С.Пүрэвсүрэн: Гоё шагналын араас бичих урам, сэтгэлийн хөгийг ивээдэг

2021-01-29
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Х.ОЮУНБОЛД

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнг урьж ярилцлаа.
 

-Та “Алтан-Өд” 2020 наадмын үргэлжилсэн үгийн төрөлд дэд байрын шагнал хүртсэн “Хавт Хасар” зохиолоо хэр судалсан бэ?

-Эзэн богд Чингис хааны төрсөн дүү монгол төрийн нэгэн багана болсон хавт мэргэн Хасарын тухай бичихсэн гэсэн чин хүсэл олон жилийн өмнөөс төрж байсан. Гэхдээ түүхэн зохиолыг бичихдээ эх түүхээсээ аргамжиж бичихгүй бол өөрийн санаан зоргоор бичиж болохгүй гэсэн бодол байдаг. Миний багш Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч До.Цэнджав баримтанд баглуулж болохгүй шүү гэсэн бол Ардын уран зохиолч Т.Галсан багш үгийн сонголт бичлэгийн ур дээр зөвлөж байсан. Түүнээс гадна би Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул хүн. Манай нутгийн настан буурлууд Хасарыг их дээдэлдэг юм. Аман домог ч их байдаг. Тиймээс өвгөдөөс их асууж ам дамжсан домгоор нэлээн хөөцөлдөж явсан. 20 гаруй жил ажлын шаардлагаар өвөрмонголчуудтай нөхөрлөсөн болохоор тэднээс энэ талаар судалж мэдэх нэлээн сонирхолтой байсан. Гэхдээ өвөрмонголд байдаг домог хууч манай монгол өвгөдийн ярьдаг цадиг хуучаас илүүрхэх зүйлгүй санагдсан. Түүхэн баримт “Монголын нууц товчоо”- гоо бүрэн нухсан даа. Монголын нууц товчоо зохиолын үг бүрийн ард нууц агуулж байдаг нь их сонин санагдсан шүү. Хавт Хасартай холбоотой баримт бүдэг мөртөө харьцуулан харахаар их сонин дүр төрх буудаг юм билээ. Зохиолч Б.Наминчимэд, түүхч доктор Д.Өлзийбаатар, зохиолч Б.Сарантуяа нараас асуух зүйл их  байсан. Гэхдээ зохиолоо барих гол зарчим нь түүхээс улбаалан монгол хүн бүрийн сэтгэлд байдаг Хавт Хасарын дүрийг амьдруулан бичихийг л бодсон.

-Энэ шагналаа авч байхад юу бодогдов?

-“Өвгөдийн цадиг”, Өвгөдийн жудаг” хос өгүүллэгийн номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал аваад их баярласан. Хүмүүс шагналд дургүй л гэдэг. Үнэндээ шагнал авах гоё шүү. Би “Хавт Хасар” түүхэн номоо хэвлүүлснийхээ дараа “Алтан гадас” одон авч байсан. Тэр үед ч бас баярлаж байлаа. Гоё шагналын араас бичих урам, сэтгэлийн  хөгийг хэсэгтээ л ивээдэг.

-Зохиолоо бичихийн тулд хэр хугацаа зарцуулав?

-Баримт цуглуулах, олсон баримтаа бодох, эх түүхтэй нь харьцуулахад хоёр жил зарцуулсан. Харин яг зохиолоо бичихэд нэг их удаагүй гэж хэлж болно. Хоёр жил бодож хоёр сарын хугацаанд бичсэн байх.

-Монголын түүхэнд алтан угсааны олон хаад, ноёд, баатар бий. Яагаад Хасарыг сонгож бичих болов?

Эх түүхээ уншиж байхад хамгийн сонин содон хүн бол Хавт Хасар, Гүр хаан Жамуха, Зүчи хаан гурав санагддаг юм. Бүгд төрийн төлөө амиа дэвсэж, хаан эзэн Чингисийн байгуулсан алтан төрийн хазайсан талд ивээс болсон дэндүү харамсам баатар эрс. Унших бүр л их эзэнтэй эн чацуу төрсөн тэнгэр заяат баатар эрчүүд өөрийгөө  өчүүхэн ч бодолгүйгээр хаан төрийн төлөө зүтгэсэн байдаг. Мөн Хасар ноён хаан ахаасаа ч илүү ид хавтай, зориг чанга, омголон ааштай хүн. Олон зохиол дээр онгироо сагсуу ид хавтай гэж дүрслэгддэг. Гэвч яг судлаад ирэхээр баатарлах газраа баатар зоригоо бүрэн дүүрэн харуулсан тийм хүн байдаг. Бас бодож тунгаах, өөрийн амин хувиа бодохоос урьтаж төрийн төлөө хүч чадлаа зориулахыг мартаагүй чин шударга зан нь сайхан санагддаг байлаа.

-Танд сонирхож цуг­луул­даг зүйл байдаг уу?

-За даа нэг их хобби ч байхгүй дээ. Залуу наснаасаа ховор чамин хөөрөг л сонирхоод байдаг юм. Боломж гарвал авчих санаатай шүү. Нэг их үнэтэй биш ч хааяа харах дуртай. Шинэ хуучин ганц нэг хөөрөгтэй. Түүнээс гадна хөөрөг бол ганц л хувь гардаг. Дахин давтагдахгүйгээрээ онцлогтой. Нэг чулуунаас хүртэл яг ижилхэн гардаггүй нь миний сонирхлыг татдаг байх.

-Таныг уншигчид, зарим зохиолч их монгол зан заншил, ахуйг тусгаж бичдэг зохиолч гэж ярьдаг юм билээ?

-Баярлалаа. Би өөрөө айлын отгон. Хэнз төрсөн хүүхэд байлаа. Аав ээж настай. Одоо энэ яруу найрагч Намжилын Мөнхбаярын багш нь байсан миний нагац ах өвгөн лам байсан. Би насаараа ганц бие амьдарсан гэлэн нагацтайгаа цуг өссөн хүн дээ. Хэдэн судар ном, бурхан тахил нь надад байдаг юм. Өвгөдийн дэргэд өссөн болохоор монгол ахуй, зан заншилтай ойр байсан юм болов уу. Өөр нэг сонирхуулах юм гэвэл миний аавын төрсөн дүү нь яруу найрагч

Ш.Лхамноржмоогийн өвөө аав нь юм шүү дээ. Нямандэлэг гэж хүн байлаа. Аавыг минь гурван настайд нь өргүүлчихсэн юм билээ. Хоёр аймагт амьдарч байсан ч ах дүү хоёр үр хүүхдүүддээ адилхан нэр өгөөд байсан санагддаг. Лхамноржмоогийн аав нь Шагдар гэж сайхан эр манайд ирж сумын наадамд барилддаг байсныг санаж байна.

-Манай зохиолч яруу найрагчид онгод гэж ярьдаг. Таныхаар онгод гэж юу вэ?

-Найрагчид онгод хөглөх гэж ярьдаг. Чи ч гэсэн өөрөө шүлэг бичдэг хүн. Хэчнээн их бодоод сэтгэлд амилсан зохиол зарим өдөр бичиж болдоггүй. Гэтэл зарим өдөр асгаж байгаа мэт бичигддэг. Мөн баярлах, гомдох уйтгарлах үед бичмээр санагддаг. Ганцаараа уйтгарт автах, гунигт дарагдах, нэлээн дотогшоо бодсон үедээ бичсэн байдаг. Баярласан, сэтгэл догдолсон үед уянга илүү бичигдээд байдаг. Надад бол сэтгэлийн хөг юм болов уу. Заримдаа бичих хүсэл байгаад ч болж өгдөггүй үе байдаг. Харин Т.Галсан багш маань “Өдөр бүр ядаж нэг шүлэг бич. Нэг их онгод хүлээсэн мундаг хүн гэж өөрийгөө хуурсаар зэвэрчихэв. Бөхөөр бол байнга бэлтгэл хийдэгтэй ижил” гэж хэлдэг. Үнэн байх. Ядаж найман мөр шүлэг бичээд байвал дараа нь суухад арай амар байх шиг санагддаг.

-Одооны залуусыг юу гэж харж үнэлдэг вэ?

-Мундаг шүү. Мэдээлэл сайн. Өөрийгөө болон хийсэн бүтээснээ олонд таниулахдаа зүйрлэх аргагүй. Харин хүн чанар, бусдыг өрөвдөх сэтгэлээ гээж болмооргүй гэж боддог.

-Дараагийн уран бүтээлээ хэзээ гаргахаар төлөвлөж байна?

-Хөл хорионы үеэр бичсэн 25 өгүүллэг, ганц хоёр туужаа эмхэтгээд хэвлэлд өгөөд байна. Мөн их хааны отгон хүү Тулуй ноёны тухай түүхэн роман бичих гээд баримтаа бөөгнүүлж байна. Багш нарын маань нэг зохиолч Т.Бум-Эрдэнэ “Дахиад нэг Хасар бичиж болохгүй шүү. Бүр өөр өнцгөөс харж, өөр бичилтийн хэв маяг үзүүлээрэй” гэж захисан үг сэтгэлд бодогдоод өөрийгөө чимхэж байна даа.

-Яг одоо хэн гэдэг зохиолчийн номыг уншиж байна вэ?

-До.Цэнджав багшийн “Бөмбөгөр ногоон” романыг уншиж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамъяны “Туулайн бөөр мод” номыг ноолж байна даа.

-Үеийнхээ яруу найрагч, зохиолчдоос хэ­нийг нь үнэлж хүндэтгэдэг вэ?

-Т.Бум-Эрдэнийнхээ дотогшоо яргасан, ус бага, их удаан бодож бичсэн өгүүллэг туужийг унших дуртай. Б.Сарантуяагийн түүхэн романуудын гаргалгаа, уран шийдлүүдийг унших гоё. Зохиолч С.Батжаргал, Пүрэвмаа нарын зохиолыг уншсан. Б.Баярхүүгийн зохиолуудын давхар бичилтүүд, далд утгыг нэлээн уншиж байна.

-Өөр ямар төрлөөр ном бичиж туурвихсан гэж хүсдэг вэ?

-Ганц шүлэглэсэн бэсрэг роман бичихсэн гэж хорхойсдог. Ганц нэг өгүүллэг бичиж үзсэн. Бас ар, өвөр монголчууд хилээ зааглах үед хоёр улсын иргэд болж амьдын хагацал үзсэн ах дүү хоёрын бодит амьдралаас сэдэвлэн нэг шүлгэн тууж бичиж үзсэн. Сонирхолтой байхаасаа илүү үгийн цэц, уянга сайжруулах сайн талтай юм байна гэж ойлгосон.

-Зохиолынхоо сэдвийг хаанаас олж бичдэг вэ?

-Зохиолын сэдэв хайгаад явбал бараг олдохгүй байх. Өгүүллэгийн санаа их сонин төрдөг. Хоёр чавганц хууч хөөрч байгааг хараад сайхан өгүүллэгийн санаа төрнө. Ач зээгээ загнаж байгаа өвгөнийг хараад өгүүллэг төрнө. Амьдрал баян. Гэхдээ бүрэн бүтэн олж харна гэвэл худлаа. Сэрхийсэн ганц санааг лавшруулан бодоод байхаар нэг л юм бичигдэнэ дээ. Зарим зохиол анхны харсан санааг тэр хэвээр нь хадгалсан байдаг. Гэтэл зарим нь бүр өөр зохиол болох үе байна.

-Сүүлийн үед  цаасан номноос цахим болон сонсдог номын руу шилжиж байна. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Хүний оюун ухааны хөгжил сайхан юм даа. Сонсдог номыг уншигч олон ч их сонирхож байна. Тэр хэмжээгээр зохиолч нар ч уншдаг хэлбэр рүү шилжчихлээ. Миний хувьд сүүлд бичсэн хоёр романаа уншдаг ном болголоо. Бас хэдэн жилийн өмнө бичсэн “Манай ангийн Болдоо” туужаа сонсдог ном болголоо. Анх MGL радио, 88.3 fm-ийн хамт олон миний ”Өвгөдийн цадиг”, “Өвгөдийн жудаг” хоёр өгүүллэгийн номонд орсон бараг бүх өгүүллэгийг уншиж уран зохиолын цагаараа цацдаг байсан. Дараа нь “Сонор” группийн М.Батмагнай, 99.8 радиогийн Б.Дэлгэрцэцэг, телевизийн Б.Гантигмаа, О.Цэнгэлбаяр нар тууж өгүүллэгээс минь уншаад эхэлсэн. Мөн энэ жил “Mplus”-ийнхэн сонсдог номын дэлгүүрээ нээлээ. Өнгөрсөн өвөл ”Айсуй цэнхэр нутаг” роман, “Хавт Хасар” түүхэн роман, ”Манай ангийн Болдоо” туужаа сонсдог ном болгон уншуулж “Mplus”-т өглөө. Одоо “Хөх чулууны шид” номоо жүжигчин Мөнгөнтулгаар уншуулж байна. Удахгүй уншигч олондоо хүргэнэ ээ.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагаараа утас­наасаа салахаа больсон. Уг нь салхинд гарах, өвгөчүүлтэй хууч дэлгэх дуртай л даа. Сүүлийн хоёр жил хөл хорионд ороод гарч, орох хязгаартай болчихоод байна.

-Таны зохиол, уран бүтээл бусад зохиолчийн уран бүтээлээс юугаараа ялгаатай вэ?

-Уншигч нар л хэлэх байх. Манай үргэлжилсэн өгүүллэгийн “Хөх судар” бүлгэмийн зохиолч нар хааяа өгүүллэгээр уралдаад байдаг юм. Зарим үед нэр хаяггүй цахимд тавьж шүүлгэдэг. Уншигч нар таниад байгаа нь харагддаг юм. Хуучны мартагдсан монгол үгээ сэргээх юмсан гэсэн хүсэл нэг бодол байдаг юм. Нэг үг мэдээд авбал хурдхан нэг зохиолд оруулах юмсан гэсэн адгуу зан байдаг. Тэр нь л хүмүүст намайг таниулаад байдаг юм болов уу даа гэж боддог.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.29 БААСАН № 21 (6498)

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

5 цаг 57 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

7 цаг 22 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

7 цаг 54 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

8 цаг 17 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

9 цаг 32 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

12 цаг 1 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

16 цаг 47 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

16 цаг 47 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

16 цаг 47 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин