Т.Төгсбилгүүн: Тайланд технологийн дэвшил, бүх нийтийн оролцоогоор COVID-19-ийг тогтоож барьсан

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

С.УЯНГА

 

Дэлхий нийт COVID-19 цар тахалтай тэмцээд жил болж байна. Улс орнууд ямар арга барил, зохион байгуулалтаар цар тахалтай тэмцэж байгаа талаар 2015-2020 онд Монгол Улсаас Тайландын хаант улсад Элчин сайдаар  ажилласан дипломат Т.Төгсбилгүүнтэй ярилцлаа.

 

-Та Тайланд улсад таван жил эх орноо төлөөлөхдөө дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үед ч тус улсад ажиллаж байсан. Цар тахалтай тэмцэж байгаа улс орнуудын бодлого, зохион байгуулалтыг хэрхэн харж байна вэ?

-COVID-19 цар тахал дэлхий дахиныг түйвээж байгаа өнөө үед цөөн тооны орон л халдварын тархалтыг тогтоон барих талаар үр дүнтэй арга хэмжээ авч, амжилт олж байна. 

Эдгээр орны дийлэнх нь Ази тивд байгааг ажиглагчид хатуу сахилга бат, дээрээс өгсөн тушаалыг дуулгавартай биелүүлдэг дорнын сэтгэхүйтэй холбон тайлбарлах нь элбэг байна. Тухайлбал, Германд оршин суудаг Өмнөд Солонгосын гүн ухаантан Бьюн-Чүл Хан Күнзийн соёлын уламжлалаасаа үүдэн авторитар сэтгэлгээтэй Япон, Солонгос, Хятад, Хонгконг, Тайвань, Сингапур орон коронавирусын эсрэг тэмцэлд амжилт олж байгааг онцлон тэмдэглэсэн байна лээ. Гэхдээ энэ амжилтыг Азийн цөөн орны түүх, соёлын онцлогтой холбон тайлбарлах нь хэт өрөөсгөл юм. Учир нь улс төрийн дэглэмийн хувьд Өрнөдийн ардчилсан орнуудаас төдийлөн ялгарахааргүй Өмнөд Солонгос, Япон, Тайванийг авторитар гэж тодорхойлох нь оновчгүйн дээр цар тахалтай хийж буй тэмцэлд амжилт олж байгаа орнуудын тоонд зөвхөн Күнзийн соёлын уламжлалтай орнууд багтаж байгаа гэсэн үг хараахан биш. Тодруулбал, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайвань, Хонгконг, Хятадаас гадна цар тахлын тархалтыг зогсоох талаар Ази, Номхон далайн бүс нутгийн Тайланд, Шинэ Зеланд хэмээх хоёр орон багагүй амжилт олоод байгааг ДЭМБ-аас сайшаасан.

 

НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХОЁР ҮНДСЭН ҮЕ ШАТ БҮХИЙ  СТРАТЕГИЙГ 50 ГАРУЙ ЖИЛИЙН ӨМНӨ БОЛОВСРУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН

 

-Тайланд улс аялал жуулчлалаараа эдийн засгаа тэтгэдэг. Мөн цар тахал их эрт бүртгэгдсэн гэдэг утгаараа нэлээн бэрхшээлтэй нүүр тулсан хэрнээ маш үр дүнтэй тогтоон барьж чадсан нь юутай холбоотой вэ?

-Дээр дурдсан улс орнуудаас Тайландын  жишээ их онцлог, анхаарал татахуйц байгаа юм. Аялал жуулчлалын салбар эдийн засагт нь чухал байр суурь эзэлдэг Тайланд улсад энэ оны нэгдүгээр сард буюу аялал жуулчлалын ид оргил үед коронавирус  Хятадад дэгдсний дараахан илэрсэн. Тайланд уг өвчний тохиолдол бүртгэгдсэн хоёр дахь орон болоход ажиглагчид цар тахалд хүндээр нэрвэгдэнэ гэж тооцоолж байсан. 2019 онд Тайланд гадаадаас 39 сая жуулчин хүлээж авсан бол 2020 оны нэгдүгээр сарын байдлаар зөвхөн Хятадаас гэхэд олон мянган жуулчин, тэр дотроо цар тахлын голомт болсон Ухань мужаас долоон мянга орчим хүн Тайландад жуулчилсан байдаг. Тус улс Хятад, Европ болон АНУ-аас олон тооны жуулчин хүлээж авсан хэрнээ коронавирусыг тогтоон барьж чадсан юм. Тухайлбал, энэ сарын 21-ний өдрийн байдлаар тус улсад коронавирусын  3902 тохиолдол бүртгэгдсэнээс 3756 хүн бүрэн эдгэрч, 86 хүн эмчлүүлж байгаа бол 60 хүн нас барсан байна. Энэ бол 69 сая гаруй хүнтэй, дэлхийн аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болох орны хувьд томоохон амжилт юм.     

Өнөөдрийн дэлхий дахины хамгийн хөнөөлт дайсан болох цар тахалтай Тайланд амжилттай тэмцэж байгаагийн нууц нь юунд оршиж байгааг ажиглагчид олон янзаар тайлбарлаж байна. Тайланд дахь НҮБ-ын суурин зохицуулагч Засгийн газрын шийдэмгий арга хэмжээ, нийгмийн хариуцлага болон ард иргэдийнх нь эв санааны нэгдлийн нийлбэр ийнхүү амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, Тайланд улс коронавирустай  тэмцэхдээ зөвхөн хатуу хорио цээрийн дэглэм тогтоохоосоо илүүтэйгээр хувийн салбар, ард иргэд хийгээд иргэний нийгмийг татан оролцуулсан “whole of society” буюу “бүх нийтийг хамруулах” арга барилыг хэрэгжүүлсэн нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Цар тахалтай амжилттай тэмцэж байгаа орнууд бүхэлдээ эрүүл мэндийн сайн тогтолцоотой байхаас гадна олон нийт  нь Засгийн газартайгаа үр дүнтэй хамтран ажиллаж байна.

-Эрүүл мэндийн тогтолцоо, чанар хүртээмжийн хувьд  ямар зохион байгуулалттай хэрхэн ажиллав?

Тайланд улс олон арван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд маш сайн, үр дүнтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж чадсан гэж хэлж болно. Нийтийн эрүүл мэндийн тогтолцоогоо хөгжүүлэхэд хоёр үндсэн үе шат бүхий стратегийг 50 гаруй жилийн өмнө боловсруулан хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү стратегийн эхний үе шат нь нь эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад чиглэгдэж, үр дүнд нь мэргэжлийн өндөр түвшний эмч, эмнэлгийн ажилтнуудын тоо эрс нэмэгдсэн бол хоёр дахь үе шатны гол зорилт нь иргэдийг эрүүл мэндийн амин чухал үйлчилгээ тухайлбал, вакцинжуулалт болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжоор хангахад чиглэсэн. Дээрх стратегийн хоёр дахь үе шатны чухал бүрэлдэхүүн хэсэг нь тосгоны эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудын тогтолцоог үүсгэн байгуулах явдал байсан. Түүнээс гадна бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог 2000-аад оны эхээр нэвтрүүлсэн нь эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан. Энэхүү тогтолцооны хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгосноор ард иргэд харьяаллын эмнэлгүүдэд ямар ч хүндрэл бэрхшээлгүй үзүүлдэг болсон нь цар тахал дэгдсэн өнөө цагт уг вирусын халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэгдсэн бүх хүнийг богино хугацаанд тусгаарлан эмчлэх боломж бүрдсэн.             

Тайланд улс 2019 онд Дэлхийн эрүүл аюулгүй байдлын индекст зургадугаар байр эзэлж, Ази тивдээ тэргүүлсэн. Тухайлбал, эрүүл мэндийн тогтолцоогоор хоёр, өвчний урьдчилан сэргийлэлтээрээ гурав, түргэн шуурхай арга хэмжээ авах чадвараараа тавдугаар байрт орсноос үйлчилгээний хүртээмж, үр дүн харагдаж байгаа юм. Өнөөдрийн өөрчлөгдөн хувьсаж буй хэрэгцээнд дасан зохицох уян хатан чадвар хийгээд халдварт өвчинтэй тэмцэх өндөр чадварт суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлсэн учраас Тайланд улс коронавирусыг тогтоон барих чиглэлээр амжилтад хүрсэн.  Товчхондоо шаргуу хөдөлмөр болон нийгмийн бүх гишүүний оролцооны ачаар коронавирусыг тогтоон барьж, урьдчилан сэргийлж чадлаа.

 

УЛС ДАЯАР 1055000 ОРЧИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙН ДУРЫН АЖИЛТАН БАЙГААГИЙН 15000  БАНГКОКТ АЖИЛЛАЖ БАЙНА

 

-Тайланд бол сайн дурын ажилтнуудыг үр дүнтэй дайчилж байгаа орнуудын жишиг болсон улс. Эгзэгтэй үед сайн дурынхныг хэрхэн дайчилж байна вэ?

-Тайландын онцлог гэвэл тосгоны эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд коронавирустай хийж буй тэмцэлд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаад оршиж байна. Сайн дурын ажилтнуудын сүлжээг Тайландад анх 1977 онд эрүүл мэндийн анхан шатны тогтолцоог сайжруулах, ард иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих зорилгоор байгуулсан. Тухайн үед Тайландын хүн амд ногдох эмчийн тоо хангалтгүй байж, эрүүл мэндийн зохих үйлчилгээ авах боломж тааруу байснаас хүрэлцээ багатай эмнэлгийн ажилтнуудын тоог гүйцэлдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийг татан оролцуулж, тосгоны эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудын хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн байдаг.  

Өнөөдрийн байдлаар тус улс даяар 1055000 орчим эрүүл мэндийн сайн дурын ажилтан байгаагийн 15 мянга гаруй нь нийслэл Бангкок хотод ажиллаж байна. Сайн дурын ажилтнуудын олонх нь эмэгтэйчүүд байдаг.Орон нутаг, байршлаас шалтгаалан хүн бүр 10 хүртэлх өрхийг хариуцан ажилладаг. Сайн дурын ажилтнууд өөрсдийн орон нутаг, оршин суугчдаа сайн мэддэгийн хувьд коронавирусын цар тахал дэгдсэн өнөө үед тэд иргэдийн орж, гарч байгаа хөдөлгөөнийг хяналтад байлгаж, тосгоны айл өрхүүдийг байнга эргэж тойрч,  биеийн халууныг нь хэмжин, эмнэлгийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ сэрэмжлүүлэг  мэдээллийг түгээн тайлбарлана. Тосгоны эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд  Тайландын 77 мужид байрладаг халдварт өвчинтэй тэмцэх төвүүдийн харьяанд  өвчний тархалтыг хяналтад авахаар эрүүл мэндийн байгууллагуудтай хамгийн ойр хамтран ажилладаг. Тиймээс Тайландын эрүүл мэндийн бүх шатны энэ үр дүнтэй тогтолцоо коронавирусын тархалтыг тогтоон барьж, урьдчилан сэргийлэхэд их хувь нэмэр оруулсан гэж судлаачид тэмдэглэж байна.

-Манай улсын хувьд хатуу хөл хорио тогтоогоод төдийлөн удаагүй байгаа. Тэр утгаараа төрийн зарим шийдвэрт иргэд их бухимдаж байна. Тайланд улс хөл хориог ямар байдлаар тогтоож байв. Хөл хорионы үед хүмүүсийн хөдөлгөөнийг хэрхэн хянаж байсан вэ?

-Улсын онцгой комисс болон нийслэлийн захиргаанаас хоорондоо уялдаа бага, зөрчилтэй зарим шийдвэрээ эхнээс нь засч залруулж байгаа нь сайшаалтай явдал гэж иргэний хувьд бодож байна. Тайландын тухайд гэвэл өнгөрсөн гуравдугаар сард анх коронавирусын тохиолдол олноор илэрч эхлэхэд Засгийн газраас нь онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоох, хилээ хаах, үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох зэрэг арга хэмжээ авсан. Гэхдээ хөл хорио тогтоохдоо харьцангуй уян хатан байдлаар хандсан.

Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ өдөр тутмын амьдралд аль болохоор саад болохгүйгээр арга хэмжээ авсныг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, хөл хориог зөвхөн шөнийн 22:00 цагаас өглөөний 04:00  цаг хүртэл тогтоосон юм.

Зөвхөн хүнсний дэлгүүр, супермаркетуудыг өглөөний 09:00 цагаас 21:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн. Дэлгүүрт орж, гарахад Засгийн газраас нь нэвтрүүлсэн “Тай Чана” гэдэг гар утасны аппликейшнээр QR код уншуулж байсан. Энэ нь хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хянах, халдвар тархахад араас нь олж тогтооход цаг хугацаа, хүн хүч хэмнэсэн технологийн дэвшил ашигласан үр дүнтэй ажил болсон. Мэдээж хэрэг иргэд гараа тогтмол ариутган амны хаалт зүүж байсныг дурдах нь илүү биз. Ер нь тайчууд ариун цэврийг маш сайн сахидаг, гар барьж мэндлэхээс илүү алгаа хавсардаг уламжлалт “Вай” хэмээх мэндчилгээгээ хэрэглэдэг нь нэмэр болж байсан гэж боддог.                

-Хотын захын эмзэг бүлгийн иргэдэд хэрхэн үйлчлэх, хүргэлтийн үйлчилгээ гээд биднээс харьцангуй шинэ туршлага шаардаж байна. Коронавирусын тархалтыг хумихын тулд цаашид хэрхвэл дээр вэ. Таны хувьд гарц шийдлийг хэрхэн харж байна?

-Тайланд улсад хүргэлтийн үйлчилгээ өндөр түвшинд хөгжсөн. Тэгэхээр хүмүүс заавал дэлгүүр орж хоол, хүнсний зүйлээ худалдан авахгүй онлайн худалдан авалт хийх, хоолоо ч мөн  интернэтээр захиалж хүргүүлээд хэвшчихсэн байсан. Үүнийг COVID-19 гарахаас ч өмнө өргөн хэрэглэж байв. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд ард иргэдийг оройн цагаар хооронд нь уулзуулж бөөгнөрүүлэхгүй байхын тулд согтууруулах ундааг нөхцөл байдал сайжиртал хоёр сарын турш дэлгүүрүүдэд зарахыг хориглосон нь зөв зүйтэй арга хэмжээ болжээ гэж ажигласан. Үүнтэй холбогдуулан манайд ч гэсэн архи, спиртийн төрлийн зүйл худалдаалахыг түр хориглосон нь оновчтой шийдвэр боллоо гэж үзэж байна.

Эцэст нь цар тахлыг тогтоон барих Тайландын туршлагаас харахад зөвхөн хөл хорио тогтоож хязгаарлалтын арга хэмжээ авахаас гадна эрүүл мэндийн маш сайн тогтолцоо бүрдүүлсэн байх. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг сайтар нэвтрүүлэх, ард иргэд нь ариун цэврийг сайн сахидаг байх, төр, засгаас нь авч буй арга хэмжээгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэл сайтай байх зэрэг хүчин зүйлс маш чухал юм.    

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.25 ЛХАГВА № 226 (6451)

 

Hedhen hun amtai manai ulsiig yugaa ch medehgui heden mal udirdaad erguutej bndoo gutarmaar unheer, archaagui yaduu amidarch bn za tegeed uursduul uurchlugduhiig husehgui temzehgui bhaar iim bhaas ch yahuude hohi chin gemeer,
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

8 цаг 25 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 50 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

10 цаг 22 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

10 цаг 45 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

12 цаг 0 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

14 цаг 29 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

19 цаг 15 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

19 цаг 15 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

19 цаг 15 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин