Ж.Батмөнх: Урсгах дусал хөлс бүрийн тоогоор бурхан та нарыг шагнана

2021-04-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.ЭНХБАТ

 

Олимпийн эрх авсан Б.Болор-Эрдэнийн аав Ж.Батмөнхтэй ярилцлаа.

 

-Таны охин Б.Болор-Эрдэнэ Монголын эмэгтэй ширээний теннисчдээс анх удаа олимпод оролцох боллоо. Баяртай мэдээг Та анх хэнээс, яаж дуулав?

-Баярлалаа. Холбооны ерөнхийлөгч Гантулга өөрөө над руу залгаж, баяр хүргэсэн. Хөл газар хүрэхгүй баярласан. Баярын нулимс асгасан. Би уйлаад л, үг ч хэлж чадахгүй байсан. Охины минь олон жилийн нөр их хөдөлмөр шүү дээ. Энэ өдрүүдэд үүлэн дээр гарсан юм шиг л жингүйдэж явна.

-Болороог би багаас нь мэднэ. "ОЧ" клубээс салдаггүй охин байсан.

-Хичээлээс бусад цагт өглөөнөөс орой болтол зааланд өнжинө. Ямар сайндаа, Энхтөр багш нь “Болороо би чамд дээд давхарт нэг ор, хөнжил бэлдэж өгье” гэж хэлж байх вэ дээ. Охин минь теннисэнд дурласан.

Насанд Хүрэгчдийн Бүх АрдТүмний Спартакиад болсон доо. Гэтэл тэр өдөр Болороо гэртээ ирдэггүй. Өөрөө тоглоогүй шүү дээ. Дөнгөж л 12 нас хүрч байсан. Охиноо хайгаад, шөнийн 23:00 цагийн орчимд "Оч" клуб орлоо. Тэмцээний финал үргэлжилж байсан. Хүүхдүүдээс охин маань ганцаархнаа финалын тоглолт үзээд сууж байв. Теннисэнд тийм л дуртай. Түрүүлсэн Батхишиг аваргатай зургаа татуулчихаад гэртээ харьсан даа. Ер л заалнаас салдаггүй байсан.

-Болороо оюутан болсон. Аль сургуульд, ямар мэргэжлээр сурч байгаа билээ?

-Санхүү эдийн засгийн Дээд сургуульд бизнесийн удирдлагаар суралцаж байна.

-Ингэхэд Болороо маань яаж яваад теннис рүү орчихов?

-Төөрч яваад. Анх бөхийн дугуйланд оруулахаар “Тэмүжин” спорт клуб руу охиноо долоон настайд нь дагуулж очсон. Жүдогийн багш нь үдийн цайндаа орсон байсан тул хүлээж байтал ширээний теннисний дугуйлангийн багштай нь таарсан.

-Мэргэн теннисний багшаар нь ажиллаж байсан шүү дээ.

-Тийм. Мэргэн багштай ярьж байснаа жудо бөхөө орхиод теннис рүү урвасан.

-Теннисийг анх "амлуулсан" багш нь яах аргагүй л Мэргэн юм даа.

-Тийм. “Тэмүжин” спорт клуб яг нэг жилийн дараа хаалгаа барьж, хүүхдүүд нь "Оч" клуб руу шилжиж, Галаа багшийн удирдлага дор хичээллэх болсон. Болор-Эрдэнэ маань тэгэхэд найман л настай байсан.

-Галбадрах багш бол Монголын ширээний теннисийг авч яваа зүтгэлтэн. Тэр хүн байгаагүй бол Монголын теннис өдий зэрэгт хүрэхгүй байсан. Таны охин Болор-Эрдэнэ, миний хүү Лхагвасүрэнгийн багш. Багштайгаа хамт Дохаг зорьж, хоёулаа олимпод оролцох эрх авлаа.

-Мундаг багш. Сурган хүмүүжүүлэгч. Тиймээс охин минь өдий зэрэгтэй явна.

-Болороо гэснээс, танайх чинь гэр бүлээрээ шахуу зааланд өнждөг шүү дээ. Хүүхдүүд чинь бүгд теннисээр хичээллэдэг.

-Том охин Сайнзаяагаас бусад нь. Болор-Эрдэнийн араас хоёр охин дүүг нь теннисэнд оруулсан. Тэд одоо 10, 8 настай.

-Ар гэрийн дэмжлэг спортод амжилт үзүүлэхэд их нөлөөлдөг . Улсын аварга Алтантулгын ээж Дэлгэрмаа, Спартакиадын аварга Төрболдын аав Зоригоо, бид гурав нэг үе яг өөртэй чинь адил заалнаас салдаггүй байлаа. Хүүхдүүдээ дэмжээд л..

-Би чинь Болор-Эгшиглэнг тэврээд, өдөр бүр Болор-Эрдэнийг ( 8 настай) " Оч" клубт хүргэнэ. Гэтэл Галаа багш нэг өдөр “Та охиноо нааш цааш тэвэрч яваад яах вэ. Зааланд үлдээчих. Болор-Эрдэнийг авахдаа хамт авчих” гэж хэлсэн.

-Галаа бас хүүхэд "хардаг" байжээ. (Ёжлов)

-Тийм. Тэр өдрөөс хойш Болор-Эгшиглэнг "өдөр өнжүүлэхэд" үлдээдэг болсон. (инээв) Тэгтэл Оюунаа багш, Галаа багш хоёр охиныг минь зүгээр суулгалгүй цохиур бариулж, гарын хөдөлгөөн зааж өгснөөр Болор-Эгшиглэн ч теннисэнд дуртай болж Галаа багшид шавь орсон. Хоёр эгчийгээ дагаад дүү нь ч бас теннисэнд орсон түүхтэй. Ингээд гэр бүлээрээ теннисээр амьсгалдаг болсон. Энэ спортод гэр бүлээрээ донтсон, дурласан гэж хэлж болно. Тэмцээн уралдааныг хүлээдэг л гэр бүл болсон. Одоо нэг биш, гурван охин маань тоглодог. Теннис бол хүнийг өөртөө дурлуулж, татаж чаддаг спорт юм.

-Дүү нар нь ч шаггүй теннисчид болж эхэлсэн. Болор-Эрдэнийн дүү Болор-Эгшиглэн бол ( 10 настай) насандаа аварга болсон. Урдаа нэг ч хүүхдийг гишгүүлэхгүй сайн тамирчин боллоо.

-Тийм. Дүү нь бас анхны медалиа аваад эхэлсэн. Ер нь тэмцээн уралдааныг хүлээдэг, гэр бүлээрээ.

-Болор-Эрдэнэ Найрамдалд Шигшээ багийн цугларалтад гарсан үеэрээ хөлийн шөрмөсний бэртэл авсан. Түгшүүртэй мэдээ байсан даа. Яах бол гэж санаа түгшиж байв уу?

-Тэгсэн. Үнэндээ охиныхоо өмнөөс санаа их зовж байлаа. Гэхдээ Болороо маань их тэвчээртэй. Эмчийн зөвлөгөөгөөр боолт хийлгээд, 14 хоног хөдөлгөөнөө хорьсны үр дүн гарсан. Олимпод оролцоно гэдэг бол тамирчны оргил хүсэл.

-Үндэсний Олимпийн Хороонд Токио-2020 зуны олимпод оролцох урилга нь ирсэн байна лээ.

-Тийм. Нэр заан ирсэн урилга ирснийг сошиалаар харсан. Шалгаруулалт хийх тэмцээн нь угаасаа нэг бүрчилсэн төрлөөр явагдсан.

-Болороо их дайчин тоглолттой. Аавын хувьд охиныхоо онцлог зангаас нэрлэвэл?

-Охин минь дайчин зан чанартай. Мөн эцэж цуцахыг мэддэггүй. Тууштай.

-Болор-Эрдэнэ дунд сургуулийн сурагч ахуйдаа Монгол Улсын Насанд хүрэгчдийн аварга болсон. Тэр тоглолтыг та үзсэн үү ?

-Дорноговь явж чадаагүй. Бичлэгээр л үзсэн. Охиныгоо тэр үед аварга болно гэж огт санаагүй. Охин маань явахынхаа өмнө сайн тоглоно л гэж хэлсэн. Түрүүлнэ гэж яриагүй. Юу сурсан, юу давтсанаа зоригтой хийнэ л гэж ярьдаг хүн. Түүгээрээ л тоглосон байдаг. 

-Болороогийн өмнө том ирээдүй тосож байна даа.

-Баярлалаа. Дөнгөж 18 настай шүү дээ. Холбооны ерөнхийлөгч Гантулга, Энхтөр, Мэргэн, Оюунчимэг, Цэрэнтогтох, Мөнхзориг, Галбадрах багш нартаа юуны өмнө баярлаж талархаж байна.

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Манайх сурган хүмүүжүүлэгч гэр бүл. Би биеийн тамирын багш мэргэжилтэй. Миний хань Цэнд ч бас бага ангийн багш. Чөлөөт бөхөөр хичээллэдэг. 78 дугаар сургуульд багшилж байгаад гарсан. Одоо гурван тамирчны "менежер" л хийж байна даа (инээв). Хүүхдээ сайн тамирчин болгоё гэвэл гэр бүлийн томчуудаас хэн нэг нь золиослогдох учиртай. Тэр нь би юм.(инээв) Гэхдээ би энэ ажилдаа дурласан.

-Танайх гэртээ теннисний ширээтэй юу?

-Бий бий. Гэхдээ зусландаа тавьсан.

-Гэр бүл теннисээр амьсгална биз?

-Бүгд дурласан болохоор сонирхол нэгдсэн. Охид маань багш нарынхаа зааж өгсөн гар хөлийн хөдөлгөөнөө гэртээ давтана. Эгч нь алдааг нь засна.

-Та тамирчин хүн, эцэг хүний хувьд хүүхдүүдээ яаж сургадаг вэ?

-Та нарын бэлтгэл сургуулилтаа сайн хийж хөдөлмөрлөж, асгаруулах дусал хөлс бүрийн тоогоор бурхан та нарыг шагнана гэж сургадаг.

-Бурхан аль хэдийнээ шагналаа өгч эхэлжээ. Хамгийн том шагнал бол олимпийн эрх.

-Тэглээ. Маш баяртай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.9 БААСАН № 72 (6549)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин