М.ХҮСЛЭН
Украинд Ерөнхийлөгчийн ээлжит бус өчигдөр сонгууль боллоо. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын төрийн тэргүүн асан Виктор Янукович албан тушаалаасаа зайлуулагдсаны дараа тавдугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахаар товлосон билээ. Энэ удаагийн сонгуульд нийт 18 хүн өрсөлдсөн байна.
Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 1000 гаруй ажиглагч иржээ. Тэд Луганск, Донецк мужаас бусад газарт сонгуулийн үйл явцыг ажиглах аж.
Сонгуулийн өмнөх санал асуулгын дүнгээр нэр дэвшигчдийг тэрбумтан Петр Порошенко тэргүүлж байна. Гэвч тэрээр сонгуулийн эхний шатанд сонгогчдын 50 хувиас илүү санал авах боломж нь бага байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат явагдаж магадгүй. Санал асуулгын дүнгээр Порошенкогийн дараа Ерөнхий сайд асан Юлия Тимошенко нэхэж явна. Киевт байрлах “Ардчиллын сан” болон “Разумов” судалгааны төвийн хамгийн сүүлийн санал асуулгаар Петр Порошенко 44.6 хувийн санал авчээ.
Украины эрх баригчид Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын бослого дэгдээд буй Донецк, Луганск мужуудад ням гаригт сонгуулийн хэсгүүдийн ихэнх нь ажиллахгүй байж магадгүйг мэдэгдсэн. Учир нь зэвсэгт салан тусгаарлагчид сонгуульд саад хийх зорилгоор санал авах байруудыг эзлэн авчээ. Зарим нэг сонгуулийн хэсгийн хороодын гишүүдийг хулгайлж, айлган сүрдүүлсэн байна. Өөрсдийгөө “Донецк ард улс” хэмээн зарласан бүлэглэлийн толгойлогчдын нэг Денис Пушилин тавдугаар сарын 24-нд “Хэрэв шаардлагатай бол босогчид сонгуулийг явуулахгүйн тулд хүч хэрэглэх болно” хэмээн мэдэгджээ.
Киевийн эрх баригчид Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн өдөр аюулгүй байдлыг хангахад олон мянган цагдаа болон сайн дурынхныг дайчилсан байна. Украины Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюк “Энэ удаагийн сонгууль зүүн нутагт үүсээд буй тогтворгүй байдлыг намжаахад эхний алхам болно” гэжээ. Өнгөрсөн бямба гаригт ард түмэндээ хандсан тэрээр Украины иргэд сонгуулийн бүх хариуцлагыг өөртөө үүрч, салан тусгаарлагчдын дарамт, шахалтыг үл харгалзан сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан байна. Яценюк энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч Европын Холбоотой худалдааны чөлөөт бүсийн хэлэлцээрт гарын үсэг зурна гэдэгтэ итгэлтэй байгаагаа дурджээ. Өнгөрсөн оны сүүлчээр Москваг дэмждэг Ерөнхийлөгч асан Виктор Янукович Европын Холбоотой гэрээ хийхээс татгалзсанаас болж Украинд эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн билээ. Сүүлдээ Янукович албан тушаалаасаа зайлуулагдаж Орос руу зугтсан аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр гарна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Москва Украины ард түмний сонгосон Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн” гэсэн байна.
“ДОНЕЦК, ЛУГАНСК АРД УЛС” НЭГДЖЭЭ
Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн өмнөх өдөр Украины зүүн хэсгийн өөрсдийгөө “Донецкийн ард улс”, “Луганскийн ард улс” хэмээн тунхаглаад байсан салан тусгаарлагчид нийлж “Новороссия” улсыг байгуулснаа зарласан байна. Энэ тухай баримт бичигт тавдугаар сарын 24-нд Донецк хотод өөрийгөө “Донецкийн ард улс”-ын Ерөнхий сайд гэж зарласан Александр Бородай болон “Луганскийн ард улс”-ын хурлын дарга гэгдэх Алексей Карякин нар гарын үсэг зуржээ. Донецк хотод болсон Украины зүүн-өмнөд бүсийн салан тусгаарлагчдын төлөөлөгчид оролцсон хуралд Дээд Радагийн гишүүн, “Зүүн-Өмнөд” хөдөлгөөний тэргүүн Олег Царев “Орос, украин, олон нам, хөдөлгөөний идэвхтэн дэмжигчид болон үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллагуудын төлөөллийг нэгтгэх” Ардын фронт байгуулснаа зарласан байна. Украины зүүн хэсэгт Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахгүй саад учруулаад буй салан тусгаарлагчдын айлган сүрдүүлэлтээс болж Донецк, Луганск мужийн 34 сонгуулийн комиссын 18 нь ажлаа зогсоож хаагджээ.