Г.Нарантуяа: Хүний эрхийн зөрчлийн араас явах биш урьдчилж харахын тулд бүрэн  зураглал гаргаж байна

2020-12-10
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

С.УЯНГА

 

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-ын гишүүн, доктор Г.Нарантуяатай ярилцлаа.

 

-Энэ жилийн хүний эрхийн олон улсын өдөр цар тахлыг даван туулах уриан дор болж байна. ХЭҮК-ын хувьд ч орон тоо, бүтцийн хувьд ч нэлээн өргөжлөө. Комиссын таван гишүүн ажлаа аваад юунаас эхлэв?

-1948 онд НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан өдрийг олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирлээ. 2019 оны сүүлчээс гарсан короновируст халдварын цар тахал дэлхийн улс орнуудад нийтийн эрүүл мэндийг хамгаалах, энэ хүрээнд хүний зарим эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүссэн.

Энэ асуудал гарцаагүй 2020 оны анхаарал татсан, том асуудал учраас энэ жилийн хүний эрхийн өдрийг “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе” уриан дор зохион байгуулж байна.Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны нэгдүгээр сард батлагдаж, Комиссын гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг 2020 оны тавдугаар сараас арваннэгдүгээр сард зохион байгуулсан. Комиссын гишүүд арваннэгдүгээр сарын 6-нд томилогдож 18-наас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээж комиссын шинэ гишүүдийн эхний даалгавар бол цар тахалтай холбоотой үүссэн хүний эрхийн асуудал байлаа. Өнгөрсөн 20 хоногийн хугацаанд комиссын гишүүд бидэнд ирүүлсэн гомдол, мэдээлэл, тодорхой обьектуудад хийсэн ажиглалт, олон нийтийн хэвлэл мэдээллээр гаргасан мэдээллийн мөрөөр хийсэн ажиллагааны явцад цугларсан баримтад тулгуурлан Улсын онцгой комисст хоёр зөвлөмж, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, УОК-ын шуурхай штабт тус бүр нэг санал хүргүүллээ. Комисст өнөөдрийг хүртэл нийт 62 гомдол ирсэн байна. Мөн гомдолд бүртгэгдээгүй олон тооны мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч, боломжтой зөрчил дутагдлыг газар дээр нь шийдвэрлэж ирлээ. Тухайлбал, тусгаарлах байрны хоол, эргэлтийн цаг, хүнс хоол, орон байрны яаралтай тусламж хэрэгтэй байгаа хүмүүс, автозамын постуудад удаан хугацаагаар гацсан хүмүүс, хөл хорионы дэглэм сахиулж байгаа алба хаагчдын хөдөлмөр хамгааллын асуудлаар шуурхай арга хэмжээ авсан.Үүнээс гадна комиссын удирдлага, зохион байгуулалт, хэвийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрлэх, бодлого тодорхойлох нэлээдгүй ажил амжууллаа. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор женде­рийн асуудлаарх илтгэл хэлэлцүүллээ. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны гишүүн. Энэ холбооны жил бүр зохион байгуулдаг ээлжит хуралд цахимаар оролцлоо. Хүний эрхийн өдрийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ажлууд мөн явагдаж байна.

-Цар тахал, хүний эрхийн асуудлаар комисс хэрхэн ажиллах бодлого барьж байна вэ?

-Бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотой үүсч болох хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг бид цогцоор нь зураглахыг хичээн, хяналт мониторинг хийж байна. Ийм цогц зураглал нь хүний эрхийн асуудал гарсан хойно нь хөөж ажиллах биш урьдчилан харж, эрсдэлийг тооцох, эрсдэлийг бууруулах оновчтой арга хэмжээ авахад гамшгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа байгууллагад зөвлөж боломжийг бидэнд олгох юм. Одоогийн байдлаар бид хүний амь нас аюулгүй байдлыг хамгаалах, иргэний, улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах хүрээний 43 багц хяналтын чиглэлийг гаргаж, мэдээ баримт цуглуулж байна. Ийм хяналтын ажлыг наад зах нь зургаан сар үргэлжлэхээр тооцож, байнгын, уян хатан ажиллах горим бүрдүүлж байна. Гамшгийн удирдлагыг хэрэгжүүлэх байгууллагуудтай хүнд сурталгүй, шуурхай, үр дүнтэй хамтран ажиллах стратегийг барьсан. Цар тахлын асуудал зөвхөн, эмнэлэг гамшгийн асуудал биш. Нийгмийн, хүмүүнлэгийн, хүний эрхийн асуудал тул УОК, түүний шууд удирдлагад ажиллаж байгаа байгууллагуудад энэ асуудлыг ойлгуулах, үр дүнтэй зөвлөх шаардлагатай байгаа.

-Олон нийт хүний эрхийн зөрчлийг хатуу шүүмжилж байна. Ер нь юуг хүний эрхийн зөрчил гэж үзэх вэ гэдгийг ойлгох, шалгаж тогтоох ёстой биздээ?

-Үүссэн нөхцөл байдал комиссыг шуурхай ажиллахыг шаардаж байна. COVID-19 нэг талаасаа бидэнд том бэрхшээл боловч ухаалаг, үр дүнтэйгээр хамтран ажиллаж тогтолцооныхоо сул талыг илүү тод харах, сайжруулах боломж гэж харж байна.

Шууд хүний эрхийн зөрчил гэж дүгнэх боломжтой асуудлууд бий. Үүний зэрэгцээ зарим асуудлыг хүний эрхийн зөрчил гэж дүгнэхийн тулд тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэх ёстой. Тухайлбал, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний эрх, эрх чөлөөнд тогтоосон хязгаарлалт хэзээ хүний эрхийн зөрчил болох вэ гэдгийг үнэлдэг шалгуурууд бий. Зарим аймагт айлын хаалган дээр хаяг шошго наасан асуудлыг хүний эрхийн зөрчил гэж үзэх үндэслэл харагдаж байгаа. Учир нь ийм арга хэмжээ хүнлэг арга хэлбэртэй, хүнийг хамгийн бага эрсдэлд оруулах, эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авсан байхыг шаардана. Айлын хаалганд наалт, хаяг шошго нааж байгаа нь хүнлэг бус арга хэлбэртэй бөгөөд хүмүүсийг ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтад өртөх эрсдэлийг бий болгож болзошгүй. Гэтэл үүнээс өөр арга замаар өөрөөр хэлбэл, нийгмийн, хөршийн хяналтыг бий болгохгүйгээр хөл хорио сахиулах арга байхгүй бол яах вэ гэдэг асуудал бий. Хувь хүний нууцыг хадгалсан, техник, технологи нэвтрүүлэх эсвэл хүмүүс тусгаарлаж байгаа гудамж, орцонд цагдаагийн хяналт тавих цагдаагийн бие бүрэлдэхүүн байхгүй, энэ арга зам боломжит, цорын ганц арга байгаа тохиолдолд асуудал өөр. Энэ арга хэмжээ гарцаагүй шаардлагатай байсан гэдгийгээ холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан нотлох үүрэгтэй. Үүнээс илүүтэй авсан арга хэмжээнээсээ үүдэн гарах эрсдэлийг тооцсон, бууруулах үр дүнтэй арга хэмжээ авах үүрэгтэй.

Хүний эрхийн зөрчил гэж юу болох, хүний эрхийн зөрчлийг хэрхэн тогтоодог тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай харагдаж байна. Нийгмийн шүүмжлэл бол ардчилсан нийгмийн эрүүл үйл явц юм. Асуудал ярьдаг, үзэл бодлоо илэрхийлдэг, диологи өрнүүлдэг нийгэм бол өнгөрсөн 30 жилд бидний олж авсан үнэт зүйл.

-Та мэргэжлийн байх гэсэн зарчмыг чухалчилна гэсэн. Олон нийтэд таалаг­дах, мэргэжлийн байх зарчим зөрчилдвөл яах вэ? 

-Олон нийтэд таалагдах шаардлага, мэргэжлийн байх зарчимтай зөрчилдвөл мэргэжлийн байх зарчмыг чухалчилна гэдгээ би хэлж байсан. Түрүүнд хэлсэн, хүний эрхийн зөрчлийг тогтоохын тулд үүссэн нөхцөл байдал, асуудлыг бүх талаас нь бүрэн дүүрэн шинжлэх ёстой. Энэ арга хэмжээ авсан байгууллага, албан тушаалтны тайлбар, учир шалтгааныг сонсож, үнэлэх ёстой. Нэг талаас хүний эрх, эрх чөлөөний орон зайг боломжит хамгийн дээд хэмжээнд хамгаалахдаа гамшгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа байгууллагуудад ажлаа хийх орон зай, боломжийг нь бас үлдээх ёстой. Хөл хорио сахиулж байгаа арга хэмжээ ойлгомжгүй, тодорхой бус, зарим тохиолдолд бодит үр дүн муу, нэр хэмээсэн шинжтэй харагдаж, явагдаж байгаа нь нийгэмд бухимдал үүсгэж байна. Ийм тохиолдолд тодорхой асуудлыг яагаад хүний эрхийн зөрчил гэж үзэл байгаа эсвэл үзэж байгаагаа нийгэмд тодорхой тайлбарлах, эсэргүүцэл, үл тэвчээртэй хандах, ахин дахин тайлбарлах шаардлагатай болж ирж байна.

-Та ХЭҮК-т референ­тээс ажлын албаны дарга хүртэл багагүй хугацаанд ажилласан. Сүүлийн жилүүдэд гаднаас нь харж дүгнэсэн зүйл ч бий байх. Том зургаар харвал комиссын гишүүн байх хугацаанд аль чиглэлд ямар тодорхой ажлууд хийх вэ?

-1990-ээд оноос хойш Монгол Улс улс төрийн шинэ дэглэмийг сонгож, хүний эрх, эрх чөлөөний асуудал агуулгын хувьд өөрчлөгдсөн. Өнгөрсөн 30 жил хүний эрх, эрх чөлөөний асуудал чухал болохыг төр, нийгэм ойлгож, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг шаардах үйл явц өрнөдөг болжээ. Гэхдээ хүний эрхийн эрх зүйг өөртөө эх сурвалж, онол номлолтой салбар эрх зүй гэдэг талаас нь тэр бүр хүмүүс ойлгодоггүй. Ийм бүрхэг ойлголт одоогийн манай хууль тогтоомж, тогтолцооны нэг хэсэг болсон. Комиссын гишүүнээр ажиллах хугацаандаа хүний эрхийн талаарх хууль тогтоомжийг сайжруулах тухайлбал, хуулийн зохицуулалтыг нарийн тодорхой болгох, хэрэгжүүлэх механизмийн уялдаа холбоог сайжруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжийг дээшлүүлэхэд голлон анхаарна. Энэ бол хүнээс үл хамааран ажиллах тогтолцоо бүтээх тухай асуудал юм. Хоёрдугаарт, комиссын мэргэжлийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, стандартжуулах шаардлагатай. Гуравдугаарт, олон улсын хүний эрхийг хамгаалах механизмтай хамтран ажиллах, энэ хүрээнд бий болгох туршлага, мэдлэг ойлголтыг эх орондоо үр дүнтэй ашиглахад анхаарна гэж төлөвлөж байна.

-Австралид хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докто­рын зэрэг хамгаал­сан. Мэргэшсэн чиглэ­лээрээ Монголд ямар шинэ салхи оруулж юу хийхийг хүсч, төлөвлөж байна вэ?

-Докторын зэрэг горилох судалгааны ажил маань олон улсын хүний эрхийн гэрээ Австрали, Монгол гэдэг тэс өөр хоёр улсын хууль эрх зүй, нийгэм, улс төрд ямар өөрчлөлт, нөлөөллийг бий болгож байгаа тухай асуудалд төвлөрсөн, олон улсын эрх зүйн онолын мэтгэлцээнд хувь нэмэр оруулах зорилготой ажил байсан. Энэ ажил нэг талаар миний туулж өнгөрүүлсэн мэргэжлийн туршлага дээр үндэслэсэн. Шинэхэн эрхзүйч байхдаа нийгмийн амьдралыг өөрчлөхөд хуулийн зохицуулах хүч чадал, ач холбогдлыг чухалчилдаг байлаа. Харин энэ судалгааны ажил маань надад хүний эрхийн гэрээ, хууль тогтоомжийн нийгмийн оюун санаа, сэтгэлгээ, соёл, улс төрийн нөхцөл байдалд дам боловч даацтай нөлөө үзүүлж байгаа үйл явцыг тод харах боломжийг олгосон. Философийн ийм дүгнэлтээс гадна судалгааны ажлыг хийж байх явцад олж авсан мэдлэг тухайлбал, улс орнуудын хүний эрхийн тогтолцооны мөн чанар, хүний эрхийн гэрээг бүтээдэг улс төрийн үйл явц, хууль тогтоомжийн талаарх мэдлэг маань комиссын гишүүнээр ажиллах түшиг тулгуур болох болов уу.

-Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байхын тулд яах ёстой вэ?

-Хүний эрхийг хамгаа­лахын тулд юуны өмнө ёс зүйтэй байх ёстой. Хэлж, хийж байгаа нь бодитой, үнэн байхаас гадна хувийн ашиг сонирхол, эгогоо мартаж ажиллах ёстой гэж боддог. Үүнээс гадна боловсрох, мэдэх хэрэгтэй.

-ХЭҮК-оос олон нийт “том” зүйлийг хүлээж байгаа. Эрх нь зөрчигдөж байгаа хүн бүр хамгаалуулахыг хүсдэг. Тийм хүч хангалттай байна уу?

-ХЭҮК цөмхөн бүрэлдэхүүн, бага төсөвтэй. Комисс 2014 онд орон нутгийн ажилтнуудтай болсон боловч тэднийгээ үйл ажиллагаа явуулах боломж нөхцлөөр хангаж чадаагүй байгаа. Хөрөнгө мөнгө, хүч хэрэгсэл, орон тоотой холбоотой олон бэрхшээл тоочиж болно. Материаллаг нөөц бололцоогоо сайжруулахад анхаарахын хажуугаар бид үйл ажиллагааныхаа арга барилыг өөрчилж шийдэх боломжтой асуудлууд бас бий. Байгаа нөөцөө оновчтой зохион байгуулж, өнөөгийн тогтолцоогоо зөв үнэлж, орон зайгаа мэдэрч, иргэний нийгэмтэй үр дүнтэй хамтран ажиллаж чадвал бидэнд бас чамгүй боломж бий. COVID-19-өөс гадна комиссын шинэ гишүүдийн хийх чухал нэг даалгавар бол “гэрээ улам засах” гэж харж байгаа. Олон нийт ХЭҮК-ын манлайллыг хүсч байна. ХЭҮК-ын стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа олон нийтийн санаа бодлыг сонсч, мэргэжлийн байгууллагуудтай хамтарна. Ямар ч байсан жилийн дараа арга барил, стратеги нь тодорхой, нэлээн чамбай хүний эрхийн байгууллага бий болох болов уу гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.10 ПҮРЭВ № 236 (6461)

 

 

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

7 цаг 18 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 43 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

9 цаг 15 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

9 цаг 38 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

10 цаг 53 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

13 цаг 22 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

18 цаг 8 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

18 цаг 8 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

18 цаг 8 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин