Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, статистик тандалт судалгаа, мэдээлэл технологийн албаны эмч, мэргэжилтэн Б.Нацагсүрэнг урилаа.
Халдвар аваад эдгэсэн хүмүүсийн сэтгэл түгших нь ихэссэн
Блиц
БОЛОВСРОЛ
-2008-2014 он: ЭМШУИС Хүний их эмч
-2014-2016 он: Сэтгэцийн эмч
-2019 он: Сэтгэл засалч эмч
-2017-2020 он: АШУҮИС Анагааах Ухааны магистр
-2019-2020 он: ХӨСҮТ Талбарын тархвар судлаач
Ажлын туршлага:
-2014 оноос: СЭМҮТ-д сэтгэцийн эмч.
-2018 оноос: СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, статистик тандалт судалгаа, мэдээлэл технологийн албаны эмч, мэргэжилтнээр ажиллаж байна.
Цар тахлын улмаас дэлхийн олон улс орон хөл хорио тогтоож, эдийн засгийн хямралд орсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд тодорхойгүй байдал, сэтгэл түгшилт, айдас, нойргүйдэл болон сэтгэл гутрал гэсэн сэтгэл зүйн хариу урвал, сэтгэцийн тулгамдсан асуудал үүсч байна.
Жишээлбэл, халдварын голомт болсон БНХАУ-д хийсэн судалгаагаар нийт хүн амын дунд сэтгэл түгшилт 29, сэтгэл гутрал 9-17, гэмтлийн дараах стрессийн эмгэг 36 хувийн тархалттай байсан. Монгол Улсын хувьд одоогийн байдлаар цар тахлын үед нийт хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа сэтгэцийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон судалгаа хараахан гараагүй байна. Харин СЭМҮТ, ХӨСҮТ-тэй хамтран Монгол Улсад COVID-19 халдварын улмаас эмчлүүлж эдгэрсэн хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх судалгааг энэ оны наймдугаар сард хийсэн. Судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн сэтгэл түгшилт 21, сэтгэл гутрал долоо, нойргүйдэл дөрвөн хувийн тархалттай байсан. Бид судалгааны дүнгээ ижил төстэй судалгааны дүнтэй харьцуулахад сэтгэл гутрал 7.2-12.2 хувиар бага, сэтгэл түгшилт 2.5-10.7 хувиар нэмэгдсэн байсан. Үүнийг Монгол Улсын нийт хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгтэй харьцуулахад сэтгэл гутрал, сэтгэл түгшилт нь бага зэрэг өндөр хувьтай байсан ч нойрны эмгэг бага тархалттай байна. Энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн 1800-2000 утсаар 1379 үйлчлүүлэгч холбогдож COVID-19 цар тахлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдээлэл, сэтгэлзүйн зөвлөгөө авсан. Дотооддоо халдвар батлагдсанаас хойш зөвлөгөө өгөх утасны ачаалал эрс нэмэгдэж, арваннэгдүгээр сарын сүүлийн 15 хоногт 1003 үйлчлүүлэгч холбогдож цар тахлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдээлэл, сэтгэлзүйн зөвлөгөө авсан байна.
Сэтгэл гутралд өрхийн орлого нөлөөлж байна
Монгол Улсын хүн амын дунд 2013 онд хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаанд хүйсийн хувьд эмэгтэй байх нь эрэгтэй хүнээс 2.2 дахин, нийгмийн талаас гэр бүл салсан эсвэл бэлэвсэн байх нь гэр бүлтэй хүнээс 2.3 дахин, ажилгүй байх нь ажил хийдэг хүнээс 2.1 дахин их сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлж байна гэсэн үр дүн гарсан. Харин COVID-19 халдвараар эмчлүүлж эдгэрсэн хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх судалгаанд сэтгэл түгшилт үүсэхэд хүйсийн хувьд эмэгтэй байх, гэрлэсэн гэр бүлтэй байх, дээд боловсролтой, коронавируст халдварын улмаас ажил амьдралд нь өөрчлөлт орсон зэрэг хүчин зүйл нөлөөлж байсан. Сэтгэл гутрал, нойргүйдэл үүсэхэд эмэгтэй байх, өрхийн орлого өөрчлөгдсөн байдал нь нөлөөлж байна гэсэн үр дүн гарсан.
Одоо үүссэн нөхцөл байдал нь дэлхийн улс орнуудын иргэдэд тулгарч байгаа асуудал юм. Өнөөдрийн байдлаар дэлхийд 300 сая хүн сэтгэл гутралаас болж шаналж байна. COVID-19 халдвар нь хүн амын дундах стресс, бухимдлыг нэмэгдүүлж байгаа нэгэн том хүчин зүйл болж эхэллээ. Тухайлбал, бие махбодийн хувьд амьсгал давчдах, даралт ихсэх, зүрх дэлсэх шинж илэрч бие зовиурлана. Сэтгэл хөдлөлийн талаас сэтгэл түгших, уурлаж бухимдах, сэтгэл тогтворгүй, өөртөө итгэлгүй болох, ганцаардах, гуниглах, эргэлзэж тээнэгэлзэхээс гадна бусдыг буруутгаж эхэлнэ. Танин мэдэхүйн талаас анхаарал сарних, мартамхай болох, анхаарал төвлөрүүлэх чадвар, сэтгэн бодох чадвар, шийдвэр гаргах чадвар буурч байна. Төрх үйлийн талаас цахим орчин, архи, тамхины зохисгүй хэрэглээ, нойрны хэмнэл өөрчлөгдөх гэсэн шинж иргэдийн дунд түгээмэл илэрч байна.
Тиймээс хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, стресс тайлах ур чадварыг эзэмших сургалтыг олон нийтэд хүргэх арга замыг сайжруулан, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүүхэд ахуй наснаас олгох нь ирээдүйд стресс даван туулах чадвартай, сэтгэл зүйн дархлаатай, дасан зохицох чадвартай хувь хүн бий болох үндэс юм. Иймээс СЭМҮТ нь БСШУЯ-тай хамтран 2018 оноос эхлэн ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн агуулгад сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтуудыг насны онцлогт тааруулан тусгаж, эрүүл мэндийн боловсролыг олгож байгаа.
Цар тахлын мэдээллийг баттай эх сурвалжаас авах хэрэгтэй
Сэтгэл гутралын үед сэтгэл санаагаар унах, сөрөг бодолд автах, тамир тэнхээгүй болсон мэт санагдах, сэдэл тэмүүлэлгүй болох, нойргүйдэл, нийгмийн идэвх сонирхол буурах гэсэн олон шинж тэмдэг илэрдэг. Сэтгэл санаагаар унах, сэтгэл гутрал үүсэхэд удамшил, нас, хүйс, гэр бүлийн байдал, ажилгүйдэл, эдийн засгийн байдал гэсэн нийгмийн хүчин зүйл нөлөөлдөг.
Тиймээс иргэд COVID-19 халдварын талаарх мэдээллийг баттай эх сурвалжаас авч, авсан мэдээлэлдээ оюун дүгнэлт хийх, цахим орчныг зүй зохистой хэрэглэж сэтгэл зүйгээ тайван байлгах хэрэгтэй. Энэ халдварт өвчнөөр хэн ч өвдөх боломжтой учир халдвараар өвчилсөн, сэжигтэй иргэдийг ад үзэхгүй, ялгаварлан гадуурхахгүй байх, сөрөг мэдээллийг цааш түгээж өөрийгөө болон бусдыг стресстүүлэхгүй байх нь өөрийн болон бусдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж байгаа хэлбэр юм.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа иргэд цар тахлаас үүдсэн стрессээ даван туулж, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хичээж байна. Иргэд стрессдэж, бухимдаж байгаа зүйлээ таньж мэдэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь үүнийг даван туулах эхний алхам юм. Дараа нь өөрсдийн хувь хүний онцлог, амьдралын хэв маяг, орчин нөхцөлдөө тохирсон стресс тайлах энгийн аргыг хэрэглэж, дадал болговол илүү үр дүнд хүрнэ. Мөн гэр бүл, эргэн тойрны хүмүүс, найз нөхөд, хамт олонтойгоо таагүй мэдрэмжээ ичиж, санаа зоволгүй илэрхийлж, шаардлагатай үед мэргэжлийн байгууллагаас тусламж авах хэрэгтэй. Хүний амьдралд стрессгүй үе гэж байхгүй, харин стрессээ тайлж, шийдвэрлэж чадахгүй байх үе тохиолддог. Хөл хорионд орохоос өмнө бидний амьдралд сэтгэл шаналгасан, таагүй мэдрэмж төрсөн үе олон байсан.
Тухайн үед стрессийг даван туулахдаа ашиглаж байсан өөрийн аргаа дахин хэрэглэх эсвэл шинэ аргуудыг хайж, хэрэглэж өөртөө дадал болгоорой. Жишээлбэл, хөл хорионд байгаа орчиндоо тааруулан өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж болно. Төлөвлөгөө гаргахдаа гэртээ байгаа боломжоо ашиглан өөрийн хийхийг хүсдэг байсан зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, бодитойгоор хэрэгжүүлэх нь стрессийг бууруулж, эрч хүч, урам зоригтой болгодог. Бухимдлаа тайлж, зохицуулахгүй удаан хугацаанд байх нь стрессийн шалтгаант сэтгэцийн болон биеийн эмгэгээр өвдөх эрсдэлт хүчин зүйл болдог.
Манай улс Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөр болон бусад Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 21 аймаг, есөн дүүргийн сэтгэц-наркологийн кабинетаар дамжуулан хүртээмжтэй үзүүлэхээс гадна өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн 1800-2000 тоот утсаар дамжуулан иргэдэд 24 цагийн сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
Цар тахлын үед тусгаарлагдаж байгаа болон халдвар авсан иргэдэд шаардлагатай үед нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохих стандартын дагуу үзүүлэн ажиллаж байна. Мөн манай төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УОК-ын шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Цагдаагийн ерөнхий газартай хамтран цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, онцгой байдал болон цагдаагийн алба хаагчдад сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөөг тасралтгүй өгч ажиллаж байгаа. Нэгэнт үүссэн нөхцлийг бид өөрчлөх боломжгүй учир хүлээн зөвшөөрч, дасан зохицож ажил, амьдралаа аль болох хэвийн үргэлжлүүлэхийг хичээгээрэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.7 ДАВАА № 233 (6458)