Б.ТУУЛ
Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн Химийн багш Ж.Сонинбаяртай ярилцлаа.
-Багш, сурагчид маань онлайн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж байна. Ер нь цар тахлын үед багш нарын ажиллах орчин нөхцөл хэр байна вэ?
-Цар тахлын тархалтын оргил үе болох 2020 оны 3,4,5 сард дэлхийн нийт суралцагчдын 91.3 хувь нь сургуульд явах боломжгүй, онлайн болон бусад ямар нэгэн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч сургалт зогсоход хүрч байсныг ЮНЕСКО-оос мэдээлж байсан.
Харин Монгол Улсад 2020 оны нэгдүгээр сарын 27-оос энэ хичээлийн жил дуустал мөн арваннэгдүгээр сараас эхлэн 1.2-р улирлыг дуустал боловсролын байгууллагууд өөрсдийн нөөц боломжид суурилан цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Манай сургуулийн хувьд багш нарын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургуулийн захирал М.Туулсайхан болон сургалтын алба, дотоод хяналт, нийгмийн ажилтны хамтарсан баг, заах аргын нэгдэл мэргэжлийн багш нар хамтран ажиллаж сургуульд “moodle” системийг нэвтрүүлэн интерактив хичээл боловсруулан сургалтыг амжилттай зохион байгуулан явуулж байна. Мөн бид “school12.eschool.mn”-д энэ хичээлийн жилийн II улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийг интерактив байдлаар боловсруулан байршуулсан. Одоо III улирлын хичээлийг бэлтгэн оруулахаар ажиллаж байна.
-Танай сургууль дээр бас нийслэлийн зургаан сургуулийн багш нар туршлага судлах хичээл явагдаж байгаа гэж сонссон. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-“Монгол экологи төв”, “Тогтвортой хөгжлийн корпус”, Боловсролын хамтын ажиллагааны нийгэм, Европын холбооны нийгэмлэгээс нийслэлийн зургаан сургуулийн 90 багш нарт интеграци хичээл заах арга зүйг туршин сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сургалтыг амжилттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хэмжээнд манай сургуулийн 15 багш хамрагдан сургууль, дүүргийн хэмжээнд туршлагаа түгээн дэлгэрүүлж байгаа юм. Энэ интеграци хичээлийг зохион байгуулснаар сурагчдад очих ачаалал болон багшийн ажлын ачаалал багасч, хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулах сайн талтай юм. Тиймээс мэргэжлийн багш нартайгаа хамтран интеграци хичээлийн төлөвлөлтийг сайжруулан боловсронгуй болгох чиглэлд анхааран ажиллаж байна.
-Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлээд багш нар өөрсдийн нөөц боломжиндоо суурилан цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан. ЕБС-ийн багш нарын хувьд энэ жил харьцангуй туршлага суусан байх гэж ойлгож байна?
-Тэгэлгүй яахав, сургалтын дижитал орчин буюу зайны сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах аргад ганц миний бие гэлтгүй дэлхий нийтээрээ тэр тусмаа боловсролын салбарын багшлах боловсон хүчин бид маш сайн суралцаж чадваржиж байна. Ер нь цар тахал дэгдэхээс өмнө дэлхийн аль ч улс оронд боловсролын системийг дижитал хэлбэрт оруулж, алсын зайнаас сурахад бүрэн бэлтгэгдээгүй байсан. “COVID-19” мэдээллийн технологи сайн хөгжөөгүй, дижитал орчин дутагдалтай байгаа манайх шиг улс оронд боловсролын салбартаа цахим сургалтыг нэвтрүүлэх, багш сурагчдад энэ чиглэлийн сургалтыг системтэйгээр зохион байгуулж явуулах, багш сурагчдынхаа ур чадварыг нь дээшлүүлж илүү сайжруулах шаардлагатай гэсэн анхааруулгыг өгөх шиг боллоо. Миний хувьд ч гэсэн энэ мессежийг өөртөө бүрэн хүлээж аваад, их хичээж ажиллаж байгаа. Яагаад гэвэл, цахимаар хичээллэх явцад, IT мэдлэг дутмаг байлаа, цахим сургалтыг зохион байгуулахад алхам тутамд өөрийгөө тасралтгүйгээр маш хурдтайгаар хөгжүүлэх, хичээлийн бэлтгэлийг хангах нь миний хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудлуудыг нэг байсан. Гэсэн ч цахим орчинд өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох бүхий л аргыг эрэлхийлж богино хугацаанд өөрт учирч байгаа эрсдлийг даван туулж хөгжсөөр л байна. Тиймээс миний хувьд химийн сургалтыг цахим орчинд нэлээдгүй олон аргуудаар зохион байгуулж байна. Хичээл ордог бүх ангиуддаа тус тусад нь групп, чат нээсэн, classroom үүсгэн холбогдож зөвлөгөө мэдээллийг хүргэж байгаа. Мөн анги удирдсан багш нартайгаа хамтран ангийн группээр дамжуулан мэргэжлийн багш-эцэг эх-суралцагч гэсэн гурвалсан холбоог үүсгэн зөвлөгөө зөвлөмжийг өгч эргэх холбоотой ажиллаж байна.
-Сурагчдын цахим хичээл хүлээж авах чадвар хэр байна?
-ЕБС-ийн батлагдсан сургалтын төлөвлөгөө ёсоор 2020-2021 оны хичээлийн жилийн I,II улиралд 1-12 дугаар ангид танхимын сургалтаар орох ёстой хичээлийн 50 орчим хувь нь теле болон цахим хичээлийн хэлбэрээр зохион байгуулагдаад байна. Цахим сургалтын үед сурагчдын оролцоо харилцан адилгүй байна. Энэ нь тухайн сурагчийн орчин, цахим сургалтын бэлтгэл, эцэг эхийн оролцоо, багш сурагчдын эргэх холбоо, харилцаа холбоо гээд л маш олон хүчин зүйлүүдээс шалтгаалж байна. Шалтгаан болгоны ард тухайн хичээлийн сурагчдад үлдэх үлдэц өөр өөр байгаа. Мөн сурагч бүрийн хүлээн авах чадвар харилцан адилгүй байна. Зарим сурагч танхимын сургалтнаас илүү сайн хүлээж авч даалгаврын гүйцэтгэлийг тэр дор нь идэвхтэйгээр хийгээд явуулж байхад зарим нь харьцангуй удаан 2-3 удаагийн давталттайгаар харилцан ярилцаж зөвлөсний дүнд хүлээж авч байх жишээтэй. Сурагчдыг I-VIII түвшингээр үнэлдэг. Энэ үнэлгээний түвшин бас сурагчдын мэдлэг эзэмшилт, чадварыг бас илэрхийлж байдаг. Танхимын сургалтын үед IV-VI түвшинд үнэлэгдэж байсан сурагчид цахим сургалтын үед хоцрогдол ихтэй бол бас л энэ түвшинд үнэлэгдэх магадлалтай харагддаг. Хэдий тийм ч даалгаврын тавилтыг сурагчдыг сэдэлжүүлэх, цахим орчны сургалтыг сонирхолтой зохион байгуулахаар боловсруулдаг учраас сурагчдын оролцоо илүү сайжирч идэвхждэг. Тиймээс багш уг сурагчийнхаа суурь мэдлэг, чадварт тулгуурлан цахим сургалтыг маш мэдрэмжтэйгээр удирдан чиглүүлж сайтар төлөвлөж зохион байгуулах шаардлага гарч ирдэг. Өөрөөр хэлбэл сурагч бүрт тохирсон арга барилаар заахыг хичээж бэлтгэлээ хангах хэрэгтэй гэсэн үг л дээ.
-Мэдээж, танхимын сургалттай харьцуулахад учир дутагдалтай зүйлс ажиглагдаж байгаа байх?
-Цахим орчинд сургалтыг зохион байгуулахад богино хугацаанд шинжлэх ухаанч мэдлэгийг хүүхэд бүрт жигд хүртээх нь хүүхэд бүртэй ажиллаад байх тэр болгон нөхцөл нь бүрдэхгүй байх, олон дахин давтлага өгөхөөр тухайн сурагчид очих ачаалал нь ихдэх гээд байдаг юм байнаа. Тухайн ангид хичээл заадаг багш бүр тэр ангийнхаа сурагч бүрийн чадварыг маш сайн мэддэг. Тиймээс сайн л төлөвлөж бэлтгэлээ хангаж байж цахим сургалтыг зохион байгуулах хэрэгтэй гэж бодож хичээлээ бэлтгэж зааж байна.
-Суралцагчдын хоцрогдол хэр байна?
-Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь тасралтгүй, залгамж холбоотой боловсруулсан байдаг тул өнгөрсөн хоёр улирлын хичээлийн агуулгыг дараагийн хичээлийн жилд танхимаар орсон тохиолдолд нөхөн олгох боломжтой байдаг ч сурагчдын телехичээлийн гүйцэтгэл, цахим сургалтын оролцоо, орчин, технологийн ялгаатай байдлаас хамаарч цаашид суралцагчдын хоцрогдол улам нэмэгдэх хандлагатай байгаа нь багш миний хувьд сэтгэл эмзэглүүлж байна.
Манай сургуулийн хувьд сурагчдын хоцрогдлыг дараах дөрвөн төрлийн шалтгаанаар үүссэн гэж үзэж оношлож байгаа. Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу цар тахлын үед энэ хоцрогдлын 60-70 хувийг бий болсон гэж үзэж байна. Цахим химийн оролцоо, сурагчдын теле хичээлийг судалж тэмдэглэх байдлыг харьцуулахад зарим ангиудад буурах хандлагатай байна. Теле хичээлийн гүйцэтгэл, цахим хичээлийн оролцоо багасах тусам тухайн хичээлийн агуулга эзэмшилтийн хувьд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл сурагчид мэдлэгийг бүрэн ойлгож эзэмшиж чадахгүй болж байна гэсэн үг. Энэ нь мөн л тухайн ангийн хүүхдийн тоо, нэг сурагчдад ногдож буй ачаалал, эцэг эхийн оролцоо, цахим сургалтын орчин, багшийн цахим орчинд ажиллах ур чадвар зэргээс хамаарч харилцан адилгүй үр дүнтэй байна. Иймээс өнөө үед багш бид бүхэн бүгд л сургалтын хөтөлбөрөө сайжруулж, эрэл хайгуул хийж, арга зүй, менежмент, технологийн чадвараа хөгжүүлж, аль болох сурагчдын хоцрогдлыг арилгах талаар хийх ажлуудыг бас төлөвлөж байна. Жишээ нь, бид сургуулийнхаа нийгмийн ажилтаны хамтарсан багаас зохион байгуулж буй “Эрдмийн богц” аяны хүрээнд телехичээлээ болон цахим хичээлд хамрагдах боломжгүй сурагчдын судалгааг гаргаж тэдэнд мэргэжлийн багш нарын зөвлөмж хичээлүүдийг бэлтгэх гэрээр хүргэлт хийж байна. Хүргэлтээр очсон зөвлөмж хичээлээ хийж гүйцэтгээд сурагчид дахин мэргэжлийн багшаас зөвлөгөө авснаар дараагийн зөвлөмж хичээлээ хүргэн ажлыг сургуулийн хэмжээндээ зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.17 ЛХАГВА № 51 (6528)