Х.МОНГОЛХАТАН
Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн ерөнхийлөгч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай ярилцлаа.
-Одож буй болон ургаж буй жилийн өнгө зурхайд хэрхэн буусан бэ?
-Өнгөрч буй долоон улаан мэнгэтэй цагаан (төмөр) хулгана жилийн өнгө төрхийг цаг тооны бичгийнхээ 6-7 дугаар нүүрэнд байгаагаар угтан харахад У.Хүрэлсүхийн Засгийн газрын тал нь үлдэж чадсан ч “Зэтгэр” маш их ажээ. Бие дор засаг хүрч ирсэн ч тэмцэлд нь орон өндөр, учрал богино тул байнгын дарамт үргэлжилнэ гэснээр энэ жилийг дэлхий нийтээрээ амь наана там цаана өнгөрөөж байна. Зэтгэр гэгч юу вэ гэтэл үзэшгүйн 12 дүрстэй, хүний сэтгэлд үүрлэн орогногч, хорлол язгуур нь “Хижиг” (Вирус) шиг хүн төрөлхтөнөөс үүрд тусгаарлагдсан сэтгэлийн амьтан гэмээр....гэж бидний эрдэмт өвөг дээдэс тодорхойлж байжээ. Гамшигт үр нь хавар, намар тохиолдвол бага явцтай, өвөл, зун тохиолдвол хоосноор зүдрэх буй гэсэн байна. Хавчигдмал үед энх амгалангийн өлгий Монгол хэмээх манайх, төр түмнээрээ чармайж, эзэн хичээвэл заяа хичээсний үрийг хүртэн зургаан цагаан мэнгэтэй цагаагчин (төмөр) үхэр жилтэйгээ бас ч гэж танагтай золгож байна.
-Өмнөх хулгана болон үхэр жилийн түүхэнд ямар үйл явдлууд өрнөж байсан бол?
-1900 оны нэг цагаан мэнгэтэй цагаан (төмөр) хулгана жилд Манж Чингийн “Шинэ засгийн бодлого” хэрэгжиж, Монгол үндэстэний тусгаар байдал алдагдаж, Хятад соёл нэвтрэн Күнзийн сурталд автагдсан үй түмэн хятад цагаачлан ирж, ураг барилдан уусан хайлах явц эрчимжсэн. Улиастайн 2000 цэргийн бослого гарч, Сэцэнханы Сансрайдоржийн хошууны ардууд Хятадын пүүсийг эвдэж 200 гаруй худалдаачдыг нутгаасаа хөөсөн. 1900 оны нэгдүгээр сарын 25-нд Богд хаан Оросын Цагаан хаанаас /100000-30000 рублийн зээл хүсэхэд, өөрт нь хэр талтайг тандах зорилгоор /Цагаан хаан таатай хүлээн авч, Сангийн сайддаа “Орос-Хятад” банкаар дамжуулахыг үүрэгдэж “Исполнить” гэж гарын үсэг зурж зөвшөөрсөн байсан ч 1900 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хутагт авахаас татгалзсанаар зарцуулагдаагүй гэсэн цохолттойгоор түүхэнд үлджээ. Энэ үеэр Монголын Цогт эрдэнийг хулгайлах алтны “Монголор” компани ажлаа эрчимжүүлж байв.
-1960 оныг та ямар учраас онцлов?
-1960 оны дөрвөн ногоон мэнгэтэй цагаан (төмөр) хулгана жилд, таван шар мэнгэтэй шарагчин гахай жил 1959 оны гуравдугаар сарын 30-наас 31-ний үүр цайтал Ю.Цэдэнбалын удирдсан МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаар “Сэхээтний төөрөгдөл” удирдагчдын хоцрогдлыг илрүүлж, Д.Дамба, Б.Дамдин, Д.Ламчин, Ч.Сүрэнжав, С.Балган, Д.Самдан нарыг намын удирдлагаас зайлуулан “Тойрон хүрээлэгчид”-ийн суурь тавигдаж, “Чингис хааны 800 жилийн ойн дуулиант чимээг үндсэрхэг үзэлтэн Төмөр-Очир дагуулж, Намын эсрэг бүлэг”-ийг Ц.Лоохууз нар толгойлсныг илрүүлэн дарсанаар гурван хөх мэнгэтэй гал (улаан) луу жилтэй Ю.Цэдэнбалын 40 шахам жилийн завсаргүй ноёрхол, 1960 оны цагаан (төмөр) хулгана жилээс хүчээ авсан.
Энэ түүхэн хүний уналтыг бас “Таван гүрний хаадын гэрээ” бичигт цагаан (төмөр) морин (1990 он), цагаагчин (төмөр) хонин (1991 он) жилүүдийн Ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөнөөр зөгнөснөөс гадна “харь үгт эм хүн төр барьмой” гэсэн нь Ю.Цэдэнбалын Орос эхнэрийг барин тавин зааж хэлсэн байна.
-Тухайлбал?
-Уг сударт “Халх Монгол оронд төмөр хулгана жил (1900, 1960, 2020)-ээс усан бичин жил (1932, 1992) хүртэл хойд зүгээс олон зүйлийн шар нүүртэй Саяан хэмээх нэртэй хүмүүс ирж, Монголын Цогт эрдэнийг булааж авмой! Энэ цагт ноён хүн нохой мэт болно, гэгээн хүн хар хүний боол болно. Хулгайч хүн түшмэл болно, хууль байвч дагах хүнгүй. Ном байвч унших хүнгүй. Энэ цагт шашин нэрийн төдий болно” гэсэн байдаг. Улс төрийн талаас Монгол Ардын Намын хувь заяа, Их эзэн Чингис хааны 1201 он, 720 жилийн дараах 1921 оны Ардын хувьсгалын жилтэй адил давтамжийн тооцоо хийж, Сүхээр эхэлсэн энэ нам Сүхээр дуусаж болзошгүйг 10-аад жилийн өмнөөс ярьж байсан. Ер нь бид түүхээ, өвөг дээдсийнхээ үйл хэрэг, замналыг хэр зэрэг мэддэг билээ.
-Цагаагчин (төмөр) үхэр жилүүдэд дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж байв?
-МЭ-ний 41 он Хүннү, Ухань, Сяньби нар Хань улс руу довтлож, 341 онд Монгол жанжин Му Жунь Ван Солонгосыг эзэлж, 941 онд Киданчууд Хятадыг захирч, 1181 онд Тэмүүжин хүү Жамухаас салж, 1241 онд Батхаан Легницэд Польш-Германы армийг бут ниргэв гэх дүүлэн хальсан цадиг буй.
“Чингис хаан”-ы Их Монгол Улсын 37 хаанаас “Төр гэр”-ээ хамгийн олон жил барьсан хаан Хубилай, Түмэн засагт хаан гахай жилтэй, Тогоонтөмөр, Батмөнх даян хаан бичин жилтэй, Лигдэн хутагт хаан луу жилтэй. Морин жилт Чингис, Өгөдэй, Мандуул, Өлзийтөмөр нар 9-21 жил төр барихдаа түүхэн шинэчлэлт хийсэн содон хаад байсныг тодотгоё.
-Монголын тухайд зурхай, үйл явдлын тайлал юу гэж гарч байна?
-Ардчилсан засаглал анхны Ерөнхийлөгчөө морин жилтнээр сонгож, дараагийнхыг барс жилтнээр тавьж, нохой жилтэнд итгэж, туулай жилтнүүдийг дахиулсан ч Монгол минь өөдөлсөнгүй. Ардчиллын анхдагч нар маань коммунизм руу ард түмнээ дагуулж явсан дарга сайд нарын хүүхдүүд, тэд өлсгөлөнгөөр ялалт авчирсан болохоор билэгдэлээ боддог ард түмэн өлсгөлөн нийгэм рүү орох нь гарцаагүй байжээ. Хэдэн мянган жилийн түүхэндээ тайван амгаланг эрхэмлэж, таван хошуу малынхаа буянаар тарвалзаж байсан ард түмэн хоёр янзаар өлсгөлөн болжээ. Өөрийн чадлаар хичээн зүтгэвч нэг мэдэхэд нэмэгдсэн байдаг юм бүхний үнэ мөнгийг гүйцэж ядсаар өдөр тутам идэх өмсөхөөр өлсгөлөн үй түм байхад, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний дээд түвшинд хүрсэн атлаа өнгө мөнгөний хязгааргүй шуналаар ичих нүүргүй эрээ цээргүй боломж бүхнийг ашиглах гэсэн өлсгөлөн авирлагчид тоо томшгүй буй болжээ.
“Ардчилсан засаглалаас–Гэгээрсэн засаглал” руу орох ёстой. Одоо бидний улс эв саналаа нэгтгэж, ард түмний жинхэнэ Ерөнхийлөгчөө зөв таньж, зөв сонголт хийхгүй бол ирээдүй маань бүрхэг болж байна. Монгол жаран–Их эриний алтан босгон дээр Үндсэн хуулийн заалтаар сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна гэснийг урьдчилан барьж, 2021 оны зургадугаар сарын 24-ний зуны дунд сарын 15-ны тэргэлд тэнгэрийн түшмэлд өчүүхэн баярыг амласан дөрөв дэх буюу бадрангуй цагаан тэнгэрийн гараг, 15 дугаартай дэлгэрүүлэгч одтой өдөр таарах юм байна гэж тооцож байтал 2021 оны зургадугаар сарын 9-ний хоёр хар мэнгэтэй зуны тэргүүн сарын 29-ны битүү харанхуйг илэрхийлсэн (битүүн)-ийг сонгосон нь нүгэл нь нүдээрээ гэгч болж, өнгөрсөн жилийн цаг тооны бичигт байгаа:
Харшилдсан төмрийн гайг зайлуулж чадах
Хаан төрийн шар зурхайн үнэнхүү хүч
Хамаг ард дор тус өлзий бүтээж
Хас сүлд мэт үеийн үед өргөмжлөгдөх болтугай гэснээр болох ажээ.
-Ургаж буй жилийн өнгө зурхайд хэрхэн бууж вэ?
-Ирж байгаа 2021 он, цагаагчин (төмөр) үхэр жил санаа зовоосон, санхүү эдийн засгийн сүйрэл дагуулсан жил гэдгийг найман настай балчраас 80 настай буурлууд хэлүүлэлтгүй гадарлаж байгаа. Саяхны түүх гэхэд л өнгөрсөн оны аравдугаар сарын 6-ны шарагчин үхэр жил Оюутолгойгоо тавиад туучихсан, одоо эргээд наймаа буцдаг дээрээ тулчихсан байгаа нь ер нь аль ч үхэр жил анхаарал, сэрэмжтэй байхгүй бол өгөөжөө өгөх дургүй нь илт. Ийм тул хий насаараа 43, 48, 51, 55, 69 настай хүмүүс зуурдад өртөхөөс сэрэмжлэх хэрэгтэй. Мөн 49, 55, 61, 68, 77 настай хүнд өвдсөн, хуучтай хүмүүс биеэ сайтар гамнаж, эмчилгээндээ итгэх нь чухал. Төрсөн төөрөг, гарсан гараг, зурсан зургаар хэдэн зууны турш “Алтан ураг”-ийн нандин холбоог бэхжүүлэн залгамжлан авч ирсэн “Төр–Гэр”-ийн чагтага бөхтэй ард түмний минь амны хишиг дэлгэрч, алс холч үзэл санаа, арга билгийн увидаст заяа түших болтугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.5 БААСАН № 26 (6503)