Оливия Колман: Энэ дүрийн дараа хатан хаан намайг үзэн ядах байх гэж айж байсан

2020-12-22
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Жүжигчин Оливия Колман  хатан хаан Аннагийн дүрээр Оскарын шагнал хүртэж байсан. Одоо тэрээр “The Crown” цувралд Елизавета II хатан хааны дүрийг бүтээж байна.  

-Оливия та “The Crown” сериалын Елизавета II хатан хааны дүрээр олон шагнал авах магадлалтай байна. Сүүлийн хоёр бүлэгт таныг орлох Имельда Стонтонд та зөвлөгөө өгсөн үү?

-Зөвлөгөө авахыг нь хүлээгээд л байна. Шууд хэлэхэд хиймэл үс өмсөхөд толгой их загатнадаг юм билээ (инээв). Өөрөө би энэ дүрээс их айж байсан. Би чинь хэн билээ? Английн хатан хаан гэж хэн билээ? “The Favourite” кинонд Анна хатан хааны дүрд хэн намайг зэмлэх билээ. Тэр ямар харагддаг, яаж явдаг, яаж ярьдаг байсныг хэн харсан юм. Харин энэ удаад бол Елизавета хатан хааныг бүгд мэднэ. Би их айсан. Гэнэт хатан хааны миний дүрийг үзэн ядвал яах уу? Ганц л зүйлд тайвширч байсан. Бид баримтат кино хийгээгүй. Манай продюсер мөн найруулагч Питер Морган ордны ахлахуудтай зөвлөгөө авч уулзаж байсан. Яг манай сериалыг хааны ордныхон үздэг эсэх, ямар бодолтой байдгийг бид хэзээ ч олж мэдэхгүй. Түрүү жил хатан хааны хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор “Хатан хааны ордныхон энэ талаар хэзээ ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхгүй” гэж мэдэгдсэн. Сонин сонсогдож магадгүй ч хатан хаан бидний талаар юу ч хэлэхгүй гэдэгт би хувьдаа баяртай байгаа (инээв).

-Та түүнтэй уулзаж байгаагүй гэж үү? Та түрүү зун Елизавета II хатан хааны төрсөн өдрөөр улс орондоо оруулсан хувь нэмрийг тань үнэлж Британийн эзэнт гүрний командор цол авсан.

-Түүний охин Анна гүнж олгосон. Драмын урлагт оруулсан хувь нэмрийг минь үнэлж Британийн эзэнт гүрний командор цол авсан. Олны анхаарал татахгүйн тулд өөрийн жинхэнэ нэр Сара, нөхрийхөө овгоор Синклер гэж орсон. Ямар ч нэмэр болоогүй. Харин ч одоо бүгд миний жинхэнэ нэрийг мэддэг болсон. Хатан хааныг би нэг л удаа харсан. Намайг Британийн кино институтэд  нэгэн хүлээн авалтанд урьсан юм. Хатан хаан тэнд тусгай зочноор ирж байсан. Тэгээд хоёр зуугаад хүн залны хоёр талаар эгнээд зогсчихсон, би одоо хоолоор үйлчлэх юм байх даа гэж бодсон (инээв).  Гэтэл гэнэт хатан хаан ханхүүтэй ирж байна. Би аймаар сандарсан. Яахаа мэдэхгүй сандарч байтал алтан туузтай, дэгжин ноён ирээд зөөлөн шивэгнэж “Хэтрүүлж болохгүй. Бага зэрэг бөхийгөөд Эрхэмсэг ноён, Эрхэм дээдэс хатан хаан гэж хэлээрэй” гэсэн . Би ямар ч байсан ёсолсоон (инээв).   

Гүнж Маргаретын дүрд тоглосон Хелена Бонэм Картер их инээдтэй түүх ярьж өгсөн. Хеленаг би биширдэг. Зураг авалт эхэлхээс өмнө тэрээр мэргэлдэг хүн дээр очжээ. Гүнж түүний дүрд хувирахыг зөвшөөрч байна уу гэдгийг мэдэх гэж очсон юм байна. Хелена хэлэхдээ, Маргарет гүнжийн сүнс ирээд зөвшөөрөөд бүр өөрийг нь энэ дүрийг бүтээх болсонд их баяртай байна гэж хэлсэн гэсэн. Хелена бодит хүний дүр бүтээх гэж байгаа бол тэр хүнээсээ зөвшөөрөл авбал зүгээр гэж үздэг. Үнэн хэрэгтээ энэ чинь том хариуцлага. Тэгээд Маргарет гүнж түүнд “Тэдний гаргасан нэрсийн жагсаалтаас хамгийн тохирох хүн бол чи” гэж хэлсэн гэсэн.

-Инээдтэй түүх байна. Та энэ ер бусын дүрд яаж бэлдсэн бэ?

-Үнэнийг хэлэхэд би судалгаа хийх дургүй. Гэхдээ энэ удаа судлахаас өөр арга байгаагүй. Тэр тусмаа миний алхаа аймшигтай, яг фермерчин шиг гэсэн. Хоолойн өнгө, дуудлага ч мөн ялгаагүй. Инээдмийн сериалд тоглоод тэр аялгадаа дасчиж. Хатан хаан шиг ярина гэдэг хэцүү юм билээ. Маш их баримтат кино үзсэн, ялангуяа дүртэйгээ холбоотойгоор 80-аад оны эхэн үеэс 90-ээд оны эхэн үе хүртэл. Жишээ нь Маргарет Тетчертэй ярилцах үе, эсвэл Диана Чарльз нарын гэр бүл салалтын үе- хатан хааны хувьд хэцүү үе байсан. Диана Чарльзтай гэрлэхэд их залуу, туршлагагүй байсан, энэ олон жил хатан хаан байх хугацаанд харьцаж байсан хүмүүсээс тэс өөр гэдгийг тэрээр мэдэж байсан. Хатан хааны гэр бүлийн гол дүрэм хэзээ ч гомдоллож, хэрэлдэж болохгүй. Гэвч Диана тийм байхыг хүсээгүй. Ард түмний дунд нэр хүнд нь өсөхийн хэрээр нөхөртэйгөө харьцах харьцааг нуухад хэцүү болж байсан. Хатан хаан энэ гэр бүл салахад ямар аймшигтай үр дагаварт хүрэхийг харж байсан.

-Энэ дүрд тоглосоноор таны хатан хаанд хандах хандлага өөрчлөгдсөн үү?

-Зураг авалтын үеэр би түүнийг хайрласан. Түүний тууштай, даруухан зан чанараар бахархсан. Энэ их гутаан доромжлолыг баатарлагаар тэсдэг. Мэдээж хувь хүн талаас нь би түүнийг мэдэхгүй. Ойлгодог ч гэж дуугарч зүрхлэхгүй.

-Таны өмнө энэ дүрийг бүтээсэн Клэр Фойг хатан хааны биеэ сайн барьдаг чадварыг гайхалтай харуулсан гэж магтаж байсан. Ямар ч эмгэнэлт үед дотроо байгаа зүйлээ ил гаргахгүй байна гэдэг гайхалтай зан чанар. 

-Тиймээ, би бас Клэрээр бахархсан. Би тэгж чадахгүй. Миний нүүр хөдөлгөөнгүй байж чаддаггүй. Гэхдээ сурахаас өөр арга байгаагүй. Ингэж сурахад надад нэг инээдтэй тохиолдол тус болсон. Букингемийн ордонд хүлээн авалт болоход ханхүү Уильям ирсэн юм. Тэрээр манай нөхөр бид хоёрт дөхөж ирээд намайг ямар кинонд тоглож байгаа вэ гэж асуумагцаа “Нээрээ би мэдэх юм байна” гэж хэлсэн. Би тэнэг юм шиг та энэ сериалыг үздэг үү гэж асуутал ханхүү маш хурдан “Үгүй” гэж хариулсан. Би их эвгүй байдалд орсон. Гэхдээ ханхүү их дур булаам сайхан хүү. Би тэнэг зан гаргасан ч тэр их эелдэг байсан. Тэр өөрийгөө чухал хүн гэдгийг ярьж байгаа хүндээ мэдрүүлж чаддаг авьяастай. Хатан хааны ордонд зочилсоноо би мартдаггүй юм. Би нөхрийгөө зочдын угаалгын өрөөнд ороод нэг жорлонгийн цаас аваад ир гээд явуулсан (инээв). Одоо манай жорлонд тавиур дээр Букингемийн ордны жорлонгийн цаас байгаа.

-Оскар авахдаа та уйлж бүгдийг гайхшруулж чадсан.

-Үнэндээ би нэрээ сонсоод их айсан. Би өөрийгөө ялна гэж ерөөсөө бодоогүй учираас хэлэх үгээ бэлдээгүй. Манай нөхөр надад тэгж хэлээрэй гээд утсан дээр бичээд өгөхөд би “Эдди больж үз. Би ялахгүй. Тэгээд ч урьдчилаад бэлдчихээр бүр ялахгүй” гэж хэлж байсан. Би Оскарыг миний хайртай жүжигчин Гленн Клоуз “Эхнэр” киногоор авна гэдэгт итгэлтэй байсан. Тэрээр манай эгнээнд алтан гялалзсан даашинзтай сууж байсан. Ялна гэдгээ мэдчихээд ингэж хувцаслаж дээ гэж бодсон (инээв).    

-Та тайзнаа гараад тэр миний оронд байх ёстой байсан гэж хэлээд олон хүний хайрыг хүлээсэн. Хамт кинонд тоглосон Эмма Стоун, Рэйчел Уайс нарт баяр хүргэсэн. Бэлдээгүй гэнэтийн байх тусмаа хүмүүст их сэтгэгдэл үлдээжээ.

-Гэхдээ Эмма, Рэйчел хоёр үнэхээр гайхалтай бүсгүйчүүд. Намайг тайзан дээрээс бараг түлхэж буулгасан. Би тоохгүй бүх хүмүүст баярласнаа илэрхийлэх гээд зогсоод байсан.

-Та бүр цэвэрлэгч байсан хүн Оскар авч байна гэж хэлээд хүртэл амжсан.

-(инээв). Гэхдээ энэ үнэн. Манай гэр бүлд хэн ч жүжигчин болно гэж бодож байгаагүй. Сургуульд би муу сурлагтан байсан. Гэхдээ 12 насандаа сургуулийн жүжигт тоглосноор би юунд дуртайгаа мэдсэн. Гэвч аав ээж хоёр намайг Кембрижийн бага ангийн багшийн сургуульд ор гэж ятгасан. Би жил сураад сургуулиа хаяад цэвэрлэгч болсон. Энэ ажилдаа дуртай байсан. Бүх юмаа угааж цэвэрлэчихээд хийсэн ажилаа харах сайхан байдаг. Нээрээ шүү энэ сайхан ажил байсан, тэгээд ч намайг өлсөж үхэхээс аварч байсан. Тэр үед би Кембрижийн оюутны театрт тоглодог хажуугаар нь шалгаруулалтад оролцдог байсан. Харин нарийн бичээч хийж байхад үнэхээр хэцүү байж билээ. Хэчнээн их хичээж байсан ч дандаа хольж хутгана. Дараа нь намайг Бристолийн театрын сургууль Олд Викд авсан. Өдөр, шөнөгүй ажилладаг Кембрижийн театрт хоёр сайн залуутай танилцсан. Дараа нь намайг Лондонд ирэхэд тэр хоёр алдартай продюсер болсон намайг инээдмийн “Пип шоу”-нд урьсан. Тэгээд дараа нь алдартай кино, сериалууд цуварч эхэлсэн. Гэхдээ шууд биш ээ. Ээж надад нэг жилийн боломж олгоё гэхэд би 10 жил авъя гэж хэлж байсан. Яг л тэгж таарсан. Гэхдээ би хэзээ ч Оскар авна гэж бодож байгаагүй.

-Оскар авснаас хойш өөрийхөө талаар сонссон хамгийн таатай зүйл юу вэ?

-“Хараач Рэйчел Уэйс явж байна”. Бид хоёрыг андуураад байдаг юм (инээв). Та надад үнэхээр дур булаам байдал нэмэгдсэн гэж бодож байна уу? Үгүй дээ. Оскар манай зочны өрөөнд гялалзаж гялтагнаад байж л байгаа. Хэт гялалзаад хуурамч ч юм шиг. Их хүнд. Би тийм залхуу байгаагүй бол дасгал хийхдээ ашиглахгүй юу.

-Хатан хааны дүр танд дэлхийн алдар нэр хүнд авчирсан. Энгийн амьдралдаа хатан хаан яаж амьдардаг вэ?

-Амьдарч байснаараа амьдарч байна. Миний хүүхдүүд азаар тоодоггүй. Хоёр нохой ч мөн адил. (инээв). Бид нэг их сүртэй хүлээж авахгүй гэж тохирсон. Ээж нь ажилтай, ажилдаа дуртай, тэгээд л болоо. Миний хүүхдүүд дуртай ажлаа хийгээсэй л гэж хүсэж байна.

-Минийхээр бол Английн жүжигчдийн онцлог юм шиг байгаан. Ямар ч алдар нэр хүндэд толгой нь эргэдэггүй.

-Миний хувьд бол гэр бүлийхэн минь үүнийг зөвшөөрөхгүй. Би дүрээ бүтээхдээ бүх зүйлээ дайчилна. Гэхдээ бусад үүрэг хариуцлага хаашаа ч зайлахгүй. Өглөө бүр хүүхдүүдээ сургуульд хүргэж өгнө, нохойгоо салхилуулна. Манай нөхөр ч гэртээ дүрээсээ гарч чаддаггүй жүжигчин хүнтэй хамт амьдарч чадахгүй  (инээв).   

-Та нөхөртэйгөө аз жаргалтай амьдардаг нь илт байна. Яаж энэ олон жил хамт амьдарсан нууцаасаа хуваалцаач.

-Манай нөхөр бид хоёр салдаггүй. Анхны харцаараа л дурласан. (Эд Синклер Кембрижийн хуулийн ангид сурч байсан. Эхнэрийн адил жүжигчин болох мөрөөдөлтэй байжээ. Тэр хоёр Кембрижийн театрт танилцсан цагаасаа хойш хамт байгаа бөгөөд нөхөр нь зохиолч болжээ. Тэднийх гурван хүүхэдтэй ). Би түүнийг Кембрижид хармагцаа энэ залуутай суумаар байна гэж бодсон. Өөрөө шууд дурласнаа илчилсэн. Надад ингэж аз таарна гэж бодож байгаагүй. Гэхдээ олон жил бид аз жаргалтай амьдарч байна. Хүүхдүүд ч аз жаргалтай байгаа гэж найдаж байна.

-Та нөхрөөсөө хоёр долоо хоногийн хугацаатай ч салдаггүй. Ихэнх одууд хоёр долоо хоногоос илүү салахгүйг хичээдэг гэж ярьдаг.

-Бид 25 жилд нэг л удаа салсан. Одоо би кинонд их тоглож байгаа. Жишээ нь Энтони Хопкинстой тоглосон “Эцэг” кино гарах гэж байгаа. Ирландад Колин Ферттэй хамт тоглосон. Ажил их байгаа ч нөхөр, хүүхэдтэйгээ салахгүйг хичээж байна. Би чинь бас их аймхай. Миний талаар интернэтэд бичсэн зүйлийг уншдаггүй. Ялангуяа муу зүйлийг. Намайг хараад таниад байхаар их эвгүй байдаг. Таньдаг сэтгэл зүйч эмч надаас ийм үед яадаг вэ гэж асуухад “Яадаг ч үгүй. Их айсан үедээ гэрээс гардаггүй” гэж хариулчихаад дараа нь ямар аймшигтай сонсогдож байгаагаа ойлгосон.

-Таны өмнө тоглосон Клер Фой цалингаа голоод бөөн шуугиан тарьсан. Түүнд ханхүү Филипийн дүрд тоглосон Мэтт Смитээс бага мөнгө төлсөн байсан. Таны хувьд? Таньтай хамт ханхүү Филипийн дүрд тоглож байгаа Тобиас Мэнзистэй адилхан авч байгаа юу?

-Тэгж л найдъя. Энэ шоу “Титэм” нэртэй болохоос “Филип” биш. Гэхдээ л энэ тал дээр тэгш эрх байхгүй байгаа. Би Оливия биш Оливер Колман байсан бол аль эрт зээлээ төлөөд дуусчихгүй юу.   Гэхдээ би Оливия, тиймээс зээлээ төлж дуусаагүй л байна. Хүмүүст чи Оскар авсан л бол шууд саятан гэж бодогддог. Би мэдээж гомдоллоогүй, гэхдээ надад зээлээ төлж дуусах болоогүй л байна.

-Гэхдээ “The Crown” сериалын амжилтын дараа бүх зүйл сайн тал руугаа эргэнэ. Ямар жүжигчидтэй хамтарч ажиллахыг хүсэж байна вэ?

-Стрип, Денч, Хопкинс. Өөр 10 хүн, ихдээ 15. Хаалгаа хаагаад л , үнэгүй зүйл уугаад л, камерууд тойроод л. “Хаалга хаагдахад юу болсон бэ” гэдэг нэртэй (инээв). Би өдий насандаа ийм сонирхолтой дүрүүд авч байгаадаа баяртай байгаа. Залуу охидуудаас илүү надад хэлэх юм байгаа учраас би ахимаг насны дүр бүтээхдээ дуртай.

Эх сурвалж: www.7dn.ru

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22