Т.САЙХАН
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /01.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр "БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар голомтлон үүссэнтэй холбоотойгоор 85 мянган иргэнээс шинжилгээ авч, тус дүүрэгт шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомтоос халдвар илэрсэн. Тодруулбал, Мөнххада, БЗД-ийн гэр бүлийн хоёр хүн, сайн дурын шинжилгээнээс хоёр, тус дүүрэгт амьдардаг нэг хүн зэрэг дөрвөн эх үүсвэр тодорхойгүй голомт гарлаа. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 130 мянган хүнд хийсэн шинжилгээгээр хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа нь ард иргэдийн дунд халдвар тархсан байх магадлал өндөр байж болзошгүй гэж үзэж, шуурхай ажилласан. БЗД-ээс илэрсэн гэр бүлийн хоёр хүн болон сайн дурын шинжилгээний эх үүсвэр нь БЗД-ийн эмнэлгээс халдвар авсан нь тогтоогдсон. Харин Мөнххада компанийн ажилчид, бие нь өвдөж очсон хоёр хүний голомтыг тогтоогоогүй байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, эх үүсвэр нь тогтоогдоогүй хоёр голомт байгаа гэж үзэж байна. Өнөөдрийн үүсч байгаа байдлыг алаг, цоог голомтлон халдвар үүсч байгаа гэж дүгнэж байгаа ч цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn