Д.Лхагвасүрэн: COVID-19-ийн эсрэг вакциныг Монголдоо үйлдвэрлэх боломж байсан

2021-02-08
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Лхагвасүрэнг урьж COVID-19-ийн вакцин тойрсон асуудлаар ярилцлаа.

 

БҮТЭЭСЭН ТЕХНОЛОГИОС ҮЛ ХАМААРЧ ВАКЦИН БҮР ДАРХЛАА ТОГТООХ БОЛОМЖТОЙ

-Вакцин үйлдвэрлэх боломжтой дэлхийн улсууд ямар нэг хэмжээгээр өөрсдийн технологийг ашиглан вакцин бүтээж түүнийгээ туршиж байна. АНУ-ын CDC буюу Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээгээр Pfizer/Biontech болон Moderna компанийн вакциныг зөвшөөрч баталгаажуулсан. Мөн AstraZeneca, Janssen, Novavax компанийн вакцины сүүлчийн шатны туршилт үргэлжилж байна. Харин ДЭМБ 15 вакциныг шалгаж баталгаажуулахаар ажиллаж байгаагаас Pfrizer/Biontech болон AstraZeneca-гийн вакцин нь бүх шатыг давж зөвшөөрөгдсөн.

Вакцин гэдэг нь дархлааны системийг тухайн өвчин үүсгэгчийг сонгон таньдаг болгодог өвөрмөц био бэлдмэл юм. Биологийн молекул нь олон янз, хувьсаж байдаг.  Вакцин бүтээдэг технологи ч тухайн өвчин үүсгэгчийн шинж чанар, онцлог хэрэглэх субьект нь хүн үү, амьтан уу гэдгээс шалтгаалан олон янз байдаг ч бүгд ямар нэг хэмжээгээр дархлаа тогтоох боломжтой. Харин хамгийн сайн нь аль нь вэ гэдгийг туршилт, судалгаагаар тогтоох боломжтой. Нийтэд мэдээлсэн үр дүнгээс үзэхэд Модернагийн mRNA-1273 вакцин хамгийн өндөр үр дүн үзүүлсэн. Гэвч Pfizer/Biontech болон Moderna-ийн вакцинууд нь ашигласан технологиосоо шалтгаалан хадгалах өвөрмөц нөхцөл шаардаж байгаагаас гадна харьцангуй үнэтэй байна.

Вакцин нь хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас урт хугацаа зарцуулан маш нарийн нягтлан шалгаж үнэлж байж зөвшөөрөл олгодог. Харин ДЭМБ болон АНУ-ын бүрэн зөвшөөрсөн хоёр вакцин нь цоо шинэ технологиор бүтээгдсэн, гаж нөлөө үүсгэх нь онолын хувьд бага гэж судлаачид үзэж байна. Тиймээс харьцангуй богино хугацаанд олон шатны шалгалт, туршилтыг амжилттай давж зөвшөөрөгдөж чадсан болов уу. Харин энгийн үед яагаад ийм хурдтай батлагдаж чаддаггүй байсан нь тухайн вакциныг үйлдвэрлэж байгаа технологиос хамаарч туршилтын үргэлжлэх хугацаа, түүний үзүүлсэн үр дүнг үнэлэх нь ялгаатай байдгаас үүддэг.

COVID-19-ийн эсрэг вакцинаас болж нас барсан тухай янз бүрийн мэдээлэл олон янзын сувгаар гарч байгаа ч надад энэ тухай баттай мэдээлэл алга. Хүн бүрийн онцлогоос шалтгаалан зарим хүнд хэт мэдрэг урвал үүсэх боломжтой гэдгийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, зарим хүн үнэхээр тухайн вакцинаас харшилж байхад зарим нь зүү тариураас айсандаа ухаан алдаж унахыг үгүйсгэхгүй юм. Вакцины аюулгүй байдалд бид санаа зовох нь зүйн хэрэг. Хүн бүр бие организмаас гадна сэтгэл санааны хувьд өөр учраас вакцинаас болж элдэв гаж нөлөө илрэх эсвэл амь эрсдэх эрсдэл үүсэх боломжтой. Гэвч эдгээр мэдээлэл нь хэр баталгаатай вэ гэдгийг бид уншаад мэдэх боломжгүй. Хэрэв албаны эх сурвалж баталгаажуулаагүй бол энэ мэдээлэл нь хэн нэгний санаатайгаар эсвэл айж сандарсандаа тараасан ташаа мэдээлэл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ийм цаг үед бид вакцин гэж юу вэ, яаж ажилладаг, яагаад зарим өвчний эсрэг вакцин байдаг ч заримынх нь эсрэг байдаггүй эсвэл байдаг ч үр дүн багатай байдаг вэ гэсэн ард олныг гэгээрүүлэх мэдээллийг хүргэж байх нь зүйтэй. Албан ёсны эрх бүхий байгууллагууд туршилт судалгаа, баталгаа нотолгоотойгоор үнэлэн баталгаажуулсан дүгнэлтэд итгэх нь хамгийн зөв юм. Харин хэт цуу ярианд итгэж, тухайн салбарын тухай цэгцтэй нарийн мэдлэг мэдээлэлгүй хүмүүсийн үгэнд үнэмших нь өөрийгөө болоод гэр бүл, хайртай хүмүүс, цаашлаад улс эх орон, ард түмнээ эрсдэлд оруулах болно.

 

 

Блиц

Боловсрол:
-МУИС-д бакалавр, магистр
Японы Аичи анагаах ухааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан туршлага: 
-2005-2008 онд: Биокомбинат УТҮГ,
-2008-2010, 2015-2017 онд: ШУА-ийн Биологийн хүрээлэн Молекул биологийн лаборатори,
-2017 оноос: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимд багшилж байна.


 

ХЭР УДААН ХУГАЦААНЫ ДАРХЛАА ТОГТООДОГ ГЭДЭГТ ХАРИУЛАХАД ЭРТ БАЙНА

-Судлаачийн хувьд манай улс COVAX хөтөлбөрийн дагуу хүн амаа вакцинжуулах  болсонд баяртай байна. Учир нь вакцины аюулгүй байдалд бүрэн итгэлтэй байна. Харин Энэтхэг улс яг ямар туршилт нь дуусаагүй вакциныг Монголд нийлүүлэх гэж байгааг үнэндээ мэдэхгүй байна. Хэрэв гуравдугаар шатны туршилт нь дуусаагүй, үр дүнгээ дэлхий нийтэд зарлаагүй байгаа бол оруулж ирээд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсний дараа хүн амын дархлаажуулалтад хэрэглэх ёстой. Миний мэдэж байгаагаар Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг бүртгэж авсан байсан. БНХАУ-ын хувьд олон компани янз бүрийн технологи ашиглан вакцин бүтээж түүнийгээ ДЭМБ-аар бүртгүүлэхээр амжилттай явж байгаа тухай ДЭМБ-ийн цахим хуудаст мэдээлсэн байна.

Дархлааны тогтолцоо нь харийн биологийн молекулыг таньж илрүүлснээс хойш ойролцоогоор тав хоногийн дотор тухайн молекулыг таних өвөрмөц аргыг боловсруулан, олон янзаар шилэн сонгож, хамгийн үр дүнтэйгээр тухайн молекулыг саатуулж чадах эсрэг бие гэж нэрлэгдэх хамгаалах уургуудыг ялгаруулж эхэлдэг. Цаашид улам нэмэгдсээр тодорхой хугацааны дараа өвчин үүсгэгч биед байх боломжгүй болтол нэмэгдэж эдгэрдэг. Вакцин нь тухайн өвчин үүсгэгчийн молекул эсвэл түүний молекулыг үүсгэх генийн мэдээлэл агуулсан зүйл учраас организмд оруулахад тухайн өвчин үүсгэгчийн үүсгэх байсан цочролыг зохиомол үүсгэж түүний эсрэг дархлааны тогтолцоо хөгждөг. Товчхондоо бол вакцин тариулснаас хойш тав хүртэлх хугацааны дотор дархлаа үүсч амждаггүй. Энэ үед халдвар авах эрсдэлтэй ч яг хэд дэх өдөр нь халдвар авч таарсан гэдгээс шалтгаалан өвчлөх эрсдэл нь янз бүр байх болно. Гэвч вакцин нь тухайн өвчин хүндрэх эрсдэлийг огцом бууруулдгийг олон судалгаагаар нотолж байна. Харин вакцин тариулсан хүн хэр удаан хугацаагаар дархлаагаа хадгалах вэ гэдэгт хариулахад харьцангуй эрт байна. Гэвч COVID-19 халдвараар өвдөж эдгэрсэн хүмүүст хийсэн судалгаагаар зургаан сараас дээш урт хугацааны дархлаа үүсдэг болохыг мэдээлсэн. Үүнээс гадна вакцин бүрийн онцлогоос шалтгаалж ялгаатай байх боломжтой. Сүүлийн үеийн судалгаагаар вирусын эсрэг организмд үүсч байгаа дархлаа, дархлааны эсүүдийг судлаад харьцангуй урт хугацаатай дархлаа тогтоох болов уу гэсэн найдлага таамаглал бий.

Вакциныг бүтээж туршихад цөөн хүн оролцуулах боломжтой. Гэхдээ бүрэн зөвшөөрөгдөж вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхэд олон хүнд үзүүлж байгаа нөлөөллийг ашиглан бүртгэж, цаашид ямар насны эсвэл ямар хүмүүст яаж нөлөөлж байгааг нь ажиглаж судалж байгаа нь ойлгомжтой. Харин ямар вакциныг ямар хүмүүст хэрэглэх, хэрэглэхгүйг эмч, дархлаа судлаач, эрдэмтэд цаг алдалгүй судлан мэдээлэл зөвлөмжөө шинэчлэн ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс нэн түрүүнд эрсдэлт бүлгийг вакцинжуулах зайлшгүй шаардлагатай.

Одоогоор Израйль улс хамгийн олон хүнээ вакцинжуулаад байна. Үүний дараа ИБУИНВУ удаалж байгаа. Вакцины хэрэгцээ их байгаа учраас үйлдвэрлэгч компаниуд нь нийлүүлж амжихгүй байна. Тиймээс захиалсан вакцин ирэх хүртэл ямар хугацаа өнгөрөхийг мэдэхгүй байгаа ч дээрх компаниуд өөрсдийн технологийг бусад вакцин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэтхэг зэрэг орны үйлдвэрлэгчдийн тусламжтай их хэмжээгээр үйлдвэрлэх аргыг ашиглаж байгаа нь вакцины хүртээмжийг сайжруулах болов уу.

COVID-19-ийн эсрэг одоо хэрэглэж байгаа вакцинуудыг давтан дархлаажуулах шаардлагатай. Анхдагч дархлаажуулалтын дараа тодорхой хэмжээний дархлааны санах ой үүсэх учраас уг өвчнөөр өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл буурах нь ойлгомжтой. Харин эрсдэл нь үүсэх дархлаа нь харьцангуй сул үүсэх боломжтой. Хэрэв анхдагч дархлаажуулалтын дараа давтан дархлааг хугацаанд нь хийх боломжгүйд хүрвэл харьцангуй сул дархлаа үүсч болох ч дархлаажуулснаас хойш ойрын хугацаанд халдвар хүндрэхээс ямар нэг хэмжээгээр хамгаалсаар байх болно. Учир нь вакцины тусламжтайгаар вирусыг аль хэдийнэ дархлааны системд таниулсан учраас илүү хурдан хариу урвал үзүүлэх боломжтой.

 

ВАКЦИНГҮЙГЭЭР ХАЛДВАРЫГ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ

-Ямар төрлийн үүсгэгчтэй халдвараас хамгаалах вэ гэдгээс шалтгаална. Энэ тохиолдолд агаар дуслын замаар халдаж байгаа учраас вакцин ашиглахгүйгээр халдварыг тогтоох боломжгүй. Гурван шатны туршилтыг даваад гарсан вакцин ямар нэг хэмжээгээр дархлаа тогтоож байгаа нь батлагдана. Харин хэтэрхий хурдан хугацаанд хөгжүүлсэн учраас ямар нэг алдаа гарч гаж нөлөө илрэх эсэхэд санаа зовж байгааг ойлгож байна. Ямар ч зүйлд хэн ч 100 хувь баталгаа өгөх боломжгүй. Өнөөдрийн байдлаар 83 сая хүн дархлаажуулалтад хамрагдахад ноцтой гаж нөлөө цөөн илэрсэн гэж мэдээлсэн. Ер нь сүүлийн жилүүдэд вакцин аюултай гэж олон нийтийг ухуулдаг anti-vaxxer-уудын хөдөлгөөн хүчээ авсан нь хүн бүрийг санаа зовоход хүргэж байна. Гэтэл байдал үнэндээ тэдний ухуулж байгаа шиг биш гэдгийг олон улсын судлаачид баримтаар нотолж байдаг. Гэвч нийгмийн сүлжээний нэгэн сүүдэртэй тал худал мэдээллийг амархан тарааж, үнэн зөв мэдээллийг дамжуулдаггүй нь хачирхалтай. Хүн төрөлхтөн вакцины тусламжтайгаар олон аюулт өвчнийг устгаж чадсан гэдгийг мартаж болохгүй.

Хүн амын дунд ямар нэг байдлаар сүргийн дархлаа тогтоогүй байгаа үед COVID-19 халдвар нь бидний санааг зовоосон хэвээр байх болно. Үүнээс шалтгаалан бүх байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдсан, хумигдсан хэвээрээ байх нь эдийн засгаас гадна олон сөрөг нөлөөтэйг бид харж байна. Жишээлбэл, оюутан, сурагчид цахимаар суралцаж байгаа ч компьютер тоног төхөөрөмжийн асуудал бүх хүнд жигд биш учраас сургалтын чанарт муугаар нөлөөлж, багш нар үнэлж дүгнэхэд ч хүндрэлтэй байна. Үүнээс гадна удаан хугацаагаар ажилгүй гэртээ байснаас гэр бүлийн харилцаанд ч хүндрэл үүсч байгаа талаар манай улсаас гадна олон орны жишээнээс харж болохоор байна.

 

МОНГОЛ УЛС БИОБЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭРЭЭ ТӨРӨӨС ДЭМЖДЭГГҮЙ

-Вакцинд хамрагдаж чадахгүй удах тусам боловсрол, эдийн засаг, эрүүл мэндийн асуудал нэмэгдсээр байх болно. Харин бид хэдийнэ өндөр хөгжилтэй орон биш ч өөрсдөдөө итгэдэг, өөрсдийгөө хүндэлдэг байсан бол тодорхой хэмжээний үр дүн үзүүлэхээр вакциныг өөрсдөө хөгжүүлээд туршаад хэрэглэж болох байсан гэдэгт итгэлтэй байна. Вакцин үйлдвэрлэх олон янзын технологи бий. Үүнээс манай улс одоогийн НЭМҮТ-д 1932 онд цагаан цэцгийн вакциныг дотооддоо үйлдвэрлэн дархлаажуулалтад ашиглаж байсан туршлагатай. Одоо Биокомбинатад малын олон төрлийн вакцин үйлдвэрлэдэг. Үүнээс үзэхэд вакцин хэдий өвөрмөц биобэлдмэл боловч түүнийг тусгайлан судлан хөгжүүлэх талаар тууштай анхаарч нөхцөл бололцоогоор хангаж анхаарал тавьж ажиллавал манайд боловсон хүчин нь хангалттай байгаа. Шаардлага гарвал сургаж дадлагажуулах ч боломжтой гэж харж байна. 

Монгол Улсад хүнд зориулсан биобэлдмэл үйлдвэрлэх үйлдвэр НЭМҮТ-д байдаг ч эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагыг дорвитой дэмжилгүй, голыг нь зогоож ирснээс болж хангалттай нөхцөл бололцоо бүрдэж чадаагүй байсан болов уу. Хүнд хэрэглэх вакциныг нэг өдөр, нэг жилд бүтээх боломжгүй, урт хугацааны судалгаа шинжилгээ, туршилт шаарддаг. Гэвч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүтэц байсан бол ямар нэгэн технологиор нь вакцин хөгжүүлж тодорхой амжилтад хүрч болох байсан гэдэгт итгэлтэй байна. Бид энэ явдлаас биологи, биотехнологи, молекул биологийн ч гэлтгүй ер нь суурь шинжлэх ухааныг салбарыг хөгжүүлэхэд анхаарах нь ямар чухал ач холбогдолтой болох сургамж авлаа. Гэхдээ улсын дэмжлэг туслалцаатай болон өөр олон эх үүсвэрээр дэмжигдсэн эрдэмтэн судлаачид SARS-CoV2 вирусыг оношлох янз бүрийн стратегийг ашигласан хэд хэдэн оношлуур зохион бүтээж оюуны өмчид бүртгүүлж хэрэглээнд нэвтрүүлэхийн төлөө ажилласаар байгаа.

SARS-CoV2 вирусын халдварыг жил бүр дэгддэг бусад дөрвөн төрлийн ханиадны вирусаас онцгой ялгаатай аюултай биш гэж үзэж байна. Гэвч өмнө нь огт байгаагүй шинэ халдвар учраас энэ өвчний эсрэг дархлаа хүн амын дунд байхгүй. Мөн халдварлах зам нь агаар дусал учраас нэгэн зэрэг олон хүнд халдварлаж, дийлэнх нь шинж тэмдэггүй ямар нэг эмчилгээ шаардахгүй эдгэрэх ч зэрэг хүндрэх хүмүүсийн тоо огцом өснө. Иймээс эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болж олон хүн цаг бусаар амь насаа алдах аюултай байгаа юм. Харин хүн амын дунд дархлаатай хүмүүсийн тоо нэмэгдэхэд бусад коронавирустай ойролцоо халдвар болж үлдэж магадгүй юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.8 ДАВАА № 27 (6504)

Irgen
Ta nar sudalgaa xiij, ur dungee klinik turshilt xiisen bish yax gej ingej xudlaa yarij zuxal xun bolox gej xunii tolgoi erguulsen yum yarij bdg yum. Xiisen vaccine-ny lizenz xudaldan awz z xiij zadaxgui baij. End durdsan medeelluudiig xumuus ali xediin l end tendees unshsan sh dee.
Дел
хэдэн малаа зөв вакцинжуулж чадахгүй байж их донгосох юмдаа төсвөөс өгсөн мөнгөний нэлээд нь буруу гараар ордог шүү дээ бас мөнгө өгдөггүй гээд солиороод байгаа юм бишүү.
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

6 цаг 7 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

7 цаг 32 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

8 цаг 4 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

8 цаг 27 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

9 цаг 42 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

12 цаг 11 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

16 цаг 57 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

16 цаг 57 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

16 цаг 57 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин