Б.ДОЛЖИНЖАВ
Монгол Улсын нэрийг дэлхийд дархалж яваа циркчид бэлтгэл сургуулилт хийх байргүй, сурагчид нь суралцах сургуульгүй болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн Циркийн тэнхимийн багш, найруулагч, МУСТА Ю.Гэрэлбаатартай ярилцлаа.
-Аравдугаар сарын 23-нд 300 циркчин цуглаж мэдээлэл хийж, Соёлын яаманд шаардлага хүргүүлсэн. Циркийн сургуулийн барилгыг шинэчлэх боломжгүй гэсэн хариу ирсэн гэж сонслоо. Үндэслэлээ юу гэж тайлбарласан бэ?
-Үндэс сууриа тавиад 80 жил болсон циркийн сургууль төдийгүй, циркийн урлаг бэлтгэл сургуулиалт хийх, үйл ажиллагаа явуулах зориулалтын байргүй болсон учраас Соёлын яаманд шаардлага хүргүүлсэн.
Хувьчилснаас хойшхи 13 жилийн хугацаанд циркчдэд ямар асуудал тулгарсныг дотор нь байгаа бид сайн мэднэ. Анх Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож 2008 оны долдугаар сарын 21-ний өдөр худалдан авах гэрээ байгуулсан. Тодруулбал, менежментийн хувьчлал буюу циркийн барилгыг сайжруулна гэсэн болзолтой хувьчилсан. Гэвч тендерт ялснаас хойш хувьчилж авсан хүмүүс юу ч хийгээгүй. Циркийн барилгын явц ямар байгаа, юуны зориулалтаар ашиглах гэж байгаад төр засгаас хяналт тавиагүй. Зүйрлэвэл, эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй олон хоног хаяж явсан шиг циркийн барилгыг ямар ч хяналтгүйгээр хаячихсан. Ингэснээр циркчид өнчин хүүхэд шиг нөхцөл байдалтай өнөөдрийг хүрлээ. Улсдаа ганц цирк нь хувьчлагдсан, циркийн сургууль нь хичээллэх ямар ч боломжгүй болсноос энэ урлагийн залгамж халаа болсон сурагчид зориулалтын бус танхимд хичээллэж байна. Дуучин, бүжигчин эсвэл хөгжимчид Монгол Улсын Консерваторт хичээллэх боломжтой. Гэтэл цирк орон зай, зориулалтын төхөөрөмжүүд шаарддаг онцлогтой урлаг учир энгийн танхимд хичээллэх боломжгүй. Тиймээс стандартын шаардлага хангасан, бэлтгэл хийх бүх боломжийг бүрдүүлсэн зориулалтын сургууль барьж өгөх шаардлагыг Соёлын яаманд хүргүүлсэн.
“Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 13 өдрийн тогтоолоор “Хуучин цирк”-ийн барилга нь Дашчойлин хийдийн гэр хэлбэрт модон дуган гэсэн нэрээр улсын хамгаалалтад байх түүх,соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орсон тул та бүхний шаардах бичигт дурдсанчлан эх төрхийг нь өөрчлөн буулгаж, Ордон өргөө барих боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Мөн “Монгол Улсын Консерватори нь дээд боловсролын сургалтын байгууллага учраас сургууль барьж өгөх асуудлыг БШУЯ-нд хүргүүлсэн” гэсэн бичиг ирүүлсэн. Ийм хачин хариултад бид цочирдоогүй. Учир нь циркийн сургуулийн барилга барих төсөв, санхүүжилтийн асуудлыг олон жил ярьж, шаардлага хүргүүлэх бүрт нэг ижилхэн хариу өгдөг.
-Энэ жилийн төсвийн тодотголд сургуулийн барилга багтаагүй гэсэн үг үү?
- Тийм. 2021 оны төсвийн тодотголд циркийн сургуулийг барих төсвийг батлаагүй. Учрыг нь асуутал “Цэцэрлэг барих шаардлагатай” гэсэн. Миний мэдэхийн жил бүр цэцэрлэг нэмж барьдаг. Мөн “Бусад салбар хүнд хэцүү байдалтай байхад юун циркийн сургууль барих вэ” гэж хариулсан. Гэсэн атлаа бусад салбар нь хөгжсөн зүйл байхгүй. Шинэ циркийн сургууль барьж өг гэж бид шаардаагүй. Нурсан, хуучин байрыг нь сэргээн засварлаад өг гэсэн юм.
-Тэгэхээр дараагийн оны төсөв батлагдтал сурагчид хаана хичээллэх юм бэ?
-2022 оны төсөвт суулгаад 2023 оноос хэрэгжиж эхлээд сайнаар бодоход 2030 онд бид циркийн сургуулийн байртай болох нь. Гэтэл тэр хүртэл энэ урлаг мөхчихнө гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ. Циркийн сургууль байхгүй бол энэ урлаг байхгүй болно. Энгийн сургуулийн танхимд бэлтгэл хийгээд дэлхийн дээд амжилтаа эвдэж чадахгүй. Одоо байгаа ур чадвар нь үгүй болж, дараагийн циркчдээ бэлтгэж чадахгүйд хүрнэ гэдгийг ойлгохгүй байна. Аргаа барахдаа Консерваторийн хойно өвлийн жаврыг даачихаар, өндрийн үзүүлбэрүүдээ хийж болохоор барилга бариад өгчихөөч, өөрсдөө дулаалаад, будаад засаад авчихъя гэж хэлсэн.Циркээ буцааж авъя гэж гуйгаагүй. Угаас буцааж өгөхөөсөө өнгөрсөн зүйл. Таазнаасаа олон өнгийн гэрэл унжуулаад их тансаг шоуны газар барьж байгаа шүү дээ.
-Зориулалтын байргүйгээс одоо танай сургуульд хичээллэж байгаа хүүхдүүд төдийгүй циркийн урлагийн ирээдүй бүрхэг болчихлоо?
-Өнөөдрийн байдлаар манай сургуульд 76 хүүхэд хичээллэж байна. Сургуультай болчихвол найм дахин олон хүүхэд элсэнэ. Төдий тооны хүүхэд бие бялдрын хөгжил сайтай, оюун ухаан нь эрүүл саруул, цоглог, золбоотой залуус болж бэлтгэгдэнэ. Европын холбоо, ОХУ-ын хуучин социалист орнууд “Танай циркчид үнэхээр мундаг юм. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Бид жүжигчдээ танай циркчид шиг болгомоор байна” гэж хэлдэг. Хариуд нь “Бид дотоод нөөцөө дийлэхгүй байгаа” гэсэн тайлбар өгч байна. Хэрэв стандартын шаардлага хангасан сургууль бариад өгчихвөл жилд дөрвөн анги зэрэг авч, олон улсын сургууль болох бүрэн бололцоотой. Италийн Милан хотод шилдэг зураачид байдаг болохоор зураач бүр тэнд очиж сурахыг мөрөөддөг. Үүнтэй адил циркчин бүр дэлхийд алдартай Монголд ирж сурахыг хүсч байгаа. Дэлхийн улс орон бүр “Монголын циркчид ирлээ” гэж бахархалтайгаар хүлээж авдаг. Алдартай гэсэн шоу нэвтрүүлэгт нь оролцож хэдийнэ дэлхийд танигдсан. Мөн Гиннесийн амжилт тогтоочихоод байхад Соёлын тэргүүний ажилтан цол ч олгодоггүй.Гэсэн атлаа 2-3 орны хооронд болсон тэмцээнд түрүүлсэн тамирчинд улсынхаа нэрийг мандууллаа гээд гавьяат цол өгчихдөг. Сургуулийн энэ асуудлаар сайддаа хандаад ч тоогоогүй. Тэгэхээр одоо өөр хандах газар алга.
-Сайд нь тоогоогүй гэлээ. Засгийн газрын хуралдааны үеэр Соёлын сайд С.Чулуун циркийг буцаан олгох асуудалд анхааран ажиллана гэсэн шүү дээ?
-Бидэнтэй уулзаагүй. Хэлсэн үгнээсээ буцсан. Эхэлж гарч ирснээсээ огт өөр хүн болсон. Дараагийн шатанд БШУЯ-нд манай тэнхимийн эрхлэгч шаардлага хүргүүлсэн. Уг нь БШУЯ, Соёлын яам нь циркчдээ дуудаж уулзаад энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж, бидний санаа бодлыг сонсох ёстой байтал “Төсөв хүрэхгүй, боломж байхгүй” гэж харийн хүн шиг ханддаг. Үүний улмаас консерваторийн гадаа асар майхан барьж сургуулийнхаа 80 жилийн ойн тоглолтын бэлтгэлээ хийлээ. Гэтэл хүйтрээд тэр асар майхандаа сургуулилт хийх боломжгүй болсон. Цаашид циркийн сургуулийн сурагчдын форм алдагдаж, чадвар нь үгүй болно. Тэгэхээр циркийн урлаг мөхнө гэсэн үг шүү дээ.
-Энэ урлагт зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсийн хүчээр циркийн урлаг дэлхийд алдартай болсон. Өнөөдрийг хүртэл авч явсан энэ урлагаа ийм хурдан мөхөөчихгүй биз дээ?
-Бид дараагийн хурц хэлбэр рүү шилжиж, өлсгөлөн зарлана. Ардчилсан нийгэмд төв талбай дээр хэн нэгэн хүнийг үхүүлэхгүйн тулд шаардлагыг маань хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр циркийн урлаг л дэлхийд Монголыг сурталчилж байна. Гэтэл энэ урлагаа хаячихаад эргэж харахгүй, тоохгүй юм. Дэлхийн шилдэг гэсэн тэмцээнүүдээс дээд шагналыг нь хүртээд Монголын соёл, уламжлалыг циркээр дамжуулж олон улсад сурталчлаад эх орондоо ирж байна. Гэтэл соёлоо дэлхийд түгээж байгаа бидний хөдөлмөрийг юу ч биш гэж үзлээ. Энэ салбарт бүх насаа зориулсан ахмад циркчид, одоо энэ салбарт ажиллаж буй уран бүтээлчдийн нүдэн дээр циркийн урлагийг үгүй хийж чадахгүй байх. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. “Төсвөө танаж байхад юун танай циркийн сургуулийг барих вэ” гэсэн хариу өгсөн. Тэгээд энэ агуу урлагийг яах юм бэ гэдгийг асуумаар байна. Циркчид өөрсдийн хүчээр урагшилчихлаа. Дахиад нэг тулах цэг өгчихвөл бүүр урагшилъя.
-Эрх мэдэл бүхий хүмүүс циркийн урлагийн онцлог, үнэ цэнийг мэдэхгүйгээс нөхцөл байдал өнөөдрийн түвшинд хүрлээ гэж харж байна?
-Бид хэрэгцээгүй зүйлийн төлөө ингэж улайраагүй. Хэрэв уран бүтээлчид нь чадваргүй, улс эх орондоо хэрэггүй байсан бол циркийг буцааж өг гэж явахаасаа ичнэ. Гэтэл биднийг дэлхийн бүх хотод жилдээ 10-20 сая үзэгч үздэг. Тэмцээн болгонд “Монголын циркчид ирчихлээ. Ширүүн өрсөлдөх нь дээ” гэсэн яриа дэлхийн тавцанд өрнөдөг. Үүгээр бид бахархаж,омогших ёстой. Оюун ухааны дээдийг бүтээж байгаа урлаг соёлын салбараа, агуу авьяастай хүмүүсээ дээдлэх ёстой. Биднийг тоохгүй болохоор “Энд циркчид байна. Бидэнд ийм асуудал байна” гэж ярьж, тэдний анхаарлын төвд ормоор байна. Тусгаар тогтносон Монгол Улсыг толгойлж байгаа түшээд, төр засагт нь улс эх орноо боддог ганцхан хүн байвал цирк улсад хэрэгцээтэй зүйл юм байна гэдгийг анзаарах ёстой.
-Циркийн сургууль 2015 онд шатсанаас хойш сарын түрээс төлж “АСА” циркт бэлтгэл хийж байсан байхаа?
- Нэг талаас “АСА” цирк, манай удирдлага, БШУЯ-ны Консерваторийн захиргаа нийлж гурвалсан гэрээ байгуулж, сарын 15 сая төгрөгийн түрээс төлж бэлтгэлээ хийж эхэлсэн. Өдөрт найман цаг бэлтгэл хийнэ гэж гэрээнд заасан. Гэтэл нэг ч өдөр найман цагийн бэлтгэл хийж байгаагүй. Учир нь манай цирк тоглолттой гээд тайз засчихаад бэлтгэл хийх орчинг бүрдүүлдэггүй байсан. Өдөрт дөрвөн цаг бэлтгэл хийвэл их юм байдаг байлаа. Гэсэн атлаа улсаас түрээсийг нь бүтэн төлдөг байсан.
-Сайжруулна гэж циркийн барилгыг хувьчилсан боловч циркийн урлагийг нь хамтад нь хувьчилчихлаа гэж та ярьж байсан. Энэ талаар тодруулвал?
-Циркийн урлаг үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй төсөв шаардлагатай. Нэг уран бүтээл дээр өдөр бүр 8-10 цагийн бэлтгэл хийнэ. Шинэ уран бүтээл хийхийн тулд зураач, гэрлийн найруулагч, хөгжимчин, программын найруулагч гэсэн том баг хэрэгтэй байдаг. Байргүй болсноор энэ том бүрэлдэхүүн байхгүй болсон. Байрнаас нь циркчдийг гаргана гэдэг урлагийг нь хувьчилж байгаа хэрэг юм. Өнөөдрийг хүртэл циркийн урлагийг хамгаалж байгаа хэдэн багш нарыг дуугүй болгочихвол тайван сууна даа гэсэн том баг байна.
-Дэлхийн бусад орон урлаг соёлоо эх орноо сурталчлах чухал хэрэгсэл болгож, хөрөнгө мөнгө харамгүй цацдаг?
-Хятад, ОХУ гэсэн хоёр хөрш соёлоо дэлхийд түгээх том бодлого баримтлаад их зүйлийг хийлээ. Соёл урлагаараа дамжуулан өөрийн орны онцлог, ёс заншлыг дэлхийд түгээж эх орныхоо нэр хүндийг өсгөснөөс болоод бусад бизнесменүүд хятад хүнтэй харилцаа холбоо үүсгэж, хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж байна. Хятад хүний нэр хүнд, үнэлэмж өссөнөөр дэлхийн аль ч улсад амжилт гарган ажиллаж, амьдарч байна. Хятадын муж болгонд циркийн сургууль гэж асар том, тансаг байшингууд байдаг. Сурагчид нь 4-5 мянган юанийн тэтгэлэг авахаас эхлээд бусад бүх зүйлийг нь улсаас нь хангадаг. Хятад дэлхийн шилдэг гэсэн циркийн багш, дасгалжуулагчдыг цуглааж шилдэг тамирчдыг бэлтгэж байна. Ер нь бүх салбарт манлайхаар зүтгэж байгаа. ОХУ циркчдийн цалин, техник технологийн шинэчлэл, багш нарын цалинг бүгдийг нь улсаас даадаг. Гэтэл манай улсын циркийн багш нар намар болохоор Улаанбаатарын бүх сургуулиар явж, манайд элсээчээ гэж гуйдаг. Ямар эцэг эх хүүхдээ зориулалтын заалгүй орчинд сургах юм бэ.
-Циркийн барилгын нөхцөл байдал одоо яг ямар түвшинд байгаа вэ. Хэзээ ашиглалтад орж, циркчдэд буцаан өгөх талаар албан ёсны хариу өгсөн үү?
-2021 оны зургадугаар сард засвар дуусна гэснээс өөр хариу өгөөгүй. Угаас “АСА” гэсэн нэрэн дорх хэсэг бөхчүүдийг хэн ч дийлэхгүй. Циркийн газар нь гэхэд 50 сая ам.долларын өртөгтэй байтал 1.5 тэрбум төгрөгөөр худалдчихсан. Анх “Орлогынхоо 30 хувийг циркчдэд зориулна” гэсэн гэрээ байгуулсан. Гэтэл хаана ямар үйл ажиллагаа явуулж, хэдэн төгрөгний орлого олоод 30 хувийг нь циркэд зориулах нь тодорхойгүй. Ийм бодлогогүй хүмүүс бидний толгой дээр гарсан учраас циркийн урлаг сэргэж чадсангүй өнөөдрийг хүрлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.10 МЯГМАР № 217 (6442)