Б.ДОЛЖИНЖАВ
Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас тогтоосон хөл хорио эрүүл мэндээс гадна ажлын байр, орлого гэсэн олон асуудалд хүмүүсийн санааг чилээж байна. Тухайлбал, Их Британи болон канадчуудын 21 хувь нь дөрөвдүгээр сараас хойш архи уух нь нэмэгдсэн байна. Гэвч Өмнөд Африкийн Засгийн газар архи согтууруулах ундааг худалдаалах болон тээвэрлэхийг хориглосон шинэ дүрэм гаргав. Энэ шийдвэрийг гаргаснаар архины улмаас гэмтэж, бэртэх, бие нь муудах гэсэн шалтгаанаар хүмүүст эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь багасна. Ингэснээр халдвар авсан иргэд хэвтэн эмчлүүлэх орны тоо нэмэгдэх юм. Мөн Тайланд, Энэтхэг, Кени улс цар тахлын үед зоогийн газруудаар архи, согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ.
Өмнөд Африкт нэг сая хүн согтууруулах ундааны бизнес эрхэлдэг
Гэхдээ Өмнөд Африк дөрвөн сарын хугацаатай энэ хоригоо наймдугаар сарын 15-нд цуцалсан юм. ДЭМБ-ын мэдээлснээр архины хэрэглээгээрээ дээгүүрт бичигддэг энэ улс хоригийг нааштай хүлээж авлаа. Өнгөт арьстнуудыг согтууруулах ундаа хэрэглэхийг Өмнөд Африкт хориглодог байх үед хууль бус бар, паб нь цагаан арьстнуудын эсэргүүцлийн бэлэг тэмдэг болдог байв. Энэ хоригийн тухай “Яг юу хэлэхээ мэдэхгүй байна. Би уй гашууд автсан” гэж барны үйлчлүүлэгч нэгэн эрхэм “Business Daily” сонинд ярьсан бол өөр нэгэн “Би сая доллар хожсон мэт санагдаж байна” хэмээн шар айраг худалдаж авахаар явж буй тухайгаа ярилаа.
Наймдугаар сарын эхээр Өмнөд Африк улс коронавирусын халдварын тоогоороо дэлхийд тавдугаарт жагсаж, эмнэлгүүд нэмэлт ор бэлдэх шаардлагатай болсон байв. Тус улсын иргэдийн зарим нь архи худалдаалахыг хориглосон нь зөв шийдвэр байсан гэдэгт эргэлзэж байна. Нэгэн газар бармен хийдэг Жоханнес Раматси энэ хоригийн улмаас ажлаа алдаж түүнд өөр ажил олдоогүй байна. Энэ тухай тэрээр “Надад муухай санагдаж байна. Би ажилдаа буцаж орж дөрвөн хүүхэддээ идэх хоол авч өгөх ёстой” гэв. Өмнөд Африк байгалийн жам ёсны бус үхлийн нас баралтаараа дэлхийд дээгүүр бичигддэг. Жилд 14 мянган хүн ослоор нас барж, өдөрт 60 хүн хэн нэгний гарт амиа алддаг байна.
Энэ хориг нь архи, согтууруулах ундаа худалдаалах бизнес хэрэглэдэг Өмнөд Африкийн нэг сая иргэнд хүнд туссан нь мэдээж. Учир нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувийг согтууруулах ундааны аж үйлдвэрүүд бүрдүүлдэг юм. Тиймээс хоригийн үеэр нууцаар худалдаалах хууль бус үйлдэл ихэссэн байна.
Түүх сөхвөл олон орон архи, согтууруулах ундааг хэрэглэхийг хориглож байсан. Тухайлбал, АНУ 1920-1930 онд хориглож байв. Харин өнөөдрийн байдлаар Мексикийн зарим муж халдварын улмаас түр хугацаагаар архи худалдаалахыг хоригложээ. Гэтэл иргэд хортой метанол агуулсан шингэн ууж амиа алдах нь ихэссэн байна.
“Архийг хориглосноор гэр бүлийн хүчирхийлэл багассан”
Гэхдээ архины хор хөнөөл асар их. ДЭМБ-ын мэдээлснээр жил бүр 4.5 сая хүн нас бардагийн гол шалтгаан нь архитай холбоотой байдаг аж. Эмэгтэйчүүдийн хүчирхийллйин эсрэг тэмцэгч, судлаач Бонгиве Ндондо цар тахлын үеэр согтууруулах ундаа хориглосон нь ямар эерэг үр нөлөө үзүүлсэн тухай “Тэдний орчин нөхцөл хэзээ ч сайн байгаагүй, тэд үргэлж аюулд ойрхон амьдарч байсан талаар олон эмэгтэй бидэнд ярьсан. Тиймээс архийг хориглосон нь олон хүнд аз жаргал бэлэглэсэн. Хэн нэгэн хүн эрүүл явж байхыг харахад хот өөр харагдаж байсан төдийгүй нийгмийн олон асуудал арилсан” гэж ярилаа.
Өмнөд Африкт түргэн тусламж авахаар очигсдын 85 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэснээс машин, мотоцикльтой осолдсон, танхайрсан зэргээр ирсэн нь энэ төрлийн гэмтэл хоёр дахин нэмэгдсэн явдал юм. “Өвчтөнүүдийн ихэнх нь яагаад толгойдоо гэмтэл авснаа мэдэхгүй хэмжээнд согтуу ирж байгаагаас үнэхээр их залхаж байна” гэж эмч, докторр Кэйти Жордан ярьжээ. Түүнтэй хамт ажилладаг Скотт Махони архи ба гэр бүлийн хүчирхийллийн хамаарлын тухай “Согтууруулах ундааны хэрэглээ өндөртэй орнуудад хүчирхийлэл, санамсаргүй осол гэмтлийн дуудлага эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал юм” гэлээ.
Харин Харвардын их сургуулийн эдийн засагч Жэффри Мирон энэ хориг архины хэрэглээг дэвэргэж, хууль бус худалдааг ихэсгэсэн гэв. Хууль бус худалдаа нь хүчирхийлэл, ядуурлын түвшинг ихэсгэж, тунг хэтрүүлэн хордох магадлалыг нэмэгдүүлдэг гэв. Мөн “Архинаас авдаг татварыг мартаж болохгүй. Энэ татвар нь ихэнх улсын эдийн засагт тийм их орон зай эзэлдэггүй байж болно. Гэтэл олон хүн ажлаа алдсанаар эрүүл мэндийн даатгалаа төлж чадахгүйд хүрч, сэтгэлээр унана. Ингэснээр тэдний эрүүл мэндийн байдал улам муудна. Тиймээс бар, паб гэсэн халдвар тархах эрсдэл өндөр газраа хязгаарлаж, дэлгүүрүүдэд худалдаалахыг зөвшөөрөх нь эдийн засагт үр нөлөөтэй” гэв.
Архи согтууруулах ундааг хориглохоос илүү хүмүүсийг боловсролтой болгох нь урт хугацааны үр дүнтэй, оновчтой шийдвэр гэсэн санаачлагыг зарим хүн дэвшүүлжээ. Дээрх яриануудаас үзвэл тахлын үеэр архийг бүр хориглох нь зөв эсэх нь дэлхий нийтээр эргэлзээтэй асуулт хэвээр үлдлээ.
Эх сурвалж:BBC