Б.ЗУЛ
Цар тахлын улмаас Монгол Улс хөл хорио тогтоогоод багагүй хугацаа өнгөрчээ. Дэлхий нийтийн боловсролын жишгээр бүх шатны сургууль цахим сургалтын системийг сонгох болсон. Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тэнхимийн ахлах багш П.Баянсантай ярилцлаа.
-Багш нарын хувьд ямар өөрчлөлт, ачаалал мэдрэгдэж байна вэ?
-Танхимын сургалттай үед өдөрт 2-3 пар буюу 4-6 орчим цагийн хичээлийг оюутнуудад ордог. Цахим сургалтад шилжсэнээр багш нар өдөрт дэлгэцийн өмнө 8-12 цаг орчим хичээлтэй сууж байна. Оюутнууд хичээлдээ орж ирэхгүй, цувна. Ажилтай байлаа гээд хичээлийн цагаас сүүлд орж ирэх жишээтэй. Нөгөө хэддээ мэйл бичнэ, сургалтад оролцохгүй оюутнууд руу утсаар ярина. Хичээлтэй холбогдолтой асуух зүйл гарвал оюутнууддаа цахим шуудан, мессенжер эсвэл сургалтын цахим программ ашиглан шууд хариулна. Танхимаар сурч байхад оюутнууддаа даалгавар өгчихөөд буцаагаад шалгаж, ингэж бодох байлаа гэж тайлбарлаж өгөхөд 1:30 цаг болдог байсан. Одоо оюутнууд мэйл, мессэж, цахим сувгаар багш руугаа даалгавруудаа явуулдаг. Даалгаврыг шалгаж, буцаагаад оюутан нэг бүрийн хаягаар хариу мэйл илгээж байна. Жишээлбэл, 30 оюутан хичээлд хамрагдвал буцаагаад тийм тооны хариу мэйлддэг. 30 оюутны нэр дээр хавтас нээж ирүүлсэн даалгаврыг хавтас руугаа нэг бүрчлэн татаж авч хадгална. Даалгаврын гүйцэтгэлийг оюутан бүрийнхийг засч, зарим тохиолдолд энэ бодлого дээр ингэж алдсан байна гэсэн тайлбар бичиж, хариу мэйлийг оюутан бүрт бичих жишээтэй. Танхимын сургалттай харьцуулахад цахим сургалтаар багш нарын ажлын ачаалал нэмэгдсэн. Хичээлээ бэлтгэх, хичээлийг өрнүүлэх, хичээлийн дараах үйл явц гэх зэргээр хичээлд зарцуулах цаг нэмэгдэж байна.
-Цахим сургалтад техникийн бэлтгэл хэр байна вэ?
-Хаа хаанаа бэлтгэл сайн хангах хэрэгтэй. Бид хичээж байгаа. Гэрээсээ гарахгүй, хүн хоорондын зай барьж байгаа энэ үед гэртээ, хүүхдүүдээ унтуулчихаад шөнө видео хичээлийн сэдвээ бичих үе ч гарсан. Сайн камер, микрафонтой, чимээгүй орчинд бичлэг хийх болохоор, заримдаа сургууль дээрээ ирж сэдвээ бэлтгэх нь ч бий. Ингэхгүй бол лекцийн материал шаардлага хангадаггүй юм.
-Таны цахим хичээлд оюутнуудын хамрагдалт хэр байв?
-2020-2021 оны хичээлийн эхний улиралд би оюутнуудад гурван төрлийн хичээл орсон. Магистрын ангид хоёр хичээл, бакалаврын ангид нэг хичээл орсон. Бакалаврын анги 19 оюутнаас 17 нь хичээлд хамрагдсан. Хамрагдалт сайн байсан нь мэргэшүүлэх хичээлтэй холбоотой байж болзошгүй. Оюутан сургалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд программаар нэвтэрч хичээлээ үзэх эрх хязгаарлагддаг тул зарим оюутан ийм шалтгаанаар хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа байх. Магистрын ангид хоёр хичээл ордог. Тэд ажлаа тарж ирээд цахим хичээлд хамрагдахаар зүгээр байна гэж байна лээ. Энэ бол багш, суралцагч хоёр талаас хичээж ажиллаж, суралцаж байгааг харуулж байна. Хичээлийн хамрагдалт сайн байсан. Хичээлийн үеэр ирц, судалгаагаа авдаг. Өдрийн ангийн оюутнуудын хувьд асуудал бий. Хөдөө гэр рүүгээ явчихсан учраас тэнд интернэтийн хурд асуудалтай байдаг. Хэрэв багш видео хичээл оруулсан бол тухайн оюутан хичээлээ татаж авахад багагүй нэгж шаарддаг. Тэд аймгийн төв рүү, сүлжээ гайгүй газарт очиж хичээлээ татаж, даалгавраа явуулахаар хоёр талаасаа чармайж байна.
-Хичээлд бүрэн хамрагдаж, бие даалт хийж байгааг яаж мэдэх вэ?
-Манай сургууль X-Cloud гэсэн сургалтын багц программтай. Үүгээрээ дамжуулан оюутан бүр рүү даалгавар, хичээлээ явуулдаг. Оюутан хичээлээ үзсэн эсэхийг, хэзээ хэдэн цагт, хэдэн удаа хандалт хийснийг программаараа ороод мэдэх боломжтой. Оюутны хандалт бүр программд бүртгэгдэж явдаг. Семинар, бие даалтын хувьд оюутнуудын даалгаврын гүйцэтгэлд үндэслэдэг.
-Цахим сургалтыг таслаж байгаа оюутнаа яах вэ?
-Цахимд оруулсан хичээлийг хэн татаж авав. Татаад нээж үзсэн эсэхийг манай систем хянадаг. Бидний явуулсан хичээлийг хэн, хэдэн удаа нээж үзснийг ч бүртгэнэ. Хэн систем рүүгээ огт хандахгүй байгааг мэдээд “За чамд юу тохиолдов” гээд залгана. Зарим суманд интернэтийн хурд тааруу байна. Тиймээс 21 хоногт эсвэл сард нэг удаа аймаг руу очиж хичээлээ бөөнөөр нь татаж авах жишээтэй. Энэ мэт байдлыг багш нар ойлгоно. Аймагт ирсэн оюутан хичээлээ бөөнд нь асууна. Багш цахимд байгаа нөхцөлд бүх асуултад нь хариулна. Үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа багш нар маань цахим сургалтад бүх оюутныг хамруулахыг хичээж байна. Төлбөрөө төлөөд боловсрол эзэмшиж байгаа учраас одооны оюутнууд сурах идэвх, чармайлт нь бас өөр болсон. Цахим сургалт танхимаас бараг илүү болж байгаа. Танхимын хичээлийг багш 1:30 цаг заагаад л өнгөрдөг. Зарим оюутан таслачихдаг, зарим нь асуух, лавлах зүйлээ асуугаад бүгд асууж, хариулж амжихгүй. Харин цахим хичээлийг нэг өдөр нөхөж үзээд, багшийн үлдээсэн зурвас, даалгаврын дагуу бие даалтаа хэлсэн хугацаанд нь хийгээд явуулж байна. Тухайн багш 90 минутын лекцээ хураангуйлж багасгаад оновчтой байдлаар видео бичлэг, нэмэлт тайлбар, материал хийх мэтээр бидэнд суралцах зүйл их байна.
-Танай цахим сургалт дэлхий нийтийн жишгээр явж чадаж байна уу?
-Бид байгаа боломждоо тааруулаад сургалтаа хангалттай өгч байгаа. Дэлхий нийтэд цахим хичээл явуулах заавар, бэлтгэх тусгай техник, хэрэгсэл, танхим, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг нь шийдээд өгчихсөн байдаг. Бидний хувьд цахим сургалтын арга хэрэгсэл боловсруулж, нөөц сангүй байтал гэнэт нийтийн хөл хорио тогтоосон. Тиймээс гэрийнхээ интернэтийг ашиглана. Өөрийнхөө гар утас болон нөүтбүүкийг хэрэглэнэ. Яваандаа сургуулиуд цахим хичээлийн хөтөлбөр бэлтгэх тусгай лаборатори, анги танхимтай болох байх. Манай сургууль ч гэсэн цахим сургалтын тусгай анги танхим тохижуулах, техник хэрэгсэл худалдан авч өөрчлөлт хийж эхэлсэн.
-Таны шавь нар олон улсын уралдаан тэмцээнд дээгүүр байр эзэлдэг гэж сонссон юм байна?
-Уралдаан тэмцээний тухайд би МУИС-д байхдаа 2016 оноос олон улсын болон улсын чанартай тэмцээнд шавь нараа орой үдэш гэлтгүй суулгаж, бэлтгэж оруулдаг байсан. Санхүүгийн менежментийн улсын олимпиад, “Нээлттэй хувьцааны үнэлгээ хийж, таамаглал дэвшүүлэх” үндэсний болон олон улсын чанартай тэмцээн, “Бизнесийн тохиолдлын шинжилгээ хийх” улсын чанартай тэмцээн гээд олон уралдаанд оюутнуудаа бэлтгэж оруулсан. Одоо ч бэлтгэсээр байна. Олон үе шаттай шалгаруулалт хийсний дүнд цөөн тооны оюутан шигшиж авч бэлтгэдэг юм. Ер нь муу оюутан гэж байдаггүй. Аргыг нь олж чадвал сурахгүй хүн гэж үгүй. Дэлхий нийтэд нээлттэй цахим сурах бичгийн сангууд ажиллаад эхэлчихсэн. Олон улсын чиг хандлага ч цахим сургалт руу шилжчихлээ.
-Манай улсад цахим сургалтын тусгай танхимтай сургууль байна уу?
-Манай сургууль сүүлийн үед энэ тал дээр анхаарч хөрөнгө оруулж, нэлээн ажил хийж байгаа. Шинээр олон анги, танхим тохижуулж, сүүлийн үеийн программ, хэрэгсэл суулгасан. Багш нарын хичээлийн мэдээллийг хадгалдаг программ, сервер компьютерийг авч тавьсан. Ингээд манай сургуульд цахим хичээлийн томоохон цахим сан бүрдэж байна. Миний хувьд гурван хичээлийн хөтөлбөрөө шинэчлэн 48 цагийн цахим хичээлийн сан бүрдүүлэх жишээтэй. Энэ мэтээр бусад багшийн хичээлийг нэмбэл бид цахим хичээлийн баялаг сантай болж байна. Хичээлд ашиглах англи ном бидэнд боломжийн хэмжээнд байна. Сүүлийн үед энэ чиглэлийн захиалга ч нэмэгдэж байгаа. Харин цахимаар монгол ном, хичээлийн материал ховор байгаад анхаармаар байна.
МУБИС, МУИС, ШУТИС, ХУИС гэсэн их сургуульд тусгайлан бэлтгэсэн цахим сургалтын танхим байдаг. Тэр танхимд өмнө нь манай багш нар ч хичээлээ бэлтгэж байсан. Видео хичээлийг тусгай камераар бичдэг, гэрэлтүүлэгтэй орчин, хана нь дуу авиа шингээгч эсгий хавтантай, хоёр давхар хаалгатай. Бичлэгийн тусгай программтай. Нэг хичээлийг багш 15-25 минутад багтаан бичүүлэх ёстой. Оюутанд заах 90 минутын хичээлийг багш дунджаар 20 орчим минутад гол, хэрэгтэй зүйлээ багтааж бичүүлнэ. Сая COVID-ийн нөхцөл байдлын үед гэрээсээ хичээлээ заахаар хүүхдүүд, хөршүүдийн чимээ шуугиан дуулдана. Тиймээс шөнө чимээгүй орчинд хичээлээ бэлтгэж, дуу, дүрс оруулах жишээтэй. Зарим үед сургууль дээрээ очно. Эрдэмтэн, багш нар маань сургалтыг тасралтгүйгээр явууллаа. Хүссэн хүсээгүй цахим сургалт, танхимын хичээлийг хослуулахыг цаг үе, шинэ нөхцөл байдал биднээс шаардаж байна. Тиймээс дэлхий нийттэй хөл нийлүүлэн цахим боловсролыг том, жижиггүй хүртэж байна. Цэцэрлэгийн багш нар ч гэсэн хүүхдүүдээ цахимаар сургаж эхэлсэн. Оюутнуудын хувьд эхэндээ хүндрэлтэй байсан бол яваандаа цахим сургалтын хэв маягт суралцаж энэ жилээс жигдрэх хандлагатай болсон нь дэвшил юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.3 ЛХАГВА № 24 (6501)