Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг”-ийн зочноор Мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх үндэсний төвийн захирал Ч.Чулуунцэцэгийг урилаа.
-Хөл хорионы дэглэмд халамж тараах биш, дундаж давхаргыг дэмжье гэсэн судалгаа хийжээ. Үүнийгээ тодруулна уу?
-Монгол Улсын хүн амыг тоолж үзье. Монгол Улс 3.296.866 хүн амтай.Үүнээс 0-18 насны хүүхдүүд 1.261.070, 55-аас дээш насныхан буюу тэтгэврийнхэн 374.428, төрийн бүх хэлбэрийн албан хаагчид буюу төрөөс цалинжигсад 198.463, хөгжлийн бэрхшээлтэй 105.730, гадаадад байнга оршин суудаг 19.470, гадаадад ажиллаж байгаа 144.483, насанд хүрсэн ял эдэлж байгаа 12.651 хүн, гадаадад ял эдэлж байгаа 124 хүн, малчин 285.482, орон гэргүй тэнэмэл 4.789 хүн, мансуурагч болон архины хамааралтай 64.000 хүн, гурван саяас дээш орлоготой буюу бусдаас хоол гуйчихгүй “баячууд” 222.561 байна. Энэ бол статистикийн газрын сайтаас авсан тоон мэдээлэл. Тэгэхээр бодит тоо гэж үзэж байна. Эдгээрийг нийт хүн амын тооноос хасахаар 603.615 хүн байна. Үүнээс оюутнуудаа хасч үлдсэн хэдээс нь ажил олгогч, амьдралаа аваад явчих чадвартай, мэргэжил мэдлэгтэй хэдийг нь шигшээд авахад ойролцоогоор 300-400 мянган хүн үлдэнэ. Энэ хүмүүс чинь яг одоо Монголд байгаа хувиараа ажил эрхэлдэг, амьдрахын төлөө зүтгэдэг, үр хүүхдээ тэжээж байгаа дундаж давхаргынхан шүү дээ. Эд нарыг энэ хөл хорионы үеэр доош нь гулгуулаад нэн ядуу, ядуу бүлэгт оруулчихвал Монгол Улс тэр чигтээ нэн ядуу улс болж хувирна. Тэгэхээр хавтгайрсан халамж бус дундаж давхаргынханд, жижиглэнгийн бизнес эрхлэгчид буюу жижиг дунд бизнес эрхлэгчид, ажил олгогчидод зориулсан төрийн бодлого хэрэгтэй байна.
-Энэ хүмүүсийг хангалттай дэмжээд дээрээс нь хариуцлага үүрүүлчихвэл дэлхий даяар нүүрлэж байгаа эдийн засгийн хямралыг хохирол багатай туулна гэж та үзэж байна уу?
-Тийм. Тэгэхээр миний санал бол эхлээд төр засаг өөрөө хороо, багаар нь дамжуулаад ганцхан өдрийн дотор энэ хүмүүсээ бүртгээд гаргаад ирмээр байна. Дараа нь 20-50 сая хүртэлх төгрөгийн төсөл бичүүлж аваад гэрээ хийгээд төслийг нь санхүүжүүлчихмээр байна л даа. Улсаас 800 тэрбум төгрөг л гарна. Хүүгүйгээр эргэн төлөгдөх нөхцөлтэй байж болно. Энэ бол өнгөрсөн хавар олон улсын байгууллагуудаас манай улсад өгсөн хандивын мөнгөний таль хувьд нь ч хүрэхгүй мөнгө. Гэхдээ төслийг зүгээр нэг санхүүжүүлээд, бэлэн мөнгө тараах бус энэ төсөлдөө шаардлага тавина, хөл хорионы үед хэрэгжиж болохоор, мөн өөрийн өрх гэр, үр хүүхэд, ах дүү нарын хэдэн хүнд тусалж дэмжиж болох цар хүрээ зэргийг нь харгалзана гээд.
Гэтэл Засгийн газрын бодлого нь буруу яваад байна, ерөнхийдөө халамжийн орон боллоо. Хөл хорино, хүнс, түлээ тараана гэх юм. Гэтэл дэлхий нийтэд нүүр тулсан цар тахалтай бид хөл нийлүүлж алхахаас өөр замгүй. Гэтэл төрөөс өгч байгаа халамжинд нь дундаж давхаргынхан ордоггүй, дансандаа хураасан мөнгөгүй, голдуу жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, лангуу түрээслэж үйлчилгээ явуулдаг хүмүүс байдаг.
-Төсвийн тодотгол хийнэ, хийхгүй гэлцэх юм. Аль нь зөв бэ?
-Төсвөө тодотгох ёстой. Ямар ч үзэгчгүй болсон музейг засварлахад хэдэн арван тэрбум төрөг төсөвлөх ямар ч шаардлагагүй. Яавал хоолтой байх вэ, хүүхдүүдээ өлсгөхгүй ямар арга байна гэж байгаа хүмүүс музей үзээд явах уу. Жуулчдад зориулж төсөв гаргах утгагүй. 400 сая жуулчин хүлээж авна гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Хөл хорио, цар тахлын үед улс орон дамжаад аялж жуулчлах хүн байхгүй. Түүний төлөө Хэнтий аймагт хэдэн арван тэрбумаар барилга барих шаардлагагүй. Эхнийх нь барьсан барилгууд ямар болсныг монголчууд бүгд харсан. 400 сая жуулчныг Монгол Улс яаж хүлээж авах вэ, хаана орогнуулах юм. Манай улсад өнгөрсөн хавар олон улсын байгууллагаас 1.6 их наяд төгрөг хандив тусламжаар орж ирсэн. Түүний тайлан гарч ирэхгүй байна. Шуурхай мэдээллийн үеэр үүнийгээ тайлбарлаач гэж сэтгүүлч асуухад сангийн сайд Хүрэлбаатар “17 цагт Сангийн яаман дээр хүрээд ир, тусад нь тайлбарлая” гэсэн. Юу болсон, ямар мэдээлэл өгсөн нь бүрхэг үлдсэн. Тэр 1.6 их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ. Ерөнхийлөгч жил бүр төсөвт хориг тавьдаг. Засгийн газар хоригийг хүлээж авалгүй жил бүр батлаад, жил бүр алдагдалтай төсөвтэй дараагийн ондоо ордог.
-Та бас Монгол Улсын хөрөнгийг тоолсон байдаг?
-Нэг сая 566 мянган км/кв газар нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19 дүгээрт жагсдаг Монгол Улсад наад захын хөрөнгийг нь тоолоход дараах байдлаар гарч ирж байна. Үүнд таван хошуу мал 70.969.320 толгой. Мөн 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Зөвхөн бүртгэгдсэн нь шүү. Энд:
1.619 сая тонн алт, 227.000 сая тонн мөнгө, 36.3 сая тонн зэс, 660 сая тонн төмрийн хүдэр, 5.9 сая тонн цайр, 250 сая тонн нефть, 175 тэрбум тонн нүүрс байна. Монгол оронд нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг. Долоон баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэнтэй.
523 байгаль, түүхийн дурсгалт газар, 12 дархан цаазат газартай.
Нийлээд 67.000 км урт болох 3811 гол горхи, 500 м/куб эзлэхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м/кв талбай бүхий 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн хоёрхон нийслэлийн нэг.
Жилийн дөрвөн улиралтай. Цөл, хангай, говь, тайга байхгүй орчин алга. Газар нутгийн маргаан байхгүй. Миний энэ тоо Дэлхийн банк манай улсын хөрөнгийг дээхнэ үед гаргасан. Түүн дээр гурван их наяд долларын хөрөнгөтэй гэж байсан санагдана. Ийм хөрөнгөтэй улс дэлхийн 193 улсаас эдийн засгаараа 111-д жагсдаг. Уг нь бол хөрөнгөө хүн амдаа хуваавал дөнгөж төрсөн нярайгаас өнөө маргаашгүй болсон хөгшид нь хүртэл долларын тэрбумтангууд болохоор. Энэ хэний буруу вэ гэдэг асуулт гарч байна. Тэгэхээр төслийн ерөнхийд нь захиран зарцуулагч Засгийн газар л буруутай.
-Гэтэл гадаад улсаас байнга зээл тусламж авах юм?
-Тийм ээ. Ийм хөрөнгөтэй улс гаднаас юм гуймааргүй. Улс орнуудаас тусламж авч байхын оронд нэгнээс нь махны үйлдвэр байгуулах технологийг, тоног төхөөрмжтэй нь оруулж ирж яагаад болохгүй гэж. Тэгвэл 70 сая малтай манай улс түүнийг дагуулаад гоёл чимэглэл, ноос, арьс, цавуу гэх мэт төрөлжсөн зургаан үйлдвэр байгуулах боломжтой. Үүгээр иргэд хангалттай амьдарч чадна. Тэргүүлэх салбарынхаа бодлогыг зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг бол уул уурхай хөгжүүлнэ гэж гадныханд баахан лиценз өгдөг, эсвэл барилгажуулна гээд өчнөөн байшин барьдаг. Түүний оронд боловсрол, мал аж ахуйн салбараа хөгжүүлбэл дээр дурдсан 300-400 хүнийг хангалттай цалин өгөөд аваад явж болно. Тэд эргээд үр хүүхэд, оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийн хөгшдөө аваад явчихна шүү дээ
-Олон улсын хандивын зарцуулалт тодорхойгүй гэлээ. Дотоодын хандив хаачсан бэ гэдгийг судлав уу?
-Нийгмийн доод түвшнийхэнд нэг ширхэг ч маск тараагаагүй. Тиймээс дотоодын хандивыг ил болго гэсэн шаардлагыг тавих нь зүйтэй. Арай үүний ард бизнес явагдаад байгаа юм биш биз. Хууль бусар мөнгө завшсан асуудал байгаа юм биш биз. Энэ талаар би Эрүүл мэндийн сайд асан, одоо БОАЖ-ын сайдаар ажиллаж байгаа Д.Сарангэрэлийг АТГ, Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ТАЗ, Сахилга бат, ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нарт өргөдөл өгсөн. Бүгд Төрийн албаны зөвлөл рүү шилжүүлсэн байна лээ. ТАЗ яаж шийдэхийг харж, хүлээж байна. ХӨСҮТ-ийн захирал Нямхүү эмч хэлэхдээ нэг өвчтөнг 6.7-8 сая төгрөгөөр эмчилж байна гэж ярьсан. Ямар эмчилгээ хийж байгаагаа ил гаргахгүй байгаа. Яагаад ил тод биш байгаа юм, юу нь болохгүй байгаа юм тэнд. Олон улсад ийм стандарт барьж байна гээд яагаад хэлэхгүй байгаа юм. Бид уушгины хатгаа тусахад эхлээд ямар эм уух, дараа нь ямар тариа хийлгэх, хүндэрсэн тохиолдолд ийм эмчилгээ хийлгэнэ гээд олон улсын стандартыг мэддэг. Антибиотикмийн бүлгийн эм, тарианууд хэрэглэгддэг. Сүрьеэг яаж эмчилдэг, ямар стандарттайг бид мэддэг. Covid-ийг эмчилдэг, ДЭМБ-аас зөвлөж байгаа тэр зөвлөмж нь яагаад нууц байгаа юм бэ. Өтөг нь үнэхээр 6.7-8 сая төгрөг болдог гэж үү. Өдөрт 800 мянган төгрөгийн эмчилгээ хийдэг гэх юм, түүнд нь юу ороод байгаа юм бэ. Ямар дусал хийж, ямар антибиотик хэрэглэдэг вэ. Хүмүүс яаж эдгэрч байгаа юм бэ гээд олон асуулт байна.
-Тэрийг тайлбарлахдаа “Хэрэв эмчилгээг ил тод зарлачихвал хүмүүс нууцаар өөрийгөө гэрээр эмчлэх, алдаа гарах эрсдэлтэй” гэж байсан?
-Тийм биш ээ, жишээ нь хатгаа авсан хүн гэртээ нууцаар өөрийгөө эмчлээд байдаггүй шүү дээ. Өрх, дүүрэг, гуравдугаар шатлалын эмнэлэг рүү явж дугаар аваад үзүүлж эмчлүүлдэг. Хүн болгон аминдаа хайртай. Covid тусчихаад нууцаар гэртээ эмчлээд байгаад байх хүн гарахгүй. Наадах чинь тайлбар биш. Аргацаасан, тархи угаасан зүйл ярьж, хүмүүсийг хуурч байна шүү дээ. Ямар ч хүн өвдөхөд эмнэлэг бараадна, ялангуяа энэ аюултай өвчний үед.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.1 МЯГМАР № 229 (6454)