Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

3 цаг 2 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж


Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар "УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг Энержи ресурс ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонссон тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 28-ны өдөр /Баасан гариг/-ийн нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад Төрийн ордны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:

- Өнөөдрийн амар амгаланг айлтгая. 28-ны өдрийн үдээс хойшхи чуулганы хуралдааны ирц хангагдсан байна. Хуралдааныг нээснийг мэдэгдье.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг “Энержи ресурс” ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсъё.

Асуулга, түүний хариуны талаар ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт хариулна. Даш.Зоригт сайдыг индэрт урьж байна.

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас 2010 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Ерөнхий сайд С.Батболдод хандаж Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг “Энержи ресурс”-т олгосон болон стратегийн ач холбогдол бүхий бусад ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаар тавьсан асуулгын хариуг бэлтгэж хүргүүлсэн болно. Асуудалд өгсөн хариуг товчхон танилцуулъя.

 

Нэг. Тавантолгойн Ухаахудагийн хэсгийн талаар.

“Энержи ресурс” ХХК нь өөрийн эзэмшиж байсан хайгуулын лицензүүдийг ашиглалтын лиценз болгох өргөдлийг хуучнаар АМГТХЭГ-т 2006 оны долдугаар сарын 8-нд гаргасан. Үүнийг тус газар хянан үзээд 2006 оны наймдугаар сарын 10-ны 789 тоот шийдвэрээр ашиглалтын лиценз болгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын лицензийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан. Энэ нь хуучин мөрдөж байсан хуулийн дагуу олгосон лицензийг хүчингүй болгож шинээр сонгон шалгаруулалтаар олгох асуудал биш, харин шинээр өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл авахад мөрдөх зохицуулалт болно.

Засгийн газраас 2007 оны арванхоёрдугаар сард удирдамж гаргаж ажлын хэсэг томилон ажиллуулсан. Ажлын хэсэг “Энержи ресурс” ХХК-ийн ашиглалтын лиценз бүхий Тавантолгойн орд газарт төрийн оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлыг дөрвөн сар орчим хугацаанд олон хувилбараар хэлэлцсэн. Эцэст нь “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшилд байсан зургаан лицензээс таван лицензийг өөртөө шилжүүлэн авч Тавантолгойн нүүрсний ордоос салангид орд болох Ухаахудаг талбайд ашигт малтмалын ашиглалтын нэг лицензийг үлдээхээр шийдвэрлэж Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж нар 2008 оны гуравдугаар сарын 21-нд ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээг байгуулсан болно.

Ухаахудагийн ордын ашиглалтын лицензийн талбайд ногдох нөөц Тавантолгойн ордын нийт нөөцийн 4.0 хувьтай тэнцэж байсан тул Ашигт малтмалын тухай хуульд “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод төрийн эзэмшил 50.0 хүртэл хувьтай байж болно” гэж зааснаас ч илүү хувийг төр өөртөө авч үлдсэн нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн хууль болсон гэж үзэж байна.

 

Хоёр. Тавантолгойн ордын талаар.

Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор баталсан болно. Тогтоолд “Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компанийн хэлбэрээр байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10.0 хувийг Монгол Улсын нийт иргэнд эзэмшүүлэх, 10.0 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах, 30.0 хүртэл хувийг дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах, түүнчлэн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, боомт ашиглалт, урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлийн асуудлаар хэлэлцээ хийж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани, консорциумыг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулах тухай” заасан болно.

Засгийн газар 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа болно. Засгийн газар 2010 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг ₮Эрдэнэс МГЛ₮ ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан. ТӨХ-ны 425 дугаар тогтоолоор баталсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн дүрэмд уг компани нь нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар заасан болно.

УИХ-ын 2010 оны 39, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно. Үүнд:

Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10.0 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх.

Хувьцааны 10.0 хувийг 2010 оны 6 дугаар сарын 30-наас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаад татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдах.

Хувьцааны 30.0 хүртэлх хувийг гадаад дотоодын Хөрөнгийн биржээр арилжиж, ордыг ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах зэргийг ажлууд орж байгаа болно.

УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ЭБЭХ-ний сайд, ТӨХ, Татварын ерөнхий газар, УБЕГ-ын даргын 2010 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хамтарсан тушаалаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах ажлын бэлтгэлийг хангахаар холбогдох хүмүүсийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа болно.

Засгийн газар 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан болно.

Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн нийт хувьцааны 10.0 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 10.0 хувийг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоогүй компани, хоршоо, нөхөрлөлд нэрлэсэн үнээр худалдах ажлын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ТӨХ, УБЕГ, Татварын ерөнхий газар, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаас, төлбөр тооцоо, хадгаламжийн төв зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

 

Гурав. Стратегийн ач холбогдол бүхий бусад орд газрын талаар.

Стратегийн ач холбогдол бүхий ураны Дорнод, Гурванбулаг, Мардайн ордуудын асуудлыг УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын дагуу зохицуулж байгаа болно.

Эдгээр хууль батлагдсанаас өмнө олгогдсон ураны хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг шилжүүлэн авч шинэчлэн бүртгэх, олгох ажиллагааг зохион байгуулсан. Эдгээр ордын лицензийг эзэмшиж байгаа компаниудын хувьцааг хуулийн дагуу эзэмших тухай асуудлыг зохицуулан ажиллаж байгаа болно.

Цагаансуваргын зэс молибдены ордын ашиглалтын лицензийг эзэмшигч “Монгол Алт” ХХК нь Цагаансуваргын ордын хайгуулын үр дүнгийн тайланг боловсруулж, уг ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Тус компанийн ордын ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд үүний дараа хуулийн дагуу төрийнх эзэмшлийн хувь хэмжээ, асуудал шийдэгдэх болно.

Асгатын мөнгөний ордын ашиглалтын лицензийг Монголын талын 51.0 хувийн оролцоотой хамтарсан компани эзэмшиж байгаа тул тус ордыг компани өөрөө арилжааны зээл авч төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байгаа юм. Уг ордыг ашиглалтад оруулах асуудлыг “Монголросцветмет” ХХК-ийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхэд зөвлөлийн Оросын талын зүгээс Асгат ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоос хасуулах санал оруулсан. ЭБЭХ-ний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уг ордын асуудлаар санал, дүгнэлт боловсруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа болно.

Төмөртэйн төмрийн хүдрийн ордын ашиглалтын лицензийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК эзэмшиж байна. Уг ордын ашиглалтын лицензийг эзэмшиж байсан “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын компаниуд, бусад дотоодын компаниуд уг ордын ашиглалтын лицензийг буцааж авах асуудлаар олон улсын шүүхэд гомдол гаргасан тул уг ордыг ашиглах гэрээ хэлцэл хийх асуудал хойшлогдож байгаа болно.

Бүрэнхааны фосфоритын орд нь лицензийг “Хөх толбот”, “Талст маргад”, “Сутай”, “Топ” зэрэг компаниуд эзэмшиж байна. Уг ордыг ашиглах асуудал дэд бүтцийн хөгжил болон зах зээлийн хэрэгцээ шаардлагаас хамааран хойшлогдож байгаа болно. Анхаарал тавьсанд баярлалаа

Үргэлжлэл бий

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 22 (7518)

Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

3 цаг 2 мин
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм.

6 цаг 45 мин
“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт

6 цаг 45 мин
“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ

“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт

6 цаг 45 мин
ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

20 цаг 29 мин
“GUYS” хамтлаг “Эр хүн” дуундаа зориулан клипний уралдаан зарлалаа

“GUYS” хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д гурван зүйлийн талаар мэдэгдэл хийлээ.

23 цаг 43 мин
Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

23 цаг 46 мин
Хятадын эдийн засгийн хөгжлийн түүх, үсрэнгүй хөгжлийн нууцыг таних түлхүүр-“Хятад улсыг тоогоор илэрхийлэхүй”-Хятадын хөгжлийн чиг баримжаа, хөгжлийн амжилт ном

Хятад улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөгжлийн ер бусын замыг гэтэлж, эдийн зас

23 цаг 49 мин
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Өчигдөр 12 цаг 30 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Тавтай морил, эрхэм Нарүхито

Өчигдөр 12 цаг 11 мин