Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлсэн.
АНУ-д ахлах программ хангамж хөгжүүлэгчээр /software developer/ ажилладаг П.Бүрэнхүүтэй ярилцсанаа хүргэж байна.Энэ удаагийн ярилцлагаа “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран бэлтгэлээ.
-Мэдээллийн технологийн салбараараа дэлхийд тэргүүлэгч их гүрэн АНУ-д программистаар ажиллана гэдэг маш их ур чадвар шаардсан ажил. Хэрхэн тус улсад ажиллах болсон юм бэ?
-Би дунд сургуульд суралцаж байхдаа мэдээлэл зүй алгоритмын хичээлд их дуртай байсан. Тийм учраас програм хангамжийн чиглэлээр суралцахаар шийдвэрлэсэн. Тэгээд 2004 онд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийг мэдээлэл технологийн инженерийн ангийг төгссөн. Гэхдээ 2003 онд буюу оюутан байхдаа Нийгмийн даатгалын мэдээллийн технологийн газрын нягтлан бодох бүртгэлийн системийг боловсруулж эхлээд тус газарт найман жил ажилласан.
Үүний дараагаар 2011 оноос Голомт банкинд банкны үндсэн систем хариуцсан инженерээр ажилласан. Дараа нь АНУ-ын Айво мужийн Фэйрфийлд хотод байрладаг Махариши менежментийн олон улсын их сургуульд компюьтерын шинжлэх ухааны магистрын зэргийг 2016 онд хамгаалсан. Суралцаж байх хугацаандаа болон төгссөнийхөө дараа 2015-2019 онд АНУ-ын “United Airlines” иргэний нисэхийн компанид ажилласан. Харин 2019 оноос Иллинойс мужийн Чикаго хотын Оюуны өмчийн патентын үйлчилгээ үзүүлдэг “Cardinal intellectual property” компанид ахлах программ хангамж хөгжүүлэгчээр ажиллаж байна. Оюуны өмчийн үйлчилгээ үзүүлдэг программыг шинэчлэх энэ ажил маань гэрээсээ ажиллаж байгаагаараа онцлогтой.
-Махашири бол мэдээллийн технологийн чиглэлээр тэргүүлэх хөтөлбөртэй их сургууль гэдгээр нь олон хүн мэднэ. Суралцаж байх хугацаандаа цалинтай дадлага хийх боломжийг олгодог гэж сонссон. Сургуулийнхаа талаар сонирхуулвал?
-Махариши их сургуулийн магистрын сургалтын хөтөлбөр нь 7-8 сар сургуулийн хотхонд бүтэн цагаар суралцаж үлдсэн 2-4 жилийн хугацаанд АНУ-ын тэргүүлэх компанид дадлага хийж, зайнаас суралцаж болдог давуу талтай. Сургалтын төлбөрийн тодорхой хувийг ажиллах хугацаандаа цалингаасаа төлөх боломжтой. Урьдчилгаа төлбөрт 5000-7000 мянган ам.доллар төлнө. Үүнд сургалтын төлбөр, байр, хоол бүгд багтсан. Би эхлээд таван мянган ам.доллар төлөөд үлдсэн 25 мянган ам.долларыг нь ажиллаж байх хугацаандаа цалингаасаа төлнө гэсэн нөхцөлтэй сургуулийн зуучлалаар банкнаас зээлсэн. Оюутан байхдаа дөрвөн жил ажиллах боломжтой.Цаашид АНУ-д үргэлжлүүлэн ажиллаж, амьдрах хүсэлтэй бол ажиллаж байх хугацаандаа оюутны визээ ажлын визээр солиулах, ажил олгогчийн дэмжлэгээр ногоон карт авах зэрэг боломжууд нээлттэй байдаг. Америк компанид мэргэжлээрээ цалинтай дадлага хийнэ. Жилийн дундаж цалин ур чадвар, ажиллаж буй компаниасаа хамаараад 65-200 мянган ам.доллар. Тухайлбал, анх төгссөн шинэ оюутан буюу junior software-ийн цалин жилд багадаа 60 мянган ам.доллараас эхэлдэг. АНУ-д инженерийн эрэлт их байдаг. Баян орон учир ихэнх залуус ийм нарийн төвөгтөй, сэтгэн бодох чадвар шаардсан мэргэжил сонгодоггүй. Тиймээс гадаадаас инженерүүдийг ихээр авч ажиллуулдаг. Тэгэхээр хамтран ажиллаж буй иненерүүдийн талаас илүү нь Энэтхэг, Хятад болон бусад орных байх нь элбэг.
-Магистрт суралцаж байхдаа ямар компанид хэдий хэмжээний цалинтай дадлага хийж байсан талаар тодруулвал?
-АНУ-д магистраар суралцаж байх хугацаанд хичээлээ хагас бүтэн сайнд онлайнаар үзээд дадлагаар ажил хийх нэг жилийн эрх өгдөг. Төгссөний дараа шинжлэх ухаан, технологи, инженерийн чиглэлээр суралцсан оюутнуудад нэмж гурван жилийн ажиллах эрх нэмж өгдөг. Би энэ хугацаанд “United Airlines”-д дөрвөн жил ахлах программистаар ажилласан. Цалингийн хувьд бусад энгийн ажилчдаас ялгаагүй. Сард 9000 ам.доллар авч байсан.
-Сургуулиа төгсөөд ажилд ороход хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ?
-Мэргэжлийн болон хэлний мэдлэг их чухал. Миний хувьд хэлний мэдлэг тийм ч сайн байгаагүй ч найман сар сургуулийн танхимдаа хичээл үзэхэд чих онгойж эхэлсэн. Гэхдээ АНУ-д ажилд ороход төгс хэлний мэдлэг шаардахгүй. Гол нь ажлын ярилцлагандаа бусад хүмүүстэй ойлголцох хэмжээнд байхад болно. Америкт Энэтхэг, Хятадаас эхлээд олон орны мэргэжилтэн ажилладаг учир төгс хэлний мэдлэг шаарддаггүй. Мөн мэргэжлийн ур чадвар, тухайн хүний ажлын туршлага, сэтгэн бодох чадварыг чухалд үздэг. АНУ-д мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр ажиллахад Монголдоо мэргэжлээрээ ажилласан туршлагатай, анкет дээрээ бичих түүхтэй ирвэл давуу талтай байдаг.
-АНУ-д суралцахыг хүсч буй залуучуудад хандаж юу хэлэх вэ?
-Юуны түрүүнд Элчинтэй ойлголцох хэмжээний хэл хэрэгтэй. Гэхдээ Монголоор элчингийн ярилцлагаа өгөөд ирсэн оюутнууд ч нэлээдгүй бий. Дараагаар нь сургуулиа сонгоно. Ингэхдээ эхний хэдэн сарын дараа хичээлээ зайнаас үзээд хажуугаар нь дадлагаар ажиллах эрх өгдөг /CPT, OPT хөтөлбөр/ хөтөлбөртэй сургууль сонговол зүгээр.Тухайн хүн жаахан хичээвэл АНУ-д суралцаж, ажиллаж, амьдарна гэдэг мөрөөдлийн том даваа биш. Мөн монгол оюутан бусад орны оюутнуудаас IQ өндөртэй, ур чадвар сайтай байдаг нь ажилд ороход амархан байдаг. Программ хангамжийн инженерээр гадаадад маш олон монгол хүн ажилладаг болсон. Жишээ нь Google, Amazon, Facebook-ээс эхлээд шилдэг, нэр хүн өндөртэй технологийн компаниудад олноор ажиллаж байна. Энэ нь монгол хүн дэлхийд хаана ч гологдохгүй гэдгийн баталгаа юм.
-АНУ-д олон орны хүмүүстэй хамтарч ажилласнаар таны ойлгосон хамгийн чухал зүйл юу вэ?
-Америкчууд харилцааны өндөр соёлтой, эелдэг дотно, цагийг маш сайн баримталдаг зан чанартай. Тиймээс энд ажиллах хугацаандаа харилцааны соёлд суралцсан. Мөн ямар ч хурал, зөвлөгөөнд өөрийн санаа бодлыг ичилгүй илэрхийлдэг хүмүүст тэд дуртай. Тиймээс бид өөрийгөө илэрхийлэх чадвар өндөртэй, нээлттэй байх ёстой. АНУ бол мэдээллийн технологийн чиглэлээр тэргүүлэгч орон учир энд ирж суралцаж, ажиллавал эдийн засгийн чадамжаас гадна мэргэжлийн ур чадвар сайжирна. Оюутан байх хугацаандаа ажиллаад, цалин аваад хэлээ сайжруулаад ур чадвараа нэмэгдүүлээд өсч хөгжөөд эх орон руугаа буцах бүрэн боломжтой.
-Та программ хангамжийн инженерт суурь мэдлэг чухал гэж ярьсан. Энэ чиглэлээр суралцаж байгаа залуус бие даан ур чадвараа хэрхэн сайжруулах боломжтой вэ?
-Бидэнд хэрэгтэй бүх мэдээлэл интернетэд бий. Мэдээлэл зүйн шинэ технологиудыг интернэтээс цаг алдалгүй суралцаж мэдэж авах боломжтой. Миний хувьд Youtube-ээс олон төрлийн хичээл үзэж, ур чадвараа сайжруулсан. Дүрстэй, дуутай учир ойлгоход амар бөгөөд ой тоонд илүү үлдэцтэй санагддаг. Ажил дээр гарсан ч тухайн байгууллагын системийг хэрхэн сайжруулах арга замуудыг хайн, шинэ технологуудыг судалж байвал ур чадвар сайжирна.
-Дэлхийд үнэлэгдсэн эдгээр инженерүүд Монголдоо ажиллах боломжтой юу?
-Өмнө нь ярьсанчлан гадаадад тэр дундаа АНУ-д мэдээллийн технологийн чиглэлээр ажиллахын давуу тал нь үнэлгээ өндөр. Үүнийг Монголтой харьцуулах боломжгүй. Монголдоо очиж ажиллах сэтгэл инженер бүрт байгаа боловч манай улсын программ хангамжийн зах зээл болон үнэлгээ төдийлөн сайн хөгжиж амжаагүй байна. Зах зээл жижиг тул аутсорсинг хийж гадны үнэлгээ өндөртэй зах зээлээс ажил авдаг эсвэл гадны зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлж ашиг орлого олдог компаниуд олон болвол аяндаа үнэлгээ өсөх нөхцөл нь бүрдэх болов уу. Америк бол олон төрийн үйлчилгээ нь бүрэн цахимжсан орон. Гэтэл манай улс хилээр орж, гарж байгаа хүмүүсээ ч нарийн хянаж чаддаггүй. Хэчнээн гадаадын иргэд хууль бусаар орж ирснийг мэдэх арга байхгүй юм байна лээ. Энэ нь наад захын нэгдсэн системд байхгүйтэй холбоотой. Мөн гадаадаас систем худалдаж авах бус өөрсдөө системүүдээ бүтээж ашиглах, үүнийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Бид мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс манай улс программ хангамж, мэдээллийн технологийн инженерээ сайн бэлтгэх хэрэгтэй. Улс орны ирээдүйг инженерүүд түүчээлдэг.
ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)