Т.САЙХАН
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүллээ. Тус шаардлагадаа "Засгийн газар коронавируст халдварын цар тахалтай тэмцэж, хүн амаа аюулт өвчнөөс хамгаалах үүрэгтэй ажиллаж ирсэн боловч, харамсалтай нь Засгийн газар, УОК-ын удирдлагын хариуцлагагүй, зохион байгуулалтын мэргэжлийн бус байдлаас болж тусгаарлалтын дэглэм алдагдсанаас дотоодод халдвар тархаж, хүн амын эрүүл мэнд, улс орон, нийгэм, эдийн засагт эрсдэлтэй ноцтой нөхцөл байдал руу орлоо.
УИХ дахь АН-ын бүлэг коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын ээлжит, аравдугаар сарын 16-ны мэдээлэлтэй холбогдуулан дүгнэлт зөвлөмж гаргаж, тухайн үед УИХ-ын гишүүд санал, зөвлөмж өгсөөр байтал Засгийн газар болон Улсын онцгой комисс үйл ажиллагаандаа тусгалгүй, халдварын голомтыг тусгаарлах хөл хорионы дэглэмд баримтлах ёстой дэг журмыг сахиулалгүй цалгардуулж дотооддоо халдварыг алдлаа.
Коронавирус дэлхий нийтэд тархаж, цар тахлын хэмжээнд дэгдээд бүтэн жилийн хугацаа өнгөрч байхад Засгийн газраас коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ямар ч стратеги, бэлэн байдлын төлөвлөгөөгүй, эрсдэлт нөхцөлд бэлтгэлгүй байсан нь Ерөнхий сайдыг төлөөлөн Шадар сайдын танилцуулсан мэдээллийн үед ч, улмаар хөл хорио тогтоосон өнгөрсөн долоо хоногийн хугацаанд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээс харагдаж байна. Тухайлбал,
- Халдвартай иргэдийг тусгаарлаж буй зарим байрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, "Энх саран" гэх сувилал нийтийн усанд орох газар, бие засах газартай, тусгаарлагдсан хүмүүсийг өрөө хооронд орж гарах хяналтгүй орчин бүрдүүлсэн, тусгаарлаж буй байрны эрүүл ахуй хорио цээрийн дэглэм мэргэжлийн бус, хяналтгүй байсан төдийгүй Энхсаран сувиллын тусгаарлах байр нь өөрөө халдвар тархаах голомт болжээ,
- Сэлэнгэ аймагт илэрсэн халдварын тохиолдлын голомт, эх сурвалжийг долоо хоног өнгөрөөд байхад хэзээ хаанаас халдвар тархсаныг одоо болтол тогтоогоогүй, аймгийн нэгдсэн эмнэлэг нь коронавирусын халдвар тархаах голомт болсон, мөн ОХУ-аас орж ирж буй галт тэргэнд зохих ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй,
- Халдварт өвчний үеийн хөл хорионы дэглэм тогтоосон үед махны худалдааг зохион байгуулахдаа иргэд хоорондын зай баримтлах зэрэг хорио цээрийн дэглэм мөрдөөгүй нь халдвар дамжуулах хэмжээний эрсдэлт нөхцөл байдал бий болгосон,
- Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон үед замын хөдөлгөөнд зайлшгүй оролцох иргэд, ажил үйлчилгээг урьдчилан тогтоогоогүй, улмаар тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох нэрээр эмх замбараагүй байдал бий болгож, халдвар тархаах бөөгнөрөл үүсгэсэн,
- Халдвар болон халдвартай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Засгийн газар, УОК, ЭМЯ, УИХ-ын гишүүдийн мэдээлэл зөрөөтэй,
- Хөл хорионы горимд шилжиж бүх бизнесийг зогсоохтой зэрэгцэн улс орны нийгэм, эдийн засагт чиглэсэн нөөц төлөвлөгөө хэрэгжиж байх атал, Засгийн газар хуралдаж шийдвэрлэхээр ярьж эхэлж байгаа зэргээс тодорхой харагдаж байна.
Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. Монгол улсын иргэн амьд явах эрхтэй…, 16.2. эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, 16.6. эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй … гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг төрөөс баталгаатай эдлүүлэх тухай зохицуулалтыг энд сануулья.
Иймд УИХ дахь АН-ын бүлгээс УИХ болон Засгийн газарт дахин зөвлөмж хүргүүлж коронавируст халдварын цар тахалтай тэмцэх чиглэлээр дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:
- Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээндээ хариуцлагагүй хандаж, дотооддоо халдвар алдаж, хүн амын амь нас, эрүүл мэнд, нийгэм эдийн засагт ноцтой хүндрэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч МАН, Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УОК-ыг нийт ард түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байна.
- Улс орондоо цар тахлын халдварыг алдаж, эрсдэл учруулсан Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яамны буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулж, мэргэжлийн, туршлагатай, чадварлаг хүмүүсийг яаралтай томилох, цар тахалтай тэмцэх ажилд томилогдсон албан хаагчдын ажил, амралтын горимыг зохицуулах, ажиллах нөхцөл, цалин урамшуулллыг сайжруулах,
- Монгол Улс дотооддоо алдсан халдвар, хавьтал, голомт, эх үүсвэрийг бүрэн илрүүлэхийн тулд хөл хорионы дэглэмийг сайтар сахиулж, дүрэм журмыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн мэргэжлийн төвшинд зохион байгуулах, хүн амын дунд тандалт судалгааны зорилгоор хийж буй Ковид-19-ийн оношлогооны тоог нэмэгдүүлж, Сэлэнгэ, дархан, Өмнөговь болон төмөр зам дагуух эрсдэлтэй аймаг сумын хүн амыг бүрэн хамруулах, бусад аймаг, сумын хүн амын 30-аас багагүй хувьд хүргэх, тандалт судалгааны тайлан мэдээллийг албан ёсны мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд ил тод мэдээлэх,
- Бүх нийтийн хатуу хөл хорионы үед хүнд нөхцөлд орох эрсдэлт бүлгийн судалгаанд тулгуурлан эм, хоол хүнсээр хангах, зайлшгүй тохиолдолд тусгаарлалтын болоод түр байрлах байраар хангах, тодорхой биш бол нэн даруй судалгаа хийх,
- Дэлхийн бусад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдээ татахаар төлөвлөсөн хуваарьт нислэгүүдийг, тухайлбал 2020 оны арваннэгдүгээр сарын 19-нд Франкурт-Улаанбаатар чиглэлд хийх нислэг зэргийг цаг хугацаанд нь хүлээн авах, ариутгал, халдваргүйжүүлэлт, тусгаарлалтын дэглэмээр иргэдээ нэн яаралтай эх оронд нь татах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах,
- Дотооддоо алдсан халдварын тархалтыг хумих, эрсдэлийг бууруулах чиглэлд онцгой анхаарч, хөл хорионы дэглэмийн үед иргэдийг амны маскаар үнэ төлбөргүй хангах зэрэг гадаад улсуудын үр дүнтэй туршлагыг авч хэрэгжүүлэх,
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж, клиник туршилтаа амжилттай хийн, 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн олон улсын биотехнологийн судалгааны хүрээлэнгүүдийн “COVID-19”-ийн эсрэг вакциныг нэн яаралтай сонгон захиалж, тээвэрлэн импортлох төлөвлөгөө гаргах, 2020 ондоо багтаан эмч, эмнэлгийн ажилтнууд, цар тахалтай тэмцэх ажилд оролцож буй байгууллагуудын ажилтнууд, өндөр настан, эрсдэлт бүлгийн иргэд, сэтгүүлчид болон стратегийн чухал салбарт тасралтгүй ажиллах шаардлагатай төрийн, бизнесийн салбарын ажилтнууд гэх мэтчилэн эрэмбэ хуваарь гарган эхний ээлжид вакцинд хамруулах, цаашлаад 2021 оны эхний улиралд багтаан бүх хүн амаа вакцинжуулах ажлыг мэргэжлийн төвшинд хуваарь гарган зохион байгуулах,
- Эдийн засагт учирч буй хүндрэлийг хохирол багатай даван гарахад төсвийг тэлэх бус эдийн засгийг тэлэх чиглэлд тэргүүлэх татвар төлөгч шилдэг 30 аж ахуйн нэгжүүдийн удирдлага, захирлууд болон шилдэг эдийн засагчдыг оролцуулсан мэргэжлийн баг бүрдүүлж, нэн шуурхай байдлаар бодлого, хөтөлбөр боловсруулан, үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийг татвар, түрээс, зээлийн уян хатан бодлогоор дэмжих, тэнд ажиллаж буй 800 мянган гаруй ажилтнуудын ажлын байр, орлогыг хадгалахад чиглэсэн эдийн засгийн оновчтой арга хэмжээг яаралтай авах,
- Нийтийн хөл хорио тогтоож, иргэд, бизнесийн байгууллагуудын орлого олох үйл ажиллагаа саатсантай холбогдуулан банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард болон Засгийн газрын тусгай сангуудаас авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн хөл хорио тогтоосон хугацааны зээлийн хүү, төлбөрийг зогсоох, Засгийн газар хариуцах,
- Нүүрс болон уул уурхайн гаралтай түүхий эдийн экспортыг хэвийн явуулах чиглэлд онцгой анхаарч, олборлох, тээвэрлэх, экспортлох бүх шатанд халдвараас сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, тусгаарлалтын дэглэм, журмыг онцгой мөрдөх,
- 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр сонгогдож, хуулийн дагуу нэр дэвшүүлсэн аймаг сумдын засаг дарга нарыг яаралтай томилж ажилд нь оруулах,
- Коронавирусын халдварт цар тахлын дэгдэлт нь өвөлжилттэй давхцаж буй учир төрийн онцгой объектүүд болох дулаан, цахилгаан, ус болон хүнсний хангамжийн байгууллагууд дээр өндөржүүлсэн байдал зарлаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, халдвар тархаахгүй байх хорио цээрийн дэглэм тогтоох, шатахууны нөөцийг цаг алдалгүй хангалттай бүрдүүлж, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх,
- Засгийн газрын болон Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлэх цар тахалтай тэмцэх бүх нийтийн хөл хорионы үеэр хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байх, авч хэрэгжүүлж байгаа аливаа арга хэмжээ нь иргэдийн эрүүл, аюулгүй тайван амьдралын баталгааг хангахад чиглэх, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн сөрөг асуудлуудад чиглэсэн зохих арга хэмжээг цаг тухай бүр хуулийн дагуу авч хэрэгжүүлэхийг тусгайлан анхааруулж байна,
- Гадаадын улс орнууд, донор байгууллагуудаас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх чиглэлд Засгийн газарт өгсөн зээл, тусламжийг ард иргэддээ ил тод нээлттэй мэдээлж, вакцинжуулалт, эдийн засгийг аврах чиглэлд цаг алдалгүй түлхүү зарцуулах зэрэг зөвлөмжийг шаардлага хэлбэрээр тусгайлан дахин хүргүүлж байна. Цар тахалтай тэмцэх нэн хариуцлагатай үед УИХ болон УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газар болоод УОК-ын үйл ажиллагаанд хяналт тавьж, хуулийн дагуу санаачилгатай ажиллахыг сануулъя.
Цар тахлын халдвар алдагдаж, хөл хорио тогтоохтой зэрэгцэн УИХ-аас Moнгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудыг цахимаар хуралдан эцэслэн батлах үед УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс горимын санал гаргаж нэгэнт эцэслэн нэгтгэсэн 2021 оны төсвийг хуулийн хугацаанд шуурхай батлуулах, улмаар нэн даруй төсвийн тодотгол хийх санаачилгыг гаргасан.
Иймд энэхүү саналыг дэмжин Монгол Улсын 2021 оны төсвийн тухайн хуулийг хуулийн хугацаанд нь батлуулсан УИХ болон УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлэхийн сацуу УИХ-аас нэн яаралтай ажлын хэсэг байгуулан Засгийн газартай хамтран ажиллаж, цар тахлаас үүдэх сөрөг нөлөөлөл түүний хор хөнөөлийг илүү судалгаатай тооцож, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг танасан, хойшлуулж болох төсөл хөтөлбөрийг тэвчсэн, эдийн засагт үр өгөөжтэй, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, бизнес, аж ахуйн нэгжийг дэмжсэн бодлогыг эрэмбэлсэн төсвийн төслийг тодотгон нэн яаралтай дахин хэлэлцэхийг шаардаж байна" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn