Богд Жавзундамба хааныг 1924 оны хавар таалал төгссөнөөс хойш 6 сарын дараа бидний өвөг дээдэс Бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан юм билээ. Энэхүү түүхэн үйл явдлыг бидний үеийнхэн оюутан байхдаа тусгаар тогтнолоо анх тунхагласан өдөр хэмээн тэмдэглэж ихээхэн хөөрцөглөдөг байлаа. Харин Монгол улс маань 1924 онд биш бүр 1911 оны 12-р сарын 29-нд Манжчин улсын хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо олж, улсаа тунхаглан зарлаж байсан талаар нилээд хожим олж мэдэцгээсэн юм.
ХХ зууны хөгжлийн шинэ үедээ орсон улс орон маань энэ үйл явдлын дараа улс төрийн хувьд хэд хэдэн удаа мухардмал байдалд орж явсан боловч, одоогоос 96 жилийн өмнө энэ өдөр “Бүгд найрамдах улсаа байгуулж, анхдугаар үндсэн хууль баталж байжээ. Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байдаг аж.
Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэн дэлхийн олон орны сонорт хүрс байсан түүхтэй. Хэдийгээр тухайн цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө БНХАУ, ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм. Анхдугаар Үндсэн хуулинд “.. улсын дээд эрхийг ардад эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ.
Түүхийг сөхөж үзвэл манай анхны үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, МАХН-аас анх гаргаж, тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилж байжээ. Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын үндсэн хуулиудыг хуулах гэлээ гэсэн Коминтерний шахалтаар татан буулгаж, дараа нь 1924 оны 9-р сард Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халх дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч оролцож бүтэн 3 сар шахам хуралдан олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд нь “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь тухайн цаг үед хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам болсон ба анхдугаар үндсэн хуулиа баталсан 1924 оны энэ өдөр Бүрэн Эрхт БНМАУ-аа дотоод гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсаныг судлаачид манай улсын ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.
Анхдугаар Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллагыг хоёр танхимтай хууль тогтоох байгууллагын тогтолцоонд шилжүүлж, гүйцэтгэх байгууллагыг байгуулан, тэдгээрийн эрх хэмжээг тодорхойлсон байдаг. Үүгээрээ Улсын Их Хурал, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчид болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээ, харилцан хамаарлын эрх зүйн үндсийг анхлан томьёолсны зэрэгцээ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн сонгуулийн эрхийн оролцоог хүйсийн ялгаваргүйгээр хуульчлан Бүгд Найрамдах засаглалын хэлбэржилтийг бодитойгоор илэрхийлсэн түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг болсон юм.
Энэ үндсэн хуулиараа мөн улсын тусгаар тогтнолыг бататган, иргэдийн эрх, эрх чөлөөг бэхжүүлж, Феодалын нийгмийн хамжлагат ёсыг халж, иргэн ба төр гэсэн харьяат хамаарлын эрх зүйн үндсийг анх удаа тодорхойлсон байдаг. Ийнхүү ард иргэдэд хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг олгож, ардын эрхт шинэ дэглэмийг хуульчилсанаар олон оронд өнөөг хүртэл ноёрхож байгаа жендерийн тэгш бус эрхийн байдлыг тэртээ 96 жилийн өмнө халж, эрх тэгш байдлыг баталгаажуулж чадсанаараа онцлогтой.
Анхдугаар үндсэн хуулиараа мөн шүтэн бишрэх, эвлэлдэн нэгдэх, соён гэгээрэх зэрэг хүний үндсэн эрхийг хүлээн зөвшөөрч, нийт иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, хяналт тавих, тэдгээр байгууллагууд нь иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байх төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг хуульчилсан зэрэг нь тухайн үедээ эрх зүйн цоо шинэ сэтгэлгээ, үнэт зүйлс агуулсан байлаа.
Тус үндсэн хуулиар төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх хэмжээг анх удаа тогтоож, улсын дээд эрх мэдлийн байгууллагын хүрээнд аймаг, сум, хот, ардын цэргийн тойргууд шат дараалан хурал зохион байгуулах ба түүнээс сонгогдсон төлөөлөгчид тухайн орон нутгийн хүн амын тооноос шалтгаан Улсын Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, жил бүр хуралдаж байхаар тогтоосон байдаг.
Улсын Их Хурал нь 30 гишүүнийг сонгож Улсын Бага Хурлыг байгуулах бөгөөд Улсын Бага Хурлын эрх хэмжээ нь Засгийн газрыг байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх, хянан шалгах, үүрэг чиглэл өгөх, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, Улсын Их Хурал болон Засгийн газрын хуралдааныг зарлан хуралдуулах эрхтэй хамтын удирдлагын тогтолцоотой байгуулага байхаар заажээ. Мөн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид нь улсын дээд эрхийг Улсын Их Хурлын чөлөө цагт бүрэн хэрэгжүүлж, тэд хууль санаачлах ганц субьектийн эрхийг эдлэхээс гадна Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд шууд оролцох, хянах, Засгийн газар, түүний байгууллагууд хоорондын болон тэдгээрээс шалтгаалан гаргасан иргэдийн гомдлыг шалган эцэслэн барагдуулах, зарим үед шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, өршөөл уучлалүзүүлэх, ялыг хөнгөтгөх шийдвэр гаргаж байхаар зааж, Улсын Бага Хурал нь жилд хоёр удаа хуралдах бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг байхаар хуульчлан тогтоосон байна.
Үндсэн хууль нь дараа дараагийн Үндсэн хуулиудыг боловсруулан баталж гаргахад онол, арга, зүй, практикийн асар их ач тус бүхий тулгуур суурь болж, өнөөгийн шинэ нийгмийн байгууламжийн үзэл санааны эхлэл болсон билээ.
Ш.Пүрэвсүрэн
Эх сурвалж: www.polit.mn