У.Тамир: Хэвлэл мэдээллийн бүх салбарын төлөөлөл ХМЗ-д бий

2021-01-04
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Х.БОЛОРМАА

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамиртай ярилцлаа.

 

-Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдан ажилласнаар ямар үр дүн гарч байна вэ. Ганцхан жишээ хэлэхгүй юү?

-Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2014 онд Дэлхийд 88-д жагсаж байлаа. Тэгвэл Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан 2015 онд 54-т орж, даруй 34 байраар урагшилсан.

Монголын сэтгүүлчид мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлье гэсэн санаачилга гаргаж, 2015 онд Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) байгуулсан. Энэ бол сэтгүүл зүйн салбарынхан өөрсдийн асуудлаа өөрсдөө зохицуулж байгаа, Ардчилсан улс орнуудад одоогоор байгаа хамгийн сайн жишиг. Хэвлэлийн өөрийн зохицуулалт гэдэг бол бүгдээрээ дагаж мөрдөх дүрмээ бий болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, сэтгүүлчид бүгд мөрдөж ажиллахаа илэрхийлдэг тогтолцоо. Ёс зүйн алдаа гаргавал ямар хариуцлага хүлээлгэхээ бүгдээрээ хэлэлцэж, тогтоно гэсэн үг.   

Ардчилсан орнуудын хувьд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангах гол хөшүүрэг бол энэ салбар асуудлаа өөрөө зохицуулах юм гэж онцолсоор ирсэн. Монголын сэтгүүлчид тэр жишгээр явж байна.

-ХМЗ-өөс шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөгч нартай чамгүй олон уулзалт хийсэн. Тэд бүгдээрээ ажил ихтэй. Сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг сэтгүүлчид өөрсдөө хэлэлцэж, шийдвэрлэдэг болсонд баярлаж байсан.

-Цагдаа, прокурор, шүүхийн ажилтнуудтай уулзалт, хэлэлцүүлгийг удирдлагын түвшинд 2 удаа, ажилтнуудын түвшинд 6 удаа зохион байгуулж байсан. 2019 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг шүүгчийн давтан сургалтанд хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, ёс зүйн зарчим, өөрийн зохицуулалтын талаар хичээл орж эхэлсэн. 400 гаруй шүүгч хамрагдаж, энэ чиглэлийн гарын авлагуудаар хангасан. Тэдэнтэй ярилцахад ёс зүйн асуудлуудыг өөрийн зохицуулалтаар шийддэг байхын давуу талыг сайн ойлгож байсан. Тиймээс ч цагдаагийнхан Зөрчлийн хуулиас гүтгэх зөрчлийг хасахыг дэмжиж байсан юм.

-ХМЗ байгуулагд­санаас хойш иргэд, байгууллагууд сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар шүүх, цагдаад биш, ХМЗ-д ханддаг болоод байгаа биз дээ. Би хувьдаа тэгж анзаарсан.

-Энд нэлээд ялгаатай зүйлүүд ажиглагдаж байгаа. Тухайлбал, ХМЗ-д ирж байгаа гомдлын 70 гаруй хувь иргэдээс, дөнгөж 3 хувь нь улстөрчид, төрийн албан хаагчдаас хандсан байгаа. Сонгуулийн үеэр шинэ улс төрийн хүчин болох ХҮН намаас л гомдол ирүүлснийг энд дурьдмаар байна. Эндээс жирийн иргэд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтад илүү итгэл өгч байгаа нь харагдаж байгаа биз. 

Гэтэл гүтгэлгийн гэмт хэрэгт хохирсон гэж шүүх, цагдаад гомдол гаргагсдын дийлэнх нь улстөрч, төрийн удирдах албан тушаалтнууд, захиргааны албан хаагчид байна гэж Глоб интернэйшнл төвийн 2020 оны Хэвлэлийн эрх чөлөөний тайланд дурьдсан байна лээ. Зарим статистикийг авч үзье л  дээ. ЦЕГ-аас ХМЗ-д ирүүлсэн мэдээллэээр 2020 онд эхний есөн сарын байдлаар гэхэд цагдаад сэтгүүлчид худал мэдээлэл тараасан гэж гаргасан эрүүгийн зөрчлийн 24 гомдлын 4-ийг нь шүүхэд шилжүүлсэн, сонгуулийн хуулийн зөрчлийн 19 гомдлоос 1-ийг л торгож шийтгэсэн. Нийт 43 гомдлын 35-ийг хэрэг нээхээс татгалзсан байна. Одоогийн байдлаар шүүхээр ийм төрлийн хэрэг шийдэгдээгүй байна.

Энэ статистикаас харахаар ийм төрлийн эрх зүйн зөрчил маргаантай асуудлыг хууль, цагдаагийн байгууллагаар шийдвэрлэхэд ямар их цаг хугацаа авч, ямар чирэгдэл учирч байгааг харуулж байгаа төдийгүй үр дүнтэй хариуцлагын хэлбэр мөн үү гэж эргэлзэхэд хүргэж байна.

-Зөвлөлд хэвлэл мэдээллийн бүх салбарын төлөөлөл бий. Салбарын хэдэн байгууллагын төлөөлөл өнгөрсөн хугацаанд ХМЗ-д ажилласан бол?

-Манай улсад хэвлэл мэдээллийн 485 хэрэгсэл 2019 оны байдлаар бүртгэгджээ. ХМЗ-д хэвлэл мэдээллийн хэдэн хувийг төлөөлөл багтдаг вэ гэдгийг үүсгэн байгуулах хурлуудад оролцсон төлөөллийг тооцоолж үзэж хэлж болох байх. ХМЗ-ийг байгуулахад төлөөлөгч болох хүсэлтээ илэрхийлж, онлайнаар 500 гаруй сэтгүүлч бүртгүүлсэн. Онлайн бүртгэлд эздийн төлөөлөл тооны хувьд цөөн байсан тул салбар бүрээс хэвлэл мэдээллийн эзэд, тэдний төлөөллийг урьж салбар бүрийн хуралдааныг зохион байгуулснаар төлөөлөгчдийг нь сонгосон. Өөрөөр хэлбэл тус бүр нь 50-80 хүн оролцсон 9 хуралдааныг зохион байгуулсан гэдэг нь 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, 500 орчим сэтгүүлчдийн төлөөлөл нийлж өөрсдийн 45 төлөөллөө сонгож ХМЗ-д илгээсэн гэсэн үг. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн мэргэжлийн төрийн бус байгууллагууд, олон нийтийн төлөөлөл багтсан.

-Энэ 700 гаруй хүн эзэд, сэтгүүлч, орон нутгийн сэтгүүлчид, судлаач нар гэх мэтээр салбар салбараараа хуваагдан зэрэг хуралдсан. Улаанбаатарын сонины сэтгүүлчид нийлж хуралдаад, дундаасаа гурван төлөөлөгчөө нууцаар санал хурааж сонгоод ХМЗ-д илгээсэн. Тооллогын комиссоо хүртэл дундаасаа сонгож, ХМЗ-д илгээн ажиллуулах төлөөллөө чин сэтгэлээсээ, шударгаар сонгоцгоосон шүү. Тэр үйл явцыг сурвалжилсан болохоор сайн санаж байна.

-Тийм ээ, ингэж л ХМЗ-ийн 45 төлөөлөлтэй бүтцийг бий болгосон шүү дээ. ХМЗ эзэд, сэтгүүлчид, олон нийтийг хамгийн боломжит түвшинд төлөөлсөн бүтэцтэй болсон. Салбарын болон олон нийтийн эрх ашгийг тэнцвэртэй хангах үүрэг хүлээдэг. Бүтцийн энэ зарчим өөрчлөгдөхгүй, цаашид хадгалагдана. Үүнийг дүрмээрээ баталгаажуулсан.

-Гишүүд ажиллах хугацаатай. Анх байгуулагдахаа гишүүдээ яаж сонгосон, тэр зарчмаараа өнгөрсөн хугацаанд 45 гишүүнийхээ 2/3-ыг солиод байгаа гэсэн үү?

-Эхний 45 гишүүн 6 жилийн хугацаатай томилогдсон. 2021 онд нилээд өргөн хүрээнд шинэчлэгдэх байх. Өнгөрсөн жилүүдэд гишүүд орон гарсан тохиолдолд эздийн төлөөллийг хэвлэл мэдээллийн байгууллага, эвсэл холбоодоос урьдаг, харин сэтгүүлчдийн болон олон нийтийн төлөөллийг нээлттэй шалгаруулалтаар урьж сонгосоор ирлээ.

-ХМЗ-ийн бүтэц, үүргийг сонирхох хүн байж мэдэх юм.

-ХМЗ үйл ажиллагаандаа ч шинэ соёлыг нэвтрүүлж байгаа. Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо гэж хуваагддаг. ХМЗ-ийн бодлого, дүрэм, журмыг Удирдах зөвлөл баталж, санхүүжилтийг хариуцдаг. Ёс зүйн хороод өөр өөрсдийн чиглэлээр иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Энэ гурван бүтэц бие биенийхээ үйл ажиллагаа, шийдвэрт оролцдоггүй, өөр өөрсдийн хариуцсан чиг үүргээ бие даасан байдлаар хэрэгжүүлдэг.

ХМЗ-ийн үйл ажиллагаа ил тод байдаг. www.mediacouncil.mn  сайтаар зочлоод нэг үзээрэй. Тэнд манай дүрэм, журам, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэсэн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, дэмжигч байгууллагуудын талаарх мэдээллүүд нээлттэй байгаа.

-ХМЗ-ийг Монгол телевизийн нөлөөнд ажилладаг гэж зарим хүн хардаж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ талаар дурьдсан.

-Энэ бол үндэслэлгүй хардлага гэдэг нь ХМЗ-ийн зарчмыг харахад ойлгогдоно. ХМЗ-ийг анх байгуулахад гурван хүн нэр дэвшсэнээс гишүүдийн олонхын саналаар Ч.Номин УЗ-ийн даргаар сонгогдсон. Ч.Номин захирал сонгогдсон цагаасаа бидний итгэлийг хүлээж, үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа гэдгийг 6 жил хамт ажилласан хүний хувьд би баттай хэлж чадна. Шинэхэн байгууллагыг бүрдүүлэх, хөл дээр нь босгоход тийм ч амаргүй гэдгийг ямар нэгэн байгууллага, компани ажиллуулж байгаа хүн бүхэн мэдэх байх. Ч.Номин захирал ХМЗ-ийн Ажлын албыг эхний нэг жил санхүүжүүлсэн нь үнэн. Энэ бол зөвхөн ХМЗ-ийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хадгалахад төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт оруулж буй чухал хувь нэмэр, сэтгэл шингэсэн санаачилга гэж би боддог. Ч.Номин ХМЗ-ийн дүрэмд зааснаар Удирдах зөвлөлийн хурлыг удирддаг ч Удирдах зөвлөл шийдвэрээ 15 гишүүний олонхын саналаар гаргадаг.

Харин ч хэвлэл мэдээллийн салбарт шинэ соёл бий болгох, зөв хандлага төлөвшүүлэхэд Ч.Номин захирал үлгэрлэж яваа хүн. Хэвлэл мэдээллийн бусад байгууллагын эзэд энэ манлайллыг хэрэгжүүлээсэй, энэ жишгийг дагаасай. Энэ бол сайн эхлэл. Үргэлжилнэ гэдэгт итгэдэг. ХМЗ-д дэмжлэг үзүүлдэг редакц нэмэгдэж байгаа нь энэ итгэл үнэмшлийг нэмэгдүүлдэг.

-Монголын сэтгүүлчид итгэл үнэмшлээрээ, сэтгэлийнхээ дуудлагаар ХМЗ-ийг байгуулж, өнөө хүртэл цалин хөлсгүйгээр, сайн дураараа ажиллаж ирсэн. Хариу нэхэхгүй санхүүгийн дэмжлэг ХМЗ-д маань үнэхээр хэрэгтэй байдаг.

-Энэ хүмүүс сэтгүүл зүйн салбартаа ёс зүй төлөвшүүлэхэд чадахаараа хувь нэмрээ оруулахаар, төлөөлсөн салбарынхаа өмнөөс итгэлийг нь даахаар зүтгэж яваа. Сэтгүүл зүй ёс зүйтэй байвал зөвхөн сэтгүүлчдэд хэрэгтэй юм биш шүү дээ. Үзэгч, сонсогч, уншигч, нийгэмд хэрэгтэй. Сайн сайхан зүйлийн төлөө яваа сэтгүүлчдийг харлуулах шаардлага Хууль зүйн сайд Х.Нямбаатар, түүний ард байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газарт байгаа юм байлгүй дээ. Хууль зүйн сайдын хэлсэн үг бол Засгийн газрын байр суурь гэж би бодож байна.

Аливаа хууль, бодлогын баримт бичиг нь хамгийн түрүүнд хамрах хүрээ болон түүнд хэрэглэгдэх нэр томъёоны тодорхойлолтоор эхэлдэг. Тэгэхээр энд эхлээд энэ чиглэлээр нэлээд сайн ажиллах шаардлагатай санагдсан. Ингэхгүй бол хууль тогтоогчид ч, хуулийг хэрэгжүүлэгчид ч иргэд ч өөр өөрсдийн ойлголтоороо тайлбарлах асуудал гарч санал зөрөлдөхөөс гадна урвуугаар ашиглагдах магадлалтай. Жишээлбэл “мэдээлэл” нь нэг талаас баримт /факт/ нөгөө талаас үзэл бодол, үнэлэмжийн талаарх дүгнэлтийг илэрхийлдэг гэж судлаачид тодорхойлж байна. Хор хохирол үзүүлэх шинж нь баримтад илүү гэж үзэж байна. Германы хуулинд хэвлэлээр гарсан мэдээллийн баримтын эсрэг хариу тайлбар өгөхийг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ тухайн баримт зөв байсан уу, үгүй юу гэдгийг шүүх тогтоохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ зохицуулалт нь хүмүүсийн үзэл бодлыг шүүхээр хэлэлцдэггүй, түүнд хүндэтгэлтэй хандаж байгааг илэрхийлж байна.

Эндээс нэршил, нэр томъёог зөв тодорхойлохгүйгээр, нэгдсэн ойлголтыг бий болгохгүйгээр  хуулийн хариуцлагыг чангаллаа гээд энэ байдал ийм л хэвээр үлдэнэ, харин ч хүмүүс ингэж шүүх, цагдаад дуудагдахаас залхаж шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзаж, өөрийн цензурыг бий болгоно. Энэ нь сэтгүүлчдэд бүр халтай, учир нь тэд мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Иргэд тэднээс төр, засгийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, энэ талаарх мэдээллийг аливаа нэгэн нөлөөлөлгүйгээр, үнэнээр өгч байхыг хүсдэг. Тэдгээрийн үйл ажиллагаанд ямар нэгэн гажуудал, завхрал байвал сэтгүүлчид нээлттэй шүүмжлэх ёстой гэж иргэд хүлээдэг. Иймээс сэтгүүлч бол онцгой ажил үүрэг, тэднийг цензурдаж болохгүй, нөлөөллөөс ангид, хараат бус байх ёстой байдаг. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний үндсэн мөн чанар юм. Тиймээс ч иргэд, сэтгүүлчид энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн санал бодлууд хэвлэл мэдээллээр болон сошиал орчноор өргөн хүрээнд явагдаж байна. Бас Хууль зүйн яамнаас энэ хуулийн төсөл дээр нээлттэй санал авна гэж байгаа болохоор хууль тогтоогчид иргэдийнхээ, мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг хүлээж авна гэж найдаж байгаа.

-Хоёулаа эргээд ХМЗ-ийн талаарх сэдэвтээ оръё. ХМЗ-ийн Германаас санхүүждэг гээд л хардлага үргэлжилсээр байна. 

-Монголын ХМЗ-ийг чадавхижуулах, өөрийн зохицуулалтын механизмыг хэрхэн ажиллуулдаг талаар сургах, дадлагажуулах, олон нийтэд болон хэвлэл мэдээллийн салбарт таниулах ажилд ХБНГУ-ын “Дойче Велли” академи дэмжлэг үзүүлдэг. Сургалтыг Германы Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце гэдэг эрхэм удирдан явуулдаг. Германы Хэвлэлийн зөвлөлд 30 жил ажилласан арвин туршлагатай хүн.

ХМЗ-ийн санхүүжилтийг шийдэх арга замыг бид эрэлхийлсээр байна. Магадгүй, энэ нь Монголд байхгүй жишиг, бас нэг шинэ соёл нэвтрүүлэх алхам болох болов уу. Ихэнх орны Хэвлэлийн зөвлөлийг хэвлэл мэдээллийн салбар өөрөө санхүүжүүлдэг. Төрөөс санхүүжүүлдэг улс ч бий. Хоёуланг нь хослуулсан улс ч байдаг. Дани, Герман гэх мэт төрөөс санхүүгийн дэмжлэг авдаг ч төр санхүүгийн дэмжлэг үзүүллээ гээд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд нь огт оролцдоггүй, ямар ч хамааралгүй байдаг. Өмнөд Солонгос, Индонез, Балба гэх мэт төр шууд оролцдог улс орнууд ч бий. Ийм хэвлэлийн зөвлөл нь захиргааны зарчмаар ажилладаг. 2015 онд БНСУ-ын Хэвлэлийн арбитрын зөвлөлийн төлөөлөгчид Монголд айлчилж, мэдээллээ солилцож байсан ба тэд арбиторч комиссаруудыг ажиллуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийг түдгэлзүүлэх, өндөр торгуулиар торгох зэрэг захиргааны арга хэмжээг хэрэгжүүлдэг гэж байсан.

-ХМЗ-тэй орны шүүх, цагдаагийн ачаалал, зардал их хэмжээгээр багасдаг. Тиймээс төр нь ХМЗ-ийг хариу нэхэлгүй санхүүжүүлдэг гэдэг?

-Нэг талаас тийм. Нөгөө талаас тухайн улс хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан улс мөн үү гэдгийг шалгах шалгуур үзүүлэлтийн нэг нь ХМЗ. Тиймээс ч 2015 онд манай улс төрөөс хараат бус ХМЗ-тэй болоход хэвлэлийн эрх чөлөөний индекст 34 байраар урагшилсан юм шүү дээ. Тэгэхээр улс орноо хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг, ардчилсан тогтолцоот улс гэдгийг олон улсад харуулах, үнэлүүлэхэд ХМЗ-ийн оруулж буй хувь нэмрийг төрөөс нь үнэлж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм байна.

ХМЗ-ийн зорилго, түүнийгээ хэрэгжүүлж буй арга механизм маань бас шинэ соёл юм. ХМЗ-ийн зорилго бол хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн түвшинд ажиллахыг дэмжих, олон нийтийг үнэнд нийцсэн мэдээллээр хангах, мэдэх эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.

-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн бүтээлийн эсрэг гомдлоо ХМЗ-д гаргах эрхтэй юу?

-Манайд ирдэг гомдлын дийлэнх нь нэр төрд халдсан, гүтгэсэн тухай байдаг. ХМЗ гомдол хүлээж авахдаа гомдол гаргагчдад Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа танилцуулж, гомдлоо аль редакцад хаяглаж байгааг, уг редакц ёс зүйн ямар зарчим зөрчсөн гэж үзэж байгааг нь асуудаг. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллага ямар ёс зүй баримталж ажиллах ёстойг гомдол гаргагчид таниулж байгаа нэг хэлбэр юм.

-Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим бол Монголын сэтгүүлчид мэргэжлийн ажлаа хийхдээ баримтлах зарчим гэж ойлгож болох уу?

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ХМЗ-д 400 гаруй гомдол ирсэн. Гомдлыг ХМЗ-ийн ёс зүйн хороо хэлэлцдэг. Хэлэлцэхийн өмнө эхлээд редакцаас нь ёс зүйн алдаа гаргасан эсэх талаар юу гэж үзэж байгаагаа тайлбарлахыг хүсдэг. Редакцууд ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзэж байвал үндэслэлээ тайлбарладаг. Хэрэв ёс зүйн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрвөл алдаагаа бас тэр дор нь засч залруулга гаргаснаа мэдэгдэж болдог. Ингэснээр гомдлыг ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэхээс  гомдол гаргасан иргэнээс редакц уучлал хүсдэг байдал нэмэгдсээр байгаа.

Ёс зүйн хорооны хуралдаанаар хоёр талын өргөдөл, тайлбарыг хамтад нь авч үздэг. Гомдол гаргагч ХМЗ-д гомдол гаргахдаа Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хэдэн заалтыг редакц зөрчсөн гэж үзнэ, тэр заалт болгоноор ёс зүйн хорооны гишүүн бүр санал, дүгнэлтээ хэлж, хэлэлцдэг. Үүний дараа гомдол гаргагчийн гомдолдоо бичсэн заалт бүрээр гишүүд санал хурааж, олонхын саналаар шийдвэрээ гаргадаг. Редакцуудад алдаагаа олж харах, засах, дахин давтахгүй байхад нь туслах зорилгоор ХМЗ-ийн ёс зүйн хороо шийдвэр бүрийнхээ үндэслэлийг тайлбарлаж, тухайн редакцад алдааг нь хэлж өгдөг. Энэ бол сэтгүүлчдэд ёс зүйн сургалт явуулж буй нэг хэлбэр юм. Мөн залруулга гаргаж, хариуцлагаа хүлээхийг зөвлөдөг. Ёс зүйн хорооны шийдвэрийг тэр даруйд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон ХМЗ-ийн вэб сайтаар мэдээлдэг. Манай сайтаас ёс зүйн хорооны шийдвэр бүрийг үзэж болно. Бас залруулга гаргах редакц олширч байгааг ч харж болно.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд хэлэлцсэн гомдлын 50 орчим хувьд нь ёс зүйн алдаа гаргасан, 15 хувьд нь ёс зүйн алдаа гаргаагүй гэсэн шийдвэр гарсан. Үлдсэн 35 хувь нь сэтгүүлчийн ёс зүйтэй холбоогүй гомдол байсан тул буцаасан. Энэ нь хэвлэл мэдээллийн ёс зүйн код бол сэтгүүл зүйн мэргэжлийн ажиллагааны стандарт, сэтгүүл зүйн бүтээлийг үйлдвэрлэхдээ баримталдаг зарчим гэдгийг олон нийт тэр бүрий ойлгодоггүй учраас ёс зүйтэй хамааралгүй гомдлууд ирүүлдэгтэй холбоотой юм.

-Сэтгүүлч мэргэжлийн ажлаа хийхдээ санамсаргүй алдаа гаргаж магадгүй. Түүний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь харгис явдал. “Чи ийм алдаа гаргалаа” гэж хөндлөнгөөс хэн нэгэн хэлэх хүртэл тэр сэтгүүлч алдаа гаргаснаа ч мэдэхгүй явдаг. Алдааг алдаа гаргаснаа мэдсэний дараа л засдаг шүү дээ. Алдаагаа мэдээгүй яваа сэтгүүлчид түүнийг нь мэдүүлэх, засах боломж олгох ёстой. “Би алдаа гаргаагүй” гэвэл түүнийгээ нотлох боломж олгох ёстой. Үүнийг Эрүүгийн хуульгүйгээр хийж болно гэдгийг ямар нэг хуульгүйгээр ХМЗ зургаан жил хийж, ингэж болдог гэдгийг харуулж байна. Энэ бол Монголын хувьд шинэ соёл юм шүү.    

-Монголын ХМЗ үйл ажиллагаагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Үүний нотолгоо болгож хэдэн баримт хэлье. Европын хараат бус хэвлэлийн зөвлөлүүдийн ассоциаци Монголын ХМЗ-ийг 2018 онд ажиглагч гишүүнээр элсүүлсэн. Энэ ассоциацид Европын 30 улсын хэвлэлийн зөвлөлийн гишүүнчлэлтэй, Европын бус 8 улсын хэвлэлийн зөвлөлийг ажиглагч гишүүнээр элсүүлсний нэг нь манай ХМЗ юм.

ХБНГУ-ын Дойче Велли Академиас гадна Фридрих-Эбертийн Сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хансс Зайделын сан зэрэг байгууллагууд, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар, Дэлхийн хэвлэлийн зөвлөлүүдийн ассоциаци, Ёс зүйн төлөө сэтгүүлчдийн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дэлхийн хэвлэлийн зөвлөлүүдийн ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кишор Шреста 2019 онд Монгол Улсад айлчлахдаа бидэнтэй уулзаж ХМЗ-ийг тус ассоциацийн гишүүнээр элсэхийг урьсан байгаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.4 ДАВАА № 1 (6478)

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

7 цаг 44 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 9 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

9 цаг 41 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

10 цаг 4 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

11 цаг 19 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

13 цаг 48 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

18 цаг 34 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

18 цаг 34 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

18 цаг 34 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин