Тойм: Мьянмарын зэвсэгт мөргөлдөөний эргэн тойронд

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Их Британийн колоничлолоос 1948 онд чөлөөлөгдсөнөөсөө хойш цэргийн дэглэмтэй байсан Мьянмар  улс 2010 оноос эхлэн ардчиллын замнал руу орж эхэлсэн. Улмаар 2015 онд анхны чөлөөт сонгууль больж, ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн, Мьянмарын “Төмөр хатагтай” Аун Сан Сү Чи-гийн нам ялалт байгуулснаар ардчилсан тогтолцоонд шилжсэн билээ. Гэвч энэ оны хоёрдугаар сарын 1-нд цэргийнхэн Аун Сан Сү Чи тэргүүтэй удирдагчдыг баривчлан хорьж,  Засгийн эрхийг хүчээр авч, нэг жилийн онц байдал зарлаад байгаа юм. Үүнийг  эсэргүүцсэн ардчиллын төлөөх зэвсэгт мөргөлдөөн тус улсад өрнөж, тун ноцтой байдалд хүрээд байна.

 

Нэг өдрийн дотор 114 иргэн цэргийнхний гарт амиа алдлаа

Мьянмарчууд хоёрдугаар сарын 1-нээс хойш бараг өдөр бүр жагсаж буй тэмцлээ үргэлжлүүлэн бямба гаригт Янгон, Мандалай тэргүүтэй хотуудад жагсаал зохион байгуулж, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн Аун Сан Сү Чи-г суллахыг шаардсан юм. Хэдхэн цагийн дараа нутгийн хэвлэл мэдээллийн “Myanmar Now” сувгаар орон даяар болсон жагсаалыг тараах зорилготой хүчирхийллийн улмаас 114 хүн амь үрэгдлээ хэмээн мэдээлсэн. Тодруулбал, Мандалай хотод 13 настай охин тэргүүтэй 40 хүн, Янгон хотод доод тал нь 27 хүн амиа алджээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 1-нд эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш өчигдрийн байдлаар цэргийнхний зэвсэгт өртөж 521 хүн нас барлаа. Эдгээрийн 141 нь бямба гаригт амиа алдсан нь жагсаал эхэлснээс хойших Мьянмарын хамгийн гашуун, “цуст өдөр” байлаа гэдгийг Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг (AAPP) онцлов. Үндэсний эв нэгдлийг хангах чадвартай цорын ганц байгууллага хэмээн өөрсдийгөө тодотгосон цэргийнхэн шөнийн цагаар хөл хорио тогтоосон ч  мягмар гаригт хэд хэдэн хотод жагсаал болсноос найман хүн нас баржээ. Мөн лхагва гаригт иргэд ардчиллын төлөөх тэмцлийнхээ улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан лаа асааж хүндэтгэл үзүүллээ. Мьянмарт арваннэгдүгээр сард сонгууль болж Аун Сан Сү Чи-гийн нам ялалт байгуулсан. Гэвч цэргийнхэн саналыг луйвардсан хэмээн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Эцэст нь Засгийн эрхийг хүчээр авснаар тус улсад зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм.

Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Miss Grand International” тэмцээний үеэр Мьянмарын гоо бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүссэн нь дээрх асуудлыг олон улсын түвшинд зарлалаа. Янгоны их сургуулийн оюутан 22 настай Хан Лай энэ сарын 25-нд “Miss Grand International” тэмцээний тайзнаа үг хэлэхдээ “Энэ өдөр миний эх орон Мьянмарт 100 гаруй хүн амь үрэгдлээ. Би амиа алдсан хүмүүсийн араас гүнээ эмгэнэн гашуудаж байна. Мьянмарт туслаач гэж би гуйж байна. Олон улсын тусламж дэмжлэг бидэнд яаралтай хэрэгтэй байна. Сургуулийг минь хүртэл цэргийнхэн бүсэлсэн. Ардчилсан нийгэмд бид үг хэлэх эрх чөлөөгөө нээлттэй эдэлдэг байсан. Харин одоо Мьянмарт эрх чөлөө гэдэг зүйл алга. Энэ бол хүний эрхийн эсрэг маш том хүчирхийлэл” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм.

Жагсаал тараахаас гадна арми сөнөөгч онгоцууд хөөргөж, Карен үндэстний цөөнхийн зэвсэгт бүлэглэлийн удирддаг тосгодыг бөмбөгдөн дор хаяж хоёр хүний аминд хүрсэн байна. Түүний өмнөхөн Карен үндэстний зэвсэгт бүлэглэлүүд Тайландын хилийн ойролцоо Мьянмарын армийн постод халдаж, дэд хурандаа тэргүүтэй 10 хүн хөнөөж, нэг дайчнаа алдсан хэрэг гарсан нь олон жилийн турш харьцангуй тайван байсан арми, бүлэглэл хоорондын харилцааг хурцатгах шалтгаан болжээ. Карен үндэстний зэвсэгт бүлэглэл рүү цэргийнхэн бөмбөг хаяснаас 3000 хүн Тайланд руу дүрвэжээ.

 

“Хэн ч Мьянмарын иргэнийг албадан ажиллуулж чадахгүй”

 

Ардчиллынхаа төлөө хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, барилга, хүнс, тээвэр тэргүүтэй 18 чухал байгууллагын ажилчдыг ажил хаялт зарлаж, эдийн засгаа бүр мөсөн зогсоохыг Мьнямарын хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлүүд уриалсан.  Тэд “Хэн ч Мьянмарын иргэнийг албадан ажиллуулж чадахгүй. Бид цэргийхний боол биш” гэж мэдэгдсэн юм.  Үүний дараа армийнхан эмнэлэг болон  их сургуулийн байруудыг эзэлсэн.  Энэ талаар олон улсын хүний эрхийн хороо “Улсын эмнэлгүүдийг эзэлж, иргэдийн эсрэг хүч хэрэглэхийг эсэргүүцэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол Мьянмарын цэргийнхэн хүний эрхийн эсрэг хүчирхийллээ зогсоохгүй” гэж мэдэгдэлдээ дурджээ. Мөн “Эмнэлгүүдийг эзэлсэн нь мөргөлдөөний улмаас гэмтсэн хүмүүст үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээнд саад учруулах гэсэн шууд оролдлого мөн” гэж Жон Хопкинсийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, хүний эрхийн төвийн ажилтан Сандра Мон ярилаа.

Олон улсын зүгээс тэр дундаа Барууны орнууд энэ үйл явдалд ихээр анхаарлаа хандуулан, аймшигт хүчирхийллээ зогсоох, Аун Сан Сү Чи-г суллахыг  цаг үргэлж уриалсаар байна. Эдгээрээс хамгийн их идэвхтэйгээр дуу хоолойгоо хүргэж байгаа нь АНУ юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Ард түмний хүсэл зоригийг хэзээ ч хүчээр мохоож, сонгуулийн үр дүнг үгүйсгэх боломжгүй. АНУ ардчилалд халдсан ямар үйлдлийн эсрэг зогсох болно” гэсэн юм. Мөн  Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Цэргийнхнийг дэмжиж буй аж ахуй нэгж болон компанид хөрөнгө оруулсан гадаадын зарим орон  хувьцаагаа эргэн харах хэрэгтэй. Учир нь цэргийн дэглэмийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал маш аймшигтай хүчирхийлэл боллоо” гэж мэдэгдэв. Түүнчлэн эмх замбараагүй байдал улам хурцдаж буй тул Мьянмарт амьдарч байгаа АНУ-ын Засгийн газрын гишүүд болон тэдний гэр бүлийнхнийг тус улсаас гарах тушаалыг Америк мягмар гаригт гаргасан. Мөн дээрх албан тушаалтнуудыг цэргийн дэглэмийг эсэргүүцэгчидтэй нэгдэхийг уриаллаа.

 

“Бид цэргийн дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй”

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN) гишүүн орныхоо асуудалд оролцохгүй гэсэн хэлэлцээр хийснээс үл харгалзан хүнд нөхцөл байдлаас гарахад нь туслах арга зам эрэлхийлэх, хэлэлцээр хийхэд уриалах ажлыг Индонез улс удирдан явуулж байна. Учир нь Барууны орнуудын авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ нь богино хугацаанд үр нөлөө үзүүлсэн юм. Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мьянмарт иргэд амиа алдаж буй харамсаж буйгаа илэрхийллээ. Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд "Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс дахь нөхцөл байдал хурцдаж, энгийн ард иргэд амиа алдсанд харамсаж байна. Мьянмар дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн хөгжлийн төлөөх үйл явцыг бид тууштай дэмжиж ирсэн билээ. Холбогдох талууд эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж, ардчилал, энх тайван, тогтвортой байдал сэргэж, Мьянмарын ард иргэд хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн орно гэдэгт найдаж байна" гэсэн юм.

Төрийн эрхийг хүчээр булаан авсан генерал Мин Аун Хлайн зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэх үеэрээ “Мьянмарын арми ард түмнээ хамгаалж, ардчиллыг мандуулна” хэмээн амласан. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг лхагва гаригт хэлэлцэж байхад Мьянмарын төв “MRTV” телевиз “Цэргийн хүчнийхэн энх тайван байдлыг бүрдүүлнэ. Тиймээс дөрөвдүгээр сарын 1-30-ныг хүртэл зэвсэгт ажиллагаагаа зогсооно” гэдгийг зарлав. Гэсэн ч НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл цэргийхний эсрэг хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэв.

Өдөрт олон хүн амиа алдаж байгаа ч Мьянмарын иргэд жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Тэд “Бид цэргийн дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй. Ардчиллыг хүсч байна. Энэ бол бидний ирээдүй. Тиймээс тэмцэх ёстой.  Цэргийнхний эрх мэдэл хэтэрвэл боловсрол, эрүүл мэндэд аюул учруулах болно. Тиймээс үүнийг одоо зогсоох ёстой” хэмээн тэмцсээр байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин