Ц.БАЯР
Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёнтай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд эдийн засаг агшилттай байлаа. Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцана уу?
-2020 оны эхнээс л Монгол улс хөл хорио тогтоох, халдвар хамгаалал, карентиний арга хэмжээнүүдийг чанд хэрэгжүүлсэн нь цар тахлын тархалтыг хязгаарлахад ихээхэн нэмэртэй байлаа. Сүүлийн үед тохиолдлууд нэмэгдэж байгаа ч Ковид-19-ийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлаж буй Монгол улсын туршлага нь дэлхий дахинд сайн жишгүүдийн нэг хэвээр байна.
Гэсэн хэдий ч цар тахал эдийн засагт огцом нөлөөлж, улмаар 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшлаа. Цар тахал дэлхий дахины эдийн засгийг сулруулсан нь Монголын экспортод сөргөөр нөлөөлсөн. Нөгөө талаар 2020 оны хоёрдугаар хагаст цар тахлын тархалтыг хянах зорилгоор авч хэрэгжүүлсэн эрүүл мэндийн зайлшгүй арга хэмжээнүүдийн үр нөлөөгөөр дотоодын эдийн засгийн идэвхжил огцом буурсан.
-Ковид-19 тахлын үед авч хэрэгжүүлсэн төсөв болон мөнгөний бодлогын арга хэмжээний талаар та ямар бодолтой байна вэ?
-Өнгөрсөн онд Сангийн яам, Монголбанкнаас хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь эдийн засгийн огцом уналтыг хязгаарлахад ихээхэн дэмжлэг болсон. Ихэнх орнуудын адил цар тахлын улмаас нэлээд олон бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Хэдий тийм ч эдийн засгийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь эдийн засгийн сааралтыг хязгаарлах ач холбогдолтой байв. Цаашлаад вирусын тархалтыг хяналтандаа бүрэн авсны дараа, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сэргэхэд, илүү сайн нөхцөлийг бүрдүүлэхэд түлхэц өгнө гэж бид бодож байна.
Цаашид эдийн засгийн уналтын үед ядуу, ажилгүй иргэдэд чиглэсэн төсвийн арга хэмжээг илүү оновчтой чиглүүлэх боломж байгаа гэж бид үзэж байна. Уг зорилтыг бодит амьдрал дээр, ялангуяа хямралын үед авч хэрэгжүүлэхэд хэцүү гэдгийг бид ойлгож байгаа. Гэсэн хэдий ч тусламжийг нэн хэрэгцээтэй хүмүүст хандуулснаар эдийн засгийг дэмжих бодлогын үр нөлөөг хамгийн ихээр нэмэгдүүлэх тул бодлого боловсруулагчдын хувьд цаашдын чухал зорилт байх ёстой.
-ОУВС-аас саяхан танилцуулсан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан”-д дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2021 онд 5.5 хувьтай байх төсөөлөл гаргажээ. Вакцинжуулалтын ажил эрчимжиж байгаа тул эдийн засгийн үйл ажиллагаа хэвийн болно гэж бид найдаж байна. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн төлвийг танай зүгээс хэрхэн төсөөлж байна вэ?
-Вакцинжуулалт эхэлж, экспортын өсөлт өмнөх өндөр түвшиндээ очиж, дотоодын үйл ажиллагаа сэргэж, сүүлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь дотоод эрэлтийг тэтгэхээр тооцоолсны дүнд 2021 онд Монгол Улсын эдийн засаг 5 орчим хувиар өснө гэж бид таамаглаж байна. Нөгөөтэйгүүр, халдварын тоо дахин нэмэгдэж, хөл хорио тавих шаардлага шинээр үүсч болзошгүй байгаа учраас эдийн засагт сэргэлт үүсэх төсөөлөл нь эмзэг хэвээр байгаа. Иймд вакцинжуулалт өргөн хүртээмжтэй хийгдэх хүртэл эдийн засгийн өсөлт буурах эрсдэл оршсоор байна.
-Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг дэмжих цогц төлөвлөгөөг зарлалаа. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” нь ажлын байрыг хадгалах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогын тогтвортой байдлыг хангах, орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдэх юм. Энэ арга хэмжээний талаар та ямар бодолтой байна вэ?
-Ерөнхийдөө вакцинжуулалтыг өргөн хүртээмжтэй болгож, хувийн секторын үйл ажиллагаа хэвийн болох хүртэл бодлогын орон зайгаа ашиглан эдийн засгийг дэмжих нь зүйтэй гэж бид үзэж байна. Үүнийг сөрөг эрсдэлийн эсрэг даатгал худалдан авч, урт хугацааны нөлөөллийг хязгаарлахтай зүйрлэж болно. Үүний зэрэгцээ, цар тахал цааш хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд бодлого боловсруулагчид бодлогын дэмжлэгийг аль ч чиглэлд тохируулж, эерэг эсвэл сөрөг эрсдэл биеллээ олох тохиолдолд шаардлагатай тохируулгуудыг хийхэд бэлэн байх нь чухал юм.
Саяхан зарласан бодлогын шийдвэрийн талаар бид тодорхой байр суурь энэ удаад илэрхийлэхгүй ч ажигласан нэг зүйлээ хэлмээр байна. Төсвийн тодотгол хийхгүй гэсэн байр суурь байгаа тул Засгийн газрын байгууллагуудаас хэвийн үед хийж болох зүйлсийг Төв банкнаас шаардах хандлага ажиглагдаж байгаа нь бидний санааг зовоож байна. Монголбанкнаас Монголын ард түмний аж амьдралд зориулан хийж чадах хамгийн сайн хувь нэмэр бол УИХ-аас өгсөн чиг үүргийн дагуу инфляцыг нам, тогтвортой түвшинд хадгалах явдал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк зөвхөн инфляцын зорилтдоо төвлөрч, олон нийтийн итгэлийг бий болгох шаардлагатайг бусад улс орнуудын туршлагаас харж болно. Хэрэв Төв банкнаас үүнээс өөр бусад зорилгын төлөө ажиллахыг шаардаж, төсвийн шинжтэй бодлого хэрэгжүүлээд эхлэвэл инфляцыг барих зорилт нь хязгаарлагдмал үр дүнтэй байх болно.
- Мөнгөний бодлогын хувьд Монголбанк 2020 онд бодлогын хүүгээ таван хувиар бууруулж 6 хувь болгосон ба энэ нь түүхэн доод үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зарим эдийн засагчид эдийн засгаа дэмжих, зээлийн хүүг бууруулахын тулд бодлогын хүүг цаашид бууруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Хүүг дахин бууруулах орон зай бий юу?
-Хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монголбанкны мөнгөний бодлогын тэргүүлэх чиглэл нь инфляцыг УИХ-аас баталсан зорилтот түвшинд ойртуулах явдал юм. 2021-2022 онд энэ зорилт 6 хувьтай байгаа. Хэрэв Монголбанкны төсөөлөл, инфляцийн хүлээлтийн судалгаагаар энэ зорилтдоо хүрч чадахгүй гэж үзвэл мөнгөний бодлогын төлвийг өөрчлөх нь зохистой.
Нөгөө талаас, Төв банк хэт бага хэвээр байгаа гадаад валютын цэвэр нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн үед гаргасан ахиц дэвшлийг үргэлжлүүлэх нь чухал гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн валютын хангалттай нөөцтэй байж л Монголбанк бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлж, эдийн засгаа хямралаас илүү өргөн хүрээнд хамгаалж чадна. Ерөнхийд нь хэлэхэд ойрын хугацааны инфляцын динамиктай харьцуулахад илүү хатуу бодлого баримтлах нөхцөл байдал үүсч магадгүй юм.
-Банкны зээлжилт буурсан гол шалтгааныг та юу гэж бодож байна. Эдийн засагт зээлийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох вэ?
-Цар тахлын үед зээлдүүлэгчид эрсдэлээс зайлсхийхийн зэрэгцээ айл өрх, аж ахуй нэгжүүд шинээр зээл авах эрмэлзэл бага байсан учраас зээлийн өсөлт 2020 онд буурсан. Төв банкнаас мэдэгдэхүйц зөөлөн бодлогыг баримталсан ч энэ агшилтын хүчийг хязгаарлахад хангалтгүй байлаа.
Цаашид хийгдэх бодлогын өөрчлөлт нь инфляц, санхүүгийн тогтвортой байдлын төлвөөс хамаарах учиртай. Хэрэв Монголбанкны тооцоолсон төсөөлөл, хүлээлтийн судалгааны үр дүнд инфляци зорилтот түвшингөөс хол зөрж, санхүүгийн тогтвортой байдалд учрах эрсдэл бага байхаар байвал мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах замаар зээлийн өсөлтөд нөлөөлөх нь тохиромжтой алхам байж болох юм.
Бодлогын хүүг дахиж өөрчлөөд ч энэ зөрүүг төдийлөн нөхөх боломжгүй гэсэн болгоомжлол байгаа бол өөр бусад сонголтуудыг хэрэглэж болно. Жишээлбэл, мөнгөний бодлогыг зөөлрүүлэх хүсэлтэй бол Монголбанк Төв банкны барьцаат зээлийн хэрэгслүүдийг ашиглаж банкуудын урт хугацаат санхүүжилтийн өртгийг бууруулах боломжтой.
Гэхдээ эргээд харахад зээлийн өсөлтийг өндөр түвшинд хүргэх зорилт тавих нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй учир үүнээс зайлсхийх хэрэгтэй. Харин эдийн засгийн уналтын үед банкуудын хамгийн сайн хийж чадах зүйл бол чанартай зээл олгох эсвэл хадгаламжийг хамгаалах замаар эдийн засгаа дэмжих ба энэ нь сайн цагт тэднийг хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй байхыг шаардах явдал мөн. Монгол Улсын банкны системд өөрийн хөрөнгийн шаардлагын хэрэгжилтийг бэхжүүлэх хэрэгцээ их байгаа.
-Сүүлийн асуулт, Монгол Улсад эдийн засгаа хөгжүүлэхэд та юу санал болгох вэ?
-Монгол Улс эдийн засгийн гайхалтай нөөц боломжтой. Ялангуяа уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт. Монгол Улсын хүн ам харьцангуй цөөн, ашиглагдаагүй нөөц баялаг их бөгөөд хурдацтай хөгжиж буй БНХАУ-ын зах зээлд нэвтрэх өндөр боломжтой. Эдгээрийг үр дүнтэй ашиглахын тулд хөрөнгө оруулалтын хувьд таатай орчинг бүрдүүлж, төсөв, мөнгөний бодлогыг савалгаа багатай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад илүү тодорхой зохицуулалтын орчинг бий болгож, голлох түүхий эдийг тээвэрлэх дэд бүтцийг сайжруулах нь зүйтэй. ОУВС-ийн зүгээс Монгол Улсыг эдийн засгийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахад бүх талаар туслахад бэлэн байна.
Ярилцсанд баярлалаа!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.12 БААСАН № 48 (6525)