З. ДАВААЖАВ
Ойрхи Дорнодын бүс нутаг гэдэг тодорхойлолт нь Ази, Европ болон Африк тивийг холбох газар нутгийг ерөнхийлөн нэрлэх бөгөөд Араб, Турк, Перс, Курд, Еврей, Ассир, Черкес, Армени зэрэг олон үндэстнүүд оршин суудаг. Энэ бүс нутагт дэлхийн хэмжээний томоохон гүрнүүд байхгүй боловч Саудын Араб, Иран, Турк, Израил зэрэг нөлөө бүхий улсууд оршин тогтнодог. Энэхүү бүс нутаг нь гурван тивийн зааг, газрын тосны нөөц болон шашны том төвүүд байдаг гэдэг үүднээс стратегийн чухал бүс нутаг бөгөөд хэн нь гол тоглогч вэ гэдэг асуудал байнга сөхөгдсөөр ирсэн.
Бүс нутгийн хүч гэсэн ойлголтыг Даниел Фламес өөрийн “Олон улсын харилцаан дахь Бүс нутгийн хүч хэмээх” нийтлэлдээ дөрвөн үндсэн шалгуурт тулгуурлан тодорхойлсон байдаг. Түүний үзэж буйгаар бүс нутгийн хүч нь:
1. Манлайлах бэлэн байдал
2. Шаардлагатай хүчний нөөц баялагтай байх (эдийн засаг, цэргийн хүч)
3. Гадаад бодлогын хэрэгжилт
4. Гуравдагч орноор зөвшөөрөгдсөн байх шалгууруудыг хангаж байгаа тохиолдолд тус улсыг бүс нутгийн хүч хэмээн үзнэ гэжээ.
Даниел Фламесийн тодорхойлолтоор Ойрхи Дорнодын орнуудыг шалгаруулж үзвэл Саудын Араб болон Иран нь энэхүү шаардлагыг бүрэн дүүрэн биш боловч бусад Ойрхи Дорнодын орнуудтай харьцуулахад тавигдаж буй шаардлагад илүү дөхөж очдог.
ИРАН УЛС
Лалын Бүгд Найрамдах Иран улс бол түүх талаасаа авч үзсэн ч гэсэн агуу Персийн эзэнт гүрний үргэлжлэл бөгөөд тэд энэ бүс нутагт эрт дээр үеэс гол тоглогч нь байсаар ирсэн. Тэдний энэхүү үзэл нь Фламесийн эхний шалгуурыг хангаж байна. Эдийн засгийн хувьд Иран нь цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлаас болон Барууны орнуудаас тавигдаж буй эдийн засгийн хоригийн уршгаар дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ нэлээд хэмжээгээр хумигдсан боловч Дэлхийн Банкны 2012 оны судалгаагаар Иран улсын ДНБ 552.4 тэрбум ам.доллар буюу Ойрхи Дорнодод Саудын Арабын дараа орох үзүүлэлтэй байв. Иран улс нь газрын тосны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээр байрт харин байгалийн хийн нөөцөөр Орос улсын дараа ордог. Цэргийн хүчний хувьд Иран улс 2014 оны байдлаар 1800000 байнгын цэрэг, 2409 танк, 481 цэргийн зориулалт бүхий нисэх хүчин, 395 усан замын флот, 6.3 тэрбум ам.долларын цэргийн төсөвтэй гэсэн үзүүлэлтээр дэлхийд 22 дугаар байрт жагссан. Гадаад бодлогын хувьд Иран улс нь тийм ч идэвхитэй үйл ажиллагааг явуулж байгаагүй. Хүйтэн Дайны үед, Иран улс нь гадаад хэргийн хараат биш байдлаа хэвээр хадгалан үлдэхийн тулд Эвсэлд Үл Нэгдэх хөдөлгөөнд нэгдэн орсон. Энэ нь Иран улсыг бусад орноос хараат гадаад бодлого явуулахыг хүсдэггүйн тод илэрхийлэл гэж судлаачид үздэг. Хассан Роуханни 2013 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Иран улсын гадаад бодлого илүү нээлттэй болж өгсөн бөгөөд Ираны үйл ажиллагааны талаар шинээр томилогдсон гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Европ болон АНУ-ын төлөөлөгчидтэй уулзан дипломат арга замаар асуудлыг шийдэхийг оролдсоор байна.
Гуравдагч орнуудын хувьд хөрш зэргэлдээ орнууд нь Иран улсыг гол тоглогч хэмээн үздэг ба дэлхийн томоохон улс орнууд Ираныг Ойрхи Дорнодод өөрийн байр суурийг нэн эртнээс тогтоосон хэмээн үзэж Ойрхи Дорнодын аюулгүй байдалд Иран улс чухал байр суурь эзэлдэг гэдэгтэй санал нийлдэг.
САУДЫН АРАБ
Саудын Араб нь газар нутгийн хувьд асар уудам нутгийг эзлэн орших ба Исламын шашны хамгийн чухал төв болох Мекка энэ улсад байдаг. Олон сая Исламын шашны мөргөлчид жил болгон Мекка хотноо дэлхийн өнцөг булан бүрээс ирж мөргөл үйлддэг. Тухайн бүс нутагтаа өөрийн ноёрхлыг тогтоох гэсэн Саудын Арабын эрмэлзлэл нь МЭ-ний VI зууны үеэс буюу зөнч Мохаммедын байлдан дагууллын үеэс улбаатай хэмээн судлаачид үздэг бөгөөд энэхүү эрмэлзлэл нь одоо ч гэсэн байсаар ирсэн. Арабын орнуудын хувьд Саудын Араб нь хамгийн нөлөө бүхий орон гэж тооцогддог ба бүсийн томоохон зөвлөл болох Булангийн Орнуудын Хамтын ажиллагааны Зөвлөл нь Саудын Арабын нийслэл болох Аль-Рияад хотноо үйл ажиллагаагаа явуулдаг. Эдийн засгийн хувьд Саудын Араб нь 711 тэрбум ам.долларын ДНБ-тэй гэсэн үзүүлэлтээр 2012 онд 19 дэх том эдийн засаг гэсэн үзүүлэлтийг Дэлхийн банкнаас гаргасан. Мөн тухайн жилд эдийн засгийн өсөлтийн хэмжээ нь долоон хувьтай байв. Саудын Арабын эдийн засгийн гол бүтээгдэхүүн бол газрын тос ба ОПЕК-ийн сүүлд гаргасан судалгаагаар Саудын Араб дэлхийн нийт газрын тосны нөөцийн 22.1 хувийг дангаар эзэмшдэг. Эдийн засгийн хүчирхэг байдлыг илтгэхийн тулд одоогийн хамгийн өндөр барилга болох Эмират улсад сүндэрлэх Бурж Халифа-г давж гарах Хаант улсын Цамхаг (Kingdom Tower) хэмээх 1609 метр өндөр барилгыг барьж эхлүүлээд байна. Цэргийн хүчний хувьд Саудын Араб нь Барууны орнуудтай сайн харилцаатай байдгийнхаа ачаар сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлж чадсан байдаг бөгөөд 2014 оны байдлаар дэлхийд 25 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Мөн Аль-Жазера сувгийн мэдээлж байгаагаар Саудын Араб 2013 онд 67 тэрбум америк долларийг цэргийн төсөвтөө зарцуулсан гэсэн үзүүлэлт нь дэлхийд дөрөвдүгээрт орох үзүүлэлт болсон.
Гадаад бодлогын хувьд Саудын Араб бүс нутгийн аюулгүй байдлыг нэн чухалд үзэж хөрш орнуудтайгаа найрсаг харилцааг чухалчилсаар ирсэн. Олон улсын хувьд Саудын Араб идэвхитэй бие даасан бодлого явуулж Арабын холбоо болон НҮБ-д өөрийн байр суурийг үргэлж илэрхийлж шинийг санаачилж байдаг. Сири улсад болж буй аймшигт үйл явдалд НҮБ-ын зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгааг шүүмжлэн Саудын Араб 2013 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн суудлаас хүртэл татгалзсан. Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагад Саудын Араб гаралтай хэд хэдэн хүн байсан нь Америк болон Саудын Арабын харилцаанд таагүйгээр нөлөөлсөн ба АНУ өөрийн нисэх хүчний баазыг Саудын Арабаас Катар руу нүүлгэх шийдвэрийг хүртэл гаргаж байв. Иран болон P5+1 (Аюулгүйн зөвлөлийн байнгын 5-н гишүүн +Герман) уулзалтад Саудын Арабын зүгээс тааламж муутай хандаж байгаа. Учир нь энэхүү уулзалт нь Ираны хоригийг багасгаж Ираныг хязгаарлагдмал иргэний зориулалт бүхий цөмийн реактортой байхыг зөвшөөрсөн шийдэлд хүрвэл бүс нутгийн тэнцвэржилтэд сөргөөр нөлөөлөхөөс болгооомжилсон хэрэг юм. Гуравдагч орнууд Саудын Арабыг бүс нутгийн хүч хэмээн тодорхой төвшинд хүлээн зөвшөөрдөг.
Энэхүү хоёр орны шаардлага хангасан байдлыг дүгнэн үзэхэд аль аль нь манлайллыг гартаа авахад бэлэн байдаг ба түүхэн талаас авч үзсэн ч гэсэн тэдэнд энэхүү сонирхол байсаар ирсэн. Эдийн засгийн хувьд Саудын Араб илүү давамгайлалтай байна. Цэргийн хувьд Саудын Араб илүү өндөр техник технологийг хэрэглэж байгаа ч зохион байгуулалт болон дайнд оролцож байсан туршлагаар Ираны тал харьцангуй давуу талтай байна. Гадаад бодлогын хувьд хоёр орон туршлага бага хэдий ч энэ салбарт илүү их анхаарал хандуулах болсон нь ойрын жилүүдэд ажиглагдаж байна. Гуравдагч орнууд энэ хоёр улсыг тухайн бүс нутагтаа гол тоглогчид гэж үздэг.
Мэдээж хэрэг аль орон нь илүү давамгайллыг авах талаар шийдэх чухал асуудлуудын нэг бол одоогийн Иран болон “Их 6”-ийн уулзалтын үр дүнгээс тодорхой хэмжээгээр шалтгаалах болоод байна.
Судлаач миний зүгээс үзэхэд энэхүү яриа хэлэлцээр нь нааштай болох хэд хэдэн хандлага ажиглагдаж байгаа. Юуны түрүүнд шинэ Ерөнхийлөгч Иранд гарч ирснээр барууны орнуудтай харьцах харилцаа илүү сайжирсан. Мөн Ираны эсрэг хориг арга хэмжээнүүд үр дүнгээ өгч Ираны талыг барууныхны болзлыг сайтар сонсоход нөлөөлсөн. Энэхүү хориг цаашид үргэлжилбэл Ираны энгийн номхон ард түмний нуруун дээр асар хүнд ачаа үүсэх ба барууныг үзэн ядах сэтгэлгээг улам дэврээж хэт туйлшрагчдыг олноор бий болж магадгүй. Үүн дээр нэмэгдэж сүүлийн үед үүсээд байгаа Украин Оросын асуудлаас үүсч болох Европ дахь байгалийн хийн хомсдолын байдал энэхүү уулзалт үр дүнтэй болоход нөлөөлж болох юм. Оросоос Европ руу гаргах байгалийн хийн хэмжээгээ багасгаад байгаа бөгөөд энэ явдал даамжирваас Европт нэлээд хүндрэл учрах ба үүнээс гарах нэг гарц бол Ираны хоригийг багасган тэднээс хямд үнээр байгалийн хийг усан замаар дамжуулан худалдан авах арга юм.
Энэхүү Иран болон P5+1 уулзалт амжилттай болсноор Ираны эдийн засаг мэдэгдэхүйц сэргэх ба Барууны орнуудтай олон талт харилцаа сайжирч Ираны хувьд улс төр, эдийн засгийн таатай орчин бий болох юм. Ингэснээр Иран бүс нутгийн гол тоглогч орон болох замаа нээлттэй болгох болно. Үүнийг ойлгосон Саудын Араб энэхүү уулзалтын талаар нааштай хандахгүй байгаа бөгөөд үүнийгээ ч ил тодоор илэрхийлсээр байгаа.
Хэдийгээр энэ уулзалт амжилттай болсон ч Саудын Арабын нөлөө төдийлөн хурдацтайгаар буурахгүй. Өнөөгийн Саудын Араб, Ираны харилцааг зарим талаар хүйтэн дайны үеийн АНУ болон ЗХУ-ын харилцаатай зүйрлэж болох бөгөөд тэдний өрсөлдөөний гол зарчим нь өөр өөр нийгмийн тэмцэл бус харин эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гэж хэлж болох юм.