Б.ТУУЛ
Монголын боксчдоос “Токио-2021” олимпын эрх авсан анхны тамирчин, ОУХМ Б.Чинзоригийг “Өөр зочин”-оор урьж ярилцлаа.
-Цахим хуудсаас чинь таны зарим мэдээллийг харж байсан. Цэргийн дүрэмт хувцас танд их зохидог юм байна лээ. Ойрын хэдэн сар монголчууд хөл хорионы дэглэм гээд тавгүй байна. Таны хувьд бэлтгэлээ хэр базааж байна даа?
-“Алдар”-ын тамирчид цэргийн дүрэмт хувцсыг сард хэдэн удаа өмсдөг. Цэргийн хувцас өмссөн үед байгууллагынхаа дүрэм журмын дагуу үүрэг хариуцлагыг нэг бүрчлэн биелүүлдэг. Би 2011 оноос тус спорт хорооны албан ёсны тамирчин болж, тэмцээнд оролцох болсон. Тамирчдын хувьд, зарим үед тусгай бэлтгэсэн тусгаарлалтын орчинд л бэлтгэл хийж байна даа. Би тусгаарлалтын байрнаас гараад л жижүүрийн ажил хүлээж авсан. Боксын тамирчид хагас жил бэлтгэл хийхдээ тусгаарлалтад байгаагаас ялгаагүй орчинд хийсэн. Тиймээс “COVID-19”-ийн халдвараас хамгаалсан тусгаарлалт бидний бэлтгэл хийдэг орчин, нөхцөлтэй адилхан санагдсан.
-Та спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ?
-Би 2005 онд боксын спортод анх хөл тавьж, гавьяат дасгалжуулагч, хошууч А.Гантулга багшийн удирдлагад хичээллэн тамирчин болох гараагаа “Алдар” спорт хорооноос эхэлж байлаа. Тэр цагаас хойш боксоор 15 жил тасралтгүй хичээллэж байна.
-Та “Токиогийн олимп”-д оролцох эрх авсан. Хоёр дахь олимпдоо хүч үзэх гэж байна. Арга туршлага арай өөр болсон байх?
-Олимпийн эрх олгох тэмцээнд Азийн орнуудын шилдэг боксчид өрсөлдсөн. Тэмцээнийг Олон улсын сонирхогчийн боксын холбоо (AIBA) бус ОУОХ зохион байгуулсан болохоор шүүлт харьцангуй шударга болсон. Манай боксын тамирчид таван эрх авах зорилготой тус хотыг зорьсон. Санасандаа хүртэл тоглож чадаагүй ч хоосон ирээгүй, олимпийн нэг эрх авсан. Олимпийн эрх авчихаад сэтгэл бага зэрэг тайвширсан. Миний оролцох хоёр дахь олимп учраас өмнөхөөсөө илүү туршлага хуримтлуулсан. Өмнө нь зөвхөн тоглолтдоо анхаарал хандуулдаг байсан бол одоо өрсөлдөгчдийнхөө тактик, техникт тааруулан бэлтгэл хийхийг чухалчилж байгаа. Сэтгэл зүйн хувьд ч олимп гэж тэвдэлгүй, аль болох тайван байхыг хичээж байна.
-Хүмүүс аваргын төлөөх тоглолтод алтаас атгаад алдлаа гээд л шуугиж байсан?
-Миний хамгийн хэцүү өрсөлдөгч Энэтхэгийн тамирчин байсан. Би түүнд өмнө нь ДАШТ-ий хүрэл медалийн өмнөх тоглолтод ялагдаж байсан юм. Энэ удаа даагаа нэхэж, Токиогийн олимпод оролцох эрх авсан.Хэрвээ олимпын наадмын тэмцээнд Узбекистаны боксчинтой таарвал заавал хожно.Тэрээр 2015 онд болсон ДАШТ-д гавьяат тамирчин Д.Отгондалайг хожиж, хүрэл медаль хүртэж байв. Бидний тоглолтыг Куба улсын шүүгч шүүсэн. Тоглолт ид дундаа өрнөж байхад шүүгч намайг цохиулаагүй тоолсон. Миний тоглолт илт давамгай байхад зогсоож, зөрчөөгүй дүрэм дээр сануулга өгсөн, мөн техникийн шүүгч алдаа гаргаж, тэмцээний оноонд нөлөөлсөн зэргээр алдаатай шүүсэн тал бий. Ямар ч байсан тоглолтыг оноог 3:2-ын харьцаатай болгож, өрсөлдөгчөө хожсон.
-Токиогийн олимпод улс орон бүрийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Биеийн хүчний бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэл бас их чухал байдаг байх?
-Бүтэн жил бэлтгэл хийх хагас жилийн сургуулилалтаас их ялгаатай. Тив, тивд олимпод найдвартай өрсөлдөх таван тамирчин байдаг. Тиймээс өөрийн жиндээ өрсөлдөх тамирчдын амжилт, карьер, гэр бүл, мэдлэг боловсрол, бэлтгэл сургуулилалт гээд олон талаас нь судалж байна. Энэ хугацаанд би олимпийн тэмцээнд тулалдах өрсөлдөгчдөө хангалттай судалж амжина гэж бодож байгаа. Боксын олон тэмцээн цуцлагдаж, олимп хойшилсон нь надад харин ч ашигтай санагдаж байгаа. Миний хувьд тэмцээнд оролцох гэж амрах завгүй олон сар бэлтгэл хийсэн болохоор их ядарлаа.Тиймээс сэргэлт авах маягаар хэд хоног амарна. Ийм боломжтой цаг хугацаа олдож байгаад тамирчин хүний хувьд бас боломж гэж л харж байна.
-Таныг сагсан-бөмбөгөөс бокс руу урвасан гэж сонссон. Рингэн дээр гаргасан амжилтаас чинь харахад та зөв сонголт хийсэн бололтой. Энэ түүхээ хуваалцаач?
-Би сагсанбөмбөг тоглох дуртай ч энэ чиглэлээр тамирчин болох боломж байгаагүй. Гэсэн ч найзуудтайгаа долоо хоногт хоёр удаа хөлсөө гартал тоглодог. Сагсанбөмбөг одоо миний хобби болсон. Хүүхэд байхдаа NBA playoff-ын тоглолтуудыг их үзэж сонирхдог байлаа. Хүүхдүүд өсвөр насандаа хичээлийн бус цагаар спортын олон төрлөөр сонирхож хичээллэдэг. Би спорт яг тэгж сонирхдог насандаа сагсан бөмбөг тоглодог байсан. Тэр үед миний хамгийн сайн найз Б.Гансүх боксоор хичээллэдэг байлаа. Нэг өдөр найзынхаа бэлтгэл хийхийг харахаар очиход Б.Гансүх жин хасах бэлтгэл хийж байсан нь сонирхолтой санагдсан.Тэгээд л найзыгаа дагаж сагсан бөмбөгөөс бокс руу урвасан.
-Тамирчин хүн амжилттай, тууштай явахад гэр бүлийн үүрэг оролцоо хамгийн чухал байдаг. Анх боксоор хичээллэхэ танай гэрийнхэн хэр хүлээж авсан бэ?
-Ах нар маань боксын тэмцээн их сонирхож үздэг байсан. Тиймдээ ч намайг дуртай дэмжсэн. Харин эгч нар “Бокс хэцүү, эрсдэл ихтэй. Эрүүл мэндээрээ хохирч үлддэг” гээд эхэндээ таатай хүлээж аваагүй. Эгч нарыг ингэж хэлэхээр ах нар “Өө, юү гэсэн үг юм, эрэгтэй хүүхэд боксоор хичээллэх хамгийн тохиромжтой. Тэгээд ч үзэгч олонтой гоё спорт” гэдэг байлаа. Ямартай ч би тамирчин болж ах нарынхаа хүслийг биелүүлсэн. Манай аав, ээж хоёр намайг бас бүх талаар дэмжсээр ирсэн. Надад “Чи юу хиймээр байна, түүнийхээ төлөө тууштай зүтгэ” гэдэг байсан. Гэрийнхэн маань ингэж дуртай дэмжсэн болохоор би боксоор хичээллэсэн даруйдаа амжилт гаргаж эхэлсэн.
-МУИС-д эдийн засгийн чиглэлээр суралцдаг гэсэн үү?
-МУИС-д эдийн засаг, хүн амзүйн чиглэлээр сурдаг, сургуулиа дүүргэж амжаагүй явна. Би өөрийн сонгосон мэргэжилдээ дуртай. Даанч тэмцээнд оролцсоор байгаад хичээлийнхээ ихэнх цагт сууж чаддаггүй юм. Тэмцээнд оролцож ирээд олон хичээлийн шалгалт шүүлэг өгөх хэцүү санагддаг. Шалгалтаа гайгүй өгсөн ч ирц, явц муу болохоор дүн гаргадаггүй. Надад судалсан кридетүүд бий. Өөрт олдсон боломжтой цаг хугацааг ашиглан сураад төгсчихье гэж бодож байтал цар тахлаас болоод төлөвлөсөн ажлууд маань бас л сунжрах төлөвтэй байна. Тиймээс Токиогийн олимпын дараа их сургуулиа төгсөхөөр төлөвлөсөн.
-Тамирчдад бас олон улсын тэмцээнд оролцохоос эхлээд хэлний мэдлэг чамгүй хэрэг болдог байх. Таны хувьд, гадны улсын хэл соёлд хэр суралцаж байна вэ?
-Би англи хэлний дунд шатны мэдлэгтэй. Гадаадад очвол хоттой нь танилцангаа ойр зуурын зүйл ярилцаад, өөрийнхөө хэмжээнд ойлголчихдог. Энэ жил завтай байгаа дээрээ найзынхаа англи хэлний сургалтын төвд сурч, мэдлэгийн түвшингөө ахиулах төлөвлөгөөтэй байна. Өмнө нь 14 хоног тусгаарлагдахдаа гитар дарж сурсан. Ямартай ч энэ цаг хугацааг ашиглаад, төлөвлөсөн бүх зүйлээ амжуулна гэж бодож байгаа.
-Чөлөөт цагаараа та юу сонирхдог вэ. Аялах дуртай гэж сонссон?
-Чөлөөт цагаараа эрч хүч өгсөн дуу, хөгжим сонсох, тулааны урлагийг харуулсан адал явдалтай кино үзэх дуртай. Мөн зун найзуудтайгаа очиж үзээгүй газруудаар аялах дуртай. Найзуудтайгаа эрүүл агаарт гарч, өөрийн гараар зэхсэн хоол, цайг хээрийн гал дээр хийж идэхээр их сайхан санагддаг. Аялалаас авдаг энэ бүх мэдрэмж хөл хорионы үед бас их үгүйлэгдэж байна даа.
-Олимпийн дараа гэж төлөвлөсөн зүйлс юу байна вэ. Нууц биш бол сонирхуулаач?
-Олимпын дараа мэргэжлийн бокст хүч сорих бодол бий. Би энэ жил 29 нас хүрч байна. Мэргэжлийн боксын тамирчид 40 нас хүртлээ тулалддаг. Миний хувьд сонирхогчийн боксоор олон жил тоглолоо. Намайг залгамжлах олон дүү бий. Тэд ур чадвараа сайжруулж, туршлагатай болохын тулд олон тэмцээнд өрсөлдөх хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн боксоор хичээллэхгүй, зөвхөн сонирхогчийн бокс тоглож, хойшдоо олимпод оролцоно гэсэн бодол бий.
-Ярилцлагынхаа төгсгөлд спортоор хичээллэдэг хүүхэд залууст сонирхолтой зөвлөгөө авъя?
-Өөрийг тань амьдралд зөв хүн болгож бэлддэг зүйл бол спорт. Надад ч гэсэн жин хасч шантарсан, тэмцээнд луйвардуулчихаад сэтгэлээр унасан өдөр олон бий. Тэр бүхнийг сэтгэлийн тэнхээ, тууштай байдал, тэсвэр хатуужил, зорилго тэмүүлэл, эрч хүчээр даван туулсан. Магадгүй өөрт тань олон цохилт ирнэ шүү, тэр бүхэн бүдрэх үү, зогсох уу гэдгийг тань шалгаж байгаа сорил юм. Амжилт амархан олдохгүй, алдаа оноотой л ирдэг. Тэр үед шантраад уйлж байсан бол инээгээд медалийн тавцанд зогсох мөч бас ирдэг юм шүү гэж хэлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.1.8 БААСАН № 5 (6482)