С.УЯНГА
Шинжлэх ухааны академийн Бага чуулганы гишүүн, ДХИС-ийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн захирал, Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.
- Улс даяар хатуу хөл хорио тогтоосон ч санаатай, санамсаргүй байдлаар зөрчих үзэгдэл гарсаар байгаа нь эрсдэл үүсгэж мэдэхээр байна. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх боломж хэр байдаг вэ?
-Зөрчлийн хуулиар торгох, баривчлах арга хэмжээ авч байна. Хуульд зааснаар өөрөө халдвар авснаа мэдсэн хэрнээ бусдад халдаах нөхцөл бүрдүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Халдвар хамгааллын дэглэм зөрчиж болгоомжгүйгээр халдварт өвчин тараасан бол эрхзүйн зөрчилд тооцогдоно. Харин халдвар авснаа мэдсэн хэрнээ хүмүүс цуглуулаад байгаа бол санаатай гэж үзэх үндэслэлтэй.
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн дагуу тухай бүрт нь хариуцлага хүлээлгээд явахгүй бол хяналтаас гарч болзошгүй.Нөгөө талаас бүх нийтээрээ хуулийг хүндэтгэх, урьдчилан сэргийлэх ёстой. Эрүүгийн хуульд халдварт өвчин халдаах гэсэн заалт бий. Зориудаар халдварт өвчин тараасан бол 1-5 жил хүртэл хорих ялтай. Олон хүнд тараасан, хүүхдэд халдаасан бол 2-8 жилийн ялтай. Энэ талаар 2020 оны дөрөвдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулж хорио цээрийн дэглэм зөрчиж халдварт өвчин тараах нөхцлийг бүрдүүлсэн, тараасан бол торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорихоор хуульчилсан. Одоо бол ийм зүйлээр зүйлчилсэн цөөн тооны гэмт хэрэг бүртгэгдээд явж байна. Зориудаар буюу өөрөө мэдсэн хэрнээ бусдад халдаасан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байгаа хэд хэдэн гэмт хэрэг байгаа. Мөн энэ цаг үед үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг бий. Тухайлбал, Эрүүгийн хуульд хорлон сүйтгэх гэмт хэрэг гэж бий. Улс орны батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор үндэсний эрх ашгийг хохироосон бол төрийн эсрэг гэмт хэрэгт тооцдог. Харин гоц халдварт өвчин тараасан бол 8-15 жил, олон хүн хохирсон бол 8-20 жил, зарим тохиолдолд бүх насаар нь хорих ял оноох заалттай. Одоогийн байдлаар ийм зүйлээр зүйлчилсэн гэмт хэрэг Монгол Улсад гараагүй.
-Хатуу хөл хорионы дэглэмийн үед гэмт хэрэг, зөрчил буурсангүй. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа шалтгааныг хэрхэн харж байна вэ?
-Давхар зүйлчлэгддэг хэргүүд байгаа учраас механик өсөлт харагдаж байна. Гэр бүлийн хүрээнд гарсан зөрчил болгон гэр бүлийн хүчирхийлэл гээд бүртгэгдээд явна гэсэн үг. Түүнээс хөл хориотой холбоотойгоор гэртээ байснаас болж гэр бүлийн хүчирхийлэл өссөн гэж үзэх нь учир дутагдалтай. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 25 хувиар буурсан шүү.
-Та Евразийн полиграфчдын холбооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Шинэ технологиор гэмт хэрэгтэй тэмцэх арга тактикыг манай улс хэрхэн ашиглаж байна вэ?
-Нийгмийн хөгжил, технологийн дэвшлийг дагаж гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа өөрчлөгдөх нь зүйн хэрэг. 1990-ээд оноос эхлээд гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг ашиглахыг эрмэлзэж байна. Энэ дагуу холбогдох хуулиудад тусгаж, шинэ технологи, тактик аргазүйг практикт нэвтрүүлэх ажил ч хийгдэж байна. Үүний нэг нь полиграф буюу хүний худал, үнэн ярьж байгааг тогтоох хэрэгсэл юм. Энэ төхөөрөмж дэлхийн хоёрдугаар дайны үед бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл ашигласаар байна. Полиграфын баталгаа 10 жилийн өмнө 98 хувьтай байсан бол одоо 100 хувь гэсэн магадлал дээр хэн ч маргахаа больсон. Өөрөөр хэлбэл, энэ аппаратыг ямар ч нөхцөлд хуурах боломжгүй гэсэн үг. Манай улсад полиграфыг цагдаа, АТГ, тагнуулын байгууллагаас гадна манай ДХИС эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглаж байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн төв сэтгэцийн өвчин оношилж байна. Гадаадад бол зурагтын шоу болтлоо хөгжлөө шүү дээ.
Ер нь полиграф бол хүний эрхийг хангахад ач холбогдолтой. Тухайн хүнийг сайн дурын үндсэн дээр шалгадаг. Жишээлбэл, цагдаагийн байгууллага 10 сэжигтэн барилаа гэхэд полиграфаар шалгаад есийг нь явуулах боломжтой. Бүгдийг нь мөрдөгчийн үүдэнд суулгаж цаг завыг нь алдагдуулах шаардлагагүй. Хүний эрхийг хангахаас гадна цаг зав, зардал хэмнэнэ.Хууль хяналтын байгууллагууд хулгайн ч гэдэг юмуу дундаж хэргийг шалгахад 10 гаруй сая төгрөг зарцуулдаг судалгаа бий. Гэтэл хүний амины хэргийг шалгахад ямар хэмжээний зардал гарах билээ. Полиграф энэ зардлыг 2-3 дахин бууруулдаг л даа.
-Сайн дураараа гэхээр албан тушаалын хэрэгтнүүд шалгуулахаас татгалзах юм биш үү?
-Ажиллах зарчим гэж бий л дээ. Хүнийг хүчлэхгүй. Сайн дурын үндсэн дээр авах нь зарчмын шаардлага. Тухайн хүнд полиграфаар шалгуулах хүсэлт тавих эсэх нь тактикын асуудал. Шалгуулахаас татгалзвал гэм буруутай гэж ойлгогдож, сэжиглэх үндэслэл болж мэдэх учраас буруугүй гэдгээ нотлохын тулд шалгуулахаас аргагүй байдалд орж болно шүү дээ. Мөн полиграф ашигласны үр дүнг нотлох баримтаар тооцохгүйгээр баримжаалсан мэдээлэл авдаг. Гэхдээ гадаадын зарим улсад нотлох баримтаар тооцоод эхэлсэн практик бий. Жишээлбэл, Япон улсын анхан шатны шүүх полиграфын үр дүнг нотлох баримтаар хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ полиграфын үр дүн шинжээчийн дүгнэлт болсон тохиолдолд нотлох баримтаар тооцох үндэслэлтэй. Түүнчлэн улс орнууд төрийн тусгай албанд ажилд авахдаа полиграфаар шалгаж авч байна. АНУ-д бол төрийн хамгаалалтын албаныхан жилд хоёр удаа шалгуулдаг.Манай ДХИС туршилтын судалгаа хийж байна. Ойрын үед тавьж буй зорилт бол манай сургуульд элсэгчдийг ЭЕШ-ын дараа полиграфаар шалгахаар төлөвлөж байна. Төрийн тусгай албаны сургуульд элсэгч гэмт хэрэгт шалгагдаж байсан эсэх, сэтгэлзүй, бие махбодийн хувьд тэнцэх боломжтой эсэхийг мэдэх боломжтой.
-Полиграфыг тусгай албаныхан хуурах боломжтой гэх мэдээлэл ч байдаг?
-Эрдэмтэд тусгай бэлтгэлтэй хүнийг мэдэрдэг программ зохиосон. Полиграфаар асуулт асууж байхад хуурах оролдлого хийх буюу тусгай бэлтгэлтэй хүн байвал шууд дохио өгөөд программ солигддог. Ер нь дэлхий нийтээр ямар ч хүн аппаратыг хуурах боломжгүй гэж үзэж байна.
-Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар хуульчид Цэцэд хандсан.Одоо УИХ хүлээж авах эсэх асуудал бий боллоо. Энэ процесс хэрхэн үргэлжлэх вэ?
-Гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс эхлээд төр, гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, хуулийн этгээд оролцсон эрүүгийн эрхзүйн харилцаа үүсдэг. Харин гэмт хэрэгтнийг эцэс төгсгөлгүй мөрдөж эрэн хайх биш тодорхой хугацаа тогтоодог. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд төр гэмт хэрэгтэн хэн ч байсан барьж чадна гэсэн амлалт авч байна гэсэн үг. Дунджаар ялын хэмжээг хоёр дахин нугалах буюу гурван жилийн ялтай хэрэг дээр зургаан жилийн хугацаанд барьж чадахгүй бол зол гээд явуулах юм. Төрд цагдаа, мөрдөх алба, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба байгаа учраас гэмт хэрэгтэнд бололцоо өгч байна гэсэн үг. Ихэнх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаанд хэрэгтэн шийтгэлээ хүлээдэг.
Гэмт хэрэг үйлдсэн үеэс шүүхийн анхан шатны тогтоол гартал хөөн хэлэлцэх хугацааг тооцдог байсныг Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн үеэс эрүүгийн хариуцлагад татах хүртэл гэж өөрчилсөн. Гэхдээ ямар ч ялгаа байхгүй. Зарчмын нэг л асуудал бий. Хөөн хэлэлцэх хугацаа тасрах, зогсоох гэсэн хуулийн ойлголт байдаг. Гэтэл онолын энэ ойлголтыг хэрэглэхгүй байгаагаас хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болж ял завшуулж байгаа юм. Жишээлбэл, АТГ гэмт хэрэгтнийг барьж аваад эрүүгийн хариуцлагад татсан бол хөөн хэлэлцэх хугацаа тасарна. Харин гэмт хэрэгтэн оргосон, өвчилсөн бол уг хугацааг зогсоох ёстой. Харин Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмыг мөрдсөн. Шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж байгаа бол хуулийг буцаан хэрэглэхгүй.
-Томоохон албан тушаалын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж байгаа нь хуулийг зориудаар буруу хэрэглэж байгаа үйлдэл үү?
-Хууль буруу хэрэглэж байна. Шүүх, прокурор, мөрдөгч эрхзүйн ухамсараа удирдлага болгож дотоод итгэл үнэмшлээрээ хандах ёстой. Эрхзүйн ухамсар гэдэгт боловсрол, туршлага, мэдлэг ур чадвар орно л доо. Хууль хэрэгжүүлэх журмаар ямар үед хөөн хэлэлцэх хугацааг таслах, зогсоох вэ гэдэг тодорхой. Үүнийг санаатай хэрэглэхгүй байгаа эсэхийг мэдэхгүй. Прокурор, шүүх АТГ-аас ирсэн хэргийг сейфэндээ дарж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгана гэдэг бол хүмүүсийн нөр их хөдөлмөр, асар их зардлыг үгүй хийж байгаа хэрэг л дээ. Урьд нь Улсын Дээд шүүх хууль тайлбарладаг байсан. Гэтэл Дээд шүүх албан ёсны тайлбар гаргахаа больсноос хойш хуулийн хэрэгжилтийн шатанд алдаа завхрал гарах болсон гэж харж байгаа.
-Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, ил болгох ямар бодлого үгүйлэгдэж байна вэ. Таны хувьд ШУА-ын Бага чуулганы гишүүнээр сонгогдсоны хувьд юу хийхийг зорьж байна вэ?
-Монгол Улсад албан тушаалын наймаа хавтгайрч ажилд орохын тулд төлбөр төлдөг байдал бий болсон. Наад зах нь яамны мэргэжилтнээр ороход хэдэн төгрөг төлдөг нь хүмүүсийн амьдралд ил яригддаг болсон. Энэ бол нууц биш шүү дээ. Гэмт хэргийн хэмжээнд очсон хорт үзэгдэл нийгмийг хамарснаас хүний амьдрал, төрийн албанд асар их хохирол учруулж байгаа нь ил байна шүү дээ. Зарим нэг судалгаагаар ч тогтоогдож байна.
Албан тушаалын наймаанаас болж ямар ч чадваргүй, мэдлэггүй дарга нар олширлоо. Үүнээс болж төрийн албаны нэр хүнд унахаас гадна төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Монгол Улсад албан тушаалын наймаа цэцэглээд дээд цэгтээ хүрч байгаа учраас үүнийг хуульд оруулж гэмт хэрэг гэж үзэж цаг болсон. Үүний тулд нийгмийн бүх салбарыг хамарсан асар том суурь судалгааг Шинжлэх ухааны академи хийж ил болгох шаардлагатай. Нийгэм, эдийн засаг, сэтгэлзүй, эрүүл мэндийн иж бүрэн судалгааг хийж үндэстний эрх ашигт хохирол учруулж байгааг гаргаж тавих хэрэгтэй. Үүний дараа хуульд оруулах хүсэл эрмэлзлэлтэй болж, гэмт хэрэг болгох эрхзүйн орчин үүсэх цаг ирнэ гэж итгэдэг. Одоогоор хавсарга, бодлогын судалгаа хийх явцад энэ байдал тогтоогдоод байна. Угаас нийгмийн хөгжлийн явцад эрүүгийн эрхзүй дагаад хөгжиж байдаг. Миний хувьд ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр ажиллахдаа албан тушаалын наймааны гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахаар төлөвлөж байна. Гэмт хэрэгтний сэтгэцийн дүр төрхийг тодорхойлох судалгааг 2018 оноос эхлүүлж 15 хорих байгууллагаар орсон. Монгол хэв маягийн гэмт хэрэгтнийг тодорхойлохыг зорьж байна. Тухайлбал, малын хулгайч, хар тамхи, албан тушаалын гэмт хэрэгтэн ямар төрхтэйг тодруулахаар профайлинг судалгаа хийж байна. Хүний сэтгэцийн дүр төрхийг хиймэл оюун ухаанаар тодорхойлох нь чухал. Мөн цар тахлын үеийн гэмт явдлыг иж бүрнээр нь тусгайлан судлахаас аргагүй.
ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ
- Халдвар хамгааллын дэглэм зөрчиж болгоомжгүйгээр халдварт өвчин тараасан бол эрхзүйн зөрчилд тооцогдоно. Харин халдвар авснаа мэдсэн хэрнээ хүмүүс цуглуулаад байгаа бол санаатай гэж үзэх үндэслэлтэй.
- Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн дагуу тухай бүрт нь хариуцлага хүлээлгээд явахгүй бол хяналтаас гарч болзошгүй.
- Зориудаар буюу өөрөө мэдсэн хэрнээ бусдад халдаасан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байгаа хэд хэдэн гэмт хэрэг байгаа.
- Полиграфын баталгаа 10 жилийн өмнө 98 хувьтай байсан бол одоо 100 хувь гэсэн магадлал дээр хэн ч маргахаа больсон.
- Полиграфын үр дүн шинжээчийн дүгнэлт болсон тохиолдолд нотлох баримтаар тооцох үндэслэлтэй.
- Ойрын үед тавьж буй зорилт бол манай сургуульд элсэгчдийг ЭЕШ-ын дараа полиграфаар шалгахаар төлөвлөж байна.
- Хөөн хэлэлцэх хугацаа тасрах, зогсоох гэсэн хуулийн ойлголт байдаг. Гэтэл онолын энэ ойлголтыг хэрэглэхгүй байгаагаас хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болж ял завшуулж байгаа юм.
- Гэмт хэрэгтнийг барьж аваад эрүүгийн хариуцлагад татсан бол хөөн хэлэлцэх хугацаа тасарна.
- Прокурор, шүүх АТГ-аас ирсэн хэргийг сейфэндээ дарж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгана гэдэг бол хүмүүсийн нөр их хөдөлмөр, асар их зардлыг үгүй хийж байгаа хэрэг.
- Албан тушаалын наймаанаас болж ямар ч чадваргүй, мэдлэггүй дарга нар олширлоо. Үүнээс болж төрийн албаны нэр хүнд унахаас гадна төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна.
- Гэмт хэрэгтний сэтгэцийн дүр төрхийг тодорхойлох судалгааг 2018 оноос эхлүүлж 15 хорих байгууллагаар орсон. Монгол хэв маягийн гэмт хэрэгтнийг тодорхойлохыг зорьж байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)