С.УЯНГА
АН-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Намын жирийн гишүүн. Мөн дунд шатыг удирдаж байгаагийн хувьд АН-д үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Нийгмийг цогцоор нь харвал Монголын ардчилалд аюул учирлаа. Улс төрийн намуудын нөлөө, гадаад, дотоодын олон хүчин зүйл байна. Ардчиллын үнэт зүйлс үгүй болох ийм нөхцөл байдалд хүрэхэд АН өөрөө ч буруутай. Ер нь Монголын улс төрийн намуудад дотоод ардчилал байхгүй болчихлоо. Хэн нэгэн эрх мэдэл, мөнгөтэй хүмүүсийн улс төрийн тоглоом болж хямрал үүслээ. С.Эрдэнэ, Ц.Тувааны аль алинд нь зөрчил дутагдал байна. Хамгийн гол дүрэм үү, дүрэм бус уу гэдгийг харах ёстой. С.Эрдэнэ бол намын дүрэмд заасны дагуу сонгуульд ялагдсан учраас хариуцлага хүлээсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд АН-ын даргыг сонгох үйл явц дүрэм журмаараа явсангүй. АН-ын X их хурал дүрмийн дагуу явагдаагүй учраас маргаан үүссэн.
-Тэгвэл ардчиллаа хямралаас яаж аврах вэ?
-Үнэнийг ярих ёстой. Болж байгаа процессыг айхгүйгээр хэлэх ёстой. Улс төрийн намын хямрал хоёр том намд хоёуланд нь байгаа ч түрүүлээд АН-д учирсан. Өөрөөр хэлбэл, Монголын ардчилалд аюул учирч, гажуудлаа.Гажуудуулж байгаа эзэд нь тодорхой. Мөнгөтэй хүмүүс л “тоглож” байна шүү дээ. Монголд оршиж байгаа эдийн засгийн бүлэглэл, олигархиас болж нийгэм, улс төр орвонгоороо эргэж байна.
Ардчилсан нам өнөөгийн хямралаас гарахын тулд өөрсдөөсөө бурууг хайж, үе үеийн дээд, дунд шатны лидерүүдийн алдаатай бодлого гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнээс гарахын тулд энгийн нэг өөрчлөлт, шинэчлэлт биш эрс реформ хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зөвхөн үзэл бодол, дүрэм ярих биш сэтгэлгээний өөрчлөлт хийхгүй бол цааш явахгүй. Улс төрийн намууд гадны улс орнуудын үзэл баримтлалаар өдий хүртэл явлаа. Одоо болсон. Монголчууд өөрсдийн гэсэн төрт ёсны үзэл баримтлалаа дагах үе ирсэн. Монгол Улс төрт ёсны 2000 гаруй жилийн түүх уламжлалтай ард түмэн. Үүнийг хөрсөн дээрээ буулгах ёстой. Ер нь монголын нийгмийн өөрчлөлтийг инженерийн сэтгэлгээгээр хийнэ. Тухайлбал, нам хүнээ хөгжүүлж байж өөрөө хөгжинө. Дэлхийн чиг хандлага улс орныг эдийн засгаар биш хүний хөгжлөөр хэмждэг болсон. Тиймээс намын гишүүд дэмжигчдийнхээ хүний нөөцийг хөгжүүлж байж улс төрийн нам, цаашлаад Монголыг авч явах ёстой байтал мөнгөтэй хүмүүсийг шүтсэнээс болж хямралд орж байна шүү дээ.
-АН-ын хагарал дээд цэгтээ хүрч сүүлдээ ойлгомжгүй байдал үүсгэж байна. Сүүлд шүүхээс Ц.Тувааныг намын дарга гэсэн шийдвэр гаргалаа гэж зарлалаа?
-Буруу ойлголт явсан. Дээд шүүхийн бүртгэлд С.Эрдэнэ намын дарга гэдэг нь хэвээрээ байгаа. Хоёрдугаарт, үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны тавьсан асуудлыг захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн.
Ер нь бол энэ маргааныг эцэслэхийн тулд ойлголцох л ёстой. АН-ыг яаж шинэчлэх вэ гэдэг дээр ширээний ард суугаад зоригтой ярилцах хэрэгтэй. Хоёр тийшээ харж гэдийхгүйгээр Монголын ардчилалд аюул учирсан уу. Учирсан бол яаж засах юм. Гажуудуулсан эзэн хэн юм бэ гэдгийг үнэнээр нь ярилцаж байранд нь оруулах хэрэгтэй.
-АН фракцигүй болно гэж олон жил ярилаа. Одоо хэдэн фракци байна вэ?
- АН эрс шинэчлэл хийхэд фракциуд гай болж байна. Манай намд 4-5 фракци байна.Фракциудыг удирдаж байгаа хүмүүс айж хулчийхгүйгээр эр зориг гаргаж, фракци зоригтой тараагаад улс төрийн цэвэр технологиор явах хэрэгтэй. АН 2015 онд фракцигүй больё гэж хэсэг ярьсан. Тэр үед намын тодорхой сонгуульт албан тушаалтны хувьд фракциас татгалзахыг гишүүддээ уриалсан ч хөдлөөгүй. Фракцийн толгойлогчид гэх хүмүүс ноён суучихаад хэдэн хүнд албан тушаал хуваарилдаг байж болохгүй.
Уг нь дэлхий дахинд фракци гэдэг бол ногоон хөгжил, уул уурхай зэргээр аль нэг салбар чиглэлээр парламентад бодлогоо танилцуулж түүнийхээ төлөө тэмцдэг хэсэг. Гэтэл Монголд зөвхөн албан тушаалын төлөө фракци бий болж байна.
-Намын дээд шатны хагарал анхан, дунд, жирийн гишүүд дэмжигчдэдээ яаж нөлөөлж байна вэ?
-Нам удирдаж байгаа лидерүүдээсээ шалтгаалдаг. Гэтэл эдийн засаг, эрх мэдлийн сонирхол давалгайлж үл ойлголцлоос болж даргын төлөөх тэмцэл гарч байна. Энэ эцэс төгсгөлгүй маргааныг дүрмээрээ шийдэх боломжтой. Гэтэл зарим удирдлагууд ард нь нуугдчихаад намыг самарч үймүүлээд байгаагаа болихгүй бол дунд шатныхнаа талцуулж, хагаралдуулж эхэллээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт богино хугацаанд маш олон хүнийг сольж дунд шатанд албан тушаалын тэмцэл явагдаж байна. Намаа шинэчилж өөрчилье гэсэн хүмүүс биш хэн нэгэн даргын өмнөөс үүрэг гүйцэтгэж байна. Цүнх барьдаг энэ байдлыг өөрчлөх ёстой.
Хэн нэгнийг тахин шүтэх нь улс орны хөгжлийг зогсонги байдалд оруулдаг. Өнөөгийн нийгэмд бол хагарал авчирч, засаглалын хямрал бий болгож байна. Энэ бохир заваан юмнаасаа салахын тулд намын лидерүүд зоригтой хөдөлж, ойлголцох хэрэгтэй.
-Сонгинохайрхан бол хамгийн олон хүн амтай дүүрэг. Дунд шатанд намын шинэчлэлийг хэрхэн хийх вэ?
-АН-д реформ хийж хүний нөөцийн бодлогоо зөв зохистой явуулах, ёсзүйн хариуцлагыг намын дүрэмд оруулж ирье. Албан тушаал дээр очоод ажлаа хийж чадахгүй бол ёсзүйн хариуцлага хүлээгээд огцордог болох тогтолцоог бий болгож, нэг хүн нэг л удаа сайд болох саналыг дэвшүүлж дунд шатны нам бие даах ёстой гэж үздэг. Намд эрс шинэчлэл хийх энэ саналаа үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд өгч хамтарч ажиллая гэхэд тоогоогүй учраас намаа шинэчлэх хүсэл, сонирхолгүй юм байна гэж ойлгосон. Харин энэ туршлагаа намын дунд шатанд хэрэгжүүлэх боломжийг С.Эрдэнэ олгосон. Хамгийн гол нь хэн гэдэг нь чухал биш намаа өөрчилж шинэчлэх, ардчиллын үнэт зүйлээ аврах хэрэгтэй байна.
Аливаа улс төрийн хүчин аль нэг намаа сулруулах, эсрэг пиар хийж байдаг. Мөнгөтэй нь эрх мэдлээ гүйцэтгүүлж байна. Оффшорт мөнгөтэй 21 хүний 20 нь МАН, нэг нь АН-д байх жишээтэй. Ингэж харвал олигархи, оффшорчид аль намд байна гэдэг нь ойлгомжтой. АН-д гадны нөлөө орсон. Бүр АН-ын анхан шатанд гадны хүмүүс орж, үүрийн дарга хийгээд явж байна. Нээлттэй намыг ингэж ашигладаг юм байна. Гэхдээ үүнийг эсэргүүцэж чадах дархлаа байхгүй өөрсдөдөө буруу өгөх ёстой.
-Дараагийн намын даргыг хэн байгаасай гэж бодож байна вэ?
-Хэн нэгэн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахгүй. Айдсаасаа салсан, цэгц шулуун. Үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг хүн байгаасай гэж хүсч байна.
-АН-д тийм лидер байна уу?
-Байгаа. Харин тийм мундаг залуучуудаа олж гаргаж чадахгүй байна. Хуучин хүмүүс дээрээ эргэлдэх биш лидерээ олох ёстой. АН-ын анхны Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний хувьд залуучуудыг дэмждэг. Гэтэл АН-ын залуучууд дэндүү аймхай байна. Намаа эрс шинэчилье гэж хашхирах нь битгий хэл дуу ч гаргаж чадахгүй. Зоригтой, зорилготой залуучууд алга. Ихэнх нь дараа нь намайг яах бол, албан тушаалд тавих болов уу гэсэн явцуу сэтгэлгээтэй. Тиймээс нам хүнд байдалд орсон энэ үед бид хөдлөхөөс аргагүй болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.5 БААСАН № 26 (6503)