“ZM” © Б.ОЮУНЗУЛ
С.УЯНГА
“Элчин сайд ярьж байна” буландаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг урьж ярилцлаа.
-Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн онцгой үед та Элчин сайдаар ажиллаж байна. Энэ цаг үед хоёр улс хэрхэн харилцаагаа өргөжүүлж байна вэ?
-Цар тахал бидний өмнө тулгамдсан шинэ сорилт, аюул болж байна. Үүнтэй тэмцэхэд Хятад, Монгол хоёр улс нэгнийгээ ойлгож дэмжиж, сэтгэлийн дэм үзүүлж, тусламжийн гараа сунгалаа. Хамтын ажиллагааны үр дүнд ч цар тахлыг амжилттай даван туулж байна гэж харж байгаа. Хятад, Монголын хооронд жилд хоёр сая орчим иргэн харилцан зорчдог. Мөн 4700 гаруй км хилээр зааглагдсан ч хоёр улсын иргэд нэгэндээ халдвар тараагаагүй нь бидний хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгаагийн тод үр дүн гэж хэлж болно.
Манай хоёр орны цар тахалтай тэмцэх хамтын ажиллагаа бусад улс орны өмнө үлгэр жишээ гэж харж байгаа. Тиймээс улам өргөжүүлэхэд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Цар тахлыг улс орон, ард түмэн дангаараа ялан дийлэх боломжгүй. Хамтдаа ялан дийлэх учраас өвчинтэй тэмцэхэд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд Хятадын талаас шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн байгаа.
Хятад улс өөрийн бүтээсэн вакциныг хөгжүүлж бэлэн болгоод хамгийн түрүүнд Монгол Улсад хандивласан.
-Хүмүүнлэгийн салбарт хоёр орны хамтын ажиллагаа илүүтэй өргөжиж байна. Хятад улс дотооддоо вакцины нөөц муутай ч монголчуудад тусламжийн гараа сунгалаа. Вакцин нийлүүлэх ажил үргэлжлэх үү?
-Вакцины нийлүүлэлт бол манай хоёр орны хамтын ажиллагаанд томоохон чухал байр суурийг эзэлж байна. Хятад улс өөрийн бүтээсэн вакциныг хөгжүүлж бэлэн болгоод хамгийн түрүүнд Монгол Улсад хандивласан. Мөн ирэх долоо хоногт дахин 3000 тун вакциныг татахаар хоёр тал тохиролцсон.
Коронавирусын эсрэг вакцин бол өвчнийг даван туулах хамгийн чухал зэвсэг учраас цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах болно. Дэлхий нийтэд вакцины хүрэлцээ хангамж муу байгаа ч биднийг хамгийн хүнд хэцүү үед дэмжиж ирсэн Монголын ард түмэнд туслах нь зайлшгүй.
Монгол, Хятадын хамтын ажиллагаа улам өргөжиж байна. Сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гэсэн бүх салбарт эрчимтэй хөгжиж байгаа. Нэгэнт үндэс суурь нь тавигдсан учраас улам хөгжүүлэхийн төлөө хичээх шаардлагатай. Ялангуяа, хоёр улсын ард түмэн нэгнээ ойлгож, улам ойр дотно хандах болсныг тэмдэглэх нь зүйтэй. Иргэн хоорондын харилцаа бол төрийн харилцааны үндэс суурь байдаг. Төрийн харилцаа бол ард түмний харилцаанаас шалтгаалдаг учраас найрамдал, нөхөрлөлөө бэхжүүлэх хүсэлтэй байна.
-Цар тахалтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга вакцинжуулалт боллоо. Танай улсад вакцинцуулалт ямар түвшинд байна вэ?
-Манай улс таван төрлийн вакцин хөгжүүлэн албан ёсоор бүртгүүлж зах зээлд гаргалаа. Вакцин гаргасны дараа хамгийн түрүүнд Олон улсын хамтын нийгэмлэгт нийлүүлж эхэлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин бид вакцинаа хөгжүүлж гаргасны дараа нийтийн хүртээл болгоно. Хятад улс дэлхийн өмнө өгсөн амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн. Одоогоор 60 гаруй оронд вакцинаа хандивласны дотор Монгол Улсад хамгийн түрүүнд 300 мянган тунг хандивласан. 40-өөд оронд бизнесийн журмаар нийлүүлж байгаагийн дотор дөрөвдүгээр сарын 2-нд 300 мянган тун вакцин мөн сардаа багтаагаад 600 мянган тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Үүний үр дүнд Монгол Улсын дархлаажуулалтын явц илүү шуурхай болж ойрын хугацаанд иргэдээ дархлаажуулж цар тахлыг даван туулна гэж найдаж байгаа.
-Улс орнууд жил гаруй хугацааг амаргүй нөхцөлд өнгөрүүллээ. Тэр дунд Хятад улс цар тахлын тархалтыг богино хугацаанд хумьж эдийн засаг, үйлдвэржилтээ эрчимтэй сэргээж байна. Ямар бодлого, туршлагаар шинэ сорилтыг даван туулав?
-Цар тахал нийтийн өмнө тулгарсан хамгийн хүнд сорилт боллоо. Ялан дийлэхийн тулд Хятад улсын хувьд нам, Засгийн газар маш өндөр зохион байгуулалттай ажиллаж, зөв ухаалаг бодлогоор өвчинтэй тэмцэж ирсэн. Ард түмэн нам засгийн бодлого уриалгад идэвхтэй оролцож ухамсартайгаар хэрэгжүүлж хамтарч ажилласан нь хамгийн чухал байлаа. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, тэр дотор Монголын төр, засаг, ард түмэн дэмжсэнээр богино хугацаанд аюулт өвчнийг хяналтад авсан. Одоогоор Хятад улсад дотооддоо халдвар авсан тохиолдол ганц, бусад нь дандаа гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна. Цар тахлыг богино хугацаанд өндөр зохион байгуулалттайгаар хяналтад авч байж эдийн засгаа аварч үлдлээ. Хятадын Засгийн газар нэг гараар өвчинтэй тэмцэх ажлыг хийж, нөгөө гараар эдийн засгаа сэргээж ард түмний аж амьдралыг сайжруулахын төлөө ажиллалаа. Эдийн засгийг сайжруулсан туршлагаа Монгол Улсын Засгийн газартай солилцож, нягт хамтран ажиллаж байна.
Шороон шуурга бол байгалиас үүдсэн үзэгдэл болохоос хэн нэгний буруу биш юм. Тиймээс хэн нэгнийг зэмлэх нь утгагүй.
-Хавар хэд хэдэн удаа Монголд хар шуурга болсон нь Хятад, Солонгост нөлөөллөө. Энэ нь эргээд улс орнуудын хооронд маргаан дэгдээх хэмжээнд хүрч байгааг зарим хэвлэл мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яамнаас Монголын цөлжилтийн асуудлыг хөндөж мэдэгдэл гаргасан шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Шороон шуурга бол байгалиас үүдсэн үзэгдэл болохоос хэн нэгний буруу биш юм. Тиймээс хэн нэгнийг зэмлэх нь утгагүй. Шороон шуургатай холбогдуулж манай улсын Гадаад хэргийн яамнаас “Шороон шуурга цөлжилт бол бидний өмнө тулгарсан хүнд асуудал болж хувирлаа. Ялангуяа, бүс нутгийн хөрш орнуудын хувьд хамтран ажиллаж, хоорондоо уялдаатай бодлого хэрэгжүүлж байж цөлжилтийг сааруулна” гэдгийг мэдэгдсэн. Ер нь улс орон дангаараа цөлжилттэй тэмцэхэд хүндрэлтэй. Тиймээс нэгнээ ойлгож, дэмжиж хамтаараа сааруулж байж экологийн асуудлыг шийдвэрлэнэ. Цаашид цөлжилттэй тэмцэх ажил бол Монгол, Хятадын хамтын ажиллагаанд бас нэгэн чухал байр суурийг эзэлнэ гэж бодож байна.
-Хятад улс гадаад харилцаандаа цоо шинэ бодлого баримтлахаа мэдэгдсэн. Үүнд Монгол Улс ямар байр суурь эзлэх вэ. Ялангуяа, цар тахалтай холбоотойгоор вакцины паспорт олгож эхэлсэн нь Монголын иргэдэд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хятад улс энх тайванч гадаад бодлого баримталдаг. Ялангуяа, хөрш орнуудтай элэгсэг дотно, үнэнч шударга харилцан ашигтай, хүртээмжтэй, нэгнээ ойлгож дэмжиж ирсэн. Тэр дундаа Монгол Улстай харилцах гадаад бодлогыг хөрш орнуудаас нэн тэргүүнд тавьж ирсэн. Цаашид ч Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг улам баяжуулахын төлөө ажиллах болно. Вакцинжуулалт биднийг хэвийн ажил амьдралын хэв маягт ороход чухал нөлөөтэй. Дэлхийн хэмжээнд вакцины паспорт гаргахаар ярилцаж байгаа ч нэгдсэн журам хараахан гаргаагүй байна. Вакцины паспорт нь олон улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн тус нэмэр оруулах байх. Хятад улс бусад улс орныг гадуурхахгүй, адил тэгш байх бодлого баримтална. Өөрөөр хэлбэл, вакцины паспорт бол аяллын гэрчилгээ биш визийн мэдүүлэгт нөлөөлнө. Харин манай хоёр улсын хувьд хятад вакцин тариулсан хүн зохих журмын дагуу визийн мэдүүлэг хийхэд арай хялбарчлах болно. Гэхдээ харилцан визгүй зорчдог болохоор энэ нь харьцангуй цөөн хүнд хамаарна. Хятад улсад байнга оршин суудаг болон тэнд суралцдаг оюутнууд, удаан хугацаагаар эмчлүүлэх иргэдэд хамаарна. Тооны хувьд маш цөөн гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.1 ПҮРЭВ № 65 (6542)