Ч.ҮЛ-ОЛДОХ
-Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын болон үзэл баримтлалын төсөл яригдаж, санал авах ажлыг эхлүүлсэн. Гол өөрчлөлт, шинэчлэл нь юу байгаасай гэж та үзэж байна?
-Боловсролын салбар бүхэлдээ хүнд байдалд байна. Иргэд, олон түмний зүгээс бүх шатны боловсролын чанар муу байна гэсэн хүчтэй шүүмжлэлд өртөж байна. Тийм учраас боловсролын салбарт бүхэлд нь суурь өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа юм. Юуны өмнө зургаан настай хүүхэд элсүүлэх асуудлыг хуулиар зохицуулах хэрэгтэй байна. Хичээлийн шинэ жил эхлэхэд бүтэн зургаан нас хүрсэн буюу 72-83 сартай хүүхдийг сургуульд элсүүлэн сургах асуудлыг хуульчлая. 2008-2009 оны хичээлийн жилд ингэж элсүүлээд ганц жил мөрдөөд больсон нь харамсалтай. Өнөөдөр жилээр нь тооцож элсүүлж байгаа нь нэгдүгээр ангид элсэгчдийн 35 орчим хувь нь үнэндээ таван настай сургуульд орж байна гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 6 + 3 + 3, эсвэл одоогийн мөрдөж байгаа 5 + 4 + 3 бүтэцтэй байх эсэхийг нарийвчлан судалж шийдвэрлэх хэрэгтэй байна.Бага боловсролын зорилгыг сурагчдад суралцах дадал, өдөр тутмын амьдралд шаардлагатай анхан шатны чадвар эзэмшүүлэх, зөв хүн болж төлөвшүүлэхэд чиглэнэ гэж томъёолбол бага боловсрол олгох хугацааг уртасгаж, сургуулийн бүтцийг 6 + 3 + 3 болгох нь зохимжтой. 2006 онд Боловсролын хуулиар ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг ингэж тогтоосон байсанг бас л өөрчилж, ухралт хийсэн дээ. Ерөнхий боловсролын сургуулийн хэв шинж алдагдсан. 2019-2020 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 662 сургууль байгаагийн 55 нь бага сургууль (8.3хувь), 112 нь суурь боловсролын сургууль (16.9 хувь), 495 нь бүрэн дунд сургууль буюу цогцолбор сургууль (74.8 хувь) байгаа нь тогтолцоо буруу байгааг харуулж байна. Хөдөөгийн сумдын ихэнх нь бүрэн дунд сургуультай, ахлах ангид цөөн тооны хүүхэд суралцаж байгаа нь гүнзгийрүүлсэн сургалт явуулах болон хичээлийг сонгон суралцах боломжгүй байна. Нөгөө талаар багшлах боловсон хүчин, хөрөнгө санхүүг тарамдуулах нэг нөхцөл болж байна. Аймгийн төв, дүүрэг, сум дундын ахлах сургуулийг тусад нь байгуулах асуудлыг хуульчилъя. Харин сургуулийг малчид, тариаланчдад ойртуулах зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн захын хороод, сумдын багт байгуулах хэрэгтэй байна.Хүүхэд сургууль завсардах явдал ч багасна. Хөдөөгөөс төв рүү чиглэсэн нүүдэл хөдөлгөөн багасна.Сургууль завсардалт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018-2019 оны хичээлийн жилд бага боловсролд хамрагдвал зохих 6-10 насны нийт хүүхдийн 5.5 хувь буюу 15.3 мянган хүүхэд, дунд ангид хамрагдвал зохих 11-14 насны нийт хүүхдийн 7.4 хувь буюу 13.8 мянган хүүхэд сургуульд хамрагдаагүй байна. Тухайн хичээлийн жилд ЕБС-д 600.3 мянган хүүхэд суралцаж байсан байна. Хэрэв сургуулийн гадна үлдсэн энэхүү 29.1 мянган хүүхдийг нэмвэл 629.4 мянган хүүхэд сургуульд сурч байх байжээ. Эндээс үзвэл 6-14 насны нийт хүүхдийн 4.6 хувь нь сургууль завсардсан болж байна. Энэ бол өндөр үзүүлэлт юм.
-Сургууль завсардаж байгаа шалтгаан юутай холбоотой вэ?
- Мөнгө, санхүүгийн бэрхшээл, ядуурал, амьжиргааны дорой байдал, хөгжлийн бэрхшээл, хэл, соёлын бэрхшээ, гэрийн ажил, ялгаварлан гадуурхалт, жендерт суурилсан хүчирхийлэл, хараа хяналтгүй байдал, байршил, алслагдсан байдал, мал маллах, ажил хөдөлмөр эрхлэх, хурдан морь унах гээд шалтгаан олон. Сургууль завсардаж байгаа нийтлэг шалтгаан нийслэлийн хувьд: амьжиргааны түвшин доогуур, шилжих хөдөлгөөн, бүртгэл хийгдээгүй, хөгжлийн бэрхшээл, багш нарын ялгаварлал, дарамт шахалт, эцэг эхийн хандлага, хариуцлагагүй байдал голлож байгаа бол аймаг, сумын хувьд: хөгжлийн бэрхшээл, амьжиргааны түвшин доогуур, газар зүйн байршил, алслагдмал байдал, эцэг эхийн хандлага, хариуцлагагүй байдлаас болж сургууль завсардалт голлон нөлөөлж байна гэсэн судалгаа гарчээ.
Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагч XI ангиа төгсөөд, цаашид МСҮТ-д үргэлжлүүлэн суралцах, эсвэл мал аж ахуй, газар тариалан эрхлэх санал хүсэлтийг суралцагч, эцэг эх гаргасан тохиолдолд улсын шалгалт авч, бүрэн дунд боловсролын аттестат олгох ба их, дээд сургуульд суралцах хүсэл сонирхолтой суралцагч XII ангидаа сонгосон хичээлүүдийг гүнзгийрүүлэн сурах бололцоог нээж өгч болно. Хичээллэх анги танхим, багш хүрэлцээтэй тохиолдолд ерөнхий боловсролын сургуулийг бүтэн өдрийн сургалтад шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Ингэснээр хүүхэд сургууль дээрээ хичээллэх, дугуйлан секцэд суралцах, ном унших, даалгавраа хийх, үдийн амралтаар хооллох, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэнэ. Гадуур хий дэмий сэлгүүцэх, хэрэг төвөгт холбогдох явдал ч эрс буурна.Төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын зардлыг төрөөс даах ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх, юуны өмнө багш, эмч, инженер бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төрөөс дааж, төрийн өмчийн их, дээд сургуульд элсэгчдэд тавих шаардлагыг эрс өндөрсгөх хэрэгцээ бий болж байна. Төрийн болон төрийн бус өмчийн олон сургуулиудыг цөөлье гэсэн иргэдийн шаардлага ч хэрэгжиж эхэлнэ.Их, дээд сургуулиуд иргэдийг ядууруулах хэрэгсэл байхаа болино. Боловсролын зээл иргэдийг ядууруулах гол уурхай байгааг боловсролын шинэ сайд олж хараад, үүнийг засна гэж байгаа нь сайшаалтай. Боловсролын багц хуульд өмнө бий болсон дутагдал, гажуудлыг засах, өнөөгийн боловсролын тогтолцооны төлөв байдлыг зөв тодорхойлж, цаашид шийдвэрлэх асуудлыг олж харж хуульд тусгах шаардлага байгаагийн нэгээхэн хэсгийг дурдахад ийм.
-Үндсэн хуульд бага, дунд боловсролыг үнэгүй, тэгш олгох заалт бий. Гэтэл зарим сургууль өндөр төлбөртэй, сургалтын чанар хүртээмж, суралцагчдын хооронд ч маш их ялгаа бий. Дээр нь анги дүүргэлт, багшид ирэх ачаалал хэтэрсэн гээд ялгааг яаж арилгах вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд бага, дунд боловсролыг үнэгүй олгоногэсэн заалт бий. Нөгөөтэйгөөр төрийн бус өмчийн сургууль байж болох заалтыг ч давхар оруулсан учир олон арван төрийн бус өмчийн сургуулиуд байгуулагдсан хэрэг. Зах зээлийн эдийн засагт шилжиж, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байсан цаг үед төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүд боловсролын нуруун дээрх ачааг хөнгөлсөн нь үнэн. Одоо ч зохих үүрэг хүлээж байна. Харамсалтай нь төрийн бус өмчийн сургуулийн төлбөр хэр хэмжээнээс хэтэрч байгаа нь ч үнэн. Төрийн бус өмчийн сургуулиуд ихэвчлэн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж байна. Сүүлийн үед монгол хэл, цагаан толгойгоо ч үзээгүй байхад гадаад хэл зааж байна, үүнийг хориглох хэрэгтэй гэсэн санал ихээр гарах боллоо. Миний хувьд үүнтэй санал нэг байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн I-II ангид гадаад хэл бичиг заахыг хуулиар хориглож болно. Гадаад хэлний цагаан толгой заахгүйгээр дуу, шүлэгцээжлэх, ярианы хэл зааж болох юм.
Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, олон улсын хөтөлбөртэй сургууль, лаборатор сургуулиуд сурагчдын хооронд ялгааг үүсгэж, тэгш биш байдлыг өөгшүүлж байна. Улсын хэмжээнд байгаа 40 гаруй лаборатор сургуулиудын багш, ажиллагчид ердийн сургуулийн багш, ажиллагчдаас илүү цалин хөлс авч, сургуулийн захирлыг сайд томилж байгаа нь сургууль, багш нарыг талцуулахад хүргэж байна. Энэ оновчгүй шийдэл, үйл ажиллагааг бага дээр нь засах хэрэгтэй.
Улсын хэмжээнд нэг ангид суралцагчдын тоо буюу бүлэг дүүргэлт дунджаар 29.4 хувьтай байгаа нь тийм ч их өндөр үзүүлэлт биш юм. Улаанбаатар хот болон зарим аймгийн төвийн сургуульд бүлэг дүүргэлт харьцангуй өндөр байна. БСШУСЯ (хуучин нэрээр)-ны 2019-2020 оны хичээлийн жилийн статистик мэдээнээс үзвэл бүлэг дүүргэлт нь дунджаар 38.0-53.6 байгаа сургууль нийслэлд 35, аймгийн төвийн 6 сургууль байсан байна. Улсын хэмжээгээр авч үзвэл бага ангийн бүлэг дүүргэлт дунд, ахлах ангиас их байгаа юм. Нийслэлийн сургуулиудаас бага ангийн бүлэг дүүргэлт өндөртэй сургуулиуд төвийн 6 дүүрэгт байгаа нь 2020-2021 оны хичээлийн жилийн статистик мэдээнээс харагдаж байна. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлт 54.0-66.2 байгаа бол Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн III-IV ангийн бүлэг дүүргэлт 58.5-65.7 байна. 23 дугаар сургуулийн хичээлийн байрыг өргөтгөөд ганцхан жил болж байхад байдал дээрдсэнгүй. Ийм байдал бусад дүүргийн сургуулиуд дээр ч нэг адил байгаа юм. Нийслэлийн бүлэг дүүргэлт өндөртэй 11 сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг тооцож үзэхэд 46.0-58.4 байна. Тогтоосон нормт хэмжээнээс 1.5-2 дахин олон хүүхэдтэй манай багш нар ажиллаж байна. Цар тахлын үед танхимын сургалтыг явуулахад 66 хүүхэдтэй ангийг яаж эрсдэлгүй зохион байгуулах вэ гэдэг бас л асуудал дагуулна. Гэсэн ч танхимын сургалтыг эхлэхээс өөр арга байхгүй. Яаж хэрхэн зохион байгуулалт хийх, теле болон цахим сургалттай хэрхэн хослуулах вэ гээд шийдэх асуудал олон. Хаврын урин дулаан цаг болон хагас, бүтэн сайн өдрийг бүтээлчээр ашиглах, хичээлүүдийг агуулгыг интеграцчилан нягтруулах, сурлагын хоцрогдлыг арилгах үр бүтээлтэй давтлага, зөвлөгөө өгөх, эцэг эхийн хүчийг ашиглах гээд бодох сэтгэх, төлөвлөх, хийх ажлууд их байна. Ерөнхий боловсролын сургуулийн бүлэг дүүргэлтийг бууруулж чадахгүй байгаад нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газар, хэлтэс, мэргэжлийн хяналтын байгууллага, сургууль, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд аль аль нь буруутай. Энд хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Багш нар сурагчидтай ажиллах, тэднийг сургах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаанд хүндрэл учирч байна. Бүлэг дүүргэлт өндөртэй сургуулиудын хичээлийн байрыг өргөтгөж, суудлын тоог нэмэгдүүлэх шаардлагатай нь мэдээж. Нийслэлийн сургуулиудын ачааллыг бууруулах оновчтой арга зам эрж хайх, багш, ажилтан, ажиллагчдад нэмэлт урамшуулал олгох асуудлыг авч үзэх хэрэгтэй болж байна.
-Кембрижийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-2011 онд тэр үеийн Засгийн газар, Кембрижийн Олон улсын шалгалтын төвийн хооронд “Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, 2010-2011онд Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуулийг байгуулсан юм. Өнөөдөр 10 сургууль болгон нэмэгдүүлсэншийдвэр гарсан байна. 2014 онд сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулахдаа математик, байгалийн ухаан, англи хэлний сургалтын хөтөлбөрт кембрижийн хөтөлбөрийн агуулгыг интеграцилан оруулсан. 2019 онд сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулахдаа агуулгыг хөнгөрүүлсэн, анги хоорондын агуулгын шилжилт хийсэн, зарим нэгэн алдааг зассан боловч төдийлөн үр дүнтэй болж чадаагүй. Ганцхан жишээ дурдахад ахлах ангид математикийн хичээлээр матриц, дифференциал тэгшитгэл, комплекс тоог зааж байгаа нь зөв шийдэл болж чадаагүй байх жишээтэй. Одоо болохоор энэ мэтийн нэмсэн агуулгыг их, дээд сургуулийн эхний курсын кредит цагт тооцно гэж ярьж байна. Кембрижийн хөтөлбөрийн агуулгыг манайд нутагшуулахдаа гол нь биш, харин Кембрижийн үнэлгээний системийг тууштай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. 2012-2015 онд Кембрижийн Олон улсын шалгалтын төвөөс үнэлгээний тогтолцоог сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллаж, үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлж байсан. Харамсалтай нь 2016 оноос тэдний өгсөн үнэтэй зөвлөгөө, аргачиллыг хэрэгжүүлэхээ больж, улсаас зарсан олон зуун сая төгрөг үр дүнгүй болж, салхинд хийссэн. Кембрижийн хөтөлбөртэй сургууль манай улсад байж болно. Гагцхүү тийм сургуулийн үйл ажиллагаанд төрийн зүгээс оролцох, санхүүжүүлэх биш төрийн бус өмчийн сургуулиуд кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж болно шүү дээ. Төрийн бус өмчийн сургуулиуд кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн байгаа.
-Бид монгол хүн бүтээх тухай ярьдаг. Гэтэл сургалтын хөтөлбөрийг гаднаас хуулахгүй бол чанаргүй, хөгжихгүй гэсэн үзэл байх юм. Энэ удаа хуулийн шинэчлэлтэй хамт боловсролын үндэсний хөтөлбөр гэсэн нэр томъёо сонсогдож байна. Үндэсний хөтөлбөр боловсруулна гэсэн үг үү. Сургалтын хөтөлбөр ер нь ямар байх ёстой вэ?
- Манай улс сургалтын үндэсний хөтөлбөртэй байсан. Одоо ч байгаа. 2002-2004 онд 100 гаруй багш, эрдэмтдийн хүчээр сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг боловсруулан 2005-2006 оны хичээлийн жилээс мөрдөж эхэлсэн. Үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт стандартад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж зорилт тавьж байлаа. Харамсалтай нь Боловсролын тухай хуулийн 11.3 “... стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, мөрдөнө” гэсэн заалтыг 2017 онд хүчингүй болгосноор Монгол Улсад боловсролын хөтөлбөрт тавигдах стандартгүй буюу зарчмын суурь шаардлагууд байхгүй болоод байна. Энэ удаагийн боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд боловсролын агуулгын стандарттай болох асуудал тусаагүй байна. Ингээд ухраад байхаар боловсрол урагшаа хөгжих үү?
-Хөгжихгүй л дээ, харин ч ухарна?
-Тэгэхээр одоогийн мөрдөж байгаа боловсролын үндэсний хөтөлбөрийг сайжруулах, хүүхдийг сургах, хүмүүжүүлэх, Монгол улсын хөгжлийн төлөө сурах, ажиллах, амьдрах чадвартай төлөвшсөн иргэнбэлтгэхэд чиглэсэн байдлаар сургалтын агуулгыг шинэчлэн боловсруулах шаардлага урган гарч байна. Сургалтын агуулгыг нэн даруй шинэчлэн сайжруулах, ерөнхий боловсролын сургуульд судлах хичээлийн тоог цөөрүүлэн интеграцчилах, улмаар сурагчдад ногдох ачааллыг бууруулах, I-III ангид “Амьдрал” нэгдмэл хичээл бий болгох шаардлага ч байна. Ерөнхий боловсролын сургуулийг бүтэн өдрийн сургалтад шилжүүлж эхлэхтэй уялдан сургалтын хөтөлбөрийг ялгаатай байдлаар боловсруулан мөрдөх шаардлага ч гарна. Боловсролын агуулгын, арга зүйн, үнэлгээний, сургалтын орчны стандартыг нэгдмэл байдлаар боловсруулж, түүн дээрээ суурилан сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах ажлыг 2024 оныг хүлээхгүйгээр хийх хэрэгтэй байна.
-Үүнтэй уялдаад боловсролын үнэлгээний системийн тухай ярихгүй орхиж болохгүй байх?
- Манайд сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх асуудал хамгийн их хоцрогдож байна. Суралцагчийн мэдлэг, чадварын түвшинг тодорхойлох, сурах арга барилд хэрхэн суралцаж байгааг тогтоох, суралцагчийнцаашид хөгжих боломжийг олж харах, суралцагчид оюуны хөдөлмөрийн соёл, сахилга бат суулгах гэсэн үнэлгээний зорилтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байна. Сурагчдад “Би чадна” гэсэн хүсэл тэмүүллийг сургуульд элсэн орох үеэс нь суулгаж өгөх хэрэгтэй байна. Ийм хүсэл тэмүүлэлтэй хүүхэд сайн сурч чадна. Өнөөдөр үнэлгээ хуурамч байна. Үнэлгээ үнэн зөв, шударга явагдахгүй байгаагаас хүүхэд, багш өөрсдийгөө хуураад, эцэг эхийг хуураад, улмаар сургууль, улсаа хуураад явж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар анги төгсөгчдөөс авч буй улсын шалгалт ор нэрийн төдий явагдаж байна. Бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалтыг чанаржуулах хэрэгтэй. 1997-2005 онд 10 дугаар анги төгсөгчдөөс улсын шалгалтыг нэгдсэн байдлаар их чанга, шударга авдаг, дүгнэдэг байсан. Энэ арга ажиллагааг сэргээх цаг болсон. Улсын шалгалтын дүнгээр их, дээд сургуулиуд элсэлт хийхэд болохгүй гэх газаргүй. Харин элсэгчдээс ярилцлага авч, эссэ бичүүлж, элсэгч тухайн мэргэжилд тохирох эсэхийг магадлах ажлыг хийж болно. Олон улсад ийм жишиг рүү явж байна. Боловсролын үнэлгээний төв гэгч байгууллага системийн үнэлгээ (сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин, байгууллагын болон багшийн үнэлгээ хийх гэх мэт) хийх чиг үүргээ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Нийслэл, аймгийн төв, хөдөө сумдын сурагчдын сурлагын түвшин ялгаатай байгаа нь сургууль, сургалтын орчин, багшийн чадвар, эцэг эхийн анхаарал халамж, ажилгүйдэл, ядуурал, нийгмийн тэгш бус байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарах боловч тэдгээр хүчин зүйлүүдийг зохих хэмжээнд хүртэл сайжруулах талаар боловсролын бүх шатны байгууллагууд, багш, эцэг эх, төр, олон нийтийн байгууллагууд хамтран ажиллаж байж амжилтад хүрнэ. Ганцхан сургууль, боловсролын байгууллагын ажил дангаараа бүрэн гүйцэд сайжрах, хөгжих боломжгүйг анхаарч, боловсролын багц хуулиудыг нийгмийн харилцааг зохицуулдаг бусад хуультай нягт уялдуулах хэрэгтэй байгаа юм даа.
- Багш нар цалин хөлсөө нэмүүлэх, нийгмийн асуудлаа шийдүүлэх гэж байсхийгээд жагсч тэмцдэг. Энэ талаар?
-Багш нарын цалин хөлс үнэхээр бага байгаа, амьдралд нь хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Багш нараас ямар хэмжээний цалин авбал та сайхан амьдарч, ажлаа үр бүтээлтэй хийх вэ гэсэн асуултад багш нар маань 2.5-3.0 сая төгрөгийн цалин авахад болноо гэж хариулж байна. Заавал жагсч тэмцэх албагүй л дээ. Олон талын яриа хэлэлцээ, үнэн зөв судалгаа шинжилгээ хийж, асуудлаа зөв тавьж, ойлгуулах замаар төр засгийн шийдвэр гаргуулж болно шүү дээ. Жагсаал, тэмцлийн үр дүнгээр амжилтад хүрч болох боловч, нөгөө тал нь багш нарын нэр хүнд тэр хэмжээгээр буурч болохыг бодох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлснээр боловсрол, сургалт, хүмүүжлийн ажил сайжирна гэдэг нь гарцаагүй нөхцөл мөн.Тэгэхээр хүүхэд багачууд боловсролд тэгш хамрагдаж, чанартай боловсрол эзэмшиж, зөв төлөвшсөн иргэн болох гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй болж байна. Боловсролын багц хуулиудын зорилго үүнд л чиглэгдэх ёстой гэж бодож байна. Cалбарын шинэ сайд боловсролын төсвийн хуваарилалт, зарцуулалтыг хянан үзэж, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ гэж амласанг бүрэн дэмжиж байна. Боловсролын ямар зардлаас хэмнэлт гаргаж, хөрөнгө мөнгө босгох бололцоо бий. Сургуулийн хэв шинжийг өөрчилж, бага, дунд, ахлах сургуулийн тоог зохистой харьцаанд оруулах, хичээлийн тоог цөөлөх гээд боломж бий. Багшийн цалин хөлсийг шаардлагатай хэмжээнд хүргэсэн тохиолдолд долоо хоногт заах нормт цагийг нэмэгдүүлэх боломжтой.
-Багш мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэх асуудал хэр чанартай байна вэ. Багшийг хөгжүүлье гэж Багшийн хөгжлийн ордон хүртэл бий болгосон. Энэ асуудалд боловсролын салбар, төр засаг шинжлэх ухаанчаар хандаж чадаж байна уу?
-Юуны өмнө багш бэлтгэдэг их, дээд сургуульд суралцагчдын сургалтын зардлыг төр даах хэрэгтэй гэж дээр дурдсан. Үүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Элсэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөхийн зэрэгцээ үнэхээр багш болох хүсэл сонирхолтой хүнийг сонгон элсүүлэх, аймаг, дүүрэгт багш болох сонирхолтой хүүхдэд зориулсан “багш сонгон суралцах бүлэг” нээн хичээллүүлж, тэднийг багш бэлтгэдэг сургуульд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх, багш бэлтгэдэг сургуулиудыг аттестатчилж чанаржуулах, багшлах дадлагыг суралцах эхний жилээс нь хийх гээд шийдвэрлэх олон асуудал бий. Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг бэлтгэх “дээд курс”-ыг нээж, тэднийг 3 сар хүртэл хугацаагаар сургах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын хугацааг дор хаяж 14 хоног болгохын зэрэгцээаль болох ажлын байран дээр нь багш, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны мэргэжлийгдээшлүүлэх шаардлага тулгарч байна. Цахим сургалтын арга зүй нэвтэрч, багш нарын мэргэжлийг зайнаас дээшлүүлэх өргөн боломж нээгдэж байгааг зөв зохистой ашиглах шаардлагатай боллоо.
-Сурах бичгийн тендер байнга хэл ам дагуулдаг. Өмнө нь нэг сурах бичгийг олон жил ашигладаг байсан бол хичээлийн шинэ жил болгоноор шинийг хэвлэх асуудал гарч байна. Олдоц хүртээмж муу гэдэг. Зохицуулалтыг хэрхэн хийх вэ?
- 2014 оноос хойш сурах бичгийг жил бүр шинэчлэн хэвлээд байгаа зүйл байхгүй. Харин жил бүр нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэж сургуулиудын номын санд өгч байгааг сурах бичгийг тогтвортой хэрэглэхгүй байна гэж хүмүүст ойлгогддог. 2019 онд сайжруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2019-2020 онд бага, дунд ангийн сурах бичгийг шинэчлэн сайжруулж хэвлэсэн. Харин энд сайжруулсан сурах бичгийг цөөн хувиар хэвлэсэн учир багш нар шинэ, хуучин хоёр сурах бичгийг хослуулан хэрэглэж, сургалтын үйл ажиллагаанд хүндрэл учирч байна. Ганц жишээ дурдахад 2020 онд 5 дугаар ангийн математикийн сайжруулсан сурах бичгийг 3300 хувиар хэвлэжээ. Шинээр ашиглалтад орсон сургуульд уг сурах бичгийг хүүхдийн тоогоор өгсөн бөгөөд бусад сургуульд гурав дөрөвхөн ногдсон байна. Зарим сургуулийн багш нарт ч хүрээгүй гэсэн. Энэ бол яах аргагүй буруу төлөвлөлт, үйл ажиллагаа байсан. Сурах бичгийн шинжлэх ухааны түвшин доошилсон, чанар муудсан гэж багш нар, иргэд шүүмжилж байгаа нь үнэнтэй. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг тогтвортой мөрдөхөөр маш сайн сайжруулсан тохиолдолд сурах бичгийн агуулга, арга зүй, чанар дагаад сайжирна. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга, арга зүйг шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг удирдан чиглүүлэх, хэлэлцэн зөвлөх, хяналт тавих чиг үүрэг бүхий эрдэмтэд, багш, арга зүйчдийн орон тооны бус “Арга зүйн зөвлөл”-ийг хичээл нэг бүрээр яамны дэргэд байгуулан ажиллуулах хэрэгтэй гэж бодож байна. Багш, арга зүйч, мэргэжилтнүүд сургалтын материал, дасгал ажлын ном, сургалтын хэрэглэгдэхүүнийг зохион хэвлүүлж, сурагчдад шахаж борлуулдаг үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Энэ байдлыг яам, холбогдох газрууд мэддэг боловч засаж чадахгүй өдийг хүрлээ. Дур дураараа зохион хэвлүүлж, шахан борлуулж байгаа эдгээр материал, хэрэглэгдэхүүнүүд сургалтын чанар, үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг судлах цаг болсон.Хичээлээс гадуур хэрэглэгдэж байгаа бүх хэрэглэгдэхүүнүүдэд эксперт хийж, сургалтад ашиглаж болохуйц чанартай дасгал ажлын ном, сургалтын материал, хэрэглэгдэхүүнд албан ёсоор зөвшөөрөл өгөх, аль эсвэл төрөөс худалдан авч, сургуулиудыг хангах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)