыг сайжруулах нь чухал юм. Эдийн засгаа хамгаалах хүрээнд мөн ажлын байрыг хадгалах, хөрөнгө оруулалт, стратегийн ач холбогдол бүхий аж үйлдвэрийг дэмжих, компаниудын хөрвөх чадварыг хангах зорилтыг тавьж байна. Ажлын байрыг хамгаалах, шинээр ажлын байрыг бий болгоход хөрөнгө оруулалт чухал. Манай Засгийн газраас үүнийг дэмжиж хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг. Унгарын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрөөр олон улсын шинэ зах зээлд гарах боломжтой гэж үздэг. Цар тахлын улмаас алдсан бүх ажлын байрыг нөхөх зорилгоор ажлын байрыг нөхөх эвсэлд Унгарын Засгийн газар нэгдсэн. Засгийн газрын энэ хөтөлбөрөөр 2020 онд гэхэд 1433 хөрөнгө оруулалтыг татаж, энэ нь 12603 ажлын байр бий болгож, 264595 ажлын байр хадгалах баталгаа болно гэсэн үг юм.
-Унгар улсад байгаа монгол иргэд COVID-19 халдварт цөөнгүй өртсөн. Ер нь гадаад улсын иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээ, вакцинжуулалтад хэрхэн хамруулж байна вэ?
-Унгарт ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн хувьд хэрвээ Унгарын хуулийн дагуу нийгмийн даатгал төлдөг бол эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээ, вакцинжуулалтад үнэгүй хамрагдах боломжтой. Гадаадад даатгуулсан хүмүүс тухайн улсын даатгалын эрхийн гэрчилгээтэй байдаг. Тухайлбал, Европын холбооны карт, Европын холбооны Е112/S2 маягт эсвэл тусгайлан боловсруулсан маягт бий. Түүгээр гадаадын иргэд Унгарын даатгуулагчтай адил үнэ төлбөргүй үйлчлүүлж болно. Дээр дурдсан эрхийн гэрчилгээгүй, гадаадад даатгуулсан хүн бол төлбөрийг тарифын журмын дагуу төлнө. Дараа нь тухайн улсынхаа даатгалын газартай тооцоо хийх боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.13 МЯГМАР № 74 (6551)