-Хөрөг нийтлэл-
Д.ЦЭРЭННАДМИД
Монголын уран зохиолын нэгэн их хүн зохиолч маань долгиотсон буурал үсээ хааяа илэнгээ “Ай хөөрхий Бүрэнгийнхэн минь” хэмээн хэлэх зуураа үзэг, цаас шүүрэн авч хэдэн мөр хэлхэв бололтой уужуу нь аргагүй амьсгаа авч харагдах.
Энэ дүр зураг бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол хэмээх миний нэрлэж байгаагаар их зохиолчийн (зүгээр их зохиолч гэвэл тэрбээр “би Д.Нацагдорж юм уу” гэх байлгүй) бодол сэтгэл дандаа хөдөөдөө явдгийн илэрхийлэл юмсан билээ.
Чансаа дулимаг, молхи сэтгүүлч би нэг удаа Цоодол гуайд “Би таны хөргийг бичих санаатай явна” гэвэл тэр:
-За чи юугий нь бичихнэв. Хөгшин намайг хөөргөж алахнуу гэж нөгөө л хошиндуу үгээ хэлж билээ. Энэ үед нээрээ ч би ийм том зохиолчийн тухай бичих энтэй хүн биш шүү дээ гэсэн бодол төрж байлаа. Гэвч миний дотор хүн бич! бич! гэж шавдуулах янзтай л.
Уг нь энэ хүнийг би олон арван жилийн өмнөөс танина. Мэднэ гэх нь ч хаашаа юм. Уулзах болгонд мушилзсан инээдтэйгээ “За хө сайн уу” гэж товчхон мэндэлдэг юм л даа. Түүний номуудыг зөндөө л уншлаа. Сонин хэвлэлд ярилцлага нь гарсан байвал даруй шүүрч авч үзнэ. Тэгээд зохиол бүтээлд нь байх өвөрмөц утга санаа, үг хэллэгийг нь ихэд олзуурхаж жинхэнэ монгол зохиолч гэж бодож явдаг юм. Иймээс түүний тухай хөрөг нийтлэл бичихээр зориглосон юм. Өөрийгөө чамлавч би бас сэтгүүлч хүн шүү дээ гэж үүргээ ухаарсан даа л гарчиг тавьж билээ.
Зурагтаар мэдээ урсаж байна. Гэвч тэр бүхэн Цоодол гуайд ер хамаагүй байдаг шиг. Уг нь өөрөө соц нийгмийн үеийн бүтээгдэхүүн нам, эвлэлийн ажил алба амжуулж явсан тэр ч байтугай нэгэн үе Намын төв хороонд үзэл суртал ярьдаг ажилтан байсан хүн шүү дээ. Түүнийгээ ч одоо таг мартсан мэт. Одоо түүнд тэр улс төр, нам хүчний хоорондох хэрүүл маргаан энэ тэр ер хамаагүй номынхоо өргөөнд л ном, бичиг болж суух нь жаргал байдаг гэх. Хаа нэгтээ Цоодол зохиолчийг гаанайгаад ороод ирэхэд өрөө тасалгаа дүүргээд ирэх шиг болдог юм. Голдуу монгол дээлтэйгээ явна. Түүнийг яриад эхлэхээр салхины сэвшээнд үлгэр урсанаа гэж дуулдаг шиг л бодол эзэмдэнэ. Үг хэл нь хоржоонтой, гүдэс зөөлөн зантай, хаа нэгтээ дайсангүй сайхан монгол хэн бэ гэвэл Цоодол гуай л даа.
Нутгийнх нь эрчүүд хууч хөөрч, домог ярихыг багадаа амтархан сонсож тархи, зүрхэндээ юүлэн авч байснаа дурсан ярих дуртай. Хэнтэй ч уулзсан хошигнолын цагаан инээд бэлэглэж явдаг хүн л дээ. Онигоогүй амьдарч болдог юм уу гэж тэр хэлдэг. Ийм гарчигтай бэсрэг нийтлэл ч өөрөө бичсэн нь бий. Энд нэг жижигхэн жишээ хэлье. Цоодол зохиолч “Утга зохиол” сонинд нэг нийтлэлээ хэвлүүлж л дээ. Хожим нь бичлэгийн шагнал гэж өгдөг юм болов уу яадаг юм бол гээд санхүү дээр нь очиж лавлаж гэнэ. Нэг эмэгтэй “Та чинь хэн билээ. Иргэний үнэмлэх чинь байна уу” гэж. “Байна аа байна” гээд гаргаад өгч. Тэгсэн “Аа та чинь Цоодол гуай юм уу” гэхийнхээ хойноос “Таны регистрийн дугаарын өмнө “ХЗ” гэсэн хоёр үсэг байх юм. Юу гэж байгаа юм болоо” гэж илүү үглэв. Тэгэхэд нь Цоодол амбугай жаахан чимээгүй байснаа “За хүүхээ тэр чинь “хөгшин зөнөг” л гэсэн үг юм болов уу” гэсэн гэдэг.
Бас Н.Пүрэвдашийн дурссанаар түүнийг “Ардын эрх” сонинд хэлтсийн дарга байхад Ц.Балдоржийн өрөөг “Үүл нүүж, цахилгаан бадарсан тал, миний өрөөг үүл нүүж сүрийг үзүүлсэн газар гэж суудаг өргөө, хийдэг ажил, гаргадаг зан үйлээр маань Цоодол онигоонд хийчихэж байсан” гэсэн юм. Бас гудамжинд явж байгаад машинд хөлөө дайруулчихаад “Ах нь ямар нисч яваа онгоцноос унасан биш гэрт л хүргээд өгчих, миний дүү” гэж өөрийгөө дайрсан жолоочийг аргадан байхав дээ. Энэ зөвхөн яруу найрагчаас гарах арншин төдийгүй түүний ханилгаа сайтай, хувирамтгай ааш зан, хуудуутай явдалгүй ёстой л цөлх эрийн шинж гэж уран зохиолын замд дөрөө харшуулж хул гардаж, хундага өргөж явсан нутгийнх нь анд Пунцагийн Бадарчийн дурсамжид өгүүлснийг уншсаан.
Иймэрхүү үг яриа, хошигнол Цоодолын өвөрт нь байнга явдаг шиг байгаа юм. Зохиол бүтээлийг нь хүн болгон мэддэг болоод ч тэрүү түүнийг хаана ч хэн ч танимхайрдаг юм билээ л.
Цоодол гуай “Болор цом” наадамд шүлэг зохиолоороо уралдаж гурван ч удаа тэргүүн шагналыг хүртэж байсныг нь бид мэднэ. Сүүлийн үед уг наадамд хойргошсон ч юмуу ирэхгүй байгаад нь харамсч орон зайг хараад үгүйлдэг болсон. Нэг нутгийн хоёр том найрагч Б.Лхагвасүрэн, П.Бадарч тэр гурвыг яруу найргийн тэр наадмын дэвжээн дээр бүтээлээрээ гайхуулахын зэрэгцээ бие биенээ егөөдсөн үг яриа нь “Болор цом”-ыг үнэхээрийн амттай болгодог байсан юм. Өөрөө хоёр ч удаа энэ наадмын тэргүүн шагналтан болж байлаа. Тэр “Дутах, эс дутахын шүлэг”, “Миний муусайн найз нар”, “Дэр модны дууль”, “Чамдаа би өртэй” зэрэг шүлгээ уншиж “Болор цом”-ыг гуядан авч байхад нь үзэгч байсны хувьд мэднээ.
Д.Цоодол гуайн бүтээл амьдралыг эргэцүүлсэн ухаарал, хайр дурлал, баяр гуниг хослосон, уншихад сэтгэл сэмэрмээр өнгө аяс даанч элбэг дээ. Уншихуйд уярлын нулимс ойртоод ирэх тохиолдол ч бий. Зохиолыг нь амтархан уншигч, нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй түүний үргэлжилсэн үгийн нэг зохиолыг уншаад их уйлсанаа ярьдаг. Ийм содон сайхан бүтээл хийжээ та гэж Цоодол гуайд баяр хүргэхдээ бас тэсэлгүй цурхиртал уйлж баярын үг, нулимс хоёрыг зэрэг бэлэглэсэн юм гэдэг. За тийм ээ. Д.Цоодол амбугайн бүтээл бүхэн нь уншигчдад таашаагддагийн жишээ энэ. Ном бүрийг судлаач, шинжээчид сайнаар үнэлж цэгнэсэн харагддаг юм.
* * *
Олон тэмээ ботготойгоо бэлчээрлэх Дөхөмийн говь, Сарваа цуцахын хөндий гээд ургамлын шим нь сүү болон ундарч хүн, мал нь жаргаж байдаг тэр сайхан нутагт Д.Цоодол гуай маань төрсөн гэдэг. Нутгийнх нь урт нударгатай хэлхгэр дээлээ хайш яйшхан өмсч хол хол алхах цөлх эрчүүд хууч хөөрч, үлгэр домог ярихыг багадаа зөндөө амтархан сонсож тэр бүхнийг оюун санаандаа юүлэн авч байсныгаа дурсан ярих дуртай юм санагддаг. Даангүй өвгөчүүл зүйр цэцэн үг тогтоолгож, оньсого таалгаж, гийнгоолуулахын зэрэгцээ ижийгийнхээ болон нутгийн эгч нарын ингэ хөөслөх, хонь тойглох, ямаа цийглэхийг сонсож таашааж ирсэн нь монгол үгсийн баялаг далайгаар аялж байсан шиг ч юм билүү. Дунд сургуульд байхаасаа л “Би сонинд юм бичдэг хүн болно. Зохиолч болно” гэж боддог байж л дээ. Тэгээд Бүрэнгийнхээ сургуулийн долдугаар анги төгсгөөд Политехникумд хуваарь авсаныгаа далимдуулан Улаанбаатарт ирж. Гэхдээ тэр техникум гээчдээ ч орсонгүй. Сонирхолгүй юм чинь. Амь зуухын эрхээр дэлгүүрт ачигч, манаач хийж ч үзэж. Налайхаас зөөх нүүрс ачиж нэг хэсэг манаргав. 1960-аад оны эх юм л даа “Толь” Гэндэн гэгчийн үлгэрээр энэ хэрэг ер нь биш гээд нутгийн зүг хүлгийн жолоо залж тэмээ хариулж үзэв. Тариа ногоонд ч явж. Ах нарыг дуурайж нударгатай дээл, цагаан бүрхээр гангарч морин дэл дээр нэг хэсэг хийсгэсэн гэдэг. Энэ үед би хэн болох вэ гэдэг бодлоо гээсэнгүй л дээ. Тэгж байтал нэг тустай хүний ачаар Зуунмод орж ирж аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга болдог юм. Шүүх хурлын материал бичих голдуу ажилтай байтал удалгүй аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагчийн ажилд оржээ.
Сэтгэлд нь бас энэ хэрэг биш юм бодогдох. Тиймийн учир бас ч удалгүй аймгийн “Анхдугаар таван жил” сонины сурвалжлагч болсон нь нөгөө л хүссэн юмныхаа үзүүрээс барьж авсан гэх. Шүлгээ ч бичсээр. Тухайн үеийн томоохон зохиолч, яруу найрагчидтай танилцаж амжив. Уянгын их яруу найрагч гэгдэж байсан Бэгзийн Явуухуланд хадаг барьж шавь нь болов. Бас удалгүй багшаараа ариутган шүүлгэж “Нутгийн зургаан өнгө” нэртэй яруу найргийн анхны номоо өлгийдөн авч. Зохиолч, яруу найрагч болох их замын эх нь тэр байлаа. Тэр анхны ном нь ч Цоодол гэдэг шаггүй нөхөр яруу найргийн их далайд хөл тавьлаа шүү гэдгийг олон түмэнд чангахан хэлж чадсан юм гэдэг.
1970 онд юмдаг уу даа. Цоодолыг М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд шалгалт өгүүлэх тухай бичиг Төв аймгийн намын хороонд очсон байдаг. Гэтэл өмнө нь эвлэлийн ажилтны курст явж ирээд удаагүй гэсэн шалтгийн учир түүнийг явуулсангүйд жаахан толгой гудгар явтал дараа жил нь аймгийн сонины сурвалжлагч болсон нь бөөн баяр байсан тухай өөрөө ярьдаг. Дараа нь Намын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсгөсөн. Одоо л нэг юм гэтэл түүнийг Намын төв хороонд авчихаж. Энэ тухай өөрөө дургүйхэн байсан ч үгүй гэхийн учир байсангүй. Тиймдээ би тэнд байсан таван жилд зохиол бүтээлийн тухайд зүйрлэж хэлбэл “хар сувай” өнгөрүүлсэн гэж Цоодол гуай харамсангуй хэлдэг. Харин бас л намын заалтаар Москвад Нийгмийн ухааны академид явсан нь хэл сурах, орос, зөвлөлтийн зохиолч, яруу найрагчдын бүтээлтэй танилцахад их тус болжээ. Тэр цагаас хойш сэтгүүлч мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж Монголын сэтгүүлзүйд нэгэн өвөрмөц өнгө төрх нэмж чадсан хүн. Үүнийг нь “Шар тэмээний нутаг” хэмээх номоос нь мэдэж болох юм. Уг номд орсон сэтгүүлзүйн бүтээлүүдийг нь уншихуйд цангаж яваад нэг сайхан айраг залгилах шиг, жаахан бухимдаж явсан бол сэтгэл цэлмэх шиг болдог гэж судлаачид бичдэг.
Зохиолч, судлаач Т.Баасансүрэн нэг удаа өгүүлэхдээ “Д.Цоодолыг монголчууд торгомсог яруу найрагч, хүүрнэл зохиолч, дэндүү авьяаслаг сэтгүүлч гэдгээр нь сайн мэднэ. Харин нинжин сэтгэлийг нийтгэгч уран зохиолын мастер бас нэртэй орчуулагч гэдгийг тэр бүр анзаардаггүй байж магадгүй. Тэгвэл тэр өөрийн аж төрж байгаа энэ эрин зуундаа цагийг эзэлсэн том уран нийтлэлч юм” гэсэн бий. Үүн дээр үг нэмэрлэхэд Д.Цоодол гуай бүр бага наснаасаа дууч ажаа Дөнгөтөө даган айлын найр хэсч өвгөчүүлийн сургамжтай үг яриаг сонсож тархиндаа шингээж авсан төдийгүй залуу үедээ хар бор ажил хийж амьдралын шат бүхнээр өгсөж мацаж үзсэн нь ажил хөдөлмөрийн олон талыг таньж мэдсэн сайн зохиолч, яруу найрагч байхад их дөхөм болсон биз. Энэ нь түүний зохиол бүтээлээс тов тодорхой харагддаг л даа. Д.Цоодол гуайн ном, зохиолыг нэг л уншаад эхэлсэн бол дуусгахаасаа өмнө цаашаа тавилтгүй л санагддаг. Зохиол бүтээлээс нь үеийнх нь нөхдийн нэрлэснээр өндөр Цоодол хэмээх бие хүмүүнийн ертөнц ханхалж байдаг ч гэж хэлж болно. Уранбүтээлч нөхөд нь тэр дотор үеийн зохиолчид нь Цоодол хэзээ ч юм онигоонд оруулчихна даа гэж “айдаг” байсан гэх юм билээ. Түүний онож шоглосон донжтой үгс сонссон бүхнийг хөгжөөдөг. Зөвхөн хөгжөөх ч биш ухаж ойлговоос амьдралын үнэн, учир явдлыг мэдрүүлж тэгснээрээ мэдэрхүйг нь зөөллөдөг шиг болдог аж. Зарим нөхдийн онож нэрлэснээр жинхэнэ монгол зохиолч, яруу найрагч маань уран бүтээлийнхээ замд асар олз омогтой яваа, одоо ч ганзагалаандаа байгаа үүц нь бас их. Түүнийгээ тунгааж туурвисаар байгаа.
Тэр анхны номоосоо хойш “Саруул талын ногоо”, “Алаглан харагдах уулс”, “Тогоруун цуваа”, “Бодох цаг”, “Миний муусайн найз нар”, “Сөгдөж айлгая” зэрэг яруу найргийн номуудаа цувруулан гаргасан юм. Дөнгөтийн Цоодол эхний үед яруу найргаар “цахиур хагалан” гарч ирсэн бол эдүгээ хүүрнэл зохиолоороо би ийм зохиолч шүү гэдгээ батлан харуулж яваа билээ. Тэр бүхэндээ малынхаа бэлчээр дагасан нүүдэлчний сод ухаан, сэтгэлгээний сорлог бүхнийг олж харж бүтээлээ туурвихдаа монгол найруулга хэллэгийг гайхалтай ашигласан нь бусдаас ялгардаг юм билээ.
Төр, засаг солигдож л байна. Нийгмийн байгууламж өөрчлөгдөж л байна. Цоодол нөгөө л өөрийн өнгө аястай зохиолоо бичсээр орчуулгаа хийсээр шинэ шинэ судар шиг бүтээлээ гаргасаар л уншигч түмэндээ хайрлагдсаар явна.
Миний хувьд судлаач биш ч нэг л юмыг бодож явдаг юм. Өнөөгийн залуу шүлэгчдийн бүтээл нэг л их гоё ганган үгээр зурах гэж оролдсон байдаг бол Цоодол гуайн шүлэг зохиол тийм биш. Энгийн эгэл сайхан монгол үг, өгүүлбэрээр бүтсэн хэрнээ утга санаа нь ой тойнд яруу тод бууж байдаг шиг санагддаг юм. Д.Цоодол гуай нэг ярилцлагадаа “Өнөөгийн яруу найраг амьдралаас хэт тасархай байна. Тэгэхээр ганц үгээр хэлэхэд найрагт үнэн юм дутаж байна. Олонх яруу найрагчдын толинд уншигчид өөрийгөө буюу Монголоо олж үзэхгүй байна гэж хэлснийг хэдэн жилийн өмнө уншиж байлаа л даа. Энэ бол би тийм ханхар найрагч гэж өөрийгөө дөвийлгөсөн хэрэг биш өнөөгийн дүү нартаа санамж болгож хэлсэн үг. Аль тэртээ 1996 онд түүнд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн. Тэр тухай Ерөнхийлөгчийн зарлигт цохон тэмдэглэснийг үзвэл “Нутгийн зургаан өнгө”, “Он жил” түүвэр, “Хүн оготно”, “Харамчийнхан”, “Ороо Эрэнцэн”, “Тэнэг” зэрэг дууль бичсэний төлөө шагнав гэжээ.
Тэгвэл нэг судлаач төрийн соёрхол эцсийн буудал биш гэж Цоодол гуайг ташуурдсан удаатай. Харин тэр ташуурдалт хаанаа хэр хүчтэй буусныг ч анзаарсангүй. Бичсээр, туурвисаар л байж. Тэгээд 2015 онд Дөнгөтийн Цоодол дөрвөн боть номоо уншигчдын гар дээр тавьсан. Тэрнээс харахад энэ хүнийг яруу найрагч, хүүрнэл зохиолын цагийг эзэгнэсэн энэ зууны нэгэн сод уран бүтээлч бас мундаг орчуулагч гэдэг нь илт харагддаг. Үүний учир Ардын уран зохиолч гэдэг эрхэм цолын эзэн болсон биз. Мань хүн сайшаал, магтаалд дуртай биш юм шиг л санагддаг. Аргагүй л биз. Бага залуу цагаасаа бусдын магтаал их хүлээсэн болохоор тэр байх. Харин санасан зоргоор юм бүхэн бүтнэ биелнэ гэж үгүй болохоор ч гэмээр юм уу олон түмэнд түгсэн бүтээлүүд нь түүнд тэр гавьяа шагналыг өөрөө хүсээгүй ч аваад л ирсэн байж таардаг гэж бодно. За тэгээд мань мэт нь энэхүү том зохиолчийн бүтээл туурвилд үнэлгээ дүгнэлт өгөх, шүүмжлэх эрх байх биш. Эрх байлаа гэхэд чадал чансаа хүрэхгүй юм чинь. Зүгээр л уншигчийн хувьд бодол санаагаа илэрхийлэхийн зэрэгцээ номуудыг нь ширээнээ залж сав л хийвэл барьж авч салхи оруулж байдгаа хэлэх гэсэн юм.
Гэхдээ нэгийг дуугүй өнгөрч бас чадамгүй ээ. Энэ чинь юу гэвэл гэвэл хэн нэг эрдэмтний хэлсэн “Цоодол бол дууль бичлэгийн загалмайлсан эцэг” гэдэгтэй санаа нийлдгээ дурдах нь илүү биш байх. Ингэж хэлснийхээ төлөө тэр судлаачид, эрдмийн хүмүүстэй зэрэгцэн том том юм хэлээд гэж уншигчид маань битгий зэмлээсэй гэж бодно. Бас нэгийг санахад Д.Цоодол эрхэм дууль бичих санаагаа анх өөрийн багш Дорнын их яруу найрагч гэгддэг Бэгзийн Явуухулан агснаасаа өвлөн авсан байж мэднэ. Яагаад гэхээр Б.Явуу багшийнх нь “Сохор зоосны дууль”, “Тэхийн зогсоол” гэх дуулиуд одоо хүртэл уншигчдын сэтгэл зүрхэнд мөр бадгаараа оршсоор байдаг шүү дээ. Тэгэхээр хөргийн эзэн Д.Цоодол зохиолчийнхоо дахин дахин уншаад баймаар дуулийн тухай дурдмаар санагдаад болохгүй нээ.
Түүний бичсэн дууль хэмээх төрөл хөдөөгийн борог амьдрал дундаас түүж олсон эрдэнэ мэт баримт цаанаа хэн нэгэн бодит хүн байдаг нь бас дууль бүхнээс нь эх оронч дүр сэтгэлгээ, баатарлаг үйл харагддаг л даа. Уншигч түмэн “Тэнэг”, “Харамчийнхан”, “Торгон Янжин”, “Буруу Довдон”, “Дутуу Санжаа”, “Хадаг Дэжид”, “Уужуу Дондог” гээд олон дуулийг нь уншихад Бүрэнгийхний өмнөх үеийн бурханлиг хүмүүсийн дүр сэтгэлд ургадаг. Бас “Цаасны тухай дууль”, “Мартамхай”, “Сүүдэр шийний дууль” гээд бодит үнэнийг яруу тод өгүүлсэн бүтээлүүд бүр хөвөрч өгнө өө. Тэр жил нэг удаагийн “Болор цом”-ын эзэн болохдоо “Дэр модны дууль”-иа уншиж байхад нь ингэж урлана, энгийн мөртлөө сэтгэл огшихоор хэлнэ гэжээ гэж бодож суусансан. Энэ дуульд
Хэрвээ би хотойх юм бол
Хэц ууланд хэнз мод унах билээ
Хэцүү дэр модны албанд
Хэзээд нэг маань биеэ золих билээ гэсэн гүн ухааны мөрүүд жирийх бөгөөд
Хуучин дэр мод би бол
Мод нэртэй төмөр
Эр мод оо
Монголоо гэсээр дуусах
Дэр мод оо гэж төгсдөг. Тийм баатарлаг утгаар. “Миний муусайн найз нар” дууль нь “Болор цом”-ыг ёстой хагалах шахтал уншигчдыг баярлуулсан даа бас. Гагцхүү
Миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан биедээ авч дагжих болно
Сумнаас дор үгээ тэднээд онил
Судсандаа нартай улсыг чинь яах юм бэ гээд
Наад хэдэн навсгарыгаа хайрла
Миний муусайн найз нарыг хайрла гэж омогшсоон.
Үүгээрээ Цоодол ба хажуудахаа хийгээд амьдралыг дандаа хайрлаж явдаг юм шүү гэсэн санаагаа илэрхийлсэн билээ. За ингээд яриад бичээд байвал том зохиолчийн сан арвин их, миний чадал хүрэхгүй л дээ.
Цаашлаад Антон Чехов, Акутагава, Ги Де Мопассан нарын олон хүний сонгодгуудыг орчуулсан. Расул Гамзатовын шүлэг найргийг орчуулж “Миний Дагестан” номоо гаргасан гээд л тоочвол орчуулагчийн хувьд ч томоо том. Тэр тухай бичье гэхэд миний сачий ч хүрэхгүй л дээ. Д.Цоодол гуай нэг удаа “Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гуай хоёрын тухай би ярина гэвэл ертөнцийн доог болно” гэж хэлснийг уншиж байсан юм. Ингээд бодохоор мань мэт нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гэдэг эрхмийн тухай бяцхан хөрөг тэрлэсэн минь алдас битгий болоосой.
Д.Цоодол гуай одоо ч номын өргөөндөө бүтээлээ туурвисаар л суугаа даа. Түүний ганзаглаанд монгол нутаг, хөдөө тал, эгэл борхон ардууд, хэнхэр өвгөчүүл, сэтгэлд нь байнга уяатай байдаг Бүрэнгийн тэгш сайхан нутаг нь гээд дуулж, бичиж баршгүй орчлон тэр чигээрээ багтаж буй. Дахиад олон арван боть ч гаргах биз. Монголоо дуулахад чинь үзэг чинь улам хурц байх болтугай гэсэн ерөөлийг Тандаа өргөмүү.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.4 ДАВАА № 1 (6478)