Г.Галбаяр: Уран зохиолын үнэт зүйлийг төрийн бодлого, шийдвэрт зөв тусгах хэрэгтэй

2020-12-14
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа уран зохиол судлаач Г.Галбаярыг урьж ярилцлаа.

 

Зохиолч, зохиолын талаар нийгэм зөв ойлголттой байгаасай

БЛИЦ

Овог нэр:

-Гомбосүрэнгийн Галбаяр

Боловсрол:

-1994-1998 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль,

-2004-2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн.

-2004 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

Мэргэжил:

-Монгол хэл, уран зохиолын багш, судлаач Эдийн засагч, статистикч

Эрдмийн зэрэг, цол:

-Хэлбичгийн ухааны доктор (2003)

-МУИС-ийн дэд профессор (2012)

Ажлын туршлага:

-1999 оноос өнөөдрийг хүртэл МУИС-д Тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, багшаар ажиллаж байна. Мөн энэ хугацаанд БНХАУын Бээжингийн Төвийн үндэстний их сургуульд 10 сар, БНСУ-ын Гадаад судлалын их сургуульд хоёр, Японы Токиогийн Гадаад судлалын их сургуульд гурван жил зочин профессороор ажилласан байна. 

-Юмсын гадаад мөн чанар их энгийн. Энгийн байж гэмээ нь дотоод мөн чанар нь чинад нарийн байдаг. Уран зохиол бол өнгөн талаас нь өнгөц харахад бас бодоход их энгийн зүйл. Харамсалтай нь ихэнх уншигч уран зохиолыг энгийн зүйл гэж ойлгодог ч дотоод мөн чанар дахь нарийн чинад зүйлсийг нь төдий л ухаардаггүй.

Үүнээс болж сүүлийн жилүүдэд нийгмийн олонх уран зохиолыг хувь уншигч болоод нийгэмд ач холбогдол багатай мэтээр ойлгодог болсон тал ажиглагдах болж.

Уран зохиолыг ойлгох ойлголт, үнэлэх үнэлэмж ийм учраас зохиолч гэхээр архи дарс уудаг, агсам согтуу тавьдаг, этгээд гажуу нэгэн мэтээр хардаг болсон байж магадгүй. Учир нь энэ салбарт ажиллаж байгаа бид уран зохиолын мөн чанар, ач холбогдол гэсэн давуу талыг нь бусдад зөв ойлгуулж чадахгүй байгаатай холбоотой байх. Тиймээс зохиолч, зохиолын талаар товч тайлбар хэлэхийг хүсч байна. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний өлгий байсан эртний Грек, ромчууд мөн дорнын эртний соёлт ертөнц болох Хятад, энэтхэгчүүд зохиолч хэмээх хүнийг тэнгэр бурхнаас хүн төрөлхтөнд илгээсэн элч хэмээн ухаарсан байдаг. Зохиолч биднээс тэс өөр хүн хэмээх энэ ойлголт хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад огтхон ч өөрчлөгдөөгүй. Харин илүү орчин үежиж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбараар баяжиж ирсэн түүхтэй.

Өөрөөр хэлбэл, зохиолчийг энгийн хүнээс өөр үйл хэрэг, заяа тавилантай нэгэн гэдгийг үеийн үед хүн төрөлхтөн санал нэгтэйгээр зөвшөөрч учир шалтгааныг нь эртний төсөөллийн ухаарлаас өнөөгийн шинжлэх ухааны баталгаа нотолгоо хүртэл яруу тодорхой болгож тайлбарлаж, ухаарсаар ирсэн гэсэн үг. Тиймээс зохиолч гэж хэн бэ гэдгийг сүүлийн үед баруун европ болон Америкийн уран зохиолын сургалт, судалгааны томоохон төвүүдийн профессорууд эрчим энерги, удамшил хувьслын үүднээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах болж. Тэд зохиолч гэж хэн бэ гэдгийг удамшлын мөн чанар, эрчим энергийн хуулиар тайлбарлах ч үр дүн нь эртний хүмүүсийн ухаарч байсантай нэгэн адилаар байгаль ертөнцийн ч юм уу, нийгэм цаг үеийн захиалгаар төрсөн энгийн хүнээс өөр нэгэн гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөөр. Миний хувьд их сургуульд цөөнгүй жил энэ мэргэжлийн лекц уншсан багш хүний хувьд жил өнгөрөх тутам зохиолч, хийгээд зохиолын тухай үзэл онол маань улам батажсаар байна. Эрчим энерги гэж ярьснаас үүдэж нэг зүйл санаанд орж байна. ХХ зууны нэрт физикч Никол Тесла “Ертөнцийн нууцыг мэдэхийг хүсвэл энерги, давтамж, чичирхийллийн талаар судал” гэж бичсэн. Бодох л зүйл. Зохиолч эгэл жирийн биш нэгэн юм бол түүний бичсэн зохиол бүр ч эгэл бус зүйл байх ёстой. Үүнд л би их ач холбогдол өгдөг хүн. Тодруулбал, уран зохиол гэдэг хэн дуртай хүний хүссэн цагтаа бичдэг бичвэр биш. Энэ бол улс үндэстний бүр том зургаараа бол энэ цэнхэр гаригийн хүн зоны аж амьдрал, оюун сэтгэлгээний охь дээжийн их хуримтлалын тэсрэлтээс үүссэн их ухаарал, их сургамж, их ярууслын төгс илэрхийлэл гэж ойлгогдоно. Уран зохиол төрмөл бус заяамал шинжтэй тул туурвисан улс үндэстнийхээ оюун сэтгэлгээний үнэт шинжийг тодорхой хэмжээгээр өөртөө хадгалдаг. Энэ үнэт шинж нь уншигчид, нийгэмд хүчтэй нөлөөлдөг зүйл. Өөрөөр хэлбэл, уншигч бол нийгмийн мөн чанар, тогтолцооноос болоод их учир битүүлэг нууцлаг ертөнц болдог. Тэдэнд нууц юм их бий.

Хүн нийгэмших явцдаа өөрийнхөө муу муухай зүйлийг бусдаас нуудаг байсан бол яваандаа өөрөөсөө ч нуугаад эцэст нь мартдаг. Гэтэл тэр мартагдсан зүйлс удамшиж ирсэн тул шаардлагатай агшинд гарч ирж, эзнээрээ муу муухайг хийлгэх гээд байдаг. Энэ мартагдсан зүйлийг сэргээж, ухааруулахад уран зохиол тусалдаг ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, уран зохиол хүнийг өөрийг нь өөрт нь нээж өгөх, хүнийг зөв төлөвшүүлэх үүрэгтэй. Энэ бүхний эцэст нэг зүйл хэлэхэд зохиол бичих бол энэ ертөнцийн хамгийн хэцүү ажил гэж би хувьдаа боддог. Учир нь зохиолч өөрийн сонирхол, өөрийн хүслээр зохиолоо бичдэг биш. Төрүүлсэн нийгэм, цаг үеийнхээ, эртний Грекийн сэтгэгч Аристотелийн хэлснээр бол бурхан тэнгэрийн тааллаар элчийн үүрэг гүйцэтгэн тэдний оюун санааны илэрхийллийг бидэнд дамжуулах үүрэгтэй. Өөрийн ухамсаргүй зарцын үүрэг гүйцэтгэх энэ эгшнийг онгод нь орсон хэмээн томъёолдог. Амьдралын хийгээд ертөнцийн мөн чанар дахь далд шинжийг уран зохиолын аргаар нээх боломжтой. Сүүлийн үеийн постмодернизмын онолчид уран зохиолын энэ шинжийг “Poetic Reason” (оросоор бол “поэтическое мышление”) гэж нэрлээд тайлж тайлбарласан нь бий. Монголоор дээрх нэр томъёог “шидэт мэдрэмж” гэж орчуулж болох байх. Жинхэнэ зохиолчийн жинхэнэ зохиол улс үндэстний оюун санааны гайхамшигтай үнэт зүйлсийг өөртөө хадгалсан энэ орчлонгийн хамгийн төгс бүтэц бүхий үгийн урлаг юм.

 

Уран зохиолын зөнч шинжийг нийгмийн хөгжилд ашиглаасай

 

-Уран зохиол судалдаг барууны хэдэн судлаачийн нэг сонирхолтой судалгаа уншсанаа санаж байна. Тэр судалгаа нь дэлхийн шилдэг 100 зохиолчийг шалгаруулсан судалгаа. Дэлхийн хэд хэдэн орны судлаач, уншигчдын дунд 200, 200 шилдэг гэж нэрлэгддэг зохиолчийн нэр, гол зохиолуудын нэрийг өгөөд шилдэг 100 зохиолчийг нэрлүүлээд, тэр нэрлэсэн хүмүүсийн дундаас хамгийн их дамтамжтай 100 зохиолчийг шалгаруулаад дараа нь улс бүрээс шалгарсан 100, 100 зохиолчоо дамтамжаар нь хөөгөөд дэлхийн шилдэг 100 зохиолчийг шалгаруулсан байдаг. 100 зохиолчийнхоо намтар түүхийг судалж үзвэл 90 зохиолч буюу 90 хувь нь нэг нийгэм нөгөө нийгмээр солигдох завсрын буюу зааг үед төрсөн нь харагдаж байж. Ингэхээр хүн төрөлхтний туулсан нийгмийн нийт цаг хугацаанд нэг нийгэм дараагийн нийгмээр солигдох үеийн завсрын үе хэдий хугацааг эзэлж байгааг судалж үзвэл нийгмийн нийт цаг хугацааны 8-10 хувийг нь л эзэлдэг байна. Дэлхийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг 100 зохиолчийн 90 орчим нь хүн төрөлхтний нийгмийн нийт цаг хугацааны 10 хувьд нь төрсөн болох нь харагдана. Энэ бол дээр бидний өгүүлсэн зохиолч хүн заяамал, тэр нийгэм, цаг үеийн юм уу байгаль ертөнцийн эрчим энергийн зүйл, удамшил хувьслын өвөрмөц зүй тогтлын бүтээгдэхүүн гэдэг нь батлагдаж байгаа хэрэг. Ийнхүү заяамал зохиолчийн жинхэнэ уран зохиол дотоод мөн чанартаа үнэт зүйлсийг тээдэг гэж дээр өгүүлсэн. Тэрхүү үнэт зүйлсийн нэг нь уран зохиолын зөнч шинж.

Би хувьдаа уран зохиол гэж үгийг увдис шид оруулан уран дүрслэл бүтээсэн үгийн урлагийг хэлнэ гэж тодорхойлдог. Уран зохиол энэ шинжээрээ утга зохиолоос эрс ялгардаг зүйл. Нийгэм, цаг үе оюун санааныхаа хөтөч болох зохиолчоо дагуулж ирдэг тул өөрийнхөө хамгийн зөв зам мөр, хөгжил дэвшлийн цаашдын гарц гаргалгааг төрүүлсэн зохиолчийнхоо зохиолд л илэрхийлж таарна. Тиймээс аливаа нийгмийн хөгжлийн зөв зам мөрийг улстөрчдийн шийдэл юм уу эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээнээс хайхаас илүүтэй өөрийнх нь цаг үеийн жинхэнэ зохиолчийн зохиол бүтээлээс хайх нь хамгийн үр дүнтэй гэх үзэл ч бий. Монголын уран зохиолыг судалдаг судлаач хүний хувьд цаг хугацааг улираан ажиглахад 1921 оны ардын хувьсгалын дараах Монголын нийгмийн хөгжлийг Д.Нацагдорж тэргүүтний, 1960-аад оны Монголын нийгэмд өрнөсөн их өөрчлөн байгуулалтын дараах замналыг Б.Явуухулан нарын, 1980-аад оны нийгэмд өрнөсөн өөрчлөн байгуулалт шинэчлэлтийн салхи түүний учир шалтгааныг тухайн үеийнх нь гол зохиолчдын зохиол бүтээлээс нь шүүрдэн судалж, өнөөдрийн өндөрлөгөөс харахад юунаас болоод алдаж, юун дээр нь онож вэ гэдгийг тодруулан, цаашдын сургамж, энэ тэрээ боловсруулж, нийгмийн хөгжил дэвшил, зам мөрд зөв тусгах хэрэгтэй гэдэг нь тодорхой харагддаг. Үгүй дээ л өнөөгийн нийгмийн хөгжил дэвшил, ирээдүйн замналд энэ цагийн буюу 1990-ээд оноос хойшх гол зохиолчдын зохиол бүтээлд ямар гарц гаргалгаа, шийдэл байгааг судлан шинжилж, ашиглаж болох зүйлд нь ашиглаж, хэрэгжүүлэх зүйлсийг нь хэрэгжүүлээд явж болно. Үүнд төрийн алсын хараатай цогц бодлого, мань мэтийн судлаач нэртнүүдийн сэтгэл, хөдөлмөр аль аль нь дутаад байх шиг байна. Ингээд бодохоор уран зохиолын зөнч шинж, гүн гүнзгий утга агуулгыг хувь уншигч төдийгүй нийгмийн хөгжил дэвшилд анхаарч үзэх хэрэгтэй нь тодорхой байгаа биз дээ.           

 

Сургалтад төр, засаг илүү анхаарах хэрэгтэй

 

-Уран зохиолын үнэт зүйлийн заримаас өмнө өгүүлсэн нь уран зохиолын мөн чанарын нэгээхэн л хэсэг. Улс үндэстний оюун санааны чинадын чинад эрчим энергийн илэрхийлэл болох зохиолын үнэт зүйлс хязгааргүй л дээ. Аль ч талаас нь авч үзэхэд тэнд өөрийн гэсэн өвөрмөц үнэт зүйлс байж л байдаг. Үүнд л уран зохиолын гайхамшиг оршдог юм. Хэдэн мянган жилийн өмнө туурвисан зохиолыг өнөөгийн хүмүүс уншаад бишрэн хүндэтгэдэг. Хамгийн сонирхолтой нь тэр зохиолыг 1000 жилийн өмнөх уншигчдын уншиж ухаарч байснаас шал өөр зүйлийг буюу өнөөгийн хөгжил дэвшил, ухаарал бодролын үүднээсээ цоо шинийг олж хараад тэндээс өөрийгөө болон өрөөлийг тольддог. Өөрөөр хэлбэл, уран зохиол бол хүний оюун ухааныг урин дуудаж, ховсдоод, түүнийг тэтгэх хамгийн хүчтэй амин дэм л дээ. Тиймээс Францын орчин үеийн уран зохиол судлаач, онолч Jean Claude Ellena “Smell is a word, perfume is literature” буюу “Үнэр бол үг, үнэртэн бол уран зохиол” гэж хэлсэн байдаг. Энэ мэт гайхамшгуудаасаа болоод уран зохиол түүхэн хөгжлийн явцдаа сонгодог классик, сонгомол, хээнцэр, нийтийн гэсэн олон янз болж, түүний хязгааргүй гайхамшигт мөн чанарыг ухаарч үл чадах бядуу этгээдүүдийн санаатай, санамсаргүй үйлдлээс үүдэж уран зохиолын үнэлэмж өөрчлөгдөж, хувьссан нь ч бий.

Энэ бүхэнд хүндэтгэлтэй хандаж болох ч улс үндэстний нийтийн боловсрол буюу шат шатны сургалт дахь уран зохиолын хичээлд төр урт хугацааны тогтолцоотой бодлого баримтлах ёстой. Дэлхий нийтийн жишиг ч ийм байна шүү дээ. Ингэж хэлж байгаагийн шалтгаан нь хоёр зүйл байна. Нэгдүгээрт, зарим их мэдэгчид Хятад, Солонгос, Япон улсын бага, дунд, ахлах сургуульд уран зохиолын хичээл ордоггүй, тэгээд болоод л байдаг мэтээр ярих нь их. Тийм хүмүүст хандаж хэлэхэд уучлаарай, газар дээр нь очоод үз, бас жаахан унш, мэдэхгүй юмаа мэддэг мэтээр битгий бур гэмээр байна. Миний хувьд сүүлийн хэдэн жил БНСУ-ын Гадаад судлалын их сургуульд хоёр, Токиогийн Гадаад судлалын их сургуульд гурван жил, Хятадад ч бас л багагүй хугацаатай багшилж, ажиллаж амьдарлаа. Хүүхдүүд маань хамт очоод тэндэхийн сургуулиудад сурсан. Би хүүхдүүдийнхээ эх хэл гэсэн хичээлийн сурах бичигтэй хичээлийг нь давтуулах, бас судлах үүднээс дэлгэрэнгүй танилцдаг байсан. Мөн тухайн улсуудын боловсролын эрх бүхий байгууллагуудын албан хаагчид, судлаачидтай холбоо барьж цаг авч уулзаж, олон асууж лавласан, бас судласан ч гэж хэлж болох байх. Энэ улсуудад эх хэл гэсэн хичээл нь хамгийн товчдоо хоёр үндсэн үүрэгтэй. Мэдээж туслах үүрэг олон л доо. Тэр хоёр үндсэн үүрэг нь хүүхдийг эх хэл талаас нь хэрэглээнд сургадаг. Эх хэлээр бичсэн уран зохиолоор нь ирээдүйн зөв иргэн хүнийг бэлтгэдэг юм билээ. Тиймээс уран зохиолын хичээл аль ч улсын сургалтад онцгой чухал ач холбогдолтой. Зөв сайн хүн болоогүй хүүхдэд ямар ч сайн боловсрол эзэмшүүлээд үр дүн гарахгүй. Харин ч муу сөрөг үр дүн л гарах байх. Манайд сүүлийн үед яг ийм байна.

Миний хувьд төр, засаг удирдаж байгаа өнөөгийн их удирдагчдаа яг ингэж хардаг, уучлаарай. Худлаа хэлээгүй шүү. Та нар УИХ-ын гишүүд, сайд, дарга нарынхаа намтрыг үзээрэй, дэлхийн нэртэй хэд хэдэн их сургууль төгссөн хүмүүс. Гэвч хийж байгаа үйлдлүүдийг нь хар л даа. Нийгмийнхээ хөгжил, иргэдийнхээ ахуй амьдралыг хар. Учир нь өөрсдийгөө боловсролтойд тооцдог цагаан захтнууд хүн болж төлөвшөөгүй учраас юун улс удирдах, улс хорлон сүйтгэх үйл ажиллагааг л сайн хийж байна. Буддын шашны сургаальд гурван янзын шавь байдаг тэднээс хамгийн хортой, ном огт зааж болохгүй нь юмыг сайн сурдаг, сурсан зүйлээ ямагт буруу зүйлд ашигладаг шавь гэж бичсэн байдаг даа. Бодох л асуудал. Хоёрдугаарт, манайд бүх шатны сургалтад уран зохиолын хичээл орж байгаа нь үнэн. Гэхдээ тэр сургалт үндсээрээ буруу байх шиг. Наад зах нь хөтөлбөр, сурах бичгийг байнга л өөрчилдөг, өөрчлөх бүртээ чанарыг нь муутгаж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулна. Ганцхан уран зохиолын хичээл ч ийм биш. Үүний цаана бизнес байдаг биз. Алийн болгон ингэж явах вэ. Боловсролыг ингэж бизнес болгодог мунхаг үйлдлээ нэн даруй зогсоож, нэг удаа улс орон даяар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлээд бага, дунд, ахлах сургуулийн бүх хичээлийн хөтөлбөрийг өмнөх шиг бизнесийн бүлэглэл бүхий амташиж, гаршсан нөхдөөр бус үндэсний хэмжээний гол мэргэжилтнүүдээр өөрсдийнхөө уламжлалт сургалтын ололт амжилтад суурилуулан дэлхий дахины ололттой зүйлүүдийг нэвтрүүлэн идээшүүлсэн үндэсний хөтөлбөрийг хийлгэж, түүндээ таарсан сайн сурах бичгийг зохиолгож, түүнийгээ хугацаа заагаад өөрчилж болохгүй гэж хуульчлах хэрэгтэй. Явц дунд нь тодорхой хэдэн жилийн дараа хөтөлбөр, сурах бичгээ өөрчлөх биш тодорхой хувийг нь сайжруулан засварлаад цааш явахаар хуульдаа тусгах хэрэгтэй байх. Ингэж өөрчлөхдөө уран зохиолын хичээлийг хүнийг хүн болгож төлөвшүүлэх гэсэн үндэслэл дээр тулгуурлан илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ энэ бол миний бодол шүү, уучлаарай. Өнөөгийн дэлхий нийтийн жишиг ч ийм. 

 

Төрийг сайн ёс суртахуунтай, зөв хүмүүжил, төлөвшилтэй иргэн цогцлооно 

 

-Хүн нийгмийн нэг гишүүний хувьд аливаа зүйлийг шат дараатай тогтолцоотой сурдаг нь ойлгомжтой. Энэ шинжид нь тулгуурлаад уран зохиолын хичээлийг бага сургуулийн эхний жилүүдэд унших бичиг хэлбэрээр, дараа нь зөв хандлага, төлөвшил суулгахад чиглүүлж, дунд сургуульд нь зөв иргэн болж төлөвшихөд нь анхаарч, ахлах сургуульд нь аливаа асуудлыг өргөн утгаар нь далайцтай харж, зөв мэдэрч ухаарсан зүйлээ өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн орчилд нь ончтой үнэлж дүгнээд дундаас нь хамгийн сайн зөвийг нь тогтоож чадах агуулгад чиглүүлэх хэрэгтэй гэж хардаг. Бүх их, дээд сургуулийн оюутнууд өөрсдөө судалж үзээд уран зохиолын сургалтыг хамгийн чанартай явуулж байгаа сургууль дээр очоод уран зохиолын боловсрол олгох зорилготой дуртай хичээлээ сонгоод үздэг байх боломжийг нээлттэй болгоосой гэж бодож байна. Энэ хэцүү асуудал биш. Сургуулиуд хоорондоо гэрээ хийгээд кредитээ хүлээн зөвшөөрч, оюутны сургалтын төлбөрийг шилжүүлээд л асуудлыг амар шийдэж болно. Бусад хичээлийг ч ингэж үзэх хэрэгтэй. Ингэвэл хөтөлбөр бүтнээрээ биш юмаа гэхэд зарим нэг хичээлд өрсөлдөөн гарч, тэр хэмжээгээр чанар нь сайжирна. Ийм жишиг дэлхийн нэртэй их сургуулиудад аль хэдийнэ нэвтэрсэн. Тухайлбал, бидний даган дуурайж, хүндэтгэж бишрээд байдаг АНУ-д уран зохиолын сургалтаараа тэргүүлэх байр суурьтай Иэлийн их сургуулийн уран зохиолын боловсрол олгоход чиглэсэн нэр бүхий хичээлүүд хамгийн их эрэлттэй хичээлүүд байдаг. Тэр сургуулийн уран зохиолын хичээлүүдийг Америкийн төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар оюутан залуус уралдан үздэг болсон байна. Угтаа бол залуус уран зохиолын ач холбогдол, үр өгөөжийг өндрөөр үнэлж байгаа хэрэг. Эцэст нь хэлэхэд Монголын төр нэн даруй боловсролоо бизнес гэж үзэхээ больж, сонгодог утгаар нь хөгжүүлэх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийнхөө үеэр уран зохиолын хичээлийн гүйцэтгэх үүргийг байх ёстой байранд нь тавих байх гэж найдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.14 ДАВАА № 238 (6463)

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

7 цаг 7 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 31 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

9 цаг 3 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

9 цаг 27 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

10 цаг 41 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

13 цаг 10 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

17 цаг 57 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

17 цаг 57 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

17 цаг 57 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин