С.УЯНГА
Хөл хорионы үеэр эх орондоо буцах эрхийн талаар бүрэн хэмжээний судалгаа хийжээ. Энэ талаар судлаач, хуульзүйн магистр Л.Амгаланбаатартай ярилцлаа.
-Цар тахлаас болж улс орнууд хилээ хааснаас эх орондоо буцах нөхцөл байдал хүндэрлээ. Хүний эх орондоо буцах эрхийг олон улсын баримт бичигт хэрхэн авч үздэг вэ?
-Олон улсын эрх зүйд хүн бүр төрсөн цагаасаа эхлэн амьд явах эрхийн адил эх орондоо буцаж ирэх эрхийг эдэлнэ гэж заасан. Мөн эх нутгаасаа ямар шалтгаанаар явснаас үл хамааран хэдийд ч эх нутагтаа буцах эрхтэй гэж үздэг. Иймд эх орондоо буцаж ирэх эрх нь хүн улс оронтойгоо ямагт дотно, тусгай харилцаа холбоотой болохыг харуулж байдаг. Хүний эрхийн хороо “his own country” буюу “өөрийн эх орондоо” гэх нөхцлийн талаар тайлбарлахдаа тухайн хүний өөрийнх нь “харьяаллын улс” гэсэн ойлголтоос илүү өргөн хүрээтэй. Зарчмын хувьд хязгаарлаж үл болох бөгөөд “улс үндэстний амьдралд аюул занал тулгарч”, энэ тухай “албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон” тохиолдолд олон улсын гэрээний үүргээс ухрах замаар хязгаарлаж болно. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд коронавируст халдварын цар тахлын үед “онц байдал” зарлаагүй тул эх орондоо буцаж ирэх эрхийн хязгаарлалтыг Пактын 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тайлбарлах боломжгүй.
Хүүхдийн эрхийн конвенц нь юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахыг эн тэргүүний зорилго болгож, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг ямагт хангаж ажиллахыг оролцогч бүх улсад үүрэг болгосон. Монгол Улс тус конвенцыг соёрхон баталж, дагаж мөрдөж байгаагийн хувьд Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай конвенцийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу коронавируст халдварын цар тахлын үед эх орондоо буцах хүсэлт гаргасан өөрийн улсын харьяат хүүхэд болон тэдний эцэг, эхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эн тэргүүнд зөрчигдөхөөс хамгаалж, түүнд чиглэсэн арга хэмжээ авах учиртай. Үндсэн хуульд заасан үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор зөвхөн гадаадад явах, оршин суух эрхийг хуулиар хязгаарлахыг хүлээн зөвшөөрсөн байх хэдий ч энэ хязгаарлалтад эх орондоо буцаж ирэх эрх хамаарахгүй. Эх орондоо буцаж ирэх эрхийг “онц болон дайны” байдал зарласнаас бусад тохиолдолд хязгаарлаж үл болох жам ёсны шинжтэй онцгой эрх гэж олон улсын эрх зүйд үздэг. Иймд цар тахал буюу онцгой нөхцөл байдлын үед төрөөс улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор иргэдийнхээ улсын хилээр зорчих хөдөлгөөнийг зогсоож, эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарлах бол энэ нь хамгийн багаар хязгаарласан байх, тухайн нөхцөлд тохирсон байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой.
Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар Америк, Ази Номхон далай, Европ, Төв Ази, Зүүн өмнөд ба Хойд Америк зэрэг тивүүдэд эх орондоо буцах шаардлагатай 600000 гаруй иргэний 590000 гаруй нь эх орондоо аюулгүй буцаж ирээд байна.
-Гадаадад байгаа иргэдийг татах Засгийн газрын шийдвэр хэр оновчтой байв. Хэрэгжилт ямар байсан бэ?
-Хүний эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарласнаар бусад салшгүй эрх зөрчигдөх үр дагавар үүсэж болно. Гэвч улсын хилээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласны улмаас хилийн чанадад байсан зарим иргэдийн амьд явах эрх зөрчигдөж, тусгай үүргийн нислэг хүлээх хугацаанд коронавирусын халдвар, өвчин, сэтгэл санааны байдлаас болоод амь нас эрсдэх тохиолдлууд гарч байсан. Иймд иргэдийн эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарлах нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.Тухайлбал, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор төлөвлөсөн байсан тусгай үүргийн бүх нислэгийг цуцалсан. Үүний улмаас эх орондоо ирэхээр төлөвлөж байсан иргэд боломжгүй болж санхүү болон сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч, хүнд нөхцөл байдалд ороод байна. Тиймээс төрөөс тусгаарлах байрны тоо, хүрэлцээ, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад төрийн албан хаагчдын хүний нөөц зэрэг дотоодын хүлээн авах чадварыг эн тэргүүнд яаралтай нэмэгдүүлж, аюулгүй байдал, зохион байгуулалтын үйл ажиллагааг чанд мөрдөж, хяналт тавьж ажиллах ёстой. Үүнээс харвал Засгийн газраас Монгол Улсын иргэдийн улсын хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хориглож, эх орондоо буцах эрхийг хязгаарласан нь Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, шаардлагыг нэг мөр хангаагүй байна. Иймд тухайн шийдвэр нь олон улсын эрх зүйн нэр томьёоны дагуу “дур зоргын” шинжтэй байх тул иргэдийн эх орондоо буцаж ирэх эрхийг “дур зоргоор” хязгаарласан гэж үзнэ. Тухайлбал, 118 удаагийн тусгай үүргийн төлөвлөгөөт нислэгээр үйлдэхээр төлөвлөсний долоог цуцалж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Энэ оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар гадаадын 93 гаруй орноос агаарын замаар 21522, автозамаар 6643 буюу нийт 28195 иргэнийг татан авчээ. Гадаадаас эх орондоо ирсэн иргэдийн 57-58 орчим хувийг санхүүгийн хүндрэл, бэрхшээл болон бусад шалтгаантай иргэд, 17-18 орчим хувийг бага насны хүүхэдтэй иргэд эзэлж байна. “Public Mongolia” ТББ-ын судалгаагаар 5.1 хувь нь гадаадад гацаад нэг сар, 18.3 хувь 1-3 сар, 55.1 хувь нь 3-6 сар, 21.4 хувь нь зургаан сараас дээш хугацаагаар эх орондоо буцаж ирж чадахгүй гэж хариулжээ. Өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар УОК-ын Шуурхай штабт гадаадад байгаа иргэдийг тээвэрлэх ажиллагаатай холбоотойгоор 13000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна. Засгийн газар цар тахлын үед гадаадад байгаа иргэдийг эх оронд нь авч ирэх, хүлээн авахтай холбоотой бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээг авахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй.
-Эх орондоо буцах зарим иргэний зардлыг тусгай сангаас гаргасан. Хэрэгжилт хэр байсан бэ?
-Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед гадаадаас эх орондоо ирж байгаа бүх иргэн зардлаа өөрсдөө хариуцах нь оновчгүй. Зарим үед төр эрсдэлийг үүрэх чадамжтай байх ёстой. Засгийн газраас хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2018 оны зургадугаар сард “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Дүрэмд зааснаар сангийн хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө болон гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандиваас бүрдэхээр зохицуулжээ. Үүнээс 2019 онд тус сангийн нийт төсвийн 50 хувийг гадаадад нас барсан иргэнийг эх оронд нь авч ирэхэд зарцуулж, мөн гадаадад ял эдэлж байгаа иргэдийг эргэж очих, эх оронд нь авч ирэхэд тодорхой хувийг зарцуулжээ. 2020, 2021 онуудад Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд 200 орчим сая төгрөг төлөвлөсөн. Гадаад улсаас эх орондоо ирж байгаа иргэдийн 60 орчим хувийг санхүүгийн хүндрэл, бэрхшээлтэй хүмүүс эзэлж байгаагаас үзвэл, коронавируст цар тахлын онцгой үед гадаадад байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хүндрэл, бэрхшээлд ороод байгаа иргэдийг яаралтай судлан, нэн тэргүүнд эх оронд нь авч ирэх, түр хугацаанд тэнд нь зохих тусламж, дэмжлэг үзүүлэх, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгө хүрэлцэхгүй бол нэмэгдүүлэх зэргээр ажиллах ёстой.
Шадар сайдын 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн тушаалаар тодорхой шалгуур хангасан зорилтот бүлгийн Монгол Улсын иргэнд зориулан 300,000,000 төгрөгийг хандивын хөрөнгөнөөс олгож, иргэдэд туслах санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин аравдугаар сарын 29-ний өдрийн Гадаад харилцааны сайдын тушаалаар нэр бүхий 113 иргэнд 117.424.700 төгрөгийг дээрх сангаас зарцуулжээ.
-Иргэдээ авах гадаад орнуудын сайн жишиг туршлага ямар байна вэ?
-Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар Америк, Ази Номхон далай, Европ, Төв Ази, Зүүн өмнөд ба Хойд Америк зэрэг тивүүдэд эх орондоо буцах шаардлагатай 600000 гаруй иргэний 590000 гаруй нь эх орондоо аюулгүй буцаж ирээд байна. Тухайлбал, Япон улсын Хилээр шалган нэвтрүүлэх ба Дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хуульд Япон Улсын иргэн болон гадаадын харьяат иргэдийн хилээр нэвтрэх процесс, журмыг ялгаатай зохицуулсан байх бөгөөд Япон Улсын иргэн мөн л бол эх орондоо буцаж ирэхэд нь саад учруулахгүй хэмээн зохицуулжээ. Үүнээс үзвэл, Европын холбоо болон Япон Улс цар тахлын үед өөрийн улсын харьяат иргэдийнхээ эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарлаагүй байгаа нь Монгол Улсын нөхцөл байдлаас ялгаатай байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.10 ЛХАГВА № 29 (6506)