Н.Тавинбэх: Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн санхүүжилтийг төр өөрөө хариуцах хэрэгтэй

2020-12-21
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

© Б.Оюунзул / "ЗУУНЫ МЭДЭЭ"

 

С.УЯНГА  
 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа  хүргэдэг билээ. Энэ удаа бид Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийг урьж ярилцлаа.

 

484 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨР ИРГЭДИЙН ӨМНӨӨС ТӨЛНӨ

Блиц

Боловсрол:

-1990-1995 онд Техникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр бакалавр.

-2008 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын магистр.

-2020 онд ШУТИС-ийн ЭХС-ийн магистр.

Ажлын туршлага:

-1989-1990 онд БНЦШСГ-т монтёр /Багануур цахилгаан шугам сүлжээний газар/

- 1995-1997 онд БНЦШСГ-т дэд станцын мастер, инженер

-1997-1998 онд БНЦШСГ-т Засварын албаны дарга

-1999-2000 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Маркетингийн албаны менежер, дарга

-2001-2007 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Техник технологи эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер

-2007-2013 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирал

-2013-2015 онд “Багануур Энерги” ХХК-ийн Захирал

-2015-2016 онд Багануур хотын Захирагч

-2017-2020 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирал

-Цар тахлаас шалт­гаалан эдийн засгийн хүндрэлд өртөөгүй аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх байхгүй. Эрчим хүчний салбарт ч тодорхой хэмжээнд нөлөөлж, сорилт болж байна. 2020 оны төлөвлөгөөтэй харьцуулахад нийт хэрэглээ зургаа орчим хувиар буурсан. Тэр хэмжээгээр бидний төлөвлөсөн орлого багасч байна. Мөн аж ахуйн нэгжийн хэрэглээ буурч, айл өрхийнх өссөн нь нэг ёсондоо алдагдалтай борлуулалт өсч, ашигтай борлуулалт болох аж ахуйн нэгжийнх буурсан нь  алдагдлын хэмжээ нэмэгдэх бас нэг шалтгаан болж байна. Иймээс бид  өндөр үнэ  тарифтай  эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж  өртөг багатайгаа түлхүү ачааллах мөн  шаардлагатай зардлуудаа бууруулах, царцаах байдлаар зохицуулалт хийж хэрэглэгчийн үнэ тарифыг нэмэгдүүлэхгүйгээр дотоод зохион байгуулалтын арга хэмжээ  авч салбарын  хэвийн үйл ажиллагааг  ханган ажиллаж байна.

Засгийн газар айл өрх, зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төрөөс даах  шийдвэрийг  тооцоо судалгаагүйгээр огт гаргаагүй  юм. Цар тахлын улмаас эдийн засаг хумигдсан үед аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөд санхүүгийн бодитой дэмжлэг болно гэж үзэж энэ шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр өвлийн оргил ачаалал эхэлж байгаатай давхцаж байгаа учраас эрчим хүчний салбарт тодорхой эрсдэл дагуулж байгаа нь үнэн ч бид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Анхнаасаа Засгийн газрын тогтоолд салбарын техникийн хүчин чадлын нөөцтэй уялдуулан түр журам гаргаж хэрэгжүүлэхийг даалгасан учраас харьцангуй бэлтгэлтэй байсан. Засгийн газрын тогтоолд нэр дурьдагдсан есөн чиглэлээс бусад хэрэглэгчийн  өнгөрсөн оны мөн үеийн  цахилгаан, дулаан, уурын хэрэглээний хэмжээнд дүйцүүлэн  483.7  тэрбум төгрөгийг Засгийн газар  айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын  өмнөөс төлөх болж байна. Үүний 135 тэрбум төгрөгийг дулаан, 6.5 тэрбумыг уур, үлдсэнийг нь цахилгаанд зарцуулна.

Энэ өдрүүдэд эрчим хүчний салбарын хамт олон 24 цагаар тасралтгүйгээр  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Эрчим хүч нь нарийн төвөгтэй,  шат дамжлага ихтэй технологиор үйлдвэрлэгддэг өндөр үнэтэй бүтээгдэхүүн учраас   хэрэглэгчдийн зүй зохистой хэмнэлттэй хэрэглээ чухал байна. Төр, иргэн хамтдаа хүндрэлийг давж гарч байж Засгийн газрын шийдвэр тавьсан зорилгоо хангах юм.

Эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын хэмжээнээс өнөөдрийн ачааллын хэмжээ давсан учраас импортын цахилгаан эрчим хүчээр  хэрэглээний өсөлт болон нөөцийг  зохицуулан  ажиллаж байна. Манай улс ОХУ-аас 245 мегаватт хүртэл чадлын эрчим хүч авах гэрээтэй. Цахилгаан дамжуулах шугамын чадварын хувьд 350 мегаватт хүртэл авах боломж бий. Хэрэглээний өсөлт болон найдвартай ажиллагааг  хангах зорилгоор импортын эрчим хүчний хэмжээг  нэмэгдүүлэх талаар ажиллаж байна. Цахилгаан, дулааны зардлыг даах  Засгийн газрын шийдвэр гарсан эхний өдөр ОХУ-аас 245 мегаваттыг тулгаж авсан. Сүүлийн өдрүүдэд томоохон аж ахуйн нэгжүүд бидэнтэй хамтран ажиллаж оргил ачааллын үеэр зохицуулалт хийснээр оргил үеийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч байна. Өөрөөр хэлбэл, шуурхай зохицуулалт, журам, уриалгын үр дүн гарч байна. Импортын цахилгаан эрчим хүчний чадлын дээд хязгаар 245 мегаваттыг 24 цагийн турш авдаггүй. Зөвхөн  оройн оргил ачааллын үед авдаг. Импортын цахилгаан үндсэн гурван хэсгээс тогтдог учраас үнэ харилцан адилгүй. Жилийн дунджаар тооцвол импортын цахилгааны нэг квт.цагийн үнэ 240-280  төгрөг байдаг. Үүнтэй уялдуулан нийгмийн сэтгэл зүйг үймүүлж, бухимдуулахгүйн тулд нэг зүйлийг хэлье. Өнөөгийн нөхцөл байдал бол манай эрчим хүчний салбарын зайлшгүй хийх ёстой ажил, туулж гарах хүндрэл. Шинэ  эсвэл гадны хүчин зүйлээс шалтгаалан бий болсон асуудал биш. Бид ОХУ-аас импортоор авах цахилгаан  эрчим хүчний хэмжээг  нэг өдрийн өмнө гэрээний дагуу  тохирдог. Захиалснаасаа илүү, дутуу хэрэглэвэл диспетчерийн хазайлтын графикийн дагуу торгууль төлөх ёстой. Гэхдээ одоогоор  торгууль төлөх хэмжээнд асуудал хүндрээгүй. Гэрээ хэлэлцээрийн хүрээнд шаардлагатай зохицуулалтыг  хийгээд ойлголцоод явж байгаа.

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ хэт өссөнд хэрэглэгчдийг буруутгамааргүй байна. Гэхдээ тогтвортой, найдвартай эрчим хүчний хангамжтай байх уу. Хэтрүүлж хэрэглээд харанхуй суух уу гэдгээ бодох хэрэгтэй. Өвлийн хүйтнээр халаалтаа битгий залга гэж хэлэх эрх  байхгүй ч цахилгаан, нүүрс хосолмол байдлаар халаалтаа шийдсэн айлууд оргил ачааллын үед түр тэвчих боломжтой гэж харж байгаа. Сүүлийн жилүүдэд цахилгаан  дулааны эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадалд хэрэглээ  тулсан   байгаа нь цаашид эрчим хүчний шинэ эх үүсвэрийг яаралтай бий болгох шаардлагатайг харуулж байна. Мөн дамжуулах, түгээх сүлжээнүүдийн хувьд тодорхой хэмжээний хэт ачаалалд орж байна гэдэг нь шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр барьж байгуулах зайлшгүй шаардлагатай болсныг, хэрэглээний өсөлт салбарын  эмзэг сул цэгүүдийг тодорхойлж  өглөө. Цаашид эх үүсвэр, шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, шинээр барьж байгуулах  төлөвлөлт болон гүйцэтгэлээ  хангахад том түлхэц боллоо

 

ШАХМАЛ ТҮЛШНЭЭС ГАДНА ХИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭР УТААГ БУУРУУЛНА

 

-Нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр солиод нийслэлийн болон суурин газрын агаарын болон хөрсний бохирдлыг бүрэн шийдвэрлэж байгаа хэрэг биш. Түүхий нүүрсийг хориглож гэр хороолол, үйлдвэр аж ахуйн газрууд сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол буурч байгаа. Засгийн газрын тогтоолоор сайжруулсан шахмал түлшний  нэгжийн үнийг 75 хувиар бууруулж  25 кг нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ  937 төгрөг болсон нь  гэр хороололд амьдардаг иргэдэд санхүүгийн багагүй хэмжээний дэмжлэг болсонд эргэлзэхгүй байна. Төв суурин газрын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд авах ёстой дараагийн арга хэмжээ бол яндангийн тоог бууруулж, иргэдийг орон сууцжуулах  асуудал мөн. Олон улсад  нүүрсийг хий рүү шилжүүлж утаанаас салсан туршлага бий. Тиймээс хийн хангамж, хийн хэрэглээг зайлшгүй нэвтрүүлэх ёстой. Ялангуяа, хий хэрэглэж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна ахуйн хангамж, үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд хүргэх дэд бүтэц, тээвэр ложистикийг бий болгох шаардлагатай. Нөгөө талаас хийг импортоор авдаг учраас нөөцийн асуудал гарч ирнэ. Энэ бүх бэлтгэлийг шат дараатай хийж байж хий рүү тодорхой хэмжээнд шилжүүлснээр төв суурин газрын агаарын болон хөрсний бохирдол буурна. Байгалийн хийг  хоолойгоор дамжуулан тээвэрлэвэл   өртөг хямдарна. Манай улсын хувьд байгалийн хийн нөөц муутай. Хойд хөршөөс хийн хоолой орж ирэх асуудал яригдаж байна. Хийг зөөвөрлөхдөө нягтыг нь ихэсгэж шингэрүүлж шахдаг учир нүүрстэй харьцуулахад өртөг нь өндөр гардаг.

Манайх шиг хүйтэн уур амьсгалтай, нүүрснээс өөр хямд эрчим хүчний нөөцгүй улсад түүхий нүүрснээс бүрэн татгалзана гэдэг төвөгтэй. Гэхдээ бусад байгалийн эрчим хүчний нөөцийн талаарх судалгаа шинжилгээний ажил  хийж байна. Мөн эрчим хүчний системийн эх үүсвэрийн бүтцийг нүүрс, хий болон  сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн  зохистой харьцааг бий болгох  асуудал  чухал байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн  хувьд олон улсын чиг хандлага, байгаль цаг уурын дулааралтай холбоотойгоор Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэж нүүрс хүчлийн хийг бууруулах үүрэг хүлээсэн. 2020 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлыг 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Сэргээгдэх эрчим хүчийг томоор хөгжүүлэхэд тулгардаг хүндрэлтэй асуудал бол сэргээгдэх эх үүсвэрийн нөөц тогтвортой биш байдаг. Магадгүй бид Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц эсвэл хийн станц барьж чадвал нөөц боломж нэмэгдэнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх олон улсын хөтөлбөрийн хүрээнд баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар тусгасан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 мегаватт, дэлхийн цаг уурын хөрөнгө оруулалтын сангийн 30 сая ам.долларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 40 гаруй мегаваттын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд баруун аймгуудад баригдана. Ингэснээр одоо байгаа Дөргөн, Тайширын станцын хүчин чадал  дээр нэмэгдэж 135 мегаваттын эх үүсвэртэй болсноор баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Мөн төвийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр буюу айл өрх, албан байгууллага хэрэгцээгээ хангахаас гадна  эрчим хүчний сүлжээ рүү нийлүүлэх журам батлагдсан. Ингэснээр сэргээгдэх хүчийг хэрэглэгч болгон ашиглах, ашиг тусыг нь хүртэх боломжийг нээж өгч байна.

 

СТАНЦУУДЫГ ӨРГӨТГӨТГӨХӨӨС ГАДНА  ЗАЙЛШГҮЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИХ ЁСТОЙ

 

-Хэрэглэгчдийг  хямд, найдвартай эрчим хүчээр хангах нь эрчим хүчний салбарын нэн тэргүүний  зорилго мөн. Эрчим хүч бусад салбараас түрүүлж хөгжих ёстой. Улс орны эдийн засгийн суурь салбар учраас тодорхой хэмжээнд дийлэнх хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд төр өөрөө хариуцаж хөгжүүлэх ёстой гэж боддог.  Тиймээс төрөөс  Тавантолгойн дулааны цахилгаан станцыг хөрөнгө оруулалт хийж барихаар болсон нь зөв гэж харж байгаа. Эхний хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргахаар болсон. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг шинээр барих, Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг  325 мегаваттаар өргөтгөх, дулааны II цахилгаан станцад  100 МВт-ын хүчин чадалтай хийн  станц барихаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. 

Байгалийн баялаг, уул уурхайгаас олж байгаа орлогоор эхний ээлжинд суурь дэд бүтэц тухайлбал, эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийх  хэрэгцээ шаардлага байна. Эрчим хүчний салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын санхүүжилтийг энэ загвараар шийдвэрлэвэл цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчийн үнийн  хөрөнгө оруулалтаас шалтгаалсан өсөлт багасна. 

Төвийн бүсэд яаралтай эх үүсвэрийг барьж чадлын нөөцийг бий болгох, Тавантолгойн станцаас гадна усан болон хийн тохируулгын станц зайлшгүй шаардлагатай. Манай улсын нийслэл болон төв суурин газрууд  нэгдсэн халаалтын системтэй учраас дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах ёстой. Олон жил болсон дулааны шугам, дэд бүтцийг шинэчлэх, оргил ачааллын үед ажилладаг горим тохируулгын станцуудыг бий болгох, цаашлаад түгээх, дамжуулах сүлжээний ачаалал эх боломжит  хүчин чадалд тулчихаад байгаа цэгүүдийг өргөтгөж шинэчлэхэд хөрөнгө оруулалтуудыг шат дараатай хийх ёстой. Эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангахын тулд эх үүсвэрийн хүчин чадлын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн асуудлыг сүүлийн жилүүдэд тавьж ирсэн. Хэрэглээнээс гадна дор хаяж 20 хувийн илүү чадлын нөөц, дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэж байж системийн аюулгүй, найдвартай байдал хангагдана.

Манай цахилгаан станцууд сайн ажиллаж байгаа. ТЭЦ-II  60 жил, ТЭЦ-III 52 жил, ТЭЦ-IV ашиглалтад ороод 37 жил болж байна. Станцууд техникийн хүчин чадал, ажиллах боломжоо биелүүлчихсэн ч дахин шинэчлэлт, өөрчлөлт хийж ашигласаар байна. Эрчим хүч, салбарын чадвартай, туршлагатай боловсон хүчний нуруун дээр үйл ажиллагаа нь доголдохгүй явж  байна. Гэхдээ өргөтгөлтэй зэрэгцүүлэн шинэ эх үүсвэр барих ёстой. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарчмыг төр шийдвэрлэх нь оновчтой хувилбар. Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт нэг зэрэг, нэгдсэн сүлжээний дүрэм болон диспетчерийн зохицуулалт дор үйл ажиллагаа явуулдаг онцлогтой салбар учраас хувийн хэвшил хөрөнгө оруулахад эрсдэлтэй. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахаас гадна өртгөө 10-15 жилийн дараа нөхдөг учраас манай улс шиг улс төр, эдийн засаг тогтворгүй, үнэ тариф доогуур нөхцөлд хувийн хэвшил өндөр эрсдэл хүлээдэг. Өнөөдрийг хүртэл том чадлын эх үүсвэрүүд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Харин Засгийн газар байгалийн баялгаа ашиглаж ойрын 6-7 жилд суурь бүтцээ шийдвэрлэх бодлого баримталж байгаа.

Эрчим хүчний салбарт асуудал хүндэрсэн, тулгамдсан мэт харагдаж байгаа боловч бидэнд давуу тал олон бий. Монгол Улс хэрэглээнээс давсан эрчим хүчний баялаг нөөцтэй. Нүүрс, салхинаас гадна говийн бүсийн эрчим хүчний нөөцөөр Зүүн хойд Азийн хэрэглээг хангана гэсэн олон улсын судалгаа бий. Энэ нь цаашид байгалийн баялаг, эрчим хүчийг нэмүү өртөг, үйлдвэрлэл бий болгож экспортлох, ажлын байр нэмэгдүүлэх, татвар хөрөнгө оруулалтаар эдийн засгийн үр өгөөж хүртэх бүрэн боломжтойг харуулж байна. Энэ бол холын мөрөөдөл биш. Бодит биеллээ олоход ойрхон. Олон улсын санал санаачлагууд бүс нутгийн эрчим хүчний худалдааг дэмжиж байгаа нь эрчим хүчний аюулгүй байдал болон өсөн нэмэгдэх хэрэгцээгээ хангах давуу талыг олгож байна. Тэгэхээр эрчим хүчний өнөөдөр тулгарч буй асуудал бол богино хугацааны хүндрэл. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.21 ДАВАА № 243 (6468)

 

бат
амжилт хүсье
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

7 цаг 22 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 47 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

9 цаг 19 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

9 цаг 42 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

10 цаг 57 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

13 цаг 26 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

18 цаг 12 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

18 цаг 12 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

18 цаг 12 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин