М.Зулькафиль: Тооноос чанарт шилжиж, хариуцлагатай, ёс зүйтэй байцгаая

2021-03-05
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

МУСГЗ, сэтгүүлч Н.Дариймаа

 

МУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), МУСГЗ М.Зулькафильтэй сэтгүүл зүйн сургалт, судалгааны талаар ярилцлаа.

 

-Мэдээлэл технологийн эрчимтэй хөгжлийн энэ үед сэтгүүлчдийг бэлтгэх сургалт орчин цагтай хөл нийлүүлж чадаж байна уу.  Багш нарын ур чадвар ямар түвшинд байгаа талаар үзэг нэгт андтай санал бодлоо солилцмоор байна?

- Мэдээллийн шинэ технологийн үр дүнд зөвхөн Монголын сэтгүүл зүйн төдийгүй дэлхийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг даяаршил, төвлөрөл, задрал, ижилсэл хэмээх дөрвөн гол хүчин зүйл тодорхойлж байна.

Өнөөдөр дээрх үзэгдлүүд манай орны сэтгүүл зүйд ч бодит зүйл болж эхэлсэн.Тогтмол хэвлэл, радио, телевиз буюу бидний нэрлэж заншсан уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн маш олон зүйл өөрчлөгдөж шинэчлэгдсэн. Өнөөдөр дэлхий дахинд сэтгүүл зүй гэдэг нэр томьёог ч харьцангуй ховор хэрэглэдэг болж, түүний оронд олон нийтийн харилцаа буюу mass communication, масс медиа гэдэг нэр томьёог өргөн хэрэглэж байна.Энэ бол мэдээллийн шинэ технологийн үр дүнд уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийн агуулга, баримт мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах үйл ажиллагаа үндсээр нь өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Тэр ч байтугай сэтгүүлч хэмээх мэргэжлийн агуулга, багтаамж хүртэл өөрчлөгдөж, энэ ойлголт хамаагүй өргөн хүрээг хамрах ойлголт болж хувирсан. Интернет сэтгүүл зүй маш эрчимтэй хөгжиж, түүнийг “тав дахь засаглал”-ын түвшинд өргөмжлөх болсон. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй, мобайл сэтгүүл зүй, уул уурхайн сэтгүл зүй, аналитик сэтгүүл зүй зэрэг олон чиглэл идэвхтэй нэвтэрч байна. Ийм нөхцөлд сэтгүүлч боловсон хүчнийг хуучин уламжлалт аргаар бэлтгэх боломжгүй болсон. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн тодорхойлолтоос эхлээд олон баримт бичгийг эргэж харах, цаг үеийн шаардлага,   нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж дахин боловсруулах шаардлага гарсан. Энэ ажлыг МУИС-иас эхлэн сэтгүүлч бэлтгэж буй бусад их, дээд сургуулиуд хийж эхэлсэн. Гэхдээ материал техникийн бааз, сурах бичгийн хангамж, багш нарын мэдлэг чадвартай холбоотой бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй бий. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сэтгүүл зүйн сургалт, материал техникийн баазтай харьцуулбал хоцрогдож байгаа зүйл байгааг үгүйсгэхгүй. Харин Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хэрэгцээ шаардлагын үүднээс авч үзвэл хуучин социалист системд байсан орнуудын сургалтын арга барилаас нэг их хоцроод сүйд болсон юм алга. Гэхдээ сэтгүүлч бэлтгэж байгаа арав гаруй сургууль бүгд жигд биш, чанарын хувьд янз бүрийн түвшинд байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.Сургуулиудын багшлах боловсон хүчний хувьд ч янз бүрийн түвшинд байна.Сүүлийн жилүүдэд МУИС багш шалгаруулж авахдаа маш өндөр шаардлага тавьдаг болсон.Мэргэжлийн, англи хэлний, компьютерийн шалгалтыг өндөр түвшинд авахын зэрэгцээ эрдэм шинжилгээний бүтээл, хичээл заах чадварыг харгалзан үзээд тэнцсэн тохиолдолд хоёр жил хүртэл дадлагажигч багшаар ажиллулдаг болсон. Багшаар ороод тодорхой хугацаанд заавал эрдмийн зэрэг хамгаалахыг шаарддаг. Энэ нь тодорхой үр дүнгээ өгч байна. Манай тэнхимийн багш нарын 85 хувь нь докторын, үлдсэн нь магистрын зэрэгтэй бөгөөд бүгд докторантурт суралцаж байгаа хүмүүс.Бусад сургуулиудад үнэлэлт дүгнэлт өгөх нь ёс зүйн хувьд зохимжгүй юм.     

-Сэтгүүлч болох хүсэлтэй залуус олон байх шиг байна. Гэхдээ тэд өөрт байгаа авьяас чадвараа танихаас өмнө олны танил болно улмаар улс төрд хөл тавих дөт зам гэж харж байгаа нь амьдралын олон жишээнээс бэлхнээ харагдаж байх шиг...?

- Тиймээ, санал нэг байна. Сэтгүүлч бэлтгэдэг хувийн, хувьсгалын олон сургууль зэрэгцэн оршиж байгаа нь сэтгүүлч болох хүсэлтэй залуус олон байгаагийн илрэл. Өнөөдөр арав гаруй сургуульд ойролцоогоор 1500 оюутан суралцаж, жилд 300 орчим залуу сэтгүүлч төгсөж байна.Борооны дараах мөөг шиг олширч байгаа энэ олон сайт тэднийг ажилтай болгож байна гэж хэлж болно. Жилээс жилд бичдэг сэтгүүлч ховордож ярьдаг сэтгүүлч олшроод байгаа нь ажиглагддаг. Эхлээд сонин, сэтгүүлд ажиллаж бичдэг сайн сэтгүүлч болохын оронд шууд телевиз, сайтад очихыг, болж өгвөл сенсаац хөөж богино хугацаанд олон түмэнд танигдахыг боддог. Би МУИС-д тасралтгүй 40 дэх жилдээ багшилж байна. Хэн нь хэн бэ, хэн нь сайн сэтгүүлч болох вэ, хэн нь өөр чиглэлээр явах вэ  гэдгийг ганц хоёр удаа хичээл заагаад үндсэндээ мэддэг болсон. Шавь нартаа сэтгүүлч болохын тулд дээд зэргийн хүсэл сонирхол, хөдөлмөрч чанар, байгалиас заяасан өчүүхэн авьяас хэрэгтэй шүү гэдгийг, бас сэтгүүлч болохоос өмнө хүн болж төлөвших хэрэгтэй гэдгийг байнга захиж хэлдэг. Үнэхээр дээрх гурван чанарын аль нэг нь дутуу байхад сайн сэтгүүлч болох ямар ч боломжгүй.  Сэтгүүлчийн мэргэжил бол нэг талаар олон нийтэд амархан танигдах, улстөрчдөөс амархан тус дэмжлэг авах боломжтой нээлттэй мэргэжил, нөгөө талаар манайд сэтгүүлчид улс төрд орж, УИХ-ын гишүүн, сайд дарга болох уламжлал ч тогтсон байдаг. Одоогийн УИХ-ын гишүүдийн арваад нь  сэтгүүлч, хөтлөгч  байгаа нь үүний нэг жишээ. Нөгөө талаар мэргэжлээ орхиод улс төр руу орж байгаа нь эзэмшсэн мэргэжилдээ үнэнч биш, эсвэл сэтгүүлчийн авьяас чадвар тааруу байгаагийн шинж юм. Ийм сэтгүүлчээс сайн улстөрч төрөх нь юу л бол. Гэхдээ хувь хүний эрх, сонголт учраас үүнийг хорих, хязгаарлах боломжгүй юм. Хамгийн гол нь улстөрч болсны дараа сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх нь чухал юм. УИХ-ын гишүүн сэтгүүлчдээс чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг сайжруулах талаар санаачилга гаргаж, идэвхтэй ажиллаж буй нэг ч гишүүн алга байгаа нь туйлын харамсалтай юм.

-Ардчиллын он жилүүдэд чөлөөт хэвлэлийн эх  суурь тавигдаж хэвлэл мэдээлэл “дөрөв дэх засаглал” байх ёстой гэдгийг олон нийт ойлгодог болсон байна. Харин энэ салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй, хариуцлага доголдолтой байгаа нь цар тахлын энэ үед тэдний тавьж байгаа асуулт, батлагдаагүй эх сурвалжаас мэдээлэх зэргээр тод илэрч байна уу даа гэж сэтгэл зовнин ажиглаж сууна. Энэ талаар сэтгүүл зүйн  судлаачийн хувьд ямар дүгнэлт хийж байна?

-Сэтгүүл зүйн мэргэжлийн түвшинд сөрөг нөлөө үзүүлж, олон нийтийн дунд нэр хүндийг нь гутааж байгаа хүчин зүйл бол сэтгүүлчдийн ёс зүй, хариуцлагын асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний бие 1999 онд АНУ-ын хэд хэдэн их сургуульд туршлага судлах ажлаар очихдоо  профессор-багш нарын хичээлд нь сууж, сургалтын технологи, заах аргатай танилцсан юм. Бараг хичээл болгонд багш нар зааж байгаа сэдэвтэй холбон сэтгүүлчийн ёс зүй, хариуцлагын талаар ярьдаг байсныг сонсоод бага зэрэг гайхаад өнгөрсөн юм. Одоо бодоод байсан чинь чөлөөт хэвлэл өндөр түвшинд хөгжсөн тэр орны багш нарынх түмэн зөв байжээ.Өнөөдөр сонин уншиж, телевиз үзэж, радио сонсож, мэдээллийн сайтуудын материалтай танилцаж байхад сэтгүүлч болох гэж байгаа хүнд алхам тутамдаа ёс зүй, хариуцлагын талаар байнга хэлж, ярихгүй бол болохгүй юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Энд олон шалтгаан байна. Редакцийн газрын дотоод хяналт сул, шинээр ажилд орох гэж  байгаа сэтгүүлчдэд тавих шалгуур алга, сэтгүүл зүйн мэргэжлийн суурь мэдлэг дутмаг, хувь хүний хувьд хариуцлагагүй, ёс зүйн хувьд доголдолтой, их дээд сургуульд мэргэжлийн ямар ч шалгалтгүй элсүүлдэг болсон, сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудын чанар муу, хувь хүн өөрөө өөртөө дүгнэлт хийх чадваргүй, чанаргүй хувийн сургууль хэт их  байгаатай холбоотой юм. Энэ бол манай сэтгүүл зүйн салбарт шийдвэрлэх асуудал дэндүү их байгаагийн илрэл юм.Тийм учраас асуудлыг цогцоор нь бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай.Энэ бол дэлгэрэнгүй хариулт шаардах асуулт тул ингээд товчилсон нь дээр байх.

- Хэвлэл мэдээлийн төвлөрөл буюу эрх мэдэлтэй  улс төрчдийн  гарт хэд хэдэн мэдээллийн хэрэгсэл бий болсон нь оршин тогтнох талаасаа сайн ч ард олныг талцуулах намчирхах бодит байдалд эргэлзээ төрүүлэх зэргээр сөрөг нөлөөл үзүүлж байгаа нь ажиглагддаг. Энэ нь “хаалтын гэрээ” гэдэг халхавчийн цаана шударга бус олон зүйл нуугдах боломж олгож байна уу?

- Би дээр дэлхий дахины сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй гол дөрвөн хүчин зүйлийн талаар зүгээрээс зүгээр дурдаагүй юм. Энэ хүчин зүйлийн нэг бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн төвлөрөл бөгөөд өнөөдөр манай сэтгүүл зүйд бодит үзэгдэл болоод удаж байна. Өнөөдөр дэлхийн сэтгүүл зүйн чиг хандлагыг “Их зургаа” гэж нэрлэгддэг медиа-магнатууд болох “Tайм-Уорнер”, “Уолт Дисней”, “Женерал Электрик”, Р.Мердокийн “Ньюз корпорейшн”, Б.Гейтисийн “Майкрософт” (АНУ), “Бартельсман” (ХБНГУ) тодорхойлж байна. Энэ хандлага дэлхийн олон оронд явагдаж буй бодит үйл явц. Тиймээс нэгэнт чөлөөт арчилсан хэвлэлийн зах зээлд хөл тавьсан манай орны хувьд ч төвлөрөл, даяаршил, задрал, ижилсэл зэрэг үйл явц бодит үйл явц болох нь  тодорхой. Гэхдээ асуудлын гол нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  хэний гарт төвлөрч байна вэ гэдэгт байна. Хэдэн улстөрч, эрх мэдэлтнүүдийн гарт орвол чөлөөт хэвлэлийн хөгжилд эерэг биш сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний зөвлөхөөс эхлээд УИХ-ын гишүүд, сайд дарга нарын компаниудад цөөнгүй ХМХ төвлөрөх хандлагатай байна. Энэ нь санхүү эдийн засгийн хувьд дампуурахгүй, баталгаатай боловч өгч байгаа мэдээлэл нь ард нь байгаа улстөрч, эрх мэдэлтүүдийн дуу холоой, тэдний үзэл бодлын индэр болдог учраас мэдээллийн тэнцвэрт байдал алдагдаж, ард түмнийг төөрөгдөлд оруулах, буруу зөрүү алхам хийхэд нөлөөлөх сөрөг талтай. Хэрэв жам ёсоороо хөгжих явцад хувь хүн, сэтгүүлчдийн гарт төвлөрөх нь аль ч оронд байдаг зүйл.Хамгийн гол нь тухайн орны нийт ХМХ-ийн хэдэн хувь нь нэг гарт төвлөрөх ёстой гэдгийг хуулиар зохицуулах шаардлагатай.Дэлхийн олон орон тодорхой хууль эрх зүйн актаар зохицуулсан байдаг. Мэдээж ийм медиа компаниудын ихэнх нь төрийн болон хувийн  байгууллагуудтай  “хаалтын гэрээ” хийдэг. Энэ бол нэг талаар, хууль бус замаар амархан мөнгө олох арга, нөгөө талаар шударга бус, гэмт хэргийн шинжтэй зүйлийг нуун дарагдуулдаг үйлдэл юм.

-Сэтгүүл зүйн шүүмж судлал дорвитой хөгжих,  сэтгүүлчдийг хамт олон дундаа  мэдлэг боловролоо дээшлүүлж бие биеэс суралцахад редакцийн дотоод хяналт уран бүтээлийн шудрага шүүмж, зөвлөгөө маш тустай байдгийг  Л Түдэв эрхлэгчийн үед “Үнэн” сонинд ажиллаж байсан он жилүүдэд мэдэрч ойлгосон. Харин өнөөгийн хэвлэлийн редакциуд энэ талаар тун сул байна уу даа гэсэн бодол төрдөг.

- Өнөөдөр манайд сэтгүүл зүйн судлал боломжийн түвшинд хөгжиж, судлаачдын эгнээ тэлж, судалгааны сэдвийн хүрээ өргөжиж, залуу судлаачдын идэвх санаачилга дээшилж байгаа нь ажиглагддаг. Харин сэтгүүл зүйн шүүмж, шүүмжлэл зогсонги байдалд байна гэж хэлэхэд нэг их хэтрүүлэг болохгүй. Доктор Т.Баасансүрэн тэргүүтэй цөөн тооны судлаач л шүүмж бичиж байна. Үүнд олон шалтгаан байна.Энд цөөн хэдийг нь дурдахыг хүсч байна. Юуны өмнө шүүмж бичихийн тулд зохиогч өөрөө сэтгүүл зүйн болон ерөнхий суурь мэдлэг маш сайн, ур чадвар сайтай, дадлага туршлагатай байх ёстой. Өөрөө юу ч мэдэхгүй байж бусдыг шүүмжилбэл хэн ч хүлээж авахгүй.Манайд ийм шаардлагыг хангасан хүн хуруу дарам цөөн байна. Манайд оюуны хөдөлмөрийг, тэр дундаа шүүмж зэрэг багагүй хүч хөдөлмөр шаарддаг бүтээлийг үнэлэх үнэлэмж алга байна. Нийтлэлийн эсвэл судалгааны хэдэн боть бүтээлийг, сонины бүтэн жилийн дугаарыг унших, радио телевизийн  олон сарын нэвтрүүлэг, хөтөлбөрийг үзэж сонсохын тулд хэдэн сарын хөдөлмөр, цаг хугацаа хэрэгтэй. Үүнийг ойлгох, үнэлэх, урамшуулах ямар ч систем алга. Хамгийн гол шалтгаан бол өнөөдөр манай сэтгүүлчдээс эхлээд ОНМХ-ийг эзэд, эрхлэгчдэд хүртэл шударга шүүмж, шүүмжлэлийг хүлээж авах сэтгэлгээ төлөвшөөгүй байна. Шүүмж бичсэн хүн руу дайрч давшлах, элдэв янзаар гүтгэж доромжлох, нэр төрийг нь гутаах хандлага газар авсан.Уг нь шударга шүүмжийг хүлээн авч, ололт амжилтыг улам бататгаж, дутагдал доголдлыг арилгахын төлөө ажиллах ёстой юм. Байдал ийм байхад ямар ч хүнд шүүмж бичих хүсэл сонирхол төрөхгүй гэдэг нь тодорхой.Тиймээс сэтгүүл зүйн салбарынханд юуны өмнө шүүмжийг шударгаар хүлээн авах сэтгэлгээг төлөвшүүлэх хэрэгтэй юм.

ОНМХ-үүдийн редакцийн дотоод хяналт алдагдсан гэдэгтэй зуун хувь санал нэг байна. 1990-ээд оноос өмнө сонины нэг материалыг хэд хэдэн шат дамжлагаар хянаж байж нийтэлдэг учраас алдаа мадаггүй, ур чадвар сайтай чанартай нийтлэл гардаг байсан. “Үнэн” сонины нийтлэл зөв бичихийн лавлах болж байсныг ч бид мэднэ. Өнөөдөр редакцийн дотоод хяналт бараг бүх хэвлэл мэдээлэлд үгүй болсноос хэл найруулгын болон баримтын алдаатай, ур чадварын хувьд туйлын тааруу, үлбэгэр нийтлэл, нэвтрүүлэг хэт олширсон.Үүнийг мэргэжлийн хүн байтугай жирийн иргэд шүүмжилдэг болсон нь алхам тутамдаа тааралддаг.Ялангуяа мэдээллийн сайтуудад гарч байгаа материалуудын ихэнх нь галзуу хүний тэмдэглэл шиг байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Энэ бол ямар ч хараа хяналтгүй, сурвалжлагчдын бичсэн болгоныг нийтэлж байгаагийн жишээ юм. Сэтгүүл зүйн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж, хэрэглэгчдийн ОНМХ-д илтгэл алдарч буйн нэг гол шалтгаан үүнтэй холбоотой юм. Дотоод хяналт, шударга шүүмж, шүүмжлэл, өрсөлдөөн байхгүй байгаагаас сэтгүүлчдийн ур чадвар, хариуцлага, ёс зүй, нийтлэл нэвтрүүлгийн чанар сайжрахгүй байна гэж хэлж болно. Сэтгүүлчдийн гараас гарсан болгон ямар ч хяналтгүйгээр нийтлэгдэж байгаа тохиолдолд чанарын тухай ярих боломжгүй юм.

-МСНЭ- ийн удирдах зөвлөлийн гишүүнтэй ярилцсаных МСНЭ -ээр сонин шинэ зүйл юу байна.Жил гаруй хугацааг хөл хоионд өнгөрөөж байгаа болохоор МСНЭ гэдэг байгууллага маань их л чимээгүй байна уу?Их хурлаар сонгогдсон удирдлага нэлээд санаачлагатай ажиллах эхлэл тавигдаж байсан.Их хурлын сонгуулиас хойш МСНЭ маань эзэнтэй байна уу?

-Энэ бол миний хувьд хариулахад нэлээд түвэгтэй асуудал байна.Уг нь сэтгүүлчид эзэнтэй байна уу, үгүй юу гэдгийг жинхэнэ утгаараа мэдэрч байгаа практик сэтгүүлчдээс асуувал илүү үр өгөөжтэй хариулт өгөх байсан. Нэгэнт асуусан болохоор судлаач хүний хувьд, бас МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн хүний хувьд товч хариулъя. МСНЭ шинэ удирдлагатай болоод гурав дахь жилийн нүүр үзэж байна. Х.Мандахбаяр ерөнхийлөгч эхний хоёр жил өөрийхөө дэвшүүлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ялангуяа сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэх талаар сайн ажилласан.Харамсалтай нь дундуур нь нэг хэсэг чөлөө авсан, сүүлд УИХ-ын сонгуульд нэр дэвших болоод МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоо дэд ерөнхийлөгч нь орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Би Монголын сэтгүүлчид эзэнгүй гэж хэлж чадахгүй.Х.Мандахбаяр Удирдах зөвлөлийн гишүүн хэвээрээ байгаа, төлөвлөсөн ажлаа МСНЭ-ийн баг амжилттай хэрэгжүүлж байна.Ялангуяа чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг сайжруулах, гадаад харилцааг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлэх, урамшуулах тал дээр ахиц дэвшил гарсан. Харин МСНЭ-ийн ээлжит бус их хурлыг хуралдуулж, албан ёсны ерөнхийлөгчтэй болох асуудал коноравируст халварын дэглэмийн улмаас хойшлогдож байна. Боломж гарсан даруйд МСНЭ-ийн бага хурлыг хуралдуулахаар төлөвлөсөн байгаа учраас удахгүй зохих шийдвэр гарах байх.

-Наяад оны дундуур шиг санагдана. МУИС нэг казах залуу багш ирсэн байна монгол хэл мэддэг болов уу гээд өөрийг чинь сонжих хүн нэлээд байсан. Харин өнөөдөр Монголын сэтгүүл зүйд М. Зулькафиль гэдэг хүн өөрийн орон зайгаа эзэлж чадсан.  Энэ талаар…

- Би 1881 оны хавар ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж ирээд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд багшаар ажиллах болсон. Анх ЗХУ-д сургуульд явахдаа Дээд боловсролын хорооны нэр дээр явсан. Сургуулиа онц дүнтэй төгсөж ирсэн болохоор тэр үед Намын дээд сургуулиас МУИС-д шилжүүлж дөнгөж ажлаа эхэлж байсан Сэтгүүл зүйн  тэнхимд багшаар томилсон. Тэнхимийн эрхлэгч нэрт сэтгүүл зүй судлаач, шинжлэх ухааны доктор Г.Дэлэг багштай хамтран ажиллах, их юм сурах сайхан завшаан тохиолдсонд үргэлж баярлаж явдаг. Г.Дэлэг багш миний судалгааны ажлыг удирдаж дэд эрдэмтэн болгосон, дараа нь өндөр насны амралтаа авахдаа тэнхимийг надад үлдээгээд явсан. Тус тэнхимийг 25 жил удирдахдаа сургалтын баримт бичгүүдийг боловсруулах, материал техникийн баазыг бэхжүүлэх, сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх ажилд чадах чинээгээрээ зүтгэж өдий хүрсэн. Дөчин жил багшлахдаа 25 жил тэнхимийн эрхлэгчээр, үлдсэн 15 жилд нь багшаар ажиллаж байна. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цол хүртсэн.МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн болсон гэх мэтээр яриаад байвал олон юм ярьж болно. Хамгийн гол нь башлах хугацаандаа 1500 орчим сэтгүүлч бэлтгэхэд өөрийнхөө хувь нэмрээ оруулсанд баярлаж явдаг.Энэ бол өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчдийн гуравны нэг юм. Бас сэтгүүл зүйн эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд зохих хувь нэмэр оруулж явна. Мэдээж Баян-Өлгий аймагт казах 10 жилийн сургууль төгсөөд ЗХУ-д зургаан жил суралцаад ирсэн болохоор эхний жилүүдэд бага зэрэг хэлний бэрхшээл байсан.Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлийн ачаар богино хугацаанд энэ бэрхшээлийг даван туулсан. Тухайн үеийн шаардлагаар 1980-аад оны дундуур зарим хичээлийг орос хэл дээр зааж байсан.Ингээд өндөрлөе. Хүн өөрийнхөө тухай ярих нь утгагүй учраас миний тухай өөр хүн ярьсан нь хамаагүй дээр биз дээ.

-Бидний  гал тогоо болсон сэтгүүл зүйн салбарын өнөөгийн төлөв байдлын талаар чин сэтгэлийн яриа өрнүүлсэн үзэг нэгт Танд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.5 БААСАН № 44 (6521)

 

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

5 цаг 1 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 26 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

6 цаг 58 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

7 цаг 21 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

8 цаг 35 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

11 цаг 5 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

15 цаг 51 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

15 цаг 51 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

15 цаг 51 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин